НИЙГЭМХУУЛЬ

ХЭРГИЙН МӨРӨӨР: Хар тамхины хэрэглэгч 10 хүүхэд тутмын долоо нь ял авахаа мэдэхгүй байна

Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодист донтох хүмүүсийн нас жилээс жилд залуужиж буйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж, сануулсаар байна.

-ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧДЫН 92.2 ХУВИЙГ 35 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД, ЗАЛУУС ЭЗЭЛЖ БАЙНА-

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой 1328 гэмт хэрэгт 1989 хүн холбогдон шалгагдсан байна. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлыг сүүлийн таван жилийн байдлаар нь авч үзвэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 939 гэмт хэрэгт 1173 сэжигтэн бүртгэгдснээс 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байгаа бол нийт холбогдогчдын 92.2 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлсэн статистик судалгаа гарсан.

Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужих болсон. Учир нь 30-аас дээш насны иргэдийн амьдрал нь тогтворжсон байдаг тул шинээр хэрэглэгч болох, аливаа хорт зуршилд уруу татагдах нь бага байдаг аж. Харин хүүхэд, залуус архи, утаат тамхи зэргээс татгалзаад хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх хандлагатай болж байгааг албаныхан мэдээлж байна.

-13 НАСТАЙ ОХИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОН, ШАЛГУУЛСАН ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ-

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэглэгч, хамаарал бүхий иргэд /донтогч/-ийн насны байдал залуужиж, 13-25 насны хүүхэд залуус ихээр гэмт хэрэгт холбогдох хандлагатай байна. Хамгийн бага нь 13 настай охин гэмт хэрэгт холбогдон шалгагдсан тохиолдол ч гарсан байна. Хүүхдийн 13-14 нас бол шилжилтийн үе буюу хүүхдээс том хүн болох, зан нь төлөвших, донтолтонд өртөх магадлал хамгийн өндөр эмзэг үе байдаг бөгөөд эцэг, эхийн анхаарал, хайр халамж, зөвлөгөө, хараа хяналт чухал байдаг аж.

Яагаад хүүхдүүд хэрэглээд байгаа талаар судлаад үзэхээр сониуч зангаасаа болж, хор уршгийг нь мэдээгүйгээс үүдэлтэй болж таардаг гэх. Цагдаагийн байгууллагад шалгуулж буй 10 хүүхэд тутмын долоо нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял өгдөг эсэхийг мэддэггүй байх жишээтэй. 10 хүүхэд тутмын дөрөв нь найзуудаа даган дуурайж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэсэн судалгаа гарчээ.

О.ЭРДЭНЭХИШИГ: УРАН БҮТЭЭЛЧИД ХАР ТАМХИЙГ ИЛ БОЛОН ДАЛД ХЭЛБЭРЭЭР СУРТАЛЧИЛЖ БАЙНА

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг хэлэхдээ

"Өсвөр насныхны даган дуурайдаг зарим нэг уран бүтээлчид хар тамхийг ил болон далд хэлбэрээр сурталчилсан дуу, уран бүтээл гаргаж байна. Улмаар тэрхүү уран бүтээлийг сонссон хүүхэд тэдний үйлдлийг даган дуурайх нь ихэссэн. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд үүнийг ил болон далд байдлаар сурталчлахыг хориглосон байдаг.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 онд гаргасан зөвлөмжид соёл урлагийн салбарынхан уран бүтээлээрээ дамжуулж хар тамхины хор нөлөөг таниулах талаар тусгасан байдаг. Энэ асуудлаар бид Нийслэлийн Соёл урлагийн газарт мэдэгдэл хүргүүлсэн. Харамсалтай нь одоо болтол хар тамхины эсрэг цогц ажил хийгдэхгүй байна.

