НийгмийнСПОРТЯрилцлага

Г.Хандсүрэн: Гурван улсын лигт тоглосон ч, өөрийгөө болоогүй байгаагаа мэдэрдэг

“Түүнийг Х.Баянмөнх аваргын ач, Г.Гантогтох гарьдын охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар өвөөгөө зодог тайлахад тэр хайрласан, энэрсэн, гунигласан нүдээр харж байсныг санадаг юм”

Спортын төв ордон дүүрэн үзэгчтэй, суудал олдохгүй газар сууж, чанга дуугаар хөгжөөн дэмжицгээнэ. Тасалбар авч чадаагүй залуус уурсаж, зогсохтой ч таарлаа. Монголын волейболын хөгжил ахихын хэрээр шимтэн үзэх үзэгчдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Өмнө нь М.Цэрэнбаатар, Э.Сайханбаатар тэргүүтэй залуусын нуруун дээр энэ спортын хөгжил цэцэглэлт явдаг байсан бол одоо тэд залгамж халаагаа өгчээ.

Тодруулбал, Б.Батсуурь, Т.Хангал, Г.Хандсүрэн зэрэг тамирчид өнөө цагийн өнгийг тодорхойлж байна. Спортын төв ордон нүргэлтэл дэмжих энэ үзэгчдийн дотор зөвхөн хайртай тамирчныхаа тоглолтыг үзэх гэж ирсэн олон хүн бий.

Дээр дурдсан гурван залуугийн хоёр нь одоо гаднын улсуудад легионер тамирчин болсон. Г.Хандсүрэн Японы, Т.Хангал Тайландын лигт тоглож байна.

Харин энэ удаад Г.Хандсүрэн улсынхаа лигт тоглохоор ирээд байсан юм. Тэрбээр монголын бүх оддын тоглолтод улсынхаа шигшмэл залуустай нэгдэж, бусад улсаас ирсэн легионер тамирчдын эсрэг тоглож хожил байгуулсан. Ингээд тус тоглолтын дараа бид хэсэг хором ярилцлаа.


-Гаднын легионер тамирчдыг дэвжээн дээрээ хожлоо. Тоглолтын уур амьсгал ямар байв даа?

-Уур амьсгал эхэндээ жаахан уналттай байсан хэдий ч сүүлдээ ойлголцож, үзэгчдээ хөгжөөсөн тоглолтыг хийлээ. Тамирчдын ур чадварын тухайд үзэгчид дүгнэх байх. Хоёр баг хоёулаа нэг, нэг удаа хамт бэлтгэл хийсэн. Аль, аль нь алдаа оноотой байлаа. Оноо авахыг, багтаа тус хүргэхийг их хичээж тоглолоо.

-Та Японы лигт тоглож байгаа. Мөн л гаднын улсын легионер тоглогч болоод тус улсын тамирчдын эсрэг тоглодог байлгүй. Монголтой харьцуулахад ямар ялгаа гарч байх юм?

-Шударга хэлэх юм бол бусад орны лигүүд шоу энтертайнмент тал руугаа илүү хөгжсөн байдаг. Үзэгчдийнхээ уур амьсгал хүсэж байгаа зүйлийг хийдэг гэсэн үг. Гэхдээ манайх чадахгүй байгаа биш хийх гэж үзэж байгаа. Дөхөж байгаа л гэж бодож байна даа.

Ташаагаа тулчхаад үзэгчдээ хүндлэхгүй зогсоод байж болохгүй

Уг гэрэл зургийг түүний цахим хуудсаас авав.

-Таны талбай дээр гаргаж байгаа сонирхолтой, “өхөөрдөм” ч гэх юм уу тэр ааш авирууд үзэгчдээ татах гэсэн бас нэг заль уу?

