ЭнтертайнментЯрилцлага

Ч.Машаа: Цаг хугацаа, зардлыг 20 дахин бууруулах дижитал борлуулалтын менежер бүтээсэн

Өнгөрсөн долоо хоногт мэдээлэл технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч гэгддэг “ICT expo 2019” болж өнгөрсөн. Энэ үеэр шилдэг гарааны бизнес буюу шилдэг старт-ап шагнал хүртсэн дижитал борлуулалтын менежер “Odo order”  системийг онцолж байна.

Компани тус бүр борлуулалтын менежер ажиллуулж, Улаанбаатарын их түгжээн дунд цаг зав гарздах хүн цагийн ажлыг хөнгөвчлөх уг апп-ын давуу тал, онцлогийн талаар Одо эко систем ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ч.Машаатай ярилцлаа.  

УЛААНБААТАРТ 6000 ГАРУЙ ДЭЛГҮҮР БАЙДГААС ТОМООХОН КОМПАНИУД 60-70 ХУВЬД НЬ Л ХҮРЧ АЖИЛЛАЖ ЧАДДАГ

-“ICT EXPO 2019”-д оролцож шилдэг старт ап-аар шалгарсан танай хамт олонд баяр хүргэе. Юуны өмнө та бүхний хийсэн шинэ системийн талаар танилцуулаад ярилцлагаа эхэлье.

-Баярлалаа. “ICT EXPO”-д урьд урьдынхаасаа нэлээд өргөн хүрээтэй болж өнгөрлөө. Ялангуяа технологийн компаниуд маш идэвхтэй оролцож, Монголчууд гурав хоног технологиор амьсгаллаа. Шилдэг томоохон компаниуд оролцохоос гадна 20 гаруй старт ап компаниуд оролцсон байсан. Үүнээс шилдэг старт ап болсон баяртай цаг үед минь ирж ярилцаж буй та бүхэнд мөн баярлалаа.

-Маш олон старт ап-ууд бий болсон энэ үед юугаараа онцгойрч шилдэг болсон гэж та бүхэн бодож байна?

-Хийсэн технологи нь нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж шилдэг старт ап болгосон болов уу гэж бодож байна. Манай Эко систем ХХК нь захиалгын “Odo Order” нэртэй нэгдсэн систем хийсэн. Энэ нь Монголын жижиг дунд бизнес, худалдаа, борлуулалт, түгээлтийн бизнесийн салбарт цоо шинэ бизнес модель, дижитал шилжилтийг нэвтрүүлж байна. Урьд өмнө хэзээ ч байгаагүй бизнес модель, загвар, хэний ч ашиглаж үзээгүй шинэлэг арга аргачлалаар ажиллах боломжийг бид нээж өгч байгаа. Нээж өгөхдөө ганц шилдэг томоохон компаниудтай хамтрах бус, Монголын хамгийн жижиг бизнес загваруудыг ч бүрэн дижитал системд шилжүүлэхээр ажиллана. Тухайлбал, гурилын жижиг цех, хэрчсэн гурилын үйлдвэр ч байж болно.

-Тэгэхээр компаниудад та бүхэн ямар гайхамшгийг бүтээж өгнө гэсэн үг вэ?

-Дэлхийн хамгийн сүүлийн үеийн буюу хүн төрөлхтний ололт амжилтаар бий болсон технологийг хамгийн томоос жижиг хүртэл нэгэн зэрэг ашиглах боломжийг нээж өгч байна. Бидний мэддэг Google, Facebook гэх мэт дэлхийн хэмжээний технологийг бид бүгд үнэгүй ашигладаг. Яг л энэ бизнес загварыг жижиглэн худалдааны салбарт бий болгож чадсан. Өнөөдөр Монголын тэргүүлэгч борлуулалт дистирбьютер компани Номин, Таванбогд, Наранфүүдс, Дельтафүүдс, Очирдагинас гэх мэт компаниуд л технологийн дэвшлийг ашигладаг байсан бол худалдаа эрхэлж байгаа, ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээл дээр гаргаж байгаа хүн бүр энэ хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах бололцоог нээж өгч байна. Тэр үр шимийг нь харж бидэнд шагнал өгсөн юм болов уу.

