Г.Содномцог: БНСУ-ын "Хүчирхэг эмэгтэй Ду Бунг Сүн" киноны хоёрдугаар бүлэгт бөхийн дүр бүтээсэн

Өмнөд Солонгосын алдартай цуврал "Хүчирхэг эмэгтэй Ду Бунг Сүн" киноны хоёрдугаар бүлэгт манай улсын жүжигчин Г.Содномцог дүр бүтээсэн билээ. Энэхүү бүтээлийг Нэтфликсээс санхүүжүүлж, хийж байгаа юм. Г.Содномцог "Саарал хүн", "Homies", "Валидол", "Үндэсний баялаг" гэх мэт кино уран бүтээлд дүр бүтээсэн. Түүнтэй шинэхэн уран бүтээлийнх нь тухай болон бусад зүйлсийн талаар ярилцсан юм.
-КИНОНД 180 СМ-ЭЭС ДЭЭШ ӨНДӨРТЭЙ, 100 КГ-ААС ДЭЭШ ЖИНТЭЙ ХҮН ТОХИРНО ГЭСЭН-
-Киноны сонгон шалгаруулалтад хэрхэн оролцож байв?
-Солонгос улсаас Оскарт шагнал авсан "Parasite" киноны баг наймдугаар сард манай улсад ирсэн. Манай улсад ирэхдээ хэд хэдэн компанитай хамтарч ажилласан юм. Унгар, Америк гэх мэт гаднын компаниудаас кино санал ирэх үйл явцыг манай дотоодын компаниуд хариуцаж ажилласан.
Ингэхдээ гурван шатны шалгаруулалт явуулсан. Нэгдүгээрт, одоогоос 4-5 сарын өмнө кино баг өөрсдөө цахимаар сонгон шалгаруулалт явуулсан юм. 180 см-аас дээш өндөртэй, 100 кг-аас дээш жинтэй жүжигчид тохиромжтой гэдгээ илэрхийлсэн. Хоёрдугаар шат нь киноны тулаантай хэсгийн найруулагч нь багаа бүрдүүлж ирээд, сонгон шалгаруулалт хийсэн юм. Үүнээс гурван хүнийг сонгож авсны нэг нь болсон.
Гуравдугаар шатанд киноны найруулагч 50 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, киноны хэсгээс жүжигчилж, зураг авалт хийж, пробонд орсноор шалгарлаа. Кино зураг авалт Солонгос, Монгол улсад хийсэн. Саяхан Солонгос явж, кино зураг авалтад оролцсон. Тав хоногийн зураг авалтад орсон.
-Монгол дахь зураг авалтыг хаана хийсэн бэ?
-Монголд нэгдүгээр ангийн зургийг "13-р зуун" кино студид хийсэн. Тэр дотроо бөхийн дэвжээ тэргүүтэй зураг авалтад ашиглах орчныг бий болгосон. Мөн хувцас хэрэглэлийг нь монгол талаас хийсэн. Киноны хэсэгт 250 хүний масстай, 30 гаруй том биетэй жүжигчид хоорондоо барилддаг. Цаана нь монгол рок хамтлаг хөгжим тоглож, наана нь барилдах жишээтэй.

-Дүрийнхээ талаар товчхон яривал?
-Бунг Сүнийг Геркулесийн хүчтэй гэж кино зохиолдоо явдаг. Нэг, хоёрдугаар бүлгийн хувьд ерөнхийдөө төстэй. Гэхдээ "Хүчирхэг эмэгтэй Канг Нам Сүн" гэх нэртэй. Гол дүрийн жүжигчнээр нь "Squid game" цувралын жүжигчин И Юү Ми тоглож байгаа. Зохиол агуулгын хувьд өмнөхөөсөө бага зэрэг өөр. Миний дүр тухайн овог аймгийн "Баатар" нэртэй үлэмж биетэй бөх юм. Үүнд нэг онцлог бий. Аливаа нэг гаднын кино төсөлд тухайн улс орны зан үйл, соёлыг харуулж байгаа учраас шууд утгаар харуулж болохгүй. Дэвээ, шаваа, үйл хөдлөл, барилдаан мэхийг заавал харуулахгүй. Энэ нь нэг талаараа тухайн улсын соёлыг хөнддөг тул түүнд шууд халдаж, кино хийнэ гэж байхгүй. Тиймээс зохиомол хувцас хэрэглэл, хөдөлгөөн ашиглаж Монголын нэг зохиомол овог аймгийн зохиомол бөх "Баатар" миний дүр юм.
Нам Сүн Монголд ирж төөрөөд, "Баатар" бөхтэй барилдах явцдаа өөрийгөө супер хүчтэй гэдгийг мэдэж буй зураг авалтыг киноны эхний хэсэгт хийсэн.
