Нийгэм мэдээУлс төрийн мэдээ

Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд иргэдэд эрүүл мэндийн тусламжийг тасралтгүй үзүүлнэ

Улсын онцгой комиссын өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа.

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарчээ. Нийт 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна.

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Өмнөговь аймаг эрсдэл их, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймаг эрсдэл дунд зэрэглэлтэй гарав.

Төв, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн удирдлагууд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл, зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлаа танилцуулжээ. Орон нутгийнхны зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг холбогдох тогтоол шийдвэрийн дагуу зохион байгуулж буй. Отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдсэний улмаас бэлчээрийн даац хэтрэх зэрэг асуудал байгаа ажээ.

Тэжээлийн нөөц бүрдүүлэлт Баян-Өлгий, Архангай аймагт 50 орчим, бусдад нь 50-аас доош хувьтай байна. Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт өвсний нөөц бүрдүүлэлт 50 хувьд хүрээгүй ажээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зөвхөн өнөөдөр яриагүй. Зун, намраас эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс, салбарын яамнаас бодлогын түвшинд анхаарч, тогтоол шийдвэр гарган, үүрэг даалгавар өгч ирсэн. Энэ бүхэн аймаг, сум, орон нутгийн түвшинд  хангалттай хэрэгжихгүй байна. Өвөлжилт хүндрэх нь тодорхой нөхцөлд ажиллаж байж, аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна. Шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, боломжит хувилбараар шийдэх хэрэгтэй" гэсэн байна.

Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”-ын талаар малчдад мэдээлэл өгөх, хяналт тавих, малчин айл өрхүүд хүнс тэжээлийн хомсдол, дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, цаашлаад өвөлжилт хүндрэх үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, нийгмийн хамгааллын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх талаар төлөвлөлт, зохион байгуулалттай ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button