-Одоогоор уг зах зээл ямар зарчмаар ажиллаж байгаа вэ?       

-Тухайлбал, бид энэ сард газар тариалан эрхлэгч, хүнсний ногоо тариалагчдыг дэмжиж ямар ч үнэ төлбөргүйгээр уг системийг ашиглуулж байна. Ногоочид гудамжинд хонож өнжөөд л зунжин тариалсан ногоогоо борлуулж байна. Өнөөдөр анхны цас орж байна, шөнө ямар хүйтэн хонох билээ. Гэтэл тэд шөнөдөө ногоогоо хулгайд алдчихгүйн тулд майханд манаж хонож байна. Майханд хонохоос өөр борлуулалт хийх арга тэдэнд хомс. Байгаа нь Барс захад асар хямдхан бөөндөж өгөх зам. Уг нь дэлгүүрүүдэд зармаар байгаа ч бүх дэлгүүрүүдээр явж “Төмс авах уу” гээд явбал цаг хугацааны хувьд хүндрэлтэй, хүн хүч байна уу, зардал мөнгө ямар гарах вэ, машин тэрэг байна уу гээд олон асуудал дагуулна. Харин манай технологи тариалсан ногоогоо ямар хэмжээтэйг, ямар үнээр зарах гэж буй, хаана тариалсан гэдэг мэдээллээ системд оруулах боломж олгоно. Оруулсан мэдээллийг бид Улаанбаатарын бүх дэлгүүрт харуулаад, захиалга авахад нь тусална. Улаанбаатарт 6000 гаруй худалдаа үйлчилгээний цэг байдаг. Тэр худалдаа үйлчилгээний цэгт зөвхөн том компаниуд бараагаа хүргэж үйлчилж чадаж байна. Гэхдээ 100 хувь биш. Том компаниуд зах зээлийн 60-70 хувьд нь л хүргэж өгч чаддаг. Бусад холын болон жижиг дэлгүүрүүдийг тоохгүй хаячихдаг. Хүн хүч шаардахаас гадна өндөр зардал гардаг учир тэр шүү дээ. Борлуулалтын менежер өдөрт 25 ширхэг л дэлгүүрээр орж чаддаг. Гэтэл Улаанбаатарын 6000 дэлгүүрээр долоо хоногт нэг удаа очих ёстой. Ингэж үзвэл хэдэн борлуулалтын менежер хэрэг болох вэ. 100 гаруй менежер компани болгонд хэрэг болно. Гэтэл тариа ногоогоо борлуулах гэж байгаа хүмүүс том компаниуд шиг ингэж хүрч ажиллах чадах билүү. Тиймээс үйлдвэрийн хүчин чадлаас бус борлуулалтынх нь боломж хүнээс шалтгаалдаг учир борлуулалт хязгаарлагдаж, өсөж чадахгүй, томорч чадахгүй жижиг хэвээр үлддэг. Үүнийг бид орвонгоор нь өөрчилж, жижиг томоос үл хамааран Улаанбаатарын бүх дэлгүүртэй харьцаж, борлуулалтаа хийх, захиалга авах, хүргэлт хийх гэх мэт борлуулалтын менежменттэй холбоотой системийг детальчилж хийж өгсөн. Үүнийгээ ард түмэнд танилцуулж эхлээд хоёр сар болсон байна. Хоёр сарын хугацаанд жижиг том нийлсэн 40 орчим компани бидэнтэй нэгдлээ. Энэ үнэхээр зах зээлд хэрэгтэй, эрэлт хэрэгцээ нь бий болчихсон систем байсан. Нөгөөтэйгүүр, асуудлыг нь үнэхээр шийдэж чадаад байгаа учир богино хугацаанд компаниуд олуулаа орж ирж байна.

