Ярилцлага

Loce: “Диско муужгай” дуугаар юу ч илэрхийлэхийг хүсээгүй, зүгээр л аальгүйтье гэж бодсон

“Диско муужгай” нэртэй уран бүтээлээ цацаад удаагүй байгаа, артист, продьюсер Loce буюу Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

-ХҮМҮҮСИЙН СӨРӨГ ХАНДЛАГАД НЭГ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨӨГҮЙ-

-“Диско муужгай” дууны клип цацагдсанаасаа хойш нэлээдгүй хандалт аваад байна. Энэ уран бүтээл дээр хэр удаан ажиллав, эндээс яриагаа эхэлье.

-Яг ажиллаж байх үеийнхээ бичлэгийг Инстаграм орчинд урьдчилан оруулж, “Ийм дуу хийх гэж байгаа шүү” гэсэн мессежийг түгээсэн юм. Гэтэл энэ бичлэгийг нэг фэйсбүүк хуудасны админ авч байршуулснаар маш олон хүний хандалтыг авсан. Үүнийг хараад "Яалт ч үгүй хурдан клипжүүлж гаргах ёстой юм байна, сонсогчид хүлээж байна” гэдгийг ойлгож, гүйцэтгэлийн ажлаа яаравчилсан гэж болно. Тэрхүү туршилтын бичлэг цацагдсанаас хойш гурав хоногийн дотор эцсийн хувилбараар бэлэн болгоод Youtube сувагт байршуулсан.

-Youtube-д байршаад дөрөв хонож байгаа юм байна.

-Тийм. Хүмүүсийн хандалт ер нь сайн байна шүү.

-Сонсогчдын олон янз сэтгэгдлийг хэрхэн хүлээж авч байна вэ? Клипний ерөнхий концепцийг олон нийт дэмжиж бас муучилж байгаа нь харагдсан.

-Дийлэнх нь эерэг хандлагатай байгаа. Энэ дуу дээр үеийн Deep Techno урсгалыг барьсан, ийм хэмнэл дээр үглэх, дуулах гэдэг бас тийм ч амар биш. Үзэн ядсан хандлага ирсэн ч эергээр хүлээж авахыг хичээж байна. Үүн дээр нэг их ач холбогдол өгч, санаа зовоод байх хэрэггүй гэж үздэг.

-ХУВИЙН КАРЬЕР ХӨӨДӨГГҮЙ, БУСДАД ЧАДАХ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ТУСЛАХЫГ ХИЧЭЭДЭГ-

-“Муужгай”-ны өмнө ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ?

-14, 15 настай байхдаа Latest гэдэг хамтлаг байгуулж, дуу хийдэг байсан. Тэрнээс хойш хөгжмөө хаяхгүй явсаар 2016