СПОРТСурвалжилга, Нийтлэл

Спортоос мэндэлсэн ховор хувь заяаны эзэд

Тамирчны ялалт хямдхан олдохгүй. Тухайн тамирчны амжилтад нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, авьяасаас гадна гэр бүлийнхнийх нь дэмжлэг чамгүй их нөлөөлдөг. Спортынхны жаргал, зовлонг ойлгодог, биеэрээ мэдэрч яваа, ижил мөрөөдөл, адил зорилготой тамирчид амьдралаа холбовол амжилтадаа бүр ч ташуур өгөх нь дамжиггүй. Үүнийг олон хос тамирчны амжилтаас бэлхнээ харж болно. Спортын дэвжээнээ танилцан, гал голомтоо бадрааж, олон олон амжилтаар монгол түмнээ баярлуулж яваа буй зарим хосыг уншигч та бүхэнд танилцуулъя.

СПОРТЫН САЛБАРААС МЭНДЭЛСЭН ЦОРЫН ГАНЦ БААТАР ХОС

Спортын салбарт мөрөө тодоос тод гэгч нь үлдээж яваа хос бол яахын аргагүй тэд. Ялж, ялагдах бүхий л үед бие биенээ түшиж, ирлэн зүтгэсээр хоёулаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн нь ховор хувь заяа. Нэгэн цагт манай жүдо бөхийг дэлхийд тахалж, нүүр царай нь болж явсан Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос Монголын багийн цорын ганц медалийг хүртэж, 2009 онд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн анхны жүдоч болсон.

Түүний хань О.Гүндэгмаа “Бээжин-2008”-аас мөнгөн медаль хүртэж, монголчууд бид олимпын аваргатай болох үүдийг нь нээсэн гавьяатан. Түүгээр ч үл барам тэд Монголын жүдо бөх, буудлагын спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн.

Х.Цагаанбаатар 2015 онд зодог тайлсан бол О.Гүндэгмаа “Рио-2016”-д онч сорьсноор зургаа дахь олимподоо оролцсон нь ясны тамирчных нь илрэл. Тэд Цагаанааг дэлхийн аварга болдог жил анхны хүүгээ өлгийдөн авч, 2013 онд ихэр хүүхэдтэй болж, бүл нэмсэн. Ханьдаа зориулан шүлэг хүртэл зохион, үе үе гэнэтийн бэлэг барьдаг романтик Х.Цагаанбаатар том хүүгийнхээ хөлийн улны мөрийг цээжин дээрээ “Champion” гэдэг үгийн хамт шивүүлсэн.

Мөн нуруун дээрээ хоёр ихрийнхээ гарын хээг нэрнийх нь хамт мөнхөлжээ.

ГАВЬЯАТЫН ГУРВАН ТЭМДЭГТЭЙ ГЭР БҮЛ

Жүдо бөхийн дэвжээнээ танилцаж, гал голомтоо бадраасан үлгэр жишээ хосын нэг нь. Монголын жүдог тэдэнгүйгээр, тэднийг жүдогүйгээр төсөөлөхийн аргагүй.

Бүхий л амьдралаа энэ спортод зориулж яваа Х.Болдбаатар самбо бөхөөр дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа хоёронтоо эгшиглүүлж, Н.Түвшинбаярыг дасгалжуулан Бээжингийн олимпын аварга болгосон бол түүний хань Ц.Мөнхзаяа ДАШТ-ий хүрэл медальтай. Тэд хоёулаа Гавьяат цолтой.

