Энтертайнмент

Япон, БНХАУ-ын багийг ардаа орхиж Азид тэргүүлсэн залуу МАРКЕТЕРУУДТАЙ ярилцлаа

Сингапур улсад зохион байгуулагдсан “Spikes Asia” Азийн маркетинг креатив салбарын хамгийн том наадмын нэг хэсэг болох 30 хүртэлх насны залуу маркетеруудын дунд зохиогддог “Young Spikes Integrated” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцсон залуус тэргүүн байр эзлэн эх орондоо ирээд байна. Энэ жилийн тэмцээнд Ази, номхон далайн орнуудын нийт 10 улсын, 18 баг оролцсоноос:

1-байр, Gold Winner - Mongolia, Viral Agency

2-р байр, Silver Winner - China, DDB

3-р байр, Bronze Winner - Japan, Dentsu

БНХАУ, Япон улсын туршлагатай томоохон багуудыг ардаа орхиж, анхны оролдлогоор тэргүүн байрын шагнал хүртсэн Viral Agency компанийн үүсгэн байгуулагч Х.Цэнд /29 нас/ болон креатив директер Б.Есөнзаяа /23 нас/ нартай уулзаж ярилцлаа.

Б.Есөнзаяа:

МОНГОЛООС ИРСЭН ГЭХЭД ШҮҮГЧИД ГАЙХАЖ БАС БАЯРЛАЖ ХҮЛЭЭЖ АВСАН

-Юуны өмнө танай багийнханд баяр хүргэе. Та бүхний явж ирсэн тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс ярилцлагаа эхэлье...

-Манай салбар бол маркетинг креативийн салбар. Монголын хувьд маркетинг нь үүсэж хөгжөөд явж байгаа боловч креатив гэдэг ойлголт руу хараахан орж эхлээгүй байгаа. Маркетинг креативийн салбарт олимпын гэж хэлж болох хоёр томоохон тэмцээн бий. Нэг нь Cannes Lions буюу дэлхийн хамгийн шилдэг компани, бүтээл, агентлаг, брендүүдийг шалгаруулдаг тэмцээн бол нөгөө нь түүний охин наадам болох Spikes Asia Festival of Creativity юм. Уг фестивальд Ази номхон далайн бүхий л орнуудын томоохон бренд, компани, маркетинг креатив салбарынхан, старт-апууд, маркетингийн албаны дарга нар, медиа компаниуд оролцож болдог. Уг наадмын нэг хэсэг нь “Young Spikes Integrated” буюу 30 хүртэлх насны залуу маркетеруудын дунд болдог тэмцээн байдаг.

-Тэмцээн ямар төрлүүдээр хэрхэн өрнөдөг вэ?

-Таван төрлөөр явагддаг. Design, Digital, Integrated, Media, PR зэрэг таван төрлөөр явагддаг. Энэ жил Монгол улс анх удаа уг тэмцээнд багаа илгээхээр тавдугаар сард Монголын маркетингийн холбоо тэмцээнийг нь албан ёсны эрхтэйгээр өөрийн улсад зохион байгуулсан. Энэ тэмцээнд оролцохын тулд дэлхийн шилдэг агентлагууд Ази дахь салбараасаа залуу маркетруудаа илгээдэг. Эсвэл бусад улс орнууд дотооддоо тэмцээнийг нь албан ёсны эрхтэйгээр зохиогоод түрүүлсэн багаа илгээдэг. Бид хоёрын хувьд өнгөрсөн тавдугаар сард Монгол улсдаа зохиогдсон тэмцээнд оролцож түрүүлээд, оролцох эрхээ авсан. Ингээд саяхан есдүгээр сарын 25-27-ны хооронд тэмцээндээ ороод эх орондоо ирлээ.

-Тэмцээн ямархуу байдлаар зохион байгуулагддаг вэ. Эхлэх үед өгөгдөл өгч багууд ажилладаг уу? Эсвэл гэрийн даалгавар өгч ажиллуулдаг уу?