20 ГАРУЙ ЦОГЦ СИСТЕМ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАЖ, БАТАЛГААЖИЖ ИРСЭН ЗАХИАЛГААС Л 100 ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР АВНА

-Эрэлт хэрэгцээ байсан учир амжилттай ажиллаж эхэлж буй тухай хэллээ. Яг бизнесийн зах зээл дээр байгаа энэ эрэлт, хэрэгцээг анх хэрхэн олж харсан юм бэ? Гурван жилийн өмнө ажлын анхны гараагаа эхэлж байсан гэсэн шүү дээ?

-Би худалдаа борлуулалтын салбарт 14 жил ажиллаж байна. Анх 2005 онд Hite нэртэй шар айраг Монгол улсад ид борлуулагдаж байсан үе. Тухайн үед зах зээлийн 90 гаруй хувийг эзэлж байлаа. Монголд борлуулалтын арга технологиудыг нэвтрүүлсэн анхны компаниудын нэг. Дараа нь Hineken нэртэй дэлхийн томоохон шар айрагны брендтэй хамтарч ажилласан. Дараа нь АПУ ХХК-д мөн ажиллалаа. Борлуулалт, дистирбьютер, хэрэглэгчдэд хүргэж буй үнэ цэнэ гэх мэт бүх л ажиллагаануудад гар бие оролцож, өөрөө ч хэд хэдэн брендийг АПУ-д байхдаа гаргасан. Дараа нь өөрөө хувийн компани байгуулж Европоос хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэн борлуулж эхэлсэн. Өөрөө менежерээс захирал хүртэл ажиллаад ирэхээр энэ салбарыг мэддэг болсон гэж хэлж болно. Дээрх компаниудыг дамжиж ажиллахдаа ихэвчлэн нэг төрлийн ажил хийж байсан. Яг нэг ажлаа л олон дахин давтаж байсан гэсэн үг. Нөгөө л дэлгүүрүүдтэй очиж уулзах, бараагаа нийлүүлэх, танилцуулах, зурагтаар реклам цацах, 21 аймгаар явж харилцагч, гэрээт байгууллагаа сонгож, бараагаа нийлүүлэх гэх мэтийг ахин дахин давтан хийсэн. Энэ л олон давтагддаг ажлыг дижитал хэлбэрт шилжүүлэхийг хүссэн. Хувийн бизнес хийгээд эхлэхээр борлуулалт хийх нь ямар хүнд болохыг яс махаараа ойлгож байгаа юм. Өнөөдөр борлуулалт хийх, борлуулалтын харилцагчдыг тогтоон барих нь бүр илүү их асуудал. Харилцагчийг олохоос илүүтэй тэр харилцагчийг тогтоон барих нь хэцүү. Шинэ харилцагч дэлгүүр рүү борлуулалтын менежер долоо хоногт нэг удаа зайлшгүй очих шаардлагатай. Гэтэл Улаанбаатар хот ийм их замын түгжрэлтэй, Монгол орон өргөн дэлгэр, том, тархай бутархай суурьшдаг. Тэр болгоноос очиж захиалга авах боломжгүй. Ингээд маш олон дэлгүүр хаягддаг. Иймд л худалдааны салбар маш өндөр өртөгтэй. Гэтэл миний зарцуулж буй зардал бүх компанид яг ижил өндөр гардаг. Бүх компани ийм зардалтай ажиллах нь эдийн засгийн үр өгөөжгүй. Хэнд нь ч ашиггүй. Энэ л зардлыг гаргахаа болиод, уг зардлыг 20 дахин хөнгөвчилсөн дундын систем хийж өгье гэж шийдсэн дээ.

-Гэвч энэ том системийг технологийн хувьд шийдэхэд асуудалтай шиг. Та ямар инженерүүдтэй хамтарсан бэ?

-Япон улсад Осокагийн их сургуулийг технологийн чиглэлээр дүүргэж, Япон улсдаа Сони, Хитачи, Фүжицү зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан Монгол инженерүүдтэй танилцсан. Тэд маань Монголд яг ирчихсэн байж таараад нөхдүүдтэй хамт уг компанийг байгуулсан юм. Ганболд, Бадраа гэж дэлхийн хэмжээний программист хүмүүстэй нийлж, ийм олон талт хүмүүсийг холбосон аварга том системийг хийсэн.

