ЯРИЛЦЛАГА

Trishna: Монголыг дэлхийн улс болгоно, урлагаар нь

Наймдугаар сарын 19. 19:25 цаг. Тэр "Хуур Music Festival"-ийн тайзнаа гарч ирээд бужигнуулав. Жүжгээр бол пост драм үзүүлэв. Үхрийн толгой өмсөн, хаан шиг л гарч ирчхээд шимээсэг барин дуулах. Тэргэнцэр дээр сууж тайзан дээрээс урагш давшин дуулах. Нэг тийм эрэмгий зан чанар, уран бүтээлээрээ том санаа, үгийг нийгэмд хэлэх гэсэн нь хараа булаав. Тэр ч утгаараа та бүхэнтэй түүнийг уулзуулж, залуу үеийнхний тархи, зүрхэнд юу буцалж явдгийг чагнуулахыг хүслээ. Түүнийг Trishna гэдэг. Тайзных нь нэр. Эцэг эхээс оноогдсон нэр нь бол Н. Ханбилэг. Өөрийн хэв маяг, хэмнэл маягтай уран бүтээлч.

Сошиал хуудсууд:

Түүнийг энэ ярилцлагаас өмнө жаахан ч болтугай мэдрэхийг хүсвэл 1,1 сая хүнд хүрээд буй “Schizophrenia” гэх уран бүтээлийг нь сонсоод үзээрэй гэж зөвлөх байна.

Анх түүнийг хараад жүжигчнээр төгссөн байх, хоббигоороо дуулж эхэлсэн болов уу гэж бодсон. Гэвч тэр төгөлдөр хуурчаар Монгол Улсын Консерваторыг төгссөн ажээ. Түүний аав нь захирал, ээж нь хуульч. Тэд хүүгээ ойлгодог, дэмждэг, хамгийн сайн зөвлөх нь гэнэ. Нэг өдөр гэр рүүгээ ороход нь “Metronome” гоё, үгүй "Patronome", “Schizophrenia” гоё гэчихсэн сууж байсан гэх.

ВИДЕО ЯРИЛЦЛАГА:


-ЦАМХГИЙН ХААН-

-Нэрнээс Тань эхэлье. Яагаад Trishna болов?

-Krishna гээд энэтхэг бурхан байдаг. Надтай их төстэй. Бурхны нэрийн эхний үсгийг өөрийнхөө нэрийн Х үсгээр солиод Xrishna гэдэг байсан юм. Их эвгүй сонсогдоод болдоггүй. Тэгээд 2020 оны оны аравдугаар сарын 10-нд “Metronome” гээд дуугаа цацахын өмнө Techno хөгжмийн T-г аваад, Trishna болгосон. Сонсголонтой, амархан ч бичигддэг нэр.

-Хэдхэн жилийн өмнө тайзыг нь угсраад зогсож асан залуу "XMF"-ийн тайзан дээр гараад дуулж  буйгаа цээжиндээ нулимстай хэлэхийг сонссон. Тэр өдөр Та ч бас сонссон байх. Залуусын мөрөөдөл болсон эл тайзан дээр гарах боломж хэрхэн олддог юм байна?

-Зохион байгуулагч, менежер нь над руу холбогдоод “дуулах уу” гэсэн. Би “ок” гэсэн. Миний анхны том тайз байсан. Trishna бусад уран бүтээлчийг бодвол онцлог дүр төрхтэй. Тэр ч утгаараа бүжигчид, жүжигчидтэйгээ нийлээд хэзээ ч орлуулж болохгүй аз жаргалыг авъя, өгье л гэж бодсон.

Би тайзыг цамхаг гэж төсөөлөх дуртай. Дуулж байх үедээ өөрийгөө цамхгийн хаан мэт, үзэгчдийг цамхгийг эзлэх гэж буй өөр улсын дайчид гэж төсөөлдөг. Тэгж төсөөлөхөөр тэр тайз үнэхээр “алдаг”.

-Сая "XMF” дээр тэгж төсөөлж чадсан уу?