Лондоны олимпод оролцсоныхоо дараа үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрчихөөд эргэн ирсэн Ц.Мөнхзаяа Азийн АШТ-ий үеэр мултарсан мөрөө өөрөө оруулан барилдаад түрүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Х.Болдбаатараас гурван жилийн өмнө ярилцлага авахад “Би их хатуу хүн. Хэр баргийн зүйлийг давах учиртай гэж боддог, тоохгүй байхыг хичээдэг. Тэгсэн мөртлөө спорт намайг ийм хатуу болгосон гээд өөрөөсөө булзааруулчихдаг гэмтэй. Үнэнийг хэлэхэд Ц.Мөнхзаяагийн мөр мултрахад би “Бэртэл нь гайгүй байгаа, өвдөж байгаа болов уу” гэж бодоогүй. Яг ямар бодол төрснийг чи лав гадарлахгүй байх. “Оноогоо хамгаалаарай, түрүүлээсэй” гэж бодсон гээд бодохоор өөрөөсөө ч аймаар. Нөгөө талаар ийм хатуу байхыг спорт шаарддаг. Тэгж хатуу хөтүүг давж байж л амжилтад хүрнэ.

Бэлтгэл, дэвжээн дээр л модон тахиа шиг хатуу байхыг хичээдэг болохоос би уг нь төрөлхийн зөөлөн хүн. Охиныхоо дэргэд ёстой резин шиг байдаг шүү дээ.

Би барилддаг байхдаа юу юунаас илүү жүдогийн төрлөөр олимп, ДАШТ-ээс медаль хүртэхийг хүсдэг байсан. 2015 онд хань минь зөвхөн өөрийнхөө бус, миний, монгол түмний медалийг хүртсэн. Тэгэхэд миний мөрөөдөл биелсэн. Гавьяат тамирчин болсноос нь илүү дэлхийгээс медаль хүртэхэд нь магнайгаа хагартал баярласан. Өдий хүртэл тэгж баярласан минь хуруу дарам. Эхнэртэйгээ хамт жүдогоор барилдан, хоёулаа гавьяат цол хүртсэнээрээ бахархдаг” гэсэн юм.

Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч цолтой Монголын хоёрхон хүний нэг Х.Болдбаатарынх хоёр хүүхэдтэй. Том хүү нь Япон улсад жүдо бөхийн чиглэлээр суралцдаг. Спортын хорхойтнууд түүнийг аав, ээжийнхээ шийрийг хатаасан мундаг тамирчин болно хэмээн үнэлдэг юм билээ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.СУМЪЯА БУЛГАН НУТГИЙН БЭР

Даруухан зан, бахдам амжилтаараа монгол түмнийхээ хүндлэлийг хүлээсэн Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа анхдагчдаараа алдартай Булган нутгийн бэр. Түүний найз залуу Х.Цогтгэрэл үндэсний бөх, жүдогоор хичээллэдэг.

Д.Сумъяа “Хилчин” спорт хорооны тамирчин болдог жил буюу 2010 онд тэд танилцжээ. Хосын хувьд 2017 он амжилтын арвин ургац хураасан жил болсон. Д.Сумъяа дэлхийн аварга болж, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол Х.Цогтгэрэл Булган аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан болсон юм.

ТЭД ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ

Спортын салбараас мэндэлсэн хосод тэднийг онцлохгүй бол ёстой алдас болно. Гавьяат тамирчин С.Ням-Очир олимп, ДАШТ-ий хүрэл медальтай. Түүний гэргий П.Лхамдэгдэд Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медаль бий. Жүдогийн дэвжээнээ ижилдэн дасаж, гал голомтоо бадраагаад 13 жил болж буй тэд 2017 онд хамтдаа зодог тайлсан. Тэднийх нэг хүүтэй.

Ханийнхаа тухай П.Лхамдэгд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Тамирчин хүнд тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилалт гээд чөлөөт цаг их хомс байдаг. Хэдий тийм ч миний хань гэр бүлдээ цаг ямагт зав гаргаж, боломж л бүрдвэл хамт байхыг хичээдэг. Их гэр амьтай. Гүндүүгүй сайхан Монгол эр хүн. Юманд ул суурьтай, долоо хэмжиж нэг огтолдог” хэмээн өгүүлсэн удаатай. Өдгөө тэд ОХУ-д дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж байна. 

