Ярилцлага

МУГЖ Ш.Одонтуяа: Монгол бүжгийг дэлхийд тамгалсан Сэвжид гуайнханд бид мэхийн ёслох учиртай

Үндэсний урлагийн их театрын Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын гоцлооч, дасгалжуулагч багш, Монгол улсын гавьяат жүжигчин Ш.ОДОНТУЯАТАЙ ярилцлаа.

Монгол бүжгийн гайхамшгийн түүчээ болсон тэрээр  бүжиг дэглээчээс шаарддаг уран сайхны сэтгэлгээ, тавилт, дүрийн өвөрмөц онцлог, бүжгийн техник үйлдэл зэргийг мэргэжлийн ур чадвар, жүжиглэлттэй хослуулах шаардлагыг бүрэн ханган уран сайхны өндөр түвшинд бүжиглэдэг үнэхээр л “ясны” бүжигчин хүн юм.

Түүнийг ҮУИТ-т ордог жил эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон “Нарны домог” бүжгийн жүжигт тайзнаа анхлан тоглогдсон  учир Ш.Одонтуяаг “Нарны домог”-той чацуу бүжигчин хэмээн үзэж болох биз ээ. Өдгөө тус бүжгийн жүжиг гуч гаруй жил тоглогдоод  байна.  

-Бүжгийн урлагт хэрхэн хөл тавьсан бэ? Аав тань аугаа бүжигчин хүн байсан шүү дээ ?

-Миний аав цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин н.Шагдар гэж хүн байлаа. Аав минь гучин зургаахан насандаа гавьяат цолыг хүртсэн. Миний бүжигчин болох замнал анхлан аавыгаа дагаж цэргийн Ансамбльд хөтлөлцөн очсоноор эхэлсэн. Бүжгийн заал, бүжигчний хөлс, хүч хөдөлмөрийг харж бага насны минь амьдрал өрнөсөн учир бүжгийн урлагт дурласан. Ингээд 1983-1988 онд хөгжим бүжгийн дунд сургуульд бүжигчин мэргэжлээр суралцсан. Одоо Монгол Улсын үндэсний урлагийн их театртаа дасгалжуулагч , редитер ажиллаад явж байна. Бүжгийн  урлагт хүчин зүтгээд 36 жил болжээ.

-Таны хамгийн анхны тайз?

-1987 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Мэргэжлийн бүжигчдийн улсын анхдугаар уралдаан"-д оролцож байсан минь миний анхны тайз. Энэ уралдаанд 21 аймгийн театрын болон дуурийн театрын бүхий л мэргэжлийн бүжигчид оролцдог. Хөгжим бүжгийн дунд сургууль мэргэжлийн гэх тодотголд тооцогдох учир дунд сургуулийн сурагч байх үеэсээ эхлээд л уралдаан тэмцээнд оролцоод явсан даа.

-Урлагийнхан, тэр дундаа бүжигчдийн бага нас их л завгүй , шахуу бэлтгэл сургуулилттай өнгөрдөг юм шиг санагддаг. Таны хувьд?

-Миний бага нас Улаан хуарангийн 53 дугаар сургуулийн дэнж дээр өнгөрсөн. Гадаа тоглоод л өнжинө. Резин, чиртанд хамгийн сайн нь би байсан. Хүзүүгээ гэдийлгэж байгаад л дээшээ үсрээд резиндэнэ. Бөөрөө доргитол үсэрдэг байлаа. Харин хөгжим бүжгийн дунд сургуульд орсноор завгүй болж  зуны амралтаараа зусланд хүртэл амрах биш, урлагийн үйл ажиллагаа, тоглолт зэрэгт оролцохоор явдаг болсон доо.

-Бүжигчин болоогүй бол...?

-Бүжигчнээс өөр мэргэжил төсөөлөгддөггүй. Бүжигчин болоогүй бол гадаад улс оронд л яваа байх. /инээв/  Бүжгийнхээ буянаар олон орныг зорьж, дэлхийн олон тайзан дээр бүжиглэсэн. Бүжгийн урлаг надад дэлхийн олон улсын урлаг, соёлыг харах үүдийг нээж өгсөн юм. Багадаа кондуктор болж их тоглодог байсан л даа (инээв). Аавынхаа цэргийн төмөр товчнуудыг цуглуулаад, утасны дамар дотор "Үнэн" сонин хийж хуруундаа хавчуулчихна. Задгай мөнгө болгоод тасалж өгч байгаа нь тэр. Одооны хүүхдүүдийн хандлага их өөр. Ямар мэргэжилтэй болох вэ гэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болно гэнэ. Бид нарын үед тийм бодол энэ тэр байхгүй ээ, тоглоод л гүйчихнэ.