-Чадаагүй. "XMF”-ийн тайз хүйтэн байсан. Би чихнийхээ мониторыг гараад унагаачихсан. Хувцсаа ч сольж амжаагүй. Тэр том тайзан дээр зөрөхгүйг маш их хичээсэн. Тодорхой хэмжээний зөрөлтүүд гарсан. Тайзан дээрээ жаргаж, үзэгчтэйгээ харьцаж байгаа ч тайз хүйтэн байсан. "XMF”-ийн тайз л надад хүйтэн хандсан. Бусдаар бол зохион байгуулагчид хүйтэн хандаагүй.

-Үзэгчдээс ирж буй сэтгэл хөдлөл, эмоци их өндөр байсан. Ер нь тайзан дээр дуулж байхдаа үзэгчдийн эмоцид хэр хөтлөгддөг вэ?

-Гоё л доо, тайзан дээр гараад өөрийнхөө дууг сонсогчдодоо дуулж өгөөд л. Сонсогчид нь зөрүүлж, энергиэ дамжуулаад л. Ер нь уран бүтээлчийн мэдэрч болох хамгийн жаргалтай мэдрэмжүүдийн нэг. Гэхдээ тэнд хамаагүй орилоод, сэтгэл хөдлөлдөө автах юм бол тайзны бэлтгэлээ эвдэж магадгүй. Сэтгэл хөдлөлөө хянаагүйгээс үүдээд олон эрсдэлтэй нүүр тулж мэдэх тул сэтгэл зүйгээ барьж байсан. Өмнө нь төгөлдөр хуур тоглодог байсан тул тайзан дээр олон удаа гарч байсан. Тэр утгаараа тайзан дээр сэтгэл хөдлөлөө дарах чадварыг өөртөө суулгачихсан байсан гэх юм уу.

Мөн нөгөөтээгүүр бүжигчид, жүжигчидтэй хамт үзүүлбэрээ үзүүлсэн тул гоцолж, соло тоглолт үзүүлэхийг эрхэмлээгүй.

-Уран бүтээлчид элдэв хөгжмийн наадам, үйл ажиллагаанд ганцаар очиж дуулчхаад орлогоо халааслаад харьдаг байтал Та бүжигчид, бүжигчдийн багтай ирсэн. Олон хүний цалин мөнгөнөөс эхлээд хэцүү биш үү?

-Яг одоо сууж буй энэ студид "Focus dance studio"-ийн хоёр найзтайгаа уулзаад, "XMF" дээр тайзны шинэчлэл хиймээр байгаагаа хэлээд, “туслаач” гэсэн. Манай хоёр ч “тусалъя” гэсэн. Бид тэр шөнөдөө үндсэн зохиолоо гаргаж, багийн бүрэлдэхүүний тоо, төсөв мөнгөө тооцоолж, бичсэн. Тэд ч нөгөөдрөөс нь өөрсдийнхөө студи дээр жүжигчин, бүжигчдийг сонгон шалгаруулж авсан. Тэгээд жүжигчин, бүжигчин, найруулагч, оёдолчин гээл 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 хоног тасралтгүй бэлтгэл хийж, тайзан дээр гарцгаасан. Харин зардал, мөнгөний тухайд өндөр гарсан. Ард минь ажилласан бүх хүнийхээ цалинг өөрөөсөө гаргасан.

-Тайзан дээр шимээсэгтэй гарч ирсэн. Түүгээрээ юуг илэрхийлэхийг зорив?

-Ална шүү л гэж байгаа юм. Хэл амаараа учраа олохгүй бол мах цусанд нь гэдэг шиг л. Надаас өмнө нь уран  бүтээлчид бүгд амаараа анхааруулж байсан биз дээ. Хэлээд байхад хэн ч ойлгохгүй байх. Тиймээс олон хүн хэлсэн. Одоо би “ална аа” гээд гарч ирж буй юм.