-Нууц биш бол өөр хэсэгт тоглох уу?
-Одоогоор кино зураг авалт дуусаагүй. Надад хэлэхдээ нийт 2-3 ангид тоглоно гэж хэлсэн. Саяхан Солонгос явахдаа эффекттэй зураг авалтдаа орсон. 14 юмуу 15 дугаар ангид Солонгост очиж тэр охиныг аврах зураг авалт байгаа гэж хэлсэн. Гэвч энэ нь батлагдаагүй. Дахин шинээр гэрээ хийж, ярилцах болов уу. Одоогоор киноны наймдугаар анги хүртэлх зураг авалтыг хийчхээд байгаа.
-Мартагдахааргүй хэсэг нь юу байв?
-Зураг авалт бүр өөрийн гэсэн өнгө төрхтэй. Гавлын яс угласан таван залуу орилолдож, үймээн үүсгэдэг 250 гаруй хүнтэй олны хэсэг байгаа. Сүрийг үзүүлж байж гол дүртэйгээ илүү зохицохоор хэсэг л дээ. Тэр үеийн мэдрэмж их гоё. Зураг авалтын талбайд байгаа 400 гаруй хүний баг бүрэлдэхүүнтэй ажиллах сайхан байлаа.
-143 КАМЕРААР МИНИЙ 3D ХУВИЛБАРЫГ БҮТЭЭСЭН-
-Та хэдий үеэс жүжиглэж эхэлсэн бэ. Дүр бүтээсэн уран бүтээлээсээ хуваалцвал?
-Би 2011 онд "Seven" телевизэд сэтгүүлч, найруулагч мэргэжлээр ажиллаж эхэлсэн. Бомбормен нэвтрүүлэг, Монголын анхны ситком цуврал Валидол контентыг хоёр жилийн турш тасралтгүй олон нийтэд хүргэсэн юм. Ситком цуврал маань гол дүрийн таван жүжигчинтэй. Түүний нэг болж хоёр жил тоглолоо. Ихэнхдээ том биетэй хүний дүр хэрэг болно. Мафи, рикет, ууртай залуу, хартай нөхөр гэх мэт дүрээр дагнасан. Одоо бол хувийн онцлох, өөрийгөө сорьсон дүрд тоглож, жүжигчний хувьд дараагийн түвшинд гаръя гэж боддог.
-Өөригөө сорино гэхээр ямар төрлийн дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Жүжигчин бүрд өөрийн гэсэн барил бий. Түүхэн кинонд төдийлөн орохгүй сонирхолгүй байна. "Action", драм төрлийн кинонд дүр бүтээж тоглохыг хүсдэг. Зохиолч, найруулагч бичих тул яг таг ийм дүр хэмээн илэрхийлэх боломжгүй.
-Гаднын кино төслийн пробонд хэр их орж байна?
-Арванхоёрдугаар сарын 10-наас Франц улсаас кино баг ирэх юм билээ. Тэгэхэд пробонд орно.
-Хэлний чадвар бол олон улсад гарах гэж буй жүжигчний хувьд чухал чадваруудын нэг шүү дээ?
-Тийм ээ. Би турк хэлтэй. Мөн англи хэлний B2 түвшинтэй. Хэлээ илүү сайжруулах шаардлага бий. Сайжруулах зорилго тавьсан.

-Гадаад бүтээлд тоглох, Монгол бүтээлд тоглохын ялгаа нь юу вэ?
-Төлөвлөлтийн хувьд бүхий л зураг авалтаа тодорхой гаргаад 3D анимейшнээр хийж, зураг авалтаа нэг удаа л авдаг юм билээ. Цаг нэлээд хэмнэнэ. Бид нэг хэсгийн зураг авалтаа олон дахин давтдаг. Зохиол, анимейшн ямар ч байсан яг л тэр чигээр нь зураг авалтаа үргэлжлүүлнэ. Зураг авалтын талбайд олон хүн ажилладаг. Хийх ажил нь ч ойлгомжтой. Их хэмжээний ажлын байр гарах юм билээ.
-CG эффектэд орж үзсэн байна. Ямар санагдав?
-Сонирхолтой байсан. 143 камерыг тал талд зоосон. Хөлийн хуруунаас толгойн орой хүртэл бүхий л талаас нэгэн зэрэг зураг авч, миний 3D хувилбарыг бүтээх юм. Улмаар тэр хувилбарыг кинонд оруулж, янз янзын хөдөлгөөнийг бий болгоно. Шидүүлэх, нисгэх гэх мэт.
-ТОМ БИЕТЭЙ БОЛОХООР ЗАГВАРЫН ШОУНД КОМБИНЗОН, БАКАЛЬ Л ОЛДДОГ БАЙСАН-
-Уучлаарай, таны өндөр хэд вэ?