-Системийг ашиглахад ямар нэгэн төлбөр шаардагдах уу?

-100 төгрөгийн төлбөртэй. Баталгаажиж ирсэн захиалгаас л 100 төгрөгийн төлбөр авч байгаа. Бусад бүх юм нь үнэгүй. Харилцагчийн удирдлага, борлуулалтын удирдлага, сувгийн удирдлага, борлуулалтын менежерүүдийн хяналтын систем, тайлан баланс харуулдаг систем гээд 20 гаруй цогц систем үнэ төлбөргүй ажиллаж байгаа. Гэтэл хүн өөрөө очиж захиалга авбал 100 байтугай төгрөгийн зардал гарна шүү дээ. Тиймээс бид цаг хугацааг багадаа 20 дахин багасгаж байна, зардлыг 20 дахин бууруулж, бүтээмжийг 20 дахин нэмэгдүүлж байгаа юм. Энэ бол дижитал шилжилт хийх амин сүнс юм.

ХОЁР САРЫН ХУГАЦААНД 221 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ ӨГСӨН БАЙНА

-Мэдээж хэрэглээнд нэвтрээд эхэлчихсэн байх. Хэрэглэгчийн тоо урьдчилсан байдлаар гарсан уу?

-Дөнгөж хоёрхон сар болж байгаа ч чамгүй үр дүн байна. Өнөөдрийн байдлаар 39 компани нийлүүлэгчээр бүртгэгдсэн. Үүн дотор дандаа том компани бус жижиг компани, хоршоод ч бий. Цэвэр хөрсний шим хоршоонд 120 өрхийн тариаланч нэгдсэн байдаг. Тэд өмнө нь ярьсанчлан майхандаа суугаад л борлуулалтаа хийдэг байсан бол өнөөдөр утсан дээрээ апп суулгачхаад шууд л дэлгүүрүүдтэй холбогдож, 120 хүн дундаа нэг хүргэлттэй болчихсон хүргээд л өгчихнө. Ийм амар. Өнөөдрийн хувьд борлуулалт жаахан муу байгаа. Учир нь гадуур ил задгай борлуулагчид олширчихсон. Гэвч хүйтэрч бүгд гадаа борлуулалт хийж чадахгүйд хүрэхэд энэ системийг үр өгөөж гарч эхлэх юм.

Мөн 5150 дэлгүүр бүртгэлтэй байна. Энэ олон цэгээс захиалга авах боломжтой байна гэсэн үг шүү дээ. Энэ дэлгүүр захиалга авч сураагүй байгаа бөгөөд 190 нь яг идэвхтэй захиалга өгдөг аж. Нийт системд 432 удаагийн захиалга явагдсан. Үүний үнийн дүн 221 сая төгрөг болсон байна. Хоёр сарын хугацаанд бид ямар ч зардалгүйгээр 221 сая төгрөгийн борлуулалт уг компаниудад хийж өгсөн гэсэн үг. Дээрх 39 компанийн системд оруулсан барааны тоо 100950 байна. Ийм хэмжээний барааг дэлгүүрүүд шууд захиалаад авах боломжтой. Энэ хугацаанд дээрх дэлгүүр, компаниуд 125 удаа хямдрал зарласан байна. Хямдрал зарлах бүрт тараах материал хэвлээд дэлгүүрт бүрт очиж танилцуулаад явдаг, бас л нөгөө хүн хүчний асуудал. Урамшууллын үр өгөөж, түүнийг хэдэн дэлгүүр мэдсэн бэ гэдгээс хамаардаг. Мэдээлэл хүргэж буй суваг нь хүн. Хүний хүчин зүйлээс хамаардаг гэсэн үг. Өдөрт 20 дэлгүүрээр л орж танилцуулга хүргэж үйлчилж чадна шүү дээ. Одоо харин ганц мэдээлэл оруулахад л Монголын бүх дэлгүүрт урамшуулал нь харагдаж байхаар шийдэж өглөө. Ногоогоо хөлдөөгөөд муутгаж байснаас өнөөдөр яг бүгдийг нь хямдралтай үнээр зарчихъя гэсэн ногоочинд ч бид асуудлыг нь шийдэж өгч байгаа юм. Дөнгөж эхлэл гэхэд энэ бол бидний хувьд асар өндөр тоо гэж бодож байгаа. Жилийн дараа энэ тоо хэд болж өсөхийг мэдэхгүй.