Ер нь би тодорхой хугацаанд болж буй асуудал биш. Асуудал болоод үлдчихсэн, хэзээ ч шийдэгдэхгүй, тодорхой хэмжээнд багасгаж чадах асуудлуудыг хөндөхийг хичээдэг. Өнөөдөр төмс, шатахууны үнэ нэмэгдсэн ч хэзээ нэг өдөр шийдэгдчих л байхгүй юу. Гэхдээ хүүхдийн хүчирхийлэл хэзээ ч шийдэгдэхгүй. Монгол улсад өнөөдөр хүчирхийлэл огт үйлдэгдсэнгүй гэдэг мэдээ хэзээ ч гарахгүй. Иймэрхүү асуудлыг л хөндөхийг хичээдэг.

-Харин зүүж гарч ирсэн толгой?

-Trishna анх Ханбилэг байсан. Ямар нэгэн үйл явдал болж, хувирсаар үхрийн толгойтой Trishna болсон. Ханбилэгээс Trishna болсон түүх гэж бий. Энэ түүхийг тайлбарласан өгүүллэг гарна. Эцсийн байдлаар кино хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Өөрийнхөө ялгарлыг өөрөө бий болгож буй байх нь?

-Монголдоо бол шинэ урсгал. Шинэ урсгалыг таниулж, сонсогчдыг өөртөө татаж байгаа. Би хэзээ ч бэлэн сонсогчид руу ороогүй байхгүй юу. Поп сонсдог хүмүүс рүү “Хөөе би ч гэсэн поп хийдэг шдэ, намайг нэг сонирхоод үзээч” гэж орилоогүй. Ямар ч хамаагүй урсгал, чиглэлийн дуу сонсдог хүмүүст Dark Trap урсгалыг танилцуулж байна. Төгс уран бүтээл хийчихсэндээ биш. Өөрийнхөө хэмжээнд л хийгээд явж байна.Тэр утгаараа намайг сонсдог хүмүүс хүчтэй, бараг галзуу солиотой юм шиг л дэмждэг. Ганц гэдгийн утга нь л энэ. Хэзээ нэг өдөр би хоёр болоод эхлэхэд чанар нь хуваагдана л гэсэн үг.

-АЙДАС...-

-Хөгжим бүжигт төгөлдөр хуурчаар сурч байгаад яагаад гэнэтхэн дуу хийж эхлэв. Бүр Dark Trap урсгалаар шүү?

-Бага байхдаа л дуучин болно гэж. Ер нь тайзтай л холбоотой хүн болно гэж мөрөөддөг байсан. Өрөөндөө ганцаар дуу тавьчхаад тухайн дуугаа мэдэрдэг байсан. Амьд хөгжим явж байхад бөмбөрчин нь юм шиг мэдрээд, тайзан дээр бөмбөрийг нь ч юм уу, гитарыг нь тоглож байна гэж төсөөлж, нүдээ анин бүжиглэдэг сэн. Ингэж л өөрийгөө төсөөллөөрөө тэжээдэг байлаа.

Харин сургуульд ороод сонгодог хөгжмөөс өөр юм сонсдоггүй болсон. Гэхдээ гэнэтхэн л нэг өдөр сонгодог хөгжмөөсөө залхсан. Төгөлдөр хуурч бол биш юм байна гэдгийг мэдээд юу хийх үү, яах уу гэж эргэцсэн. Тэгээд дунд ангид байхдаа “$uicideBoy$”, “Ghostemane”, “IC3PEAK” зэрэг хамтлагуудыг сонссон. Азаар элдэв урсгалын дуу сонсохгүй байж байгаад Dark Trap урсгалын дуунууд сонсчихсон. Үүнээс урам зориг авч, ийм л уран бүтээлч болох ёстой гэж шийдсэн. Тэгээд bitmixer болж эхэлсэн. Тэгээд Оргил ахтай танилцаад “Эрдэнэ” продакшнд хэсэг bitmixer байсан. Тэр үед хоолой бичлэг иймэрхүү байдаг юм байна, иймэрхүү процесстой явдаг юм байна гэж хараад, Оргил ахаас “би дуучин болно гэж байх уу” гэж асуухад “байхгүй ээ, чи bitmixer-ээ хийнэ” гэсэн. Тэгээд би “Эрдэнэ”-ээс гараад Post leeu гэх нэрээр дуу хийж эхэлсэн. Подкаст бичдэг микрофон аваад зуслан дээрээ дуу хийдэг байсан. Бүх урсгал чиглэлээр л хийх гэж оролдож үзсэн. Тэр үедээ “Wanted” продакшндаа sound engineer-ээр орчихсон байсан. Би дуу хийж болох уу гэхэд “хүсэж байвал хий, асуудалгүй” гэсэн. Тухайн үед “Wanted” шинээр эхэлж байсан. Би ч шинээр эхэлж байсан.