-Бид есдүгээр сарын 25-ны өдөр очоод өглөө нь шууд бүртгүүлээд даалгавраа авсан. Уг даалгаврыг 48 цагийн дотор хийж гүйцэтгэнэ. Даалгавар нь тухайн жил ямар байгууллага ивээн тэтгэгчээр орж буйгаас шалтгаалан өөр өөр байдаг. Өмнөх жилүүдийнхнийг харж байхад ихэвчлэн нийгэм рүү чиглэсэн даалгаврууд өгөгдөж байгаа. Маркетингийн чиглэл ч ерөнхийдөө нийгмийн сайн сайхан, хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг болсон. Уг наадмын гол зорилго ч ийм. Энэ жилийн хувьд НҮБ-ын Хөгжлийн агентлагийн байгууллагаас хөдөө аж ахуйн салбартай холбоотой даалгавар орж ирсэн. Бусад дөрвөн төрөл нь 24 цагийн дотор даалгавраа гүйцэтгэдэг бол INTEGRATED төрөл нь илүү онцлогтой тул 48 цагийн дотор гүйцэтгэдэг.

Бидний оролцсон төрөл нь маркетингийн цогц төлөвлөгөө гаргах, ямар календарьчилсан төлөвлөгөөгөөр явах вэ, креатив санаа нь юу вэ гэх мэтээр маркетингийн ажлыг цогцоор нь боловсруулдаг онцлогтой гэж хэлж болно.

-Хөдөө аж ахуйн салбартай холбоотой даалгавар орж ирсэн гэлээ. Тодруулбал?

-Энэ тэмцээний бүх зүйл цаанаас форматтай явдаг. Тухайлбал, заавал 10 слайдтай явах, ажлаа тайлагнасан нэг самбар слайд, нэг ворд хуудас, гурван төрлийн медиа суваг тодорхойлох, түүний нэг нь зайлшгүй сошиал медиа байна гэх мэт.

Даалгавраа тодруулбал, хөдөө аж ахуйн салбар дэлхий нийтэд хүнд асуудал болоод байгаа. 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын тоо 9 тэрбумд хүрнэ. Тэр үед хурдацтай өсөж буй хүн амын хоол хүнсний хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдэг асуудал болж байгаа. Тиймээс НҮБ-ын “UNDP” хөгжлийн агентлаг .... нэртэй хөтөлбөрийг 2019 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх гэж байгаа. Уг хөтөлбөрөөр хөдөө аж ахуйн салбарт зайлшгүй технологийн шийдлүүдийг оруулж ирэн, инноваци нэвтрүүлэх ёстой болж байгаа юм байна. Гэтэл инновацийн салбарт ажиллаж буй залуус хөдөө аж ахуйн талаар ямар ч ойлголтгүй. Тухайлбал, тариалан эрхлэгчдэд зээл авдаг апп-ыг утастай нь шийдэж өгсөн, газар тариалангаа дроноор усалдаг болсон гэх мэт технологийн шийдлүүдийг хөдөө аж ахуйн салбартай хэрхэн уялдуулах тухай жишээнүүдээс бидэнд ярьж өгсөн. Ингээд дээрх хөтөлбөрийг технологийн салбарын залууст танилцуулъя, тэр залуусыг энэ хөтөлбөрт хэрхэн оролцуулах вэ гэдэг маркетингийн даалгавар орж ирсэн.  

-Харин та бүхэн ямар санаа боловсруулаад энэ салбар өндөр хөгжсөн Япон, Хятад зэрэг улсуудыг ардаа орхиж чадав аа?

-Бидний хувьд технологи болон инновацийн салбарт ажиллаад байгаа мундаг залуусыг “супер херо”-той зүйрлэсэн. Тэр хүмүүст нөхцөл байдлыг ойлгуулахын тулд хөдөө аж ахуй хөгжсөн орнуудын малчин эсвэл тариаланч, загасчин гэх мэт хүмүүсийн нэг өдрийн амьдралыг бичсэн захиа явуулъя гэдэг санааг гаргасан. Медиа төлөвлөлт хэсэг дээр захианууд ямар ч төрлөөр байж болно. Зураг эсвэл бичлэгүүдээр байж болох бөгөөд сошиал медиагийн бүх сувгуудаар цацагдана. Старт-ап, медиа технологийн компаниудад ажиллаж буй залууст шуудангаар шууд хаягласан захидал илгээх, захиаг зурган байдлаар кофе шопуудтай хамтран аяган дээр нь хэвлэж хүргэх байдлаар явуулъя. Мөн гаднах самбарууд болон автобусны буудлын самбарууд дээр видео болон аудио байдлаар явуулъя гэх мэт төлөвлөлтүүдийг хийж гүйцэтгэсэн.