-Бүртгэлтэй компаниудын тоо ихсэх тусам дунд нь хариуцлага ганц нэг компани орж ирэх мэтээр хэрэглэгчдэд эрсдэл үүсэх магадлалыг та бүхэн хэрхэн тооцоолсон бэ? Бүртгүүлж буй компаниудад энэ талыг нь харж ямар шаардлага тавьдаг вэ?

-“Business to business” учраас ерөнхийдөө хариуцлагатай хүмүүс байдаг. Мөнгөтэй харьцаж байгаа, борлуулалт хийж байгаа, ашиг олж байгаа тул ямар нэгэн хэмжээгээр өөрсдөө хариуцлагатай байдаг. Эхний ээлжинд бүгд захиалгаа өгч, аваад сурчих гэж бид хэлж байгаа юм. Хоёрдугаар ээлжинд амласан хугацаандаа хүргэлтээ хийж чадахгүй байгаа компаниудын “review” буюу хэдэн удаа хүргэлтээсээ хоцорсон тухай мэдээллийг олон нийтэд ил тод харуулдаг болно. Тухайлбал, нийт 10 оноо авах ёстой байтал байнга цаг хугацаандаа бараагаа нийлүүлдэггүй учир 7, харин байнга чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг цаг тухайд нь нийлүүлээд явдаг бол 10 оноогоо авна. Тиймээс захиалагчид сайн, мууг нь шууд олон нийтийн үнэлгээгээр хараад явчихна. Одоо энэ салбарт ч хариуцлагагүй байдал байгаа нь үнэн. Хариуцлага алддаг түүх нь бүртгэгдэхгүй байгаа учраас арилахгүй байна. Харин дижитал систем маш хариуцлагатай. Нэг хэсэг Хятад улс гэхээр л муу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай байлаа шүү дээ. Одоо харин Алибабагаас муу бүтээгдэхүүн худалдан авах ямар ч боломжгүй. Учир нь муу бараа надад нийлүүлчихвэл би буцаагаад санал хүсэлтээ илгээчихдэг. Тиймээс нийлүүлэгч хятад компани дэлхийн өнцөг булан бүрээс ирэх захиалгаа алдаж эхэлдэг. Хүссэн хүсээгүй сайн бүтээгдэхүүнээ л борлуулах чиглэл рүү дижитал систем түлхэж байна. Ерөнхийдөө дижитал орчинд бизнес илүү ил тод, цэвэр явж байгаа. Хулгай луйваргүй. Хүмүүсийг ч ялгаагүй. Одоо цахим хуудас руу нь орж танилцаж, хэлдэг үг, хийсэн бүтээсэн, хэнтэй найзалдаг гэдгийг нь мэдэж байж харилцаа үүсгэх боломжтой. Чиний дижитал орчин дахь амьдрал илүү надад бодитой. Учир нь чамайг хэн бэ гэдэг чинь, хаана байсан бэ, юу хийж чаддаг вэ, ямар үзэл бодолтой хүн бэ гэдэг илүү баталгаатай харагдаж байна. Би жинхэнэ бодит амьдрал дижитал орчинд, жинхэнэ бизнес дижитал орчинд байдаг гэж боддог. Түүнийг хүмүүс хийсвэр гэж ойлгодог.

-Нэгдсэн шинэ системийнхээ талаар товч мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

-Баярлалаа.    

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button