Сонголтын өмнө ирсэн л дээ. Нэг бол sound engineer, нэг бол багадаа хийнэ гэж шийдсэн урсгалаараа дуу хийж үзэх. Би хоёр дахь сонголтыг нь хийж, “Metronome” гэх дуугаа Trishna нэрээрээ цацсан.

Хамгийн анхны клиптэй дуу минь. Тэр утгаараа арай өөр мэдрэмж өгсөн л дөө. Хүмүүст хүрээд. Яг албан ёсоор уран бүтээлч болж байгаа юм шиг санагдсан. Хариуцлага ч нэмэгдсэн. Тэр мэдрэмж нь таалагдсан тул цаашдаа дуучин байхаар шийдсэн. Гэхдээ би sound engineer-ээ орхиогүй. Одоо ч “Wanted” продакшндаа sound engineer-ээр ажилладаг. Өөрийнхөө болон бусад артистынхаа хоолойг бичиж, дууг нь хийгээд л явж байгаа. Миний уран бүтээлчийн амьдрал иймэрхүү, аз жаргалтай гоё өрнөж байна даа.

-Дуучин болж чадахгүй гэж хэлсэн хүний үгийг тоолгүй чадна гэх хүчийг тухайн үед яг юунаас авав?

-Тэр газарт миний орон зай байхгүйг мэдэрсэн. Тэгээд л тэр.

-Trishna хэчнээн уран бүтээл өлгийдөөд байна вэ. Цаашдаа цомог гаргах, тоглолт хийх төлөвлөгөө бий юу?

-Энэ нэрээрээ 10 гаруй дуу цацчихсан байгаа. Цацагдаагүй дуунуудтайгаа нийлэх юм бол 30 хүрэх байх. Гэхдээ дуунуудаа цацах гэж жаахан уддаг л даа. Залхтлаа сонсож байгаад цацдаг.

-Өөрийнхөө шүүлтүүрээр оруулдаг байх нь?

-Тийм. Тэгэхгүй сэтгэл хөдлөлөөр дуунуудаа цацаад байх юм бол чанаргүйднэ. Яахав заримдаа дуу цацах хүсэл төрдөг л дөө. Тэр үедээ өөрийнхөө хувийн суваг дээр хачир болгоод цацчихдаг. Ер нь дуу хийдүүлэх дургүй. Надаас гарч байгаа уран бүтээл болгон миний энерги, сүнс, эрч хүчнээс таслаад гарч буй учир хүссэн болгоных нь амны бай болох хямд юм хийхийг хүсдэггүй.

Цомог руу бол би нэг их яарахгүй байгаа. Яг одоохондоо монголчууд цомог борлуулах системийг ойлгоогүй байгаа. Хийж байгаа ажлаасаа аз жаргал мэдэрдэг. Хэт яараад эхлэх юм бол хобби ажил болоод, ажил нь дарамт болоод эхэлнэ гэдгийг ойлгочихсон. Тиймээс манай хамт яарахгүй байгаа, гэхдээ бас ухраагүй.

-Дууныхаа үгийг өөрөө бичдэг үү?

-Өөрөө бичдэг. Дууныхаа бараг бүх юмыг л өөрөө хийдэг.

