Шинэчлэлийн тусгал: “Urbanization” бидэнд юуг, хэрхэн ойлгуулах вэ

“Urbanization” гэхээр мэдээж орчин үе, хотжилтын тухай санаа ой тойнд бууна. Улмаар логикийн дагуу:
- Сошиалд эзлэгдсэн
- Шигүү, бохир, төлөвлөлтгүй
- Хүн зон нь аз жаргалгүй хотын “үнэн” төрхийг зураач илчлэхээр хурц, зоримог илэрхийллүүд ашигласан байх болов уу гэсэн бодол төрнө. Ийм сэдвийг ингэж л хийдэг сэн дээ.
Харин үзэсгэлэнгийн танхимд хөл тавьсны дараа тэр мэдээжийн хүлээлт жаахан өөрчлөгдөж байна. Элементүүд хотын өндөр, өндөр барилгуудыг илэрхийлж байгаа ч тэр нь ердөө дүрс төдий л гэлтэй. Сошиал орчныг харуулсан хэд хэдэн лого-тэмдэгт ч байна. Үүний дээр хөх, хөхөлбөр бараан өнгө: Энэ нь зургуудын үндсэн дэвсгэр, уур амьсгалынх нь суур больж байв. Ингээд л хотын тухай илэрхийлэмж нь болчихлоо гэж хармаар.

Сонирхолтой нь, энэ энгийн тэмдэгт төдий гэмээр дүрслэлүүд нь яах ч аргагүй хотын өнөөгийн дүр төрхийг илэрхийлж байхын сацуу, сайн ажаад байх нь ээ, тэндээс нэг л тийм хөлбөрөлтгүй, үнэнч шударгуу бөгөөд ямар нэг “чичрээ”-гүй, аж тайван хандлагыг мэдэрнэ. Өөрөөр хэлбэл үзэсгэлэнгийн гол бүтээлүүд дэх хотын тухай дүрслэл нь үзэгч рүү хэтийдэн хашгираагүй, дэндүү энгийн гэмээр авчиг тэр нь хотоо энгийн нэг үдэш зүгээр л буй байгаагаар нь ажиж зогсох шиг энгүүн мэдрэмж өгчилгөж байх юм. Зургийн ерөнхий зохиомжоос ч үүдэн, ерөнхийдөө хотын агуулгыг алсаас, хүмүүсийн ярьдгаар “том зургаар” нь ажих мэт.

Гэхдээ энэ гол биш, учир нь хотын дүрслэл энэ зурагт бүх үүргийг хүлээгээгүй байна. Энд морь унасан, нүүдэл хийсэн монгол хүмүүс харагдаж байна. Тэд монгол зургийн гэгддэг үндсэн арга, техникийн дагуу зурагдсан нь анзаарагдана. Зургийн дүрүүд сэтгэл, мэдрэмжийн ил шулуун илэрхийлэмжгүй. Сүг, сүүдрийн шинжтэй дүрслэгдсэн нь ч байх юм. Энэ дунд монгол гэр, маш том гэр, нүүдлийн гэр, цуваа гээд монголчуудын үндэс, уг гарвалаас татан гаргаж ирсэн дүрслэлүүд нэлээд тод, гол дүрийн шинжтэйгээр орж ирж байгаа юм.
Гэвчиг дахиад л “том зургаар” нь дэлгээд харвал энэ хүмүүс, монгол ахуйн илэрхийлэмжүүд нь нөгөө том хотын хөхөлбөр хөндий дүрслэлээсээ хол уу, өөр шугамаар ялгарч байна уу гэвэл үгүй юм. Маргаангүй “микс” харагдах бөгөөд бүгд нэг орон зайд зэрэгцэн орших мөртлөө “гүйдэл, суудал”-аа олохгүй буцалж, байршлаа өөрчилж, нэг наана, нэг цаана орж байгаа нь: Үргэлжийн динамик орчинд чимээгүй, үл ялиг анзаарагдам хөдөлгөөний дор байсаар байсан шиг мэдрэмж төрнө.
Энэ мэт зохиомж нь зураач “Urbanization” үзэсгэлэнг “байдаг л нэг” болгоогүй, энэ сэдэвт хэт субъектив хандаагүй, үзэгчдэд тулгаагүй, илэрхий зүйлсээр зодоогүй, харин машид чимээ, имээгүйг нууцлаг, хоржоонтой ч гэмээр дүрслэлүүдийн нийлбэрээр нэг тийм ажин түжин, сэтгэлд үйл явдлын өрнөл, догдлол авчирч, хаа нэгтээгээс морин төвөргөөн сонсох лугаа мэдрэмжийг бүтээжээ.
Зураач Д.Азжаргалын “Urbanization” үзэсгэлэн есдүгээр сарын 30-нд “ХААН галлерей” нээлтээ хийсэн. Үзэсгэлэн аравдугаар сарын 18-ныг хүртэл ХААН банкны төв оффисийн гурван давхарт байрлах тус галлерейд дэлгэгдэх юм.

Үзэсгэлэнг үзээд Д.Азжаргалтай ярилцлаа. Тэрбээр 2017-2018 оноос хотжилт болон нүүдэлчдийн соёл иргэншлийн асуудлыг өнөө цагт буулгах оролдлого хийж эхэлжээ. Өөрөө хөдөө, орон нутгаар аялдаг хүн аж. Тэр нэгэн сонирхолтой өгүүлбэр хэлсэн нь “Бид хэдий нэг нутагт амьдарч буй хэдий ч цагийн баримжаа өөр, зөрүүтэй. Хотод амьдардаг бид нь цаг хугацааны араас элдэж, хөөж гүйцэх гэж амьдардаг бол хөдөөнийхөн маань цагийнхаа өмнө амьдардаг”. Тэр ажиглаж, харж, сэтгэлдээ мэдэрч явдаг зүйлсээ цоо шинэ хэв маягаар илэрхийлэхийг зорьжээ.