-Намайг үзэх гэж ирдэг хүмүүстээ үнэхээр талархлаа. Тамирчин байна уу, жүжигчин ч байна уу тухайн хийж байгаа зүйлээрээ бусдад аз жаргал бэлэглэхийг хүсдэг шүү дээ. Оноо алдахдаа хүртэл гуних гутрах үе байна. Бид өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлсийг гаргахдаа бөмбөгөөр дамжуулдаг. Харин миний гаргадаг зан аашны хувьд угийн л бусдад нээлттэй их зан гаргадаггүй тэр ааш авир маань талбай дээр илэрдэг гэх юм уу. Би л нэг тоглож байна гэсэн шиг ташаагаа тулчхаад зогсоод байвал үзэгчдээ ч хүндэлж байгаа юм байхгүй муухай шүү дээ. Хүн ямар ч амжилт гаргасан өөрийнхөөрөө, их зангүй л байх хэрэгтэй юм болов уу.

-Японы лиг хэзээ эхлэх вэ. Хэзээ буцах төлөвлөгөөтэй байна?

-Мэргэжлийн тамирчин болчихсон болохоор дараа дараагийн шилжилтүүдээ өөрөө хийгээд явна. Одоогоор гурван улсын лигт тоглосон байна. Японы эмэгтэй лигт тоглосон анхны тамирчин болсон. Гэхдээ үүндээ ханасан зүйл байхгүй. Ахиад илүү олон газар тоглоно. Миний карьер дуусаагүй. Япон руу хэзээ буцах маань жаахан нууц.

-Монгол залуучууд гаднын лигийг зорих боллоо. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна. Уг нь эх орондоо тоглож байвал хөгжил нь дээрдэх ч юм бил үү гэсэн бодол байх юм?

-Гаднын улсын лигт тоглохоор амьдралын хэмнэл өөр болчихдог. Түүнийг давах шаардлага гардаг. Эмэгтэйчүүдээс би, эрэгтэйчүүдээс Т.Хангал гаднын лигт тоглож байна. Нэг талаараа бид хоёрт маш их хариуцлага ирж байдаг. Яагаад гэвэл намайг зүгээр нэг Хандаа гэж харахгүй Монгол Улсын тамирчин гэдэг утгаар нь хардаг. Тиймээс тоглолтоо сайн үзүүлэх юм бол дараа, дараагийн дүү нарт зам нээгдэнэ. Харин би Монгол Улсынхаа иргэншлийг хадгалаад гаднын улсын лигт тоглосон гэдгээрээ онцлог. Миний бодлоор гаднын улсын лигт тоглож болохгүй гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь иргэншлээ хадгалаад буцаж ирэхдээ маш олон зүйлийг сурч ирээд хөрсөндөө суулгах нь чухал юм болов уу гэж боддог.

ТАМИРЧИН БОЛОН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЦАЛИН, ХАНГАМЖИЙН АСУУДАЛД ДЭЭР АНХААРВАЛ ВОЛЕЙБОЛ ИЛҮҮ ХӨГЖНӨ

-Тамирчдад нь ур чадвар боломж бололцоо байгаа хэрнээ спортын хөгжил нь манай улсад удаашралтай яваад байна гэж харах үе бий. Таны тоглосон улсуудтай харьцуулахад?

-Манай улсыг шууд гаднын улсуудтай харьцуулах боломжгүй. Нийгмийн маш олон хүчин зүйлүүд нөлөөлнө. Харин Монгол Улсын волейболын хөгжил 20, 30 жилийн өмнө ямар байсан юм гээд аваад үзвэл харьцангуй дээд түвшинд хүрсэн. Сүүлийн үеийн залуучууд нэлээд өндөр, харах үзэх юмтай, ур чадварын хувьд ахиц гаргаж байгаа учраас хурдан ахих боломжтой гэж би горьддог. Монгол тамирчдын дундаж өндөр жаахан муу байдаг нь зарим талдаа асуудал болдог. Гаднын улсуудын тамирчид л гэхэд 2 метрээс дээш байх жишээтэй. Өндөр гологддог ч нөхсөн тоглолтууддаа илүү болчихсон юм билээ. Дөрөвхөн сая хүн амтай хэрнээ сагсны залуус дэлхийд гарч ирлээ. Волейболын залууст тийм боломж бүрдээсэй. Орчин нөхцөл, хангамж, системтэй бэлтгэлээр нь хангах нь чухал. Дасгалжуулагчийн хангамжийн асуудал дээр ч анхаарах хэрэгтэй.