-Дуу гэхээс илүү бичлэгтээ их анхаарч, хүч хаядаг юм шиг санагдсан. Бусад уран бүтээлчдээс өөрөөр өөрийгөө тунхаглах гэсэн нэг тийм тэмүүлэлтэй...?

-Өөрөөр тунхаглах гэхээс илүү нэгт, миний бүх уран бүтээл сүнстэй, хэлэх гэсэн санаатай. Хоёрдугаарт, би урлаг, уран сайхныг урлаг уран сайхнаар л хийдэг. Өөр ямар нэгэн зорилгоор хийдэггүй. Ямар нэгэн байдлаар ашиг олох гэж дуу хийж байсан бол өдийд баяжчихсан байгаа. Гэхдээ би мөнгө олох гэж байсан бол хэзээ ч энэ урсгалаар дуу хийхгүй.

Бусад шиг шинэ жилээр хайр дурлалтай, цас будруулсан клиптэй дуу хийгээд, өнөөхөө дуулж, шинэ жилээр халтуур хийгээд явж болно. Гэхдээ би хийж буй юмаа өөр өнцгөөс харж, ханддаг учир “Аавыг нь амьдаар нь иднэ дээ, ээжийг чинь там руу шиднэ дээ” гэх үгтэй “Trampus” гэх дуу хийсэн.

Гуравдугаарт, миний хийж буй уран бүтээлд зөвхөн би биш гэр бүл, хамт олон дурлаж хийдэг. Түүнээс биш би өөрийгөө тунхаглах гэж уран бүтээл хийдэггүй. Намайг сонсдог хүмүүс л намайг тунхаглана. Тэд дотроо л тунхаглана.

-Ихэнх дууны бичлэгт нүүрээ ямар нэгэн байдлаар халхалсан байсан. Тэр байдал нь Танд өөрөөрөө байх боломжийг олгодог уу эсвэл зүгээр л имиж үү?

-Чөтгөрлөг болохын тулд хүн эхлээд хүн шиг нүүрээ нуух хэрэгтэй.  Хүн шиг нүүрээ нууж байж ямар нэгэн чөтгөрлөг юмыг үзүүлнэ. Клипийг амьдруулахын тулд,  хүмүүст хоногшуулж үлдээхийн тулд дүр бүтээж байгаа. Тэр дүрүүдээ гаргаж өгөхийн тулд нүүрэн дээрээ тоглолт хийдэг.

-Сонсогчдоос Тань урмын үг ирдэг байх. Тэдгээрээс харахад Таныг хэдээс хэдэн насныхан ихэвчлэн сонсож байх шиг байна?

-Намайг азаар 18-аас доош насныхан их сонсдог. Бараг 60-аад хувь нь 18-аас доош насныхан. 18-аас дээш насныхан хэн нэгнийг шүтэн бишрэх нь бага. 18-аас доош насныхан аймаар шүтэн биширдэг. Яг чин сэтгэлээсээ. Жишээлбэл, намайг фенддэг нэг хүн нэрийг минь шивүүлээд, хүүхдэдээ Ханбилэг гэж нэр өгсөн байсан. Тэгж чин сэтгэлээсээ биширдэг.

10-15 насныхны ухаан, сэтгэлээ бол аймаар болчихсон. Яг үнэндээ одоо 15-тай хүүхэд миний урсгалаар дуу хийж эхэлбэл би айна. Тэр хүүхэд хоёрхон жилийн дараа намайг бут  цохиж чадах байхгүй юу. Хоёр жилийн дараа би зүгээр л тэр хүнд зайгаа тавьж өгөхөд бэлэн байх ёстой, хоёр жилийн хугацаанд хийх юмаа хийгээд гарах ёстой. Ер нь хойч үеэсээ айж явах хэрэгтэй. Дээд үеийнхнээ харин хүндэлж явах хэрэгтэй гэж боддог.  

-Өөр юунаас айдаг вэ?

-Ямар нэгэн юмнаас айх вий дээ гэж айдаг. Бас аав, ээжээсээ айдаг.

