142 сая төгрөгийн хахууль өгсөн хятад иргэний хэргийг прокурорт шилжүүллээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 706 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурьдахад, “Э” нь гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан нь өөрийн төрсөн дүүг хууль бусаар албан тушаалд томилон ажиллуулж улсад 67.474.522 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 50.000.000 төгрөгөөр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзжээ.
Иргэн “А” нь Булган аймагт тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад 80.000.000 төгрөгийн хахууль санал болгосон.
"Өвөрхангай аймгийн АЗЗА" ТӨХК-ийн удирдах албан тушаалтан нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг өөр компанийн дансанд шилжүүлэн гарган авч хувьдаа завшжээ.
Увс аймгийн Сагил сумын удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөг өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр авсан.
БНХАУ-ын иргэн “З” нь нийтийн албан тушаалтан “Т”-д 142.257.500 төгрөгийн хахууль өгсөн.
“А” нь төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ урвуулан ашиглаж, нэр бүхий компаниудын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэргүүд шүүхэд шилжлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.