Хүүхэд, залуучуудыг хар тамхи, мансууралд оруулж байгаа гол зүйлийн нэг бол хар тамхины талаар тодорхой мэдлэггүй байх, цахим орчноос болон гадаадын улс орнуудад амьдарч байсан нэгнээсээ тухайн улс оронд хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг гэсэн худал ташаа мэдээлэлд итгэсэнтэй холбоотой. Тухайлбал, “Канад Улсад хар тамхины төрлийн ургамал хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн” гэж сурталчилж байна.

Гэтэл Канад улс хар тамхиныхаа хэрэглээг хяналтаас алдаад, хэн нь хэрэглэгч гэдгээ ялгаж чадахаа байсан. Үүнтэй тэмцэх тэмцэл мухардсан учраас 25 грамм каннабисыг биедээ авч явахыг зөвшөөрсөн байдаг. Ингэснээр хэн нь хэрэглэгч, худалдаалагч болохыг ялгаж гэмт хэргийн бүртгэлээ сайжруулсан байгаа юм. Хэдэн хэрэглэгч бүртгэгдсэн, үүнтэй яаж тэмцэх вэ гэсэн бодлого боловсруулахын тулд түр зуур хар тамхийг биедээ авч явахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байх жишээтэй" гэлээ.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, АРХИДАЛТ, ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮҮХДҮҮДИЙГ ХАР ТАМХИНД "УРУУ ТАТАЖ" БАЙНА

Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэг удаа хэрэглэхэд хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, дахин давтаж хэрэглэх бие болон сэтгэцийн хараат байдлыг үүсгэдэг. Нэг хэрэглэсэн хүнд донтолт үүснэ гэсэн үг. Жишээлбэл, хар тамхи нэг удаа хэрэглэсэн хүний биед архины шарталтаас 68 дахин их хордлого үүсгэдэг болохыг олон улсын эрдэмтэд тогтоосон байдаг аж. Шарталтын тэр их зовуурийг дарахын тулд нөгөө эм, бодисоо дахин хэрэглэх шаардлага үүсдэг учир донтогч болж хувирдаг байна.

Хар тамхи хэрэглэхэд түлхэц болж буй нийгмийн хүчин зүйлийн нэг нь гэр бүл салалт болсон. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл хайхрах хүчирхийлэл ч үүнд хамаарч байна. Тухайн хүүхдийн гэр бүлийн орчинд байнга архидалт болдог, хүчирхийлэлд өртсөн бол сэтгэл гутралд автсанаар буруу хүмүүст уруу татагдан мансууруулах бодис хэрэглэдэг.

Жишээ дурдахад "нэгэн ПС тоглоомын газар тоглож байсан 11 хүүхдийн дунд хар тамхи хэрэглэсэн этгээд байж болзошгүй" гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очжээ. Тэнд байсан 10 хүүхдээс биологийн дээж авч шинжлэхэд бүгдээрээ хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.  Тэдгээр хүүхдийн гэр бүлийн байдал, амьдралын нөхцөлийг судлаад үзэхэд эцэг эх нь салсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өнчин, бага насандаа дам архидалт дунд өссөн хүүхдүүд байсан бол хэрэглээгүй үлдсэн хүүхдийн хувьд гэр бүл нь тогтвортой, хүчирхийлэлд өртөж байгаагүй, эрүүл орчинд өссөн байж таарсан байна.

О.ЭРДЭНЭХИШИГ: ХҮҮХЭД НЬ ЗУРГААН САРЫН ТУРШ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ, ГЭРТЭЭ ХАДГАЛЖ БАЙСНЫГ ЭЦЭГ, ЭХ НЬ МЭДЭЭГҮЙ БАЙСАН

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигтэй цөөн хором ярилцлаа.

-ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ ЭЭЖЭЭС ТӨРСӨН ХҮҮХЭД ТАСРАЛТГҮЙ УЙЛААД БАЙСАН-

-Хар тамхины хамааралд орсон хүмүүсийг юу хүлээж байдаг вэ. Өөрөөр хэлбэл тэдний амьдрал цааш хэрхэн үргэлжилдэг юм бэ?