Д.Азжаргал монгол зургийн суурьтай бөгөөд энэ үзэсгэлэнд ихэнх элементүүд тэр хэв шинжийг хадгалсан ч өнгөний сонголт, зарим материалыг уран зурагтай хоршуулж, өрөг бүтээлийн эхний шинжийг бий болгосон нь ч байх юм. “Нууц” бүтээлд цоож зүүж, “Ирээдүй”-н дэглэгдсэн орчинд неон гэрэл тусгасан нь өвөрмөц сэтгэгдэл төрүүлнэ. Нэгэн бүтээлд ээрүүлийн утас ч ашиглажээ. Энэ талаар Д.Азжаргал “Монгол зураг зөөлөн өнгө ашигладаг. Харин энд хурц, неон өнгөнүүдийг сонгосон. Мөн материалын хувьд шинэ туршилтууд хийсэн. Би өөрөө хурдан уйддаг, цоо шинийг хийж үзэх эрмэлзлээр амархан цэнэглэгддэг хүн л дээ. Характер нь өөрөө нэг зүйлийг механикаар удаан хийгээд байх дургүй. Манай найзууд намайг баадууг нь түлхэхээр сандраад хөдөлдөг тоглоом шиг гэж дооглодог” гэлээ.
Эхэнд дурдсан хотжилт, нүүдэлчдийн зэрэгцээ хөдөлгөөнийг дүрсэлсэн зургаас гадна байгаль, хүний хүйн холбоог илэрхийлсэн, илүү натурал, амьд, гэгээлэг өнгийг ашигласан зургууд ч бий юм. Миний бодлоор тэд нь илүү хүчирхэг концепцтой болсон шиг санагдсан. Орчин цагт бүхнийг мэдэгч бөө нэг гартаа мөнгө атгасан байх тэр сахилгагүй, хил хязгааргүй дүрслэл сэтгэл татсан. Мөн оройн ганц модыг зургийн зүрхэн тушаа байрлуулж, хүндэтгэснээр эх нутгийг илэрхийлсэн байгаа нь хүчтэй мэдрэмж төрүүлж байлаа.

Д.Азжаргал “Бүтээлийнхээ концепцыг ихэвчлэн симболизм, бэлгэдлээр харуулахыг зорьсон. Би өөрөө ч ялгаагүй энэ бүхний дунд оршиж буй нэгэн эд эс, шилжилтийн үеийн гэрч. Иймд хурлын протокол хөтөлж буй нэгэн шиг л хандаж, зурахыг хичээсэн” гэнэ. Энэ нь ч эхэнд бичиж байсанчлан хотын дүрслэлүүд нь үзэгчдээ тулган хүчирхийлсэн шинжгүй, мөртлөө үнэн, ажин түжин санагдсан сэтгэгдэлтэй ийн холбогдлоо.
Эндээс монгол зургийн шинэчлэлийн тусгалыг олж харж болно. Хэдийгээр "Яг монгол зураг гэж юу вэ" гэсэн ойлголт зураач, урлаг судлаачдын дунд талцал авчирдаг ч үндсэн техник, элементүүд нь илтэд суурь болжээ. Үүнд нь контемпорари урсгалын шинж төрхүүд нэмэгдэж, илэрхийлэмж нь илүү хүчтэй болж байгаа юм. Үүний өмнө Б.Номин "B Contemporary Art Gallery"-д "Event Horizon" үзэсгэлэнгээ дэлгэхэд мөн монгол зургийн суурь нь контемпорари хэв маягийг олохдоо зүүд нойр, бодит ба бодит бус ертөнцийн завсрын орчлыг мэдрэмж, концепц бүгдийн хамт хүчтэй илэрхийлж чадаж байлаа.

Д.Азжаргалаас "Монгол зураг гэдгийн тухайд ямар ойлголт, тодорхойлолттой явдаг вэ?" хэмээн асуухад "Зураачид олон талаар л тайлбарладаг. Манай монгол зураг энэ тодорхойлолтоо авч, хөгжих болоод мөн удаагүй байгаа. Гадаадын судлаачид ирээд үзэхэд монгол зургийг Азийн зарим орнуудын үндэсний зургаас төдийлөн ялгаж чадахгүй, хэв маягийн хувьд. Миний бодлоор монгол зургийн амин сүнс нь нүүдэлчин соёл, сэтгэлгээнд суурилсан байх учиртай. Энэ л үнэртэж байвал монгол зургийнхаа шинжийг олох болов уу. Үүн дээр мэдээж тогтсон нарийн тиг, элемент дүрслэлийн онцлогууд шингэх ёстой" гэлээ.
Энэ утгаар Д.Азжаргал монгол зургийн шинэчлэлд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлч мөн. Уран бүтээлчдийн дунд хүчтэй давлагаа болон хэлбэржиж буй контемпорари тэмүүлэл нь ийн тэдний өгчилгөх гэсэн санааг илүү хүчирхэгжүүлж, мэдрэмж, концепцын тэнцвэрийг хангаж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайх�##�тай уран бүтээл
Mundag uran buteelch shvvv amjilt husey
Зураг дүсэл гэж гайх�##�тай зүйл шүү �##�ивиааг илэрхийлж болдог