-Японы лигт хэдэн жил тоглоё гэж бодож байна?

-Мэргэжлийн тамирчин болоод гурван лигийн нүүрийг үзлээ. Ерөөсөө ч болоогүй байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Сурагч хэвээрээ л байгаа юм шиг санагддаг. Бүүр дээд оргилд хүртэл нь явчхаад гэр бүлээ зохиогоод сайхан амьдарна.

Найз залуу байхгүй

-Гэр бүл зохиох тал дээр таныг фенүүд чинь их хүлээх юм аа. Бөхтэй суулгана ч гэж байх шиг. Хэрвээ нууц биш бол найз залуу байгаа юу?

-Би ичээд байдаг юм аа /инээв/. Найз залуу байхгүй. Манай залуучууд жаахан ажилгүй шүү /инээв/.

-Мөн фенүүд тань хоёр улсын лигт тоглоод их цалин авдаг гэж боддог?

-Гаднын лигт тоглоход би өөрөө өөрийнхөө цалинг санал болгодог. Нөгөө талаас санал гаргаж клубтэйгээ тохиролцсоны үндсэн дээр тогтдог. Монголын хувьд мөн л тийм зарчмаар явж байна. Мэдээж цалингаа авдаг болохоор маш үүрэг хариуцлага өндөр байна.

-Энэ жил танай баг тамирчид ямар амжилт гаргая гэсэн төлөвлөгөө зорилготой байна?

-Бүх л баг аварга авна гэж зорьж байгаа. Бид ч ялгаагүй. Харин Улаанбаатар клубийн хувьд шинэ соёл бий болгох гэж үзэж байна. Шүүгчдээ талархдаг, үзэгчдээ хүндэлдэг, өмсгөл хувцсаа гоё өмсдөг, нэгнээ дэмжих гэх мэт жижиг нарийн деталь зүйлсээр үзэгчдээ баясгая гэсэн зорилготой байгаа. Хожигдсон ч багийн ёс зүйг гаргана.

-Үзэгчдэдээ соёлыг харуулна, баясгана гэж ярилаа. Спортын төв ордон дүүрэн үзэгчээ хараад ямар мэдрэмж авах юм?

-Тоглолт эхлэхээс өмнө харахад үзэгчид багтахгүй шатнаас хальчихсан байсан. Түүнийг хараад баярласан. Холбооны зохион байгуулалт ч гэсэн сайн байгааг харуулж байгаа. Үзэгчдээ хараад илүү хариуцлагатай бас шинэ мэдрэмжийг авсан. Үзэгчид рүүгээ харах бүртээ хайр хүрдэг. Бөмбөгөндөө хүрэх болгондоо л яах билээ гэж боддог. Тоглолтоороо хэнд юу үзүүлэхээ ч боддог. Гэхдээ сурах юм их байна. Заримдаа давуулалтаа алдчих юм аа чааваас.

Өвөөгөө зодог тайлж байхад нулимстай нүдтэй байлаа

-АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадмаар өвөөгөө зодог тайлахад таны сэтгэл их хөдөлж байгаа нь анзаарагдсан. Тэр үеийнхээ мэдрэмжээс хуваалцвал?

