УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотод өнөөдөр (2022.10.27) эхэлсэн “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад  үндсэн илтгэгчээр оролцлоо.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, илүү сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мүн” санг үүсгэн байгуулагч Бан Ги Мүн болон АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн орнуудын судалгааны төв (APARC)-ийн захирал, профессор Жи Уук Шин нар чуулга уулзалтыг  нээж, улс орнуудыг НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад хамтын хүчин чармайлт гарган ажиллахыг уриалав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, ойн хомсдол, доройтлыг багасгах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна. Манай улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гВт-аар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутагт оршдог. Энэ нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг харуулж байна гэв.

Тэрбээр Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг 2016 оноос эхлэн бодлогын баримт бичгүүддээ тусгаж ирснийг дурдаад, хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж байгааг тэмдэглэв. 

Мөн Монгол Улсын Их Хурал байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цаасны хэрэглээгээ танаж, хууль тогтоох үйл ажиллагааг “D-parliament” цахим системд шилжүүлж байгаа талаар танилцууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, залуу манлайлагчид зорилтот сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, Ази, Номхон далайн бүс нутгийн туршлага, дэвшилтэт санаачилгуудыг хуваалцаж ирснийг тэрбээр хэлсэн үгэндээ онцоллоо.

Чуулга уулзалтаар “Олон улсын удирдагчид”, “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал”, “БНСУ дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд”, “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх бат бөх, хүртээмжтэй сэргэлтийн төлөөх олон талт үзэл”, “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд байгалийн тэнцвэрт байдлыг хангах нь”  зэрэг үндсэн 5 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна. Мөн салбар хуралдаануудыг “Амьдарч болохуйц,тогтвортой хот”, “Ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалт”, “Ази дахь уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, хүний аюулгүй байдал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг нийтлэг болгох, уур амьсгалын засаглал” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-27 21:51

УИХ тар

Холбоотой мэдээ

Back to top button