Нийгмийн

11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжжээ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс найм хоногийн турш дугаарын хязгаарлалт хийж буй бөгөөд энэхүү хязгаарлалтын талаарх бодит мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-тай хамтран хүргэж байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас  сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаатай холбоотойгоор авто замын ачаалал урьд өмнөх жилүүдээс нэмэгдсэнээрээ онцлог юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу дараах тайлбарыг өглөө.

-Манай төвийн бүртгэлийн камерт бүртгэгдсэнээр 2021 онд дугаарын хязгаарлалтын үед 340 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнгөрсөн онд хичээл эхлэхийн өмнөх хагас, бүтэн сайн хоёр өдөр л хязгаарлалт хийсэн. Харин энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт найм хоног үргэлжилнэ. Бүртгэлээс харахад энэ жилийн дугаарын хязгаарлалтын үед  хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна.

Дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийн хөдөлгөөний ачаалалтай харьцуулбал 45-50 хувиар буурсан мэдээ гарч байна. 2021 оны наймдугаар сарын 30-ны даваа гарагт 462,672 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол энэ оны наймдугаар сарын 29-ний даваа гарагт 249,541 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж байгаа. Дугаарын хязгаарлалтгүй үед 7-8 км цагийн хурдтай зорчдог бол дугаарын хязгаарлалтын үед 17-18 км цаг болж нэмэгдэж байгаа нь хяналтын камераас харагдаж байна гэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш салаалсан дөрвөн гүүр, Нарны зам зэрэг газрууд замын хөдөлгөөний ачаалал өндөртэй. Мөн зах, худалдааны төвүүдийг чиглэсэн авто зам ачаалалтай байдгийг мэргэжилтэн тодотгож байлаа. Дугаарын хязгаарлалт хийгээгүй үед өглөөний 07:00 цагаас эхлээд дээр дурдсан гүүрнүүд ачаалалтай болж эхэлдэг гэнэ. Тэгвэл өнөө өглөөний хувьд гүүр төдийгүй төв замын хөдөлгөөн сийрэг байжээ. Түүнчлэн ердийн өдрүүдэд 2700-3000 удаагийн хөдөлгөөн зохион байгуулалтыг мэргэжилтнүүд хийдэг бол дугаарын ялгамжтай зорчих үед 500-600 удаа хөдөлгөөн зохион байгуулалт хийжээ.

Дугаарын хязгаарлалт нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл үргэлжилж байгаа. Хязгаарлалтаас гадуурх бүсэд ачаалал нэмэгдсэн үү гэсэн асуултад Н.Намуу хариулахдаа “Хязгаарлалтын эхлэл цэгүүдэд хөдөлгөөн зохицуулагч нар ялгалт хийж байгаа. Тэгш тоогоор төгссөн машин явах байтал сондгой тоотой машинтай зорчихыг оролдох тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс ялгалт хийж буй цэгүүдэд л ачаалал үүсэж байгаа болохоос бусад замууд ачаалал багатай байна. Хамгийн их ачаалалтай Нисэх, Яармагийн зам ч хөдөлгөөн багатай байгааг хяналтын камераас харж болно” гэсэн юм.

Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжсэн бол 30 хувь нь хязгаарлалттай холбоотой санал, гомдол хэлсэн байна. Найм хоногийн буюу богино хугацааны замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн сайтай байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 3-ны бямба гарагийг дуустал үргэлжилнэ. 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-01 17:55

Байнга биш юмаа гэхэд 9р сар дууст�##� ингэж явуулаач

Холбоотой мэдээ

Back to top button