-Багтрал ихтэй хүн юм шиг санагдсан?

-Зүгээр сэтгэл хөдлөлтэй гэх юм уу. Уурлавал аймар уурлана. Гуниглавал аймар гунигладаг. Сэтгэл зүйгээ дажгүй удирдчихдаг. Нэг гэм нь уурласан үедээ биеэ барьж чаддаггүй. Гэхдээ хүнд бол гэм хор хийж байгаагүй.

-Амьдралаас залхаж байсан уу?

-Үгүй ээ. Амьдралаас ёстой залхаж байгаагүй. Яахав амиа хорлох бодол төрж байсан. Гэхдээ бодол төдий л. Аав, ээж амьд сэрүүн байхад амьдрал утга учиртай юм билээ.

-Амиа хорлох бодол чинь амьдрал залхсаны илэрхийлэл биш юм гэж үү?

-Би амиа хорлочихвол хэн нэгний амьдрал илүү сонирхолтой болох юм шиг сахилгагүй байдлаар л бодож үзэж байсан. Түүнээс биш амиа хорлох бодол бодитой байгаагүй.

-ЗОРИЛГО-

-Зарим уран бүтээлч нийгмийн үүрэг хүлээж, уран бүтээлээ хийдэг. Харин зарим нь зүгээр л өөртөө кайф авах гэж. Тэгэхээр таныг дээр дурдсанчлан кайф авах гэж л уран бүтээлээ хийдэг гэж ойлгож болох уу?

-Хэн нэгнийг жаргалтай болгох гэж, гунигтай болгох гэж  хийж болно. Эсвэл кайф авах гэж хийж болно. Зарим нь ямар нэгэн мессеж хүргэх гэж хийж болно. Харин зарим нь өөрийгөө үхүүлэхгүйн тулд дуу хийдэг байх. Өөрийгөө ганцаардуулахгүйн тулд ч юм уу. Ямар нэгэн зүйлийг мартахын тулд ч юм уу. Би бүгдийг нь нийлүүлж хийдэг. Би хайрын дуу ч хийж байсан. Амиа хорлоорой гэдэг дуу, Амиа битгий хорлоорой гэдэг ч дуу хийсэн. Буруу юм хийвэл ална шүү, Буруу юм нийлж хийцгээх үү ч гэдэг дуу бий. Уран бүтээл бүхэн өөр өөр урсгалд хамаарч болох ч бүгд хүмүүсийн гоо сайхны мэдрэмжийг тэтгэхэд л оршдог.

-Өөрийнхөө гаргасан уран бүтээлийг хэр их сонсдог вэ?

-Дуугаа яг бичээд дууссаны араас өдөр болгон сонсоно. Тэгээд клипний үеэр 300-400 сонсоно. Видео засвар дээр бас л 300-400 сонсоно. Ер нь тухайн уран бүтээл цацагдаж байхад бид аль хэдийнэ залхчихсан байдаг. Хүмүүсийн хувьд шинэ дуу л. Гэхдээ миний бүтээгдэхүүн тул тодорхой шаардлагаар сонсоно. Ер нь өөрийнхөө дуунуудыг л сонсдог. Монголд өөр сонсох юм алга аа, миний хувьд. Хошин шог сонсоход хөгжилтэй, зарим подкастыг сонсоход авууштай. Яахав ганц хоёр, чамин чамин юмнууд байдаг. Тэднийг бол сонсчихдог.

-Тэд гэдэгт жишээ нь хэн, хэнийг багтааж буй бол?

-Nene, Намууны дуунууд. Нэг тийм хөгжимлөг. Харин эрчүүдээс пуужин Баяраа ахын дуунууд. Бараг судалгааны ажил болгож сонсож байна.

-Өөрийнхөө дуунуудыг сонсоод ямар мэдрэмж авах уу?

-Заримдаа өөр хүний дуу юм шиг санагддаг. Өөрийгөө магтаж байгаа юм биш. Үнэхээр тэгж санагддаг. Зарим тохиолдолд бол чийртэй байдаг. Ядарсан үедээ сонсохоор боль, боль ядаргаатай юм гэж бодогдоно. Цаг үеэ л олж сонсдог дуу минийх.

