Ярилцлага

Элэглэгч Б.Буяндэлгэр: Зарим хүн намайг “Сайн уу, Билэгт гишүүн ээ” гээд андуурдаг

Монголын пароди урлагийн нүүр царай болсон олон авьяастанг бид сайн мэднэ. “Пароди” хамтлагийн жүжигчин Ж.Булган-Эрдэнэ, Т.Анхбаяр, Б.Нямхүү нарын цөөнгүй элэглэгч авьяас, ур чадвараараа олны танил эрхмүүдийг монгол түмэнтэйгээ “уулзуулдаг”. Гэхдээ тэр л шилдэг гээд онцолчих эмэгтэй элэглэгч Монголд байхгүй. Эл орон зайг нөхөж, авьяаслаг жүжигчин болохын төлөө өөрийгөө өдрөөс өдөрт ахиулсаар, өнгөлсөөр яваа эрхэм бол Бямбасүрэнгийн Буяндэлгэр. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат түүнийг монголчууд “Боловсрол суваг” телевизийн “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэгт оролцоод таван сая төгрөгийн эзэн болсноор нь илүү сайн мэднэ. Өмнө нь “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохдоо шилдэг 32-т шалгарсан Б.Буяндэлгэртэй ярилцлаа. СУИС-ийг 2016 онд кино, жүжгийн зохиолч мэргэжлээр төгссөн тэрбээр хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь энэ.

ШОУНД ОРОЛЦОЖ БАЙХДАА Л ТАВАН САЯ ТӨГРӨГ ХОЖИХ БОЛОМЖТОЙГ НЬ МЭДСЭН

-Та Сэлэнгэд аялан тоглолтод оролцоод ирлээ. Ямар тоглолтод оролцов?

-Би “Гурван сая инээд” шоуны зураг авалтад оролцсоныхоо дараа “Пароди” хамтлагийн ах нарынхаа хамт Сэлэнгийг зорьсон юм. “Эрүүл сэлэнгэчүүд” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн есөн суманд тоглолт хийгээд өчигдөр (уржигдар) Улаанбаатар хотод ирлээ. Сэлэнгэд явж байхад “Гурван сая инээд” шоунд оролцсон дугаар маань гарсан юм. Зарим хүн намайг харахаараа “Билэгт гишүүн явж байна. Сайн уу гишүүн ээ” гээд андуурдаг. Би гишүүн бишээ гэхээр “Ямар адилхан юм бэ. Дуу хоолой, нуруу нь хүртэл үнэхээр төстэй юм аа гээд толгой сэгсэрдэг. Уг нь гишүүн бид хоёрын нас нэлээд зөрүүтэй шүү дээ (инээв).

-Та өмнө нь “Гурван сая инээд”-д оролцохдоо сая төгрөгний эзэн болсон. Энэ удаа дахин өрсөлдөхдөө таван сая төгрөг өвөртөлсөн анхны оролцогч болно гэх итгэл хэр их байв?

-Надад ер нь их мөнгө хожих тухай бодол ер байгаагүй. Зүгээр л өөрийгөө сориод үзье, туршлага хуримтлуулъя гээд л оролцсон юм. Төлөвлөснөө аль болох тултал нь хийхийг хичээе. Тэгээд чадвал өмнөх амжилтаа ахиулъя гэж зорьсон. Хоёрдугаар улирлын дугаар нь таван сая төгрөгийн шагнал олгохыг мэдээгүй. За, гурван сая төгрөг хожлоо гээд тайзнаас буух юм бодоод зогсож байсан хүн чинь шоконд оролгүй яах вэ.

-Тэгэхээр таван сая төгрөг хожих боломжтойг шоунд оролцохдоо л мэдсэн гэсэн үг үү?

Тийм ээ. Гурван сая төгрөг хожсоны дараа дахиад нэг шат байгааг тайзан дээр байхдаа л мэдсэн. Нөөцөнд хэд хэдэн үзүүлбэр байсан болохоор юу ч гэсэн таван саяын төлөө өөрийгөө сориод үзье гэж бодлоо.