Шүүгч нар шагналаа гардуулчхаад яагаад энэ ажил шалгарсан тухай дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Ихэнх оролцсон багууд зорилтот хүмүүсээ эсвэл даалгавраа ойлгоогүйгээс алдаа гарсан. Бидний шалгаруулсан ажил бол нэгдүгээрт зорилтот буюу хүлээн авагч хүмүүсээ маш сайн ойлгосон байсан. Мөн маш энгийн хирнээ бүтээлч байсан гэж тодотгосон.

-Өрсөлдөгч багуудын санааг та бүхэн үзсэн үү? Хэр хүчтэй санаанууд гарсан байна?

-Тэмцээний формат нь зөвхөн шүүгч тэмцээнд ирсэн бүтээлүүдийг сонсох ёстой учир бид бусад багууд юу хийснийг үзэх боломжгүй байсан. Харин албан ёсны сайт дээр эхний гурван байрын даалгавруудыг самбарын слайдаар танилцуулан тавьсан. Бид хоёрын хувьд энэ жил “Юу ч гэсэн нэг оролцоод танилцаад үзье. Нөхцөл байдал ямар байдаг юм байна, ирэх жил илүү хүчтэй орж ирэн, байр эзлэхийн төлөө өрсөлдөнө” гэсэн төлөвлөгөөтэй ирсэн. Хэдий бид хийсэн даалгавартаа итгэлтэй байсан ч бусад оролцогч орнуудын томоохон агентлагууд хүчтэй байсан. Бид өөрсдөө тэр агентлагуудын хийсэн ажлаас суралцаж явдаг шүү дээ. Тухайлбал, хоёрдугаар байрт орсон БНХАУ-ын  DDB агентлаг бол Хятад улсдаа төдийгүй, Азидаа номер нэг, дэлхийн шилдэг 10 агентлагийн нэг юм шүү дээ. Харин гуравдугаар байрт орсон Япон улсын Dentsu компани нь дэлхийн топ тавын нэг. Энэ хоёр багийн самбарын слайдаас товч танилцуулгыг нь харж ойлгоход зорилтот бүлгээ технологи болон инновацийн салбарт ажиллаж буй залуус руу биш олон нийтэд хөдөө аж ахуйн салбар ийм хэцүү болсон шүү гэдгийг ойлгуулахад чиглэсэн байсан. Үүн дээр алдсанаас магадгүй хоёр, гуравдугаар байрт орох шалтгаан нь болсон болов уу гэж бодсон.

-Танай компани өмнө Монголдоо ямар томоохон ажлуудын маркетинг болон креативыг хариуцан ажиллаж байсан бэ?

-Манай компани байгуулагдаад зургаан жил болж байгаа харьцангуй залуу компани. Ажиллаж буй залуус ч бүгд 30-аас доош насны шижигнэсэн залуус бөгөөд 15-20 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид томоохон компаниудтай урт хугацааны болон богино хугацааны гэрээнүүд хийж маркетингийнх нь ажлыг хариуцаад явдаг. Маркетингаас гадна контент үйлдвэрлэх тал дээр ч хамтарч байна. Мөн сүүлийн жилүүдэд нийгмийн тал руугаа илүү орохыг зорьж байгаа. Орж ирж буй захиалгууд ч тэр тал руу илүү чиглэх болсон. Хийж гүйцэтгэсэн ажлуудаасаа дурдвал 2018 онд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Г.Арсланхуяг даргатай хамтран цахим орчны аюулгүй байдал, тэндээс хүүхдүүдийг хамгаалах вэ, зөв хэрэглээг ойлгуулах үүднээс “Unfriend” хөдөлгөөнийг санаачлан сошиал орчныг нь хариуцан ажилласан. Үүнээс хойш “Safety children” гэж Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг Япон улсын ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн “Өөр өөр” гээд хөтөлбөрийн хамтран хийж, хоёр дахь үе шатруугаа ороод явж байна.

Бизнесийн байгууллагуудаас АПУ ХК, Таванбогд ХХК, Мобиком корпораци гэх зэрэг томоохон байгууллагуудтай хамтардаг.

МАРКЕТИНГ ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭДЭГ

-Олон улсын тэмцээнд орсноор өөрсдийн чадварыг хаа яваа гэдгийг мэдсэн болов уу? Монголчуудын хувьд өөрсдийн боловсон хүчнийг илт голох хандлагатай байдаг. Хүмүүсийн хандлагыг ч өөрчлөх томоохон алхам болсон гэж та бүхэн харж байгаа юу?