-ААВ МИНЬ ХОХЬ ЧИНЬ, СОНГОСОН ҮЙЛЭЭ ӨӨРӨӨ ЭДЭЛ ГЭЭД БЭЛТГЭЛЭЭ ХИЙДЭГ БАЙСАН-

-Бүжигчний амьдралаас шантарч байсан удаа бий юу? 

-Байгаа, үнэхээр их шантарч байсан үе цөөнгүй бий. Удаан бүжиглэхээр цорой татчихаад амьсгалж чадахгүй болчихдог. Үүнээс эхлээд л хэцүү зүйл их байсан. Аав минь өөртөө ᠌“хохь чинь, Шагдар минь энэ олон мэргэжил байхад яах гэж бүжигчин болсон юм бэ? Өөрийн сонгосон үйлээ өөрөө эдэл” гэж хэлээд л дасгалаа хийдэг байсан гэдэг. Мэргэжил бүхэнд сайхан бас хэцүү тал бий. Гол нь өөрийн тань сонгосон зам учир  мэргэжилдээ үнэнч байж, хэцүү бүхнийг даван туулах л хэрэгтэй дээ.

-Та хэрхэн даван туулдаг байв? 

-Бэлтгэл дээр үсрэлтээсээ болоод маш том гэмтэл авч сар гаруй хэвтэрт байсан. Өөрөө ч эргэж чадахгүй. Яг тэр үедээ “Ерөөсөө больчихдог юм билүү” гэсэн бодол төрж байсан. Гэмтэл авсан хүн үнэхээр шантардаг. Гэхдээ би  мэргэжилдээ үнэхээр их хайртай учир өөрийгөө ялан дийлж чадсан. Өөрөөсөө асар их тэвчээр хатуужлыг гаргаж бэртлээ хөдөлгөөний хүчээр даван туулсан. Би бэртчихсэн гээд хэвтээд байсан бол улам хүндрэх байсан гэж боддог.

Би бүжигчиддээ “Гэмтэл  авч болдоггүй юм шүү, бүжигчин хүний хувьд хөл хамгийн чухал зүйл, Хөл эрүүл байж л бүжиглэнэ. Хөл бол бүжигчин хүний цалин” гэж хэлдэг. 

-Мэргэжлийнхээ юунд хамгийн ихээр дурладаг вэ?

-Бид нар олон сарын хөлс, хүч хөдөлмөрөө хоёрхон цагт үзүүлдэг. Тиймээс бүжигчин хүн өөрөө өөртөө маш өндөр шалгуур тавих ёстой. Тайзан дээр гараад, гэрэл асаад, зрителээ хараад, хөгжмөө сонсоод бүжиж эхлэхэд асар гоё шүү дээ. Бүжиж дуусаад үзэгчдийн алга ташилтыг сонсох хамгийн гоё. Уран бүтээлч хүнийг хамгийн ихээр хөглөж, урамшуулж байдаг зүйл бол үзэгчдийн минь алга ташилт шүү дээ. 

-Хооллолт их чухал уу. Идвэл жин нэмчихнэ, идэхгүй бол ядарч сульдана гээд ...?

-Яг үнэндээ театрт анх ирэхдээ унаган махтай мярайлаг хүүхэд байлаа. Тэр үедээ их л дэглэм барьсан. Харин одоо хоолыг ер хорьдоггүй шүү дээ. Хүссэн үедээ юу хүссэнээ иднэ. Байнгын хөдөлгөөн хийж, бэлтгэл, сургуулилттай байдаг учир таргалдаггүй байх. Ардын бүжигт хэт айхавтар таргалчихгүй л бол дажгүй дээ. Балетын хувьд хөнгөн, туранхай байхаас өөр аргагүй. 

-Таны Самар хатны дүрд үзэгчид их хайртай. Харин таны хайртай дүр?

-Бүх дүрдээ хайртай. Учир нь дүр болгонд хүч хөдөлмөр, авьяас чадлаа тултал нь шингээдэг. Гэхдээ сүүлийн үед Самар хатныхаа дүрд бүр их хайртай болсон.


-НӨХӨР БИД ХОЁР ХӨЛСНИЙ ҮНЭРНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДДЭГ-

-Таны хань спортын хүн. Хоёулаа бэлтгэл сургуулилт гээд их л завгүй байдаг уу? 

-Хоёулаа завгүй гүйдэг. Тэгэх тусмаа олон зүйлийг амжуулчихдаг. Нөхөр бид хоёр хөлсний үнэрний үнэ цэнийг мэддэг. Тиймээс ч спортын хүнтэй гэр бүл болсондоо өөрийгөө их азтайд тооцдог. Завгүй цаг мөч бүхний минь ард миний ижий байдаг. Энэ завшааныг тохиолдуулан ижийдээ хоёр охиныг минь өсгөн хүмүүжүүлж, өдий зэрэгтэй хүн болгосонд нь талархаж явдаг юм шүү гэж хэлмээр байна.