-60-хан секундын дотор шүүгчдийг инээлгэх, санаагаа бүрэн илэрхийлэх амаргүй. Бэлтгэлээ хэрхэн хийж, үзүүлбэрийн санаагаа яаж олов?

-Би “Гурван сая инээд”-д анх оролцохдоо нэг сая төгрөг хожсон. Үзүүлбэрийн санаагаа найзуудтайгаа ярилцан, хэдэн шөнө нойргүй бэлдээд оролцсон юм. Энэ удаа өмнөхөөсөө харьцангуй туршлагатай байлаа. “Пароди” хамтлагийн ах нар маань надад их тусалж, дэмжсэн. Үзүүлбэрийн санаагаа тэдэнтэйгээ сайтар ярилцсан нь таван сая төгрөгний эзэн болоход их нөлөөллөө.

-Та сая оролцохдоо Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, УИХ-ын М.Билэгт нарыг элэглэсэн. Тэднээс өөр хүнийг элэглэх үзүүлбэр бэлдсэн байсан уу?

-Үгүй. Монгол түмний хүндлэлийг хүлээсэн хоёр эрхмийг элэглэсэн үзүүлбэрүүдээ л давтсан, төгс хийхийг хичээсэн. Би М.Билэгт гишүүнийг зунаас хойш судалж байна. Трэнд үгнүүдийг нь тэмдэглэн, хоолой, үйл хөдлөлийг нь дуурайн, өөрийгөө амьхандаа бэлдээд байлаа. “Гурван сая инээд”-д оролцохын өмнө тэдгээр үзүүлбэрээ 10-аад хоног тууштай бэлдсэн.

ШАГНАЛЫНХАА МӨНГӨӨР БАЙР ТҮРЭЭСЛЭНЭ

-Шагналынхаа мөнгөөр юу хийхээр төлөвлөв?

-Сэлэнгэд хийсэн аялан тоглолтод оролцоод ирсэн болохоор таван сая төгрөгөө үрж амжаагүй явна (инээв). Цаашид Улаанбаатар хотод төвхнөх бодолтой. Юуны түрүүнд байр түрээслэнэ. Үлдсэнээр нь гэр бүлдээ, охиндоо гоё юм авна.

-Одоогоор хэчнээн хүнийг элэглэн, үзэгчидтэй “уулзуулаад” байна вэ?

-Манайхны элэглэсэн хүнийг дахиж дуурайвал хүмүүст сонирхолгүй. Тиймээс аль болох өөрөөр сэтгэж, шинэлэг байхыг хичээж байна. Өөрийн гэсэн үзүүлбэртэй болох чухал юм билээ. Одоогоор Н.Жанцанноров, Н.Сувд гуай, УИХ-ын М.Билэгт, Аса аварга, яруу найрагч Ц.Хулан эгч нарыг элэглээд байна. Би дөнгөж суралцаж эхлэн, өөрийгөө хөгжүүлж яваа болохоор үзүүлбэрүүдээ аль болох төгс хийхийн төлөө өөрийгөө өдөр бүр дайчилдаг.

ЭЛЭГЛЭСЭН ХҮНДЭЭ ЭВГҮЙ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХГҮЙГ ХИЧЭЭДЭГ

-Үзэгчдэд таалагдахаас гадна элэглэсэн хүнийхээ сэтгэлд хүрэх чухал. Тэд танд ямар дүн тавьж байгаа бол?

-Харин тийм ээ, энэ үнэхээр чухал. Үүнд санаа зовдог. Үзүүлбэрээ бэлдэж эхлэхээс авхуулаад үүнд анхаардаг. Миний үзүүлбэрийг үзээд үзэгчид инээн, сэтгэлийн таашаал эдлэх учиртай. Үзүүлбэрийг маань тухайн элэглэсэн хүн, найз нөхөд нь, гэр бүлийнхэн нь үзнэ. Тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлэх вий гэхээс эмээдэг. Тиймээс үзүүлбэрээ бэлдэхдээ давс, хужирыг нь аль болох тааруулахыг хичээдэг.

-Тэр эрхэмтэй л уулзаж, өөрийг нь элэглэсэн үзүүлбэрээ сонирхуулах сан гээд онцолж явдаг хүн бий юү?