АРСЛАНГИЙН ГЭРГИЙ БӨХ ҮЗЭХЭЭС ИЛҮҮ ӨӨРӨӨ БАРИЛДАХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ

Бөхийн спортын төрлөөс төрсөн хос цөөнгүй бий. Тэдний нэг нь Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, аймгийн арслан С.Очирбат нар. Хосын хувьд 2017 онд амжилтаар бялхсан гэхэд хилсдэхгүй. Б.Мөнгөнчимэг ДАШТ-ээс хүрэл, УАШТ, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 23 насандаа Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан бол С.Очирбат Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж, арслан цол авсан юм.

2017 онд ДАШТ-ээс медаль хүртэхэд нь Б.Мөнгөнчимэгээс ярилцлага авахад “Хоёулаа спортоор тэр тусмаа бөхийн төрлөөр хичээллэдэг болохоор бүр ч амар байдаг. Бэлтгэлээ таран, гэртээ ирэхэд аль хэдийнэ хоол хийчихсэн хүлээж байна, “Ядарч байгаа” гээд өмсгөл угаагаад өгчихнө. За тэгээд бэлтгэлийн юм уу тэмцээний үеэр аль болох утсаар холбогдон, түвэг удахгүй байхыг хичээдэг.  Энэ хэрээрээ амжилтад эерэгээр нөлөөлж байгаа. Би найз залуугийнхаа барилдааныг Монгол бөхийн өргөөнд очиж үзэх дуртай. Гэхдээ барилдахыг нь үзсэнээс өөрөө барилдах нь хамаагүй амар” хэмээн инээмсэглэн өгүүлсэн.

САЯХАН ГОЛ ГОЛОМТОО БАДРААСАН АВАРГА

Чөлөөт бөхөөс бүр тодруулбал, “Алдар”-ын дэвжээнээс мэндэлсэн хос. Түүгээр ч үл барам тэд Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр гавьяатын шавь. 2017 онд УАШТ-д түрүүлж, цахиур хагалаад зогсохгүй ДАШТ-д оролцон шуугиулсан Н.Лхамгармаа армийн дэлхийн аварга. Харин Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоны амжилтын талаар спортын хүрээнийхэн сайн мэдэх тул энд бичих илүүц биз ээ.

Тамирчны жаргал, зовлонг амсаж яваа тул бие биенээ бүр сайн ойлгодог байх, тийм үү хэмээн П.Орхоноос асуухад “Адилхан хүсэл мөрөөдөл, зорилготой болохоор бие биенээ илүү сайн ойлгодог. Хамтдаа бэлтгэл хийн, бүхий л зүйлд бие биенээ түшиж явна. Ялагдах, бэртэх, жиндээ орж чадахгүй байх гээд тамирчинд бэрхшээл их. Тэр бүхнийг ханийнхаа дэмээр даван туулдаг. Хэрвээ намайг ойлгож, дэмждэггүй байсан бол өнөөгийн амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү” хэмээсэн. Тэд өнгөрсөн жил хуримаа хийн, гал голомтоо бадраасан юм.

ТҮР ЗАВСАРЛАГА АВААД ДЭВЖЭЭНДЭЭ ЭРГЭН ИРСЭН ГАВЬЯАТ

Чөлөөт бөхийн дэвжээнээс мэндэлсэн өөр нэг хос бол дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ С.Билгүүн нар. 19 насандаа дэлхийн аварга болж, дараа жил нь ДАШТ-д үзүүрлэн, монгол түмнээ баярлуулсан С.Цэрэнчимэд 2017 онд үрийн зулай үнэрлэсэн.

Тэрбээр ээж болоод хамгийн түрүүнд “Үнэнийг хэлэхэд хамгийн түрүүнд “Яана аа, бэлтгэл хийх боломжгүй болох нь. Ээж, багш нар загнах байх даа” гээд уйлсан. Тэгээд хэлж зүрхлэхгүй нэлээд явсан. Зүрхэлж байгаад эгчдээ хэллээ. Тэгсэн чинь эгч шууд л ээжид хэлчихдэг байгаа. Зүрх золтой л амаар гарчихаагүй. Ээж “Эмэгтэй хүн болж төрсний хамгийн сайхан нь эх болох, хүүхэд төрүүлэх. Охиндоо баяр хүргэе, ашгүй дээ” гэхэд нь сэтгэл тайвширсан.