Би зүгээр л миний дууг сонсох ёстой хүмүүс нь сонсоосой гэж боддог. Хүн болгон сонсоод эхлэх юм бол үнэн байдлаа, мөн чанаруудаа алдаж эхэлнэ байх. Яг сонсох ёстой хүмүүс нь сонсох ёстой гэж боддог. Энэ яриаг уншиж буй хүмүүсээс намайг сонсоогүй хүн байж болох. Гэхдээ тэр хүн намайг сонсох ёстой ч хүн байж магадгүй л байхгүй юу.

-Би лав сонсоод сэтгэхүйдээ буу тулгуулаад зогсож байгаа юм шиг мэдрэмж авсан...

-Би бас тийм мэдрэмж авч байсан. “Mad” гээд дуунаасаа.

-Таны цаашдын зорилго, карьер?

-Хамгийн ойрын зорилго гэвэл хамгийн анхныхаа тоглолтыг л амжилттай хийх. Энэ аравдугаар сарын 28-нд хийчихдэг юм уу гэсэн бодол байна. Тоглолт гэж сүртэй яриад яахав. Өөрийн нэрийн үйл ажиллагаа гэх юм уу. Тэрийгээ амжилттай хийх ойрын зорилго байна. Алсын зорилго гэвэл  монгол улсынхаа урлагийг дэлхийн зах зээл рүү гаргана. Монгол гэхээрээ морин хуураа тоглоод, хуушуураа шараад, дээлээ өмсөөд дэвээд байх биш шдэ. Монгол юм хийж байна гээд Trap дууны ард хөөмий оруулах биш байхгүй юу. Зүгээр л тэнд монгол хэл байхад болно. Монгол үг байхад болно. Монгол хүмүүс ажиллахад болох байхгүй юу. Би дэлхийд гарахын тулд Азийн ч юм уу, Тайландын хэн нэгнээр дуугаа янзлуулахгүй. Бүх зүйлд нь монгол хүн гар бие оролцож байж л тэр монгол уран бүтээл болно. Монголыг дэлхийн улс болгоно, урлагаар нь. Тийм  л зорилготой. Хамгийн эцсийн зорилго минь энэ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-29 08:39

Тайзан дээр ураад өгсөн шүү

Зочин
Зочин
2022-08-29 09:00

Өөрийн хүчээ өөрийнхөө байхгүй газраас нь тэрний хүч гэдэг нь их та####агдав

Зочин
Зочин
2022-08-29 09:10

Дутуугийн синдром... гэдэг. Юу ч болоогүй байж,,дэлхий,, гэж солиорох

Зочин
Зочин
2022-08-29 09:26

Өвөрмөц ертөнцтэй хүү бна амжилт хүсий

Зочин
Зочин
2022-08-29 09:43

Ажлаа мөрөөрөө хийгээд явж байсан хувийн хэвшлүүдийг нэг тийм нам мамын үзлээр шахдаг Засгийн газар, намынхан болио боль. Монголдоо үйлдвэрлэл олборлолтыг хөгжүүлж явж байсан маш зөв байсан ч сайн хэдий ч Хөгжлийн банкны бузартай хэрэгтэй хутг####даж одоо хүндхэн нөхцөл байд####д хүрчихсэн байгаа юм бишүү. Дараа дараагийн бүтээн байгуул####тад саад болж байгаа хэрэг юм шиг ээ

Зочин
Зочин
2022-08-29 09:57

хийж буй уран бүтээлээсээ дотоод хүн нь их өөр хүн юмааа. Үнэхээр сайхан яриа болжээ

Зочин
Зочин
2022-08-29 11:14

Хачин хөдөөний х####тар банди ямар олон юм ярдиййн

Зочин
Зочин
2022-08-29 12:51
Reply to  Зочин

tenegteech

Зочин
Зочин
2022-08-29 12:50

hahah

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x