-Бүгдэнтэй нь уулзахыг хүсдэг. Дээрх таван эрхмээ бүгдийг нь хүндэлдэг. Одоохондоо алинтай нь ч уулзаж амжаагүй явна. Шоунд оролцсоны дараа цөөнгүй хүн “Билэгт гишүүнтэй чамайг уулзуулна аа” гээд наргиа хийнэ лээ.

-Хамгийн хайртай, хийх дуртай үзүүлбэр тань аль нь вэ?

-Ер нь бүх үзүүлбэртээ хайртай. Олонх хүн “Билэгт гишүүнийг дуурайсан элэглэлэлээ сонирхуулаач” гэдэг. Гишүүнийг элэглэсэн үзүүлбэрээ ойрд түлхүү хийж байна. Би бас яруу найрагч Ц.Хуланг дуурайсан үзүүлбэрүүддээ хайртай. Түүнийг элэглэхээр өөрийн эрхгүй эхэмсэг, бардам, эмэгтэйлэг болчихдог юм. Би юу юунаас илүү дүрээ амилуулахыг хичээдэг. Тэгснийхээ дараа л элэглэх, үзэгчдэд инээд бэлэглэх тухай боддог.

СУИС-ийн ЖҮЖИГЧНИЙ АНГИД ТЭНЦЭЭГҮЙДЭЭ БАЯРЛАДАГ

-Та мэргэжлийн сургууль төгссөн үү. Эсвэл унаган авьяасаа тордож, хөгжүүлсээр өнөөгийн хэмжээнд хүрсэн үү?

-Би мэргэжлийн жүжигчин биш ээ. Багаасаа жүжигчин болохыг мөрөөдсөн, уг нь. Багш нар, ангийнхныгаа дуурайн, хөгжөөдөг байлаа. Ангийнхан дундаа их даруухан. Найзууддаа, гэрийнхэндээ л авьяасаа үзүүлдэг хүүхэд байсан. Тэгж явсаар байгаад СУИС-д шалгалт өгтөл тэнцээгүй. Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа эссе, зохион бичлэгийн цөөнгүй уралдаанд амжилт гаргасан. Түүнийгээ хөгжүүлсээр СУИС-ийг кино, жүжгийн зохиолч мэргэжлээр 2016 онд төгсөв. Дараа нь үрийн зулай үнэрлэн, охинтой боллоо. Аав, ээж хоёр минь Өвөрхангайд амьдардаг, малчин. Охиноо төрүүлснийхээ дараа нутагтаа очин, аавындаа хоёр жил амьдарсан. Тэгж байхдаа буюу 2018 онд “Авьяаслаг монголчууд” шоунд оролцон, шилдэг 32-т шалгарсан юм. Тэр жил Н.Сувд, Д.Сосорбарам гуай, дуучин Ука, яруу найрагч Ц.Хулан нарыг дуурайсан. Үзүүлбэрээ малын бэлчээрт бэлдэж байгаад шууд хөдөөнөөс ирээд оролцож билээ. Хоёр салаа шүлжсэн урт үстэй, улаан хацартай охин оролцож байлаа (инээв).

-МУИС-ийг кино, жүжгийн зохиолч бус жүжигчин мэргэжлээр төгсдөг байж гэж харамсдаг уу?

-Тийм бодол ер төрдөггүй. Хэрвээ би СУИС-д жүжигчин мэргэжлээр элссэн бол өнөөдөр ингээд пароди хийгээд яваа ч үү, үгүй ч үү. Жилийн жилд СУИС-д олон хүн хүүхэд жүжигчин болохоор элсдэг ч шантарч гарсаар цөөхөн нь л төгсдөг. Тэдний адил дундаас нь орхичих ч байсан юм бил үү. Ер нь тэнцээгүйдээ баярладаг. Би “Пароди” хамтлагийн Б.Нямхүү ахыг багшаа гэж хүндэлдэг. Түүнээс их зүйл сурч байгаа. Надад одоо юу юунаас илүү өөрийгөө хөгжүүлэх чухал байна. Гэхдээ мэргэжлийн сургуульд сурах бодол одоохондоо алга. Өнгөрсөн хавар Өвөрхангай аймгийн театрт гурван сар сонирхлоороо дагалдан хийхдээ их зүйл сурсан.