Эдийн засгийн хувьд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийн тулд хүн өөрийн орлого, эд хөрөнгөө зарцуулж сүүлдээ байр, машин гээд бүх өмчөө зарж дуусгадаг. Ийнхүү ямар ч орлогогүй болсон хүн хулгайлах, дээрэмдэх, залилах, биеэ үнэлэх, хүний амь нас хөнөөх зэрэг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө мөрийтэй тоглох, түүгээрээ мансууруулах бодис олж авах хандлагатай байдаг. Цаашлаад мансууруулах бодис нууцаар дамлан наймаалагчдын бүлэглэлд орж, өөрийн хэрэглээний хар тамхийг олж авах, улмаар олон гэмт хэрэгт уруу татагддаг.

 Эрүүл мэндийн талаас тухайн эм, бодисыг нэг удаа хэрэглэснээр төв мэдрэлийн системд нөлөөлж, сэтгэцийн болон бие махбодийн хамааралд орж, хар тамхинд донтох өвчтэй болсноор хувийн хүсэл эрмэлзэл, хэрэгцээ нь зөвхөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис руу тэмүүлэх хүслээр солигдож, оюун ухаан доройтож, бүх эрхтэн системийг өвчлүүлж, тухайн эрхтэнд хавдар үүсэхээс гадна В, С гепатит, бэлгийн замын халдварууд, ХДХВ/ДОХ гэсэн өвчинд өртөх, мансууруулах бодис хэрэглэх явцад судас хагарснаар тархинд цус харвах, зүрх зогсох, элэг хорт бодисыг шүүх явцдаа элэгний хатуурал болон хорт хавдар болох, уушгины сүрьеэ үүсэх зэрэг олон өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлж, тун хэтрүүлсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай. Товчхоноор дүгнэж хэлэхэд хар тамхи нь хүнийг эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдах, эрүүгийн хариуцлага хүлээж эрх чөлөөгөө хязгаарлуулж, шоронд орох гэсэн хоёр зам руу хөтөлдөг.

Мөн түүнчлэн хар тамхи нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх том асуудал нь монгол хүний удмын сан, генд нөлөөлөх явдал юм. Жишээлбэл, нэгэн эмэгтэй хүүхэд төрүүлтэл нярай нь тасралтгүй уйлаад байж. Эмнэлгийн байгууллага шалтгааныг нь олж чадахгүй байтал ээж нь хар тамхи хэрэглэдэг байж таарсан. Хүүхэд нь хар тамхи хэрэглэхийг хүсэж, уйлж байсныг дараа нь мэдсэн хэрэг. Иймээс мансууруулах бодисын нөлөө удамшилд хүртэл нөлөөлдгийг тогтоосон байна.

-Хар тамхийг шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа тухай сүүлийн үед хэвлэлээр бичигдэх болсон байна. Энэ тухайд?

-Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хар тамхины 40 орчим хувийг газрын боомтоор нэвтрүүлсэн хэрэг, дөрвөн хувийг агаарын боомтоор, 56 хувийг шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг эзэлж байна. Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан нэвтрүүлсэн хэрэг 2020, 2021 онд өсч, газрын боомт, агаарын боомтоор нэвтрүүлсэн хэрэг буурсан.

Метамфетамин дэлхийн хар зах зээлд ихээр нийлүүлэгдэж, энэ төрлийн бодисыг их хэмжээгээр тээвэрлэх, нийлүүлэх гэмт хэрэг өсөж байна. Шинэ төрлийн мансууруулах бодисын зах зээл өргөжин тэлж байгаа улс орнуудын тоонд ОХУ, БНХАУ багтаж, тухайн улсуудад энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тутам өссөөр байна. Мөн хөрш улсуудаас гадна Турк улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис манай улсад нэвтрүүлэх гэмт хэргийн гаралт нэмэгдэж болзошгүй байна. Тус Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж буй техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглан хяналт шалгалтыг зохион байгуулж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хураан авах, гэмт этгээдүүдийг олж тогтоох, эрүүгийн хариуцлагад татах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудан илгээмж ашиглан хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж таслан зогсоосон.

-ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БОЛ 14 НАСНААС ДЭЭШ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-

-Шуудан илгээмжээр хар тамхи илгээсэн, хүлээн авсан хүмүүст хоёуланд нь хариуцлага тооцдог уу. Мөн мансууруулах төрлийн ургамал, бодис хэрэглээгүй ч, зарим төрлийн эмийг урвуулан ашигласан тохиолдолд ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь хэсэгт заасан байдаг. Тиймээс илгээсэн болон хүлээн авсан этгээдүүд дээр дурьдсан зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээнэ.

НҮБ-ын мансууруулах төрлийн үйлчилгээтэй эмийн болон сэтгэцэд нөлөөлөх эмийн конвенцод дөрвөн төрлийн заалт бий. Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг эмийн жагсаалтад орсон бодисыг урвуулан хэрэглэхийг хориглосон эмийг Монгол Улсад хууль бусаар хэрэглэхийг хориглосон. Энэ жагсаалтад орсон бодисыг илрүүлэх хамгийн энгийн багаж бол биологийн дээж авах юм.

Мөн Монгол Улсад энэ төрлийн эм, бодисын жагсаалт гэж бий. Бид шинэ төрлийн мансууруулах үйлчилгээтэй бодис манай оронд орж ирсэн тохиолдолд Эрүүл мэндийн сайдад уламжилж танилцуулдаг. Улмаар шинэ төрлийн бодисыг илрүүлэх тестийг багаж төхөөрөмжид оруулж, таниулах ажлыг хийж байгаа. Хориглосон жагсаалтад орсон эмийг урвуулан хэрэглэсэн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар “Худалдаалах зорилгогүйгээр биедээ авч явсан, хадгалсан, түүж бэлтгэсэн тохиолдолд 1-5 жилийн хорих ял, худалдаалах зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн бол 2-8 жилийн хорих ял оноодог. Мөн бүлэг зохион байгуулалттайгаар тус бодисыг худалдаалж амьжиргааныхаа эх үүсвэр болгосон бол 20 жил хүртэлх болон бүх насаар нь хорих ял оноох ялтай. Эрүүгийн хариуцлага хүлээж хорих ял шийтгэл эдлэхийг залуус мэдэхгүйгээс болж, энэ төрлийн гэмт хэрэгт өртдөг.

-Тэгвэл насанд хүрээгүй хүүхэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үү?

-Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэргийн зүйл ангийг нарийвчлан заасан байдаг. 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн гэмт хэрэг үйлдсэн бол сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Мөн хүндрүүлэх бүлэгт орох гэмт хэрэг үйлдсэн бол 14 наснаас дээш иргэнд Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой. Үүнээс гадна сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах төрлийн бодис биедээ авч явалгүйгээр хэрэглэсэн иргэн биологийн дээж өгөөд хэрэглэсэн нь тогтоогдсон бол Зөрчлийн тухай хуулиар баривчлах, торгох ял шийтгэл ногдуулдаг.

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?

