НИЙГЭМНийгэм мэдээ

Онцлох нэгэн: Харааны бэрхшээлтэй ч цахим үйлчилгээг түгээж буй Г.Батдэлгэр

Өөрөө харааны бэрхшээлтэй хэдий ч цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэхээр сургалт орж, зөвлөгөө өгдөг нэгэн бол Г.Батдэлгэр юм. Түүний талаар өнөөдрийн онцлох нэгнээр хүргэж байна. Тэрбээр харааны бэрхшээлтэй иргэдэд цахим үйлчилгээг хэрхэн ашиглах талаар зөвлөдөг билээ. Үүний хүрээнд “И-Монгол академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ/-ын Цахим ур чадварын газрын сургагч багшаар ажиллаж байгаа ажээ.

Г.Батдэлгэр нь "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-нд 2008 онд гишүүн болж элссэн байна. 2015 онд орон нутгаар явж, баррель үсэг болон орон зайн баримжаа зэргийн талаар сургалт оржээ. Одоо цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэхээр "E-Mongolia" системийн шинэчлэл бүрд санал оруулж, хамтран ажилладаг аж. Тухайлбал, кодоо ямар программ дээр бичвэл дэлгэцээр уншихад хялбар байх гэх мэтэд санал оруулжээ.

Энэ талаар түүнээс тодруулсан юм. Тэрбээр "Харааны бэрхшээлтэй хүмүүст сургалт орохдоо харилцан яриагаар сайн тайлбарлаж өгдөг. Мөн зааж буй тухайн хичээлийн дадлага, хэрэглээг өөрсдөөр нь хийлгэдэг юм. Би өөрөө харааны бэрхшээлтэй тул харааны бэрхшээлтэй иргэдийн зовлонг сайн ойлгоно. Тиймээс хичээл маань түлхүү хүрч чаддаг болов уу гэж бодож байна" гэв.

“И-Монгол академи” УТҮГ нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia" болон төрийн бусад системүүдийг хариуцан ажиллахын зэрэгцээ бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд нийгмийн зорилтот бүлгийн иргэд рүү хүрч ажиллах санаачилгыг гаргаж, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” Төрийн бус байгууллага /ТББ/-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог байдлаас шалтгаалж цахим ур чадварын хэрэгцээ шаардлага нь эрс тэс ялгаатай байдаг. Тиймээс “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газар нь харааны бэрхшээлтэй иргэдийн бодит хэрэгцээ, шаардлага, онцлогт нь нийцүүлж, үр дүнтэй ажиллахыг зорьдог төдийгүй харааны бэрхшээлтэй иргэдийн  төлөөллийг ажиллуулж, шаардлагатай ажлын байраар ханган ажиллуулж буй нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button