-Элэглэгч хүнд шинэ санаа, зохиол их чухал. Кино, жүжгийн зохиолч мэргэжил тань давуу тал болох юм уу?

-Ер нь бодоод байх нь ээ тийм юм байна шүү. Тухайн хүнээ үзэгчдэд сонирхолтой үзүүлэхэд санаа их чухал. Тийм санаа олоход мэргэжил маань их нөлөөлдөг.

НАДААС ӨӨР ЭМЭГТЭЙ ЭЛЭГЛЭГЧ МОНГОЛД БАЙХГҮЙ

-Танаас өөр эмэгтэй элэглэгч Монголд бий юү?

-Одоохондоо надаас өөр байх болов уу. Би лав надаас өөр монгол эмэгтэй элэглэгч мэдэхгүй. Хүмүүс эмэгтэй элэглэгчийг надаар төсөөлж, дүгнэж байгаа тул бүр их хариуцлагатай. Пароди чиглэлээр өөрийгөө мэргэжлийн түвшинд хүргэхийг зорьж байна. Мэдээж инээдмийн гэлтгүй уран сайхны кинонд тоглох бодол бий. Тэгэх амаргүй. Юуны өмнө өөрийгөө хөгжүүлж, мэргэжлийн түвшинд хүрэх чухал. И.Одончимэг гавьяат, Г.Ундармаа эгч нараас үлгэрлэж, хүндэлж явдаг. “Солиот эх”-ийг үзээд өөрийн эрхгүй уйлсан, Одноо эгчийг үнэхээр хүндэлсэн.

-“Пароди” хамтлагийнхантай хамтрах гарцыг хэрхэн олов. Тэдэнтэй гэрээ байгуулсан уу?

-Тэдэнтэй албан ёсны гэрээ байгуулаагүй, тоглолтуудад нь л хамтарч байна. Би СУИС-д сурч байхдаа Ж.Булган-Эрдэнэ ах руу “Би элэглэл сонирхдог. Та бүхэнд шалгуулмаар байна” гээд захидал бичсэн юм. Тухайн үед Ж.Булган-Эрдэнэ ах гадаадад явж байсан болохоор “Дараа холбогдъё” гээд өнгөрлөө. Тэгж байгаад “Авьяаслаг монголчууд”-д оролцохдоо түүнтэй уулзсан. Дараа нь “Гурван сая инээд” шоунд анх оролцсоныхоо дараа “Пароди” хамтлагийн ах нартай уулзан, хамтрахаар болсон юм. Тэгээд Булган аймгаар хийсэн аялан тоглолтод оролцсон. Анхны тоглолт, анхны тайз үнэхээр дурсамжтай, санаанаас ер гардаггүй юм. Ёстой өдөр бүр аймар сандарч, догдолсон. Тэр үеэ бодоход тодорхой туршлага хуримтлуулсан ч сандардаг минь одоо ч хэвээрээ. Гэхдээ түүнийгээ үзэгчдэд огт мэдэгдэхгүй, нуухыг байхыг хичээдэг. “Пароди” хамтлагийнхан надтай хамтарч ажиллах санал тавьбал дуртайяа зөвшөөрнө.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
m
m
2019-10-11 14:23

hoshin urlag hugjsun uls hugjihgui ee gej ngen uhaantan helsen bdag yum bilee

Деньги через 5 минут
Деньги через 5 минут
2019-10-15 04:53

[url=https://pxl.leads.su/click/43ba6c0cd52c579eba1b3f262915980f]Деньги через 5 минут[/url]
Заполните короткую форму и получите деньги
Данные нужно заполнить точно как в паспорте. Проверка автоматическая, без обзвона и проверки человеком
[url=https://pxl.leads.su/click/43ba6c0cd52c579eba1b3f262915980f]fanmoney.ru[/url]

Холбоотой мэдээ

Back to top button