-Хар тамхитай тэмцэх газраас нийт хүн ам болон зорилтот бүлэгт чиглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршиг, үр дагаврын талаар мэдлэг олгох, буруу ойлголт, хандлагын төөрөгдлийг арилгах, эрт үед нь хэрхэн таньж илрүүлэх ухуулга, нөлөөллийн ажлыг цахимаар болон танхимаар тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах насан туршийн дархлаа тогтоохыг чухалчилж ажиллаж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан олон улсын байгууллагын зөвлөмж, бусад улсад амжилттай хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, судалгааны ажил, манай улсад хийсэн дүн шинжилгээгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй хүнийг баривчлах, шийтгэх гэхээс илүү тэднийг эрт үед нь илрүүлэх, хэрэглээнээс татгалзуулах, эмчлэх, нийгэмшүүлэх болон бүх нийтэд үнэн зөв мэдээ, мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх замаар мэдээллийн төөрөгдлийг арилгасан урьдчилан сэргийлэх ажил үр дүнд хүрч байна. НҮБ-аас манай улсад урьдчилан сэргийлэх ажлыг гэр бүлд суурилсан, сургуульд суурилсан хэлбэрээр зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэж зөвлөсөн. Иймд  мансууруулах бодисын хор уршгаас өсвөр насны хүүхэд залуусыг хорт зуршлаас ангид байлгах, хорт зуршлыг сурталчлан таниулах үүднээс 2020 оны  6 дугаар сараас “Хасах 25” төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд манай газраас 2022 оны эхний хагас жилд Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэдгээрийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хар тамхигүй дүүрэг”, “АНЗААР” нэртэй 3 арга хэмжээг зохион байгуулж тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, дунд, ахлах ангийн сурагчдын эцэг, асран хамгаалагч нарын нийт 20.000 орчим иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.

Бид энэ арга хэмжээний үргэлжлэл болгож, Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран нэг сарын арга хэмжээг зохион байгуулж, эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн түүнчлэн “Монголын Цахилгаан холбоо” ТӨХК, Mobicom, Unitel, Skytel, G-mobile зэрэг үүрэн телефоны байгууллагуудтай хамтарч Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх 116 тусгай дугаарын утасыг энэ оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ашиглалтад оруулан иргэддээ урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч хамтран ажиллаж байна.

-ХҮҮХДИЙНХЭЭ ГАР, ХӨЛИЙНХ НЬ АРЬСЫГ ШАЛГАЖ, ЗҮҮ ТАРИУРЫН ОРОМ БИЙ ЭСЭХИЙГ НЯГТЛАХАД ГЭМГҮЙ-

-Та энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд хандаж юуг анхааруулж хэлэх вэ, ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эрүүл амьдралын хэв маягтай, зөв орчинд хүмүүжсэн хүүхэд өөртөө итгэлтэй, бусдыг даган дуурайхгүй, хэн нэгэн хар тамхи хэрэглэхийг санал болгоход “Үгүй” гэж хэлж чадах чадвар, насан туршийн дархлаатай болж хүмүүждэг.  Тиймээс хүүхдийнхээ хүсэл сонирхлыг мэдэж, сайн сонсож, тулгарсан асуудлыг нь шийдэх, зөвлөгөө өгөхөд эцэг эхчүүд, асран хамгаалагчид анхаарах хэрэгтэй.

Таны ойр дотны хэн нэгэн эсвэл хүүхэд чинь хар тамхины хэрэглэгч болсон бол хэн нэгнийг буруутгахгүйгээр хүүхэдтэйгээ ярилцаж, хэзээ, хэдэн удаа, ямар бодис хэрэглэсэн, хүүхдийн зан төрх, сэтгэц, биеийн байдалд ямар өөрчлөлт гарсныг тодорхойлж, мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй.