-Сая хэлэхэд чинь л бие арзайж байна. Хүндэт буурал аавыгаа хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Амьдралынхаа туршид монгол бөхийн төлөө зүтгэсэн зүйл нь дуусаж байна гэсэн үг шүү дээ. Тэгж бодохоор гунигтай ч юм шиг. Нөгөө талаараа ийм сайхан өндөр насалж ач буянаа үр хойч бидэндээ өгч байгаад нь хязгааргүй их баярласан. Хараад зогсоход бахархалтай санагдсан. Дэвж гарч ирээд л миний өмнө зогсоход нь нүдэнд нулимс хургаад... Ард нь зогсчхоод бичлэг хийсэн. Яагаад гэвэл тэр мөчийг үнэхээр алдмааргүй санагдсан. Дараа нь бид хоорондоо яриад зогсож байхад сүрдмээр байж билээ. Үндэсний бөхийн гэр бүлд төрсөн хүний хувьд өвөө аав, А.Сүхбат ахыгаа үздэг. Гэхдээ тэр дундаас аавыгаа л барилдахыг харах надад сайхан байдаг. Энэ жил хараагүйдээ их гунигтай байгаа.

Аавдаа хайртай шүү гэж хэлмээр байна.

-Эр хүн байсан бол зодгоо ханзартал ганц үзчихсэн дээ гэж бодож байв уу?

-Би бөх болох байсан. Одоо ч гэсэн намайг хүмүүс чи эрэгтэй байсан бол үндэсний, жүдогийн, чөлөөт бөхийн тамирчин л байх байсан гэж хэлдэг.

-Яг өөрийнхөөрөө, хүссэнээрээ амьдарч байхад бөхийн гэр бүлд төрлөө гээд бөх болох ёстой юм шиг ярьдаг. Эрэгтэй байсан бол чи бөх л байх байсан гэдэг энэ хандлагууд танд заримдаа дарамт болдог уу?

-Одоо бодохоор шууд тэгж бодогдож байсан үе байхгүй. Хэрвээ эрэгтэй байсан бол чи алах байсан гэж хэлдэг л дээ. Тэртээ тэргүй эмэгтэй төрчихсөн юм чинь яалтай билээ дээ. Эмэгтэй байгаагаараа өөрийнхөө чадах зүйлийг хийгээд сэтгэлийг нь дүүргэчихвэл болно доо гэж боддог. Тэртээ тэргүй эрэгтэй болж болохгүй юм чинь.

-Фенүүддээ хандаж үг хэлбэл?

- Филиппин, Тайвань, Японы лигт тоглоход хүмүүс чиний талбай дээр муу, сайн тоглох хамаагүй. Танай багийн хүмүүс ч хамаагүй. Харин фенүүд бидний хувьд та нарыг амьдралынхаа хэдэн цагийг бэлтгэл сургуулилалтад зарцуулдгийг мэддэг учраас энэ тэмцээнд байгаад чинь баярладаг шүү гэсэн зурвас их ирдэг. Үүнд л би баярладаг. Фенүүд маань өсөж хөгжиж чадсаныг харуулж байгаа биз. Нөгөө талаараа та бүхнийхээ итгэлийг алдахгүй байхыг хүсдэг. Мөн баярлалаа гэж хэлмээр санагддаг.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-18 09:27

Охинд амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-11-18 09:29

Ooriin gsn vzel bodoltoi mundag ohin bnaa amilt husey

Зочин
Зочин
2022-11-18 09:29

Зорилго доо заав�##� хүрээрэй охин минь

Зочин
Зочин
2022-11-18 09:30

Saihan yriltslaga boljee amjilt husey hoorhond

Зочин
Зочин
2022-11-18 09:30

Амжилт чи чаднаа

Зочин
Зочин
2022-11-18 10:33

Легионер гэж бичдэг шүү дүү нар минь

Зочин
Зочин
2022-11-18 10:54

Mundag ohin shvv amjilt

Стар
Стар
2022-11-18 11:02

Амжилт з�##�уу тамирчин минь

ЗочинХэн
ЗочинХэн
2022-11-18 11:14

Ёстой хөөрхөн бүсгүй шүү

Gah2
Gah2
2022-11-18 14:23

Chaadag gishi goshnogduul goyo um uu

Зочин
Зочин
2022-11-19 13:59

Хөөрхөн яриа болжээ эрэгтэй байсан бол �##�ах байсан гэнээ ккк тийм байх байсаан гэж би ч бас бодож байна

Холбоотой мэдээ

Back to top button