-Тиймээ, түрүүлчихлээ гэж бодогдохоосоо илүүтэй цаашид Монгол залуус ийм тэмцээнүүдэд оролцох үүдийг нь нээж өгсөн гэдэгтээ баяртай байгаа. Азид, дэлхийд өрсөлдөхөд манай залууст замыг нь л тавьж өгөх хэрэгтэй байж, бид аль ч улстай өөрийн салбарт ана мана өрсөлдөхөд бэлэн болжээ гэдгээ ойлгосон. Учир нь Монголд тавдугаар сард өрсөлдөхөд хоёр, гуравдугаар байранд орсон бүтээлүүдийг манай багийнхан хараад үнэхээр үнэлсэн. Тиймээс энэ багуудаа ч цаашид энэ тэмцээнүүдэд оролцоосой гэж их хүссэн. Бидний хувьд сая “Spikes Asia Festival of Creativity”-ийн зөвхөн нэг хэсэгт л орж түрүүлсэн. Цаашид бүр томоохон бренд, компаниудын маркетингийн менежерүүдтэй өрсөлдөх боломжтой, ойр болчихсон гэж харж байгаа.

-Маркетингийн салбарын өөрчлөлт хөгжлийг та цөөн үгээр тодорхойлохгүй юу? Хүн хуурч, муу бүтээгдэхүүнийг сайн мэтээр ойлгуулж борлуулалт өсгөх нь маркетинг гэж ойлгох нэг үе байна. Та ч креатив байдал нь хаягдаж буй тухай өмнө хэлсэн. Энэ салбарын мөн чанар юу юм бэ?

-Үүн дээр л бидний асуудал үүсээд байна. Тухайлбал, гуравдугаар байрт орсон Япон агентлаг 1800-аад онд байгуулагдаж, түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Маркетингийн салбар нь 200 гаруй жилийн хөгжилтэй байна шүү дээ. Гэтэл Монгол улсад намайг маркетингаар төгссөн гэхээр “Яг юу хийдэг юм бэ” гэж асуух хүмүүс цөөнгүй. Үнэхээр ч олон нийтийн дунд биш ч тодорхой бүлэг хүмүүсийн дунд муу барааг нь зарж өгдөг хүмүүсийг маркетингийн менежер гэдэг мэтээр ойлгох тохиол бий. Тиймээс энэ салбарт одоо төгсөж ирж буй шинэ мундаг маркетерууд маань энэ ойлголттой уялдаад явах биш, өөрчлөөсэй гэж хүсэж байгаа. Маркетинг гэдэг бол үнэ цэнийг бүтээж буй явдал. Салбарынхны дунд энэ ойлголт хэдийнэ бий болж, Монголын маркетингийн холбоо ч үүний төлөө л явж байна.

-Танай компанийн, танай багийн цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлов?

-Шүүгчид биднийг Монголоос ирснийг дуулаад үнэхээр гайхаж хүлээж авсан. Тэд оролцож буй багуудынхаа ямар улсаас ирснийг эхлээд мэддэггүй. Биднийг илтгэлээ тавиад гарсны дараа хоорондоо “Ямар улсаас ирсэн юм болоо” гэж ярилцсан тухайгаа хэлсэн. Тэгээд “Та хоёр Монголоос ирсэн, хоёрдугаарт ийм залуу байгаа дээрээ Каннын наадам руу заавал яваарай, дэлхийн наадам руу яваарай. Монголчуудад үнэхээр их боломж байгааг нүдээр үзсэн учраас та нарын өмнөөс баяртай байна” гэж хэлсэн. Тиймээс зорилго маань тэнд шууд өөрчлөгдөөд ирсэн. Ойрын гурван жилдээ бид  “Spikes Asia” наадмын авардсаас шагнал авч үзмээр байна. Шагнал авахдаа бус хийсэн ажил минь нийгэмд өөрчлөлт, үнэ цэнэ өгсөн бүтээлч байгаасай гэж хүсэж байна. Бүр цаашлаад Каннын наадмын 30 хүртэлх насны залуусын тэмцээнд оролцоод үзье гэх зорилготой байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд мөн баярлалаа.  

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button