Эцэг, эхчүүд хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдгийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Иймд манай газраас явуулж буй сургалт, мэдээллийн ажилд оролцож мэдээлэл авах, цахим хаяганд байршуулсан шторк, сэрэмжлүүлгийг тогтмол уншиж танилцаарай гэж хүсье. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 18002000 дугаарын утсаар зөвлөгөө авах, манай Хар тамхитай тэмцэх газарт хандаж биологийн дээж авахуулж шинжлүүлэх буюу шээсэнд хар тамхины тест тавьж хэрэглэсэн эсэхийг тодорхойлуулах, зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж хэлэхэд өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн төрсөн өдөр болон тэмдэглэлт арга хэмжээний үеэр сонирхож үзэх хүсэлдээ автаж мансуурах тохиолдлууд бүртгэгдсэн. Учир нь найзынхаа төрсөн өдрөөр архи уух юм бол гэртээ очоод аав ээждээ баригдана хэмээн айдаг. Тиймээс зарим тохиолдолд тэд найздаа бэлэг авах гэж цуглуулсан мөнгөө нийлүүлж мансууруулах төрлийн бодис худалдан авч цугтаа хэрэглэх тохиолдол гарч байна. Олуулаа цуглаж байгаа орчинд очсон хүүхдэдээ өгч буй мөнгөнийхөө хэмжээнд анхаарах хэрэгтэй.

 Мөн нийллэгт яваад ирсэн хүүхдээ сайн анхаарч, архи үнэртэхгүй байсан ч мансуурсан шинж илэрч байгаа эсэхийг нягтлах нь зүйтэй. Гар хөлийнх нь арьсыг шалгаж, зүү тариурын ором бий эсэхийг нягтлахад гэмгүй. Түүнчлэн хуйлсан шинэ мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, асаагуур, соруул, гаанс мөн таньж мэдэхгүй эм бэлдмэл зэргийг эд зүйлс дундаас нь олсон бол яаралтай хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй байна. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ бусдад үгүй гэж хэлж, бусдын ятгалгад өртөхгүй байх чадварыг багаас нь суулгах нь чухал юм.

Тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч болон багш нар хар тамхи хэрэглэсэн тохиолдолд илрэх шинж тэмдэг, учрах хор уршгийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мэдлэг мэдээлэлгүйгээс болж хүүхэд нь зургаан сар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэснийг цагдаад баригдсаных нь дараа мэдсэн жишээ бий. Гэрт нь үзлэг хийхэд мансуурахад хэрэглэдэг бодис, хэрэгсэл нь байсан. Мөн гэрээс нь тухайн бодисын үнэр илт мэдрэгдэхээр үнэртэж байсныг мөрдлөгөөр илрүүлсэн. Хүүхдээ анзаарахгүй, удаан хугацаанд хэрэглүүлсний үр дагаварт тухайн хүүхэд  ойр орчмынхоо 20 гаруй хүүхдэд санал болгож, уруу татаж оруулсан байх жишээтэй. Хэрвээ тухайн хүүхдийн эцэг эх хар тамхи, мансууруулах бодисын талаар мэдээлэлтэй байсан бол эрт үед нь таслан зогсоож, хүүхдийнхээ донтолтын зэргийг бага үед нь илрүүлж болох байсан. Цаашлаад олон хүүхдэд нөлөөлж, хэрэглэхийг санал болгохоос нь өмнө таслан зогсоох боломжтой байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-13 08:59

шууд цаазлаад бай хар тамхичин бараг засрахгүй ээ ялын дээд өг зө##дөөд бна тэгжил хойч ирээдүйгээ аврана.

Зочин
Зочин
2022-09-13 09:00

Garahgvi hereg gj bhaa bolijee ene mongold

Зочин
Зочин
2022-09-13 09:00

Yaan daa yaan

Зочин
Зочин
2022-09-13 09:01

Бидний ирээдүй нар хар тамхи хэрэглээд байна гэхээр үнэхээр сэтгэл эмзэглүүштэй асууд## шүү бурхан минь гэж

Зочин
Зочин
2022-09-13 09:01

Сург##т зохион байгуулж энэ т##аар мэдээлэл сайн өгдөг баймаар байна аа

Зочин
Зочин
2022-09-13 09:02

тулгамдсан сэдэв шүү

Зочин
Зочин
2022-09-13 09:02

шийдээ янз##яаа. хүүхэд з##уус хорт зуршилаас сэргийлэхэд хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-09-13 09:22

эцэг эхчүүд ч гэсэн үр хүүхдүүдтэйгээ элэн д##ангүй ярилцмаар байгаа юм хар тамхины т##аар ямар хор уршигтай болохыг

Зочин
Зочин
2022-09-13 09:47

ymar haruuuslaltai tooo we bidniii ireedui ingeh uchirgvi ymsan

Зочин
Зочин
2022-09-13 09:48

HAR TAMHINIII TALAAR MEDEELELGVI BOLOHOOOR URSUUUD MIN HOR URSHIG TSAASHLAAD YMAR ARGA HEMJEEE AWDAGIIIG HUULI HYNALTIIN DAGUU ENE BUHNIIIG MEDEHGVI BGD BGA YM BISH VV

Зочин
Зочин
2022-09-13 09:49

Сургуулиудаар явж хар тамхины т##аар хичээл сург##т ордог болмоор байна аа

Зочин
Зочин
2022-09-13 09:50

энэ асууд## дээр анхаарлаа хандуулах цаг нь болсон шүү төр засаг минь анхаараад дээрээс нь шаардлага тавиад явб## өөрчилөгдөж л таарна

Зочин
Зочин
2022-09-13 10:46

үнэхээр харамсмаар мэдээлэл тоо байна хайран сайхан з##уус минь юунаас болоод ийм муу зүйлрүү тэмүүлж орчлонгоос тасрахыг хүсэв

Зочин
Зочин
2022-09-13 10:46

surgalt l ordog bolmoooor bna

Зочин
Зочин
2022-09-13 10:46

tiiim shuuu medeeeleleeer buren hangadag bolmooor bna

Зочин
Зочин
2022-09-13 10:48

Нийгэм маань хичнээн бухимд## түрүүлэхээр байгаа ч бид л өөрсдөө засаж з##руулна з##уус минь энэ бүхнээс зугтах биш болж бүтэхгүй байгаа бүхэнтэй нүүр тулж ялахын төлөө байгаа. Нийгэм мэдээж нөлөөлж байгаа та нар бол энэ нийгмийн эзэд юм шүү

Зочин
Зочин
2022-09-13 10:49

Turiin zairanguudiin ajil shu de. Yaraltai buulga. Tedend zaluus ni ajilgui uuj idej iim dampuu bh ni ashigtai. Uunii esreg duugarch zuv amidaruulakh gsn hen buhen tednii daisan. Zuv zuiliig hezeech demjdeggui tur zasagtai orond yadaj l ger bul ur huuhdee jaahan ankhaarch bgach ee.

Зочин
Зочин
2022-09-13 10:49

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваачдээ.Сурагчдын дунд сург##т явуулаач.

Зочин
Зочин
2022-09-13 10:50

Хилээр оруулж ирэхгүй ш##гаж байх улсын байцаагч нь өөрөө хэрэглэж байхад монгол улсад орж ирэхгүй гэх бат##гаа ##га даа

Зочин
Зочин
2022-09-13 10:50

Уруу татаж, тэдэнд зарж байгаа нөхдийн шийтгэлийг чангатгамаар байна.

Зочин
Зочин
2022-09-13 10:50

Яаана да тайван амьдрах арга ##гаа үр хүүхдэдээ санаа зовох юм

Зочин
Зочин
2022-09-13 10:50

Yg unende yl awhaa medjill bgaa bugd

Зочин
Зочин
2022-09-13 21:54

tsaazlahnee hahaha

Гарам
Гарам
2022-09-14 14:32

Энэ Эрдэнэхишиг гэж энэ тэндээс хуулдаг нөхөр байсан. Ярьж байгаа зүйлийнхээ т##аар сайн суд##маар байна аа. Зарим нэг мэдлэгтэй з##уучуудад чи Цагдаагийн байгууллагыг тэнэг харагдуулаад байна. Сайн суд## битгий хүний хэлж өгсөн юм яриад бай

Холбоотой мэдээ

Back to top button