-Миний өндөр 190 см. Биеийн жин 120 кг.
-Том биетэй байх давуу тал, эсвэл сул тал болох уу?
-Хэт жижиг, хэт том байж болохгүй. Кино бол уран сайхны бүтээл. Бүх жүжигчид миний мөр хүртэлх өндөртэй байж болохгүй. Тулалдах, эсвэл жүжигчин Мишээл, Дөлгөөнтэй хамтарч тоглоход муухай харагдана. Кино урлаг бол гоо зүй. Өндөр намын харьцаа уран сайхны байх ёстой.
2011 онд Монгол модельд загвар өмсөж байсан. Тэр үед ийм асуудал үүссэн. Нэг жил гаруй хугацаанд загвар өмссөн. "Be" брэндийн нүүр царай болж, бүхий л шоунд нь оролцсон ч таарах хувцас байхгүй. Загварын долоо хоногт орох гэхээр өргөн мөртэй тул болохгүй. Дандаа комбинзон, бакаль өмсөнө. Орж буй шоунууд нь кашмер эсвэл баатрын хувцас өмсгөдөг. Загварлаг хувцас өмсөж чадахгүй байсан тул загварын ертөнцөөс гарсан. Улмаар кино урлагт хөл тавьсан даа.
Гэсэн ч кино урлаг ялгаагүй л байсан. Тиймээс өөрөө кино хийе гэж боддог. Гол нь цаг үеэ мэдэрч, кино хийх хэрэгтэй.

-Өөрөө кино хийе хэмээн боддог гэлээ. Ямар төрлийн кино вэ. нууц биш бол хуваалцаж болох уу?
-Хөгжилтэй, хөнгөн төрлийн кино. Сонирхож байгаа бол хэлье л дээ. "Dwayne Johnson" болон "Kevin Hart" жүжигчидтэй ижил гоё хослол гаргана. Ирэх жилээс энэ бүтээлийг гаргахаар ярилцаж байгаа. Хоёр жил дотроо бодсон. Жижгээ, Цогтоо, Бооёо Урнаа гэдэг шиг хослол гаргана.
-Кино сонирхогчид дотоодын бүтээлийг шүүмжлэлтэй хандах нь бий. Таны хувьд манай улсын кино урлагийн салбарын хөгжлийг хэр хэмжээнд байгаа гэж бодож байна?
-Тоног төхөөрөмжийн хувьд манай улс хоцрогдохгүй. Кино зураг авалтыг Фантастик продакшн нэг шат ахиуллаа. Бусад уран бүтээлчид ч энэ мэт зураг авалтыг хийж чадна. Миний бодлоор үзэгчид сайн хөгжөөгүй. Гаднын кино үзэх нь өөр зах зээл, өөр улсын бүтээл. Түүнтэй шууд харьцуулж болохгүй.
Бид монгол хүн учраас дотооддоо ямар бүтээлийг хэрхэн бий болгож байгааг мэддэг. Агуулга өндөртэй, зодоон, хэрүүл, хардалт сэрдэлт бол киноны нийтлэг сэдэв болсон. Энэ төрлийн киног үзэгчид үзсээр л байна. Эсвэл хөнгөн хошигнол. Түүнийг сонгож үзэх жишээтэй. Түүхэн киног нэг тэрбум төгрөгөөр бүтээгээд үзэгчдэд өгсөн ч үзэхгүй байна. Энэ нь зах зээлээ харуулж байгаа юм. Үзэгчдийн сонголтыг сэтгэлгээнээс мэдэх боломжтой.
Кино театрт 35-аас дээш насныхан ирдэггүй. Тэгэхээр хэт бодлогоширсон, гүн гүнзгий кино хийхээр зах зээл нь хумигдах эрсдэл үүсээд байгаа. Киног санхүүжүүлдэг, түүнд зориулж сайн зохиол бичих гэх мэт зүйл нэг үеэ бодвол хөгжсөн.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Saihan yriltslaga boljeee. Tom bie gehdee dawtagdashgvi buteel ym shvv
Tiim shvv bayrlalaaa
Гоё биетэй з�##�уу шүү. Илүү олон уран бүтээлд дүрээ бүтээгээрэй
Амжилт хүсье. Сайхан ярилцлага болжээ
Ilvv tom amjilt husey
Goy zaluu shvv
Тийм бна шдээ хаана харлаа гээд бодоод байсан чинь хаха
Iim goe mongol zaluu togolson bolohoor l ter kinog vzehed goy bgd bsn bn shdee haha
35 аас дээш насныхан яаж ирэх вэ дээ дандаа мөрөөдлийн шоу болсон кино хийдэг болсон