-Охид нь ямар мэргэжилтэй вэ?

-Өөрийн мэргэжлийг өвлүүлнэ гэж ер бодож байгаагүй. Өөрсдийнх нь хүсэл сонирхлыг хүндэтгэж үзнэ гэж боддог байлаа. Гэтэл тэдний хүсэл бас урлаг байж. Том охин минь СУИС-ийн зураасан зургийн ангид зураач мэргэжлээр, бага охин хөгжим бүжгийн коллежийн ардын бүжгийн ангид суралцдаг.

-Ямар ч мэргэжлийг хөгжүүлэх бас нэгэн арга нь уралдаан тэмцээнд байдаг. Тэндээс их суралцдаг шүү дээ?

-Тийм шүү. Хөгжим бүжигт байхаасаа л мэргэжлийн чанартай улсын болон олон улсын уралдаан тэмцээнд их оролцож эхэлсэн. Уралдаан тэмцээн хүнийг эрчимтэй хөгжүүлдэг. Тэр тусмаа олон улсын тэмцээнээс суралцах зүйлс маш их. Орон, орны бүжигчдийн жишгийг харж, суралцаж, өөрийгөө улам ихээр хөгжүүлдэг.

-Олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоход манай монгол бүжигчдийн чансаа ямар төвшинд байдаг вэ? 

-Мундаг, үнэхээр мундаг. Би тэмцээн уралдаанд оролцож байхдаа аугаа Ц.Сэвжид болон түүний хүү Ц.Сүхбаатар багш нарыгаа үнэхээр их биширдэг.  Энэ хүмүүс монгол үндэсний бүжгийн урлагийг дэлхийн хэмжээнд , дэлхийн бүжигчидтэй эн зэрэгцэхүйц төвшинд аваачсан. Бусад улс оронд очоод монгол бүжгээ бүжихдээ их бахархдаг. Биднийг гараад л биелгээ биелэхэд бүх хүмүүс дуу алдаж монгол бүжиг ийм гайхалтай юм уу? Танай ардын бүжгийг ийм аугаа гэж бодсонгүй гэлцдэг. Энэ монгол бүжгийг бие биелгээнээс нь авахуулаад тайзны урлаг болгож, тайзны урлагийг бүжгэн жүжгийн урлаг болгоод цаашлаад бүр модерн урлаг уруу хөгжүүлж буй дээрх бүжиг дэглээчид ямар аугаа юм бэ гэж биширдэг. Монголын бүжгийг дэлхийд тамгалсан Сэвжид гуайнханд бид мэхийн ёслох учиртай. 


-УРЛАГ НАМАЙГ УЛАМ ЗАЛУУ БОЛГОДОГ-

-Та үнэхээр сайхан арьстай, бас залуухан үзэсгэлэнтэй юмаа. Бүжгийн урлагийн бас нэгэн гайхамшиг уу?

-Баярлалаа. Хүмүүс надаас ᠌“Та наснаасаа залуу харагдаж байна, нууц нь юу вэ” гэж хэлдэг. Урлаг л миний гоё сайхан харагдах нууц юм шүү дээ. Бүжиглэж, бүтээлээсээ эрч хүч, энерги авснаар би улам залуу болдог мэт санагддаг.

-Монгол бүжгийн гайхамшиг юундаа оршдог юм бэ?

-Хэн бүхэн тодорхой хэмжээнд бүжиглэж чадна. Гэхдээ, мэргэжлийн бүжигчин, тэр дундаа үндэсний бүжигчин хүн  гэдэг хөдөлгөөн бүрээ чин сэтгэлийнхээ угаас урлан гаргаж байж бүжгийн гайхамшгийг бусдад хүргэнэ. Монгол ардын бүжиг монгол хүн бүрийг огшоож, монгол гэх сэтгэлийг нь улам бадраадаг. Тэр ч утгаараа монгол бүжгийн гайхамшиг бүжигчний зүрхэнд бадарч буй омогшилдоо байдаг юм.

-Хэзээ өөрөөрөө хамгийн их бахархаж байв?

-“Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтынхоо бэлтгэлийг хангаж байхдаа өөрөөрөө маш их омогшиж бахархсан. Миний анхлан гоцолсон бүхий л бүжгүүд энэ гайхалтай тоглолтод багтсан байна. Би энэ бүхий л бүжгийн эхлэл нь болсон байна шүү дээ. Үүнийгээ хойч үедээ заан сургаж, шавь нар минь ч дараа дараагийн үедээ улам баяжуулан өвлүүлж байгаад үнэхээр их баяртай байгаа.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button