За, ямар ч байсан ээж зөвшөөрлөө гээд баярласан ч хоёр багш (Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр) юу гэх бол гэхээс санаа зовж, айсан гэж жигтэйхэн. Жирэмслээд гурван сар болсны хойно Цогоо багшид хэлсэн чинь “Баяр хүргэе. Цаг хугацааны хувьд аятайхан таарлаа. 2018 онд бэлтгэлдээ ороход сүүлчээр нь юм уу дараа жилийнх нь эхээр жигдрэн, Токиогийн олимпод амжилт гаргахын төлөө зүтгэхэд бэлэн болчихно. Хамгийн гол нь биеэ сайн бодоорой, хүүхдээ эрүүл бойжуулаарай” гээд зөвшөөрсөн. 

Хүүгээ таван сартай болтол нь бараг өөртөө итгээгүй. Нээрэн, би ийм хөөрхөн хүүхэдтэй болчихлоо гэж үү хэмээн бодоод л. Бэлтгэл тарангуут хүү рүүгээ яарсаар харих, хөөрхөн инээн, шулагнаад суухыг нь харах хамгийн сайхан. 

Цүнхээ даахгүй шахам ядраад харьсан ч хүүгээ хараад л сэргэчихдэг, цуцсанаа ч умартдаг. Хүү минь яг над шиг инээдэг юм” гэсэн юм.

С.Цэрэнчимэд төрснийхөө дараа өнгөрсөн жил дэвжээндээ эргэн ирсэн. Улмаар Румынд болсон 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр армийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн өөр насны ангилал (өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас болон насанд хүрэгчид)-д медаль авсан Монголын анхны бөх болсон юм.

ХАНЬ НЬ БАС ДАСГАЛЖУУЛАГЧ НЬ

Марафоны спортоос амьдралаа холбосон тэд амжилтын төлөө хамтдаа зүтгэж буй. Ийн тодотгосон нь ийм учиртай. Монголын хамгийн шилдэг хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од хань Д.Оюунтуяагийнхаа удирдлагад бэлтгэлээ базаадаг.

Гавьяат өдгөө Монголын марафоны спортод анхны тодотгол бүхий олон амжилт гаргаж яваа нь түүний гэргийтэй салшгүй холбоотой. Өдгөө Д.Оюунтуяа Б.Сэр-Од гавьяатыг “сойх”-ын зэрэгцээ үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

Б.Сэр-Од гавьяат эхнэрийнхээ удирдлагад Катарт болж буй ДАШТ-д ес дэх удаагаа оролцсон юм. Дэлхийн дэвжээнд ийм олон удаа завсаргүй хурд сорино гэдэг яах аргагүй бахдам амжилт.

БОКСЧИН ГЭР БҮЛ

Эрэгтэй байтугай эмэгтэй хүн тэр бүр хичээллэж зүрхэлдэггүй боксын спортоос мэндэлсэн хос тийм ч олон биш. Гавьяат цолтой гэхээсээ дутахгүй “Алдар”-ын гэдгээрээ олны талархлыг хүлээсэн А.Гантулга багшийн шавь Х.Энх-Амар, Т.Болортуул нар боксын дэвжээнээ танилцан, хос багана болж сүндэрлээд нэлээд олон жил болж буй.

Дэлхийн оюутны наадмын аварга Х.Энх-Амар “Рио-2016” олимпод оролцсон бол түүний найз бүсгүй Азийн АШТ-ий алтан медальтай Монголын хоёрхон эмэгтэй боксчны нэг нь. Т.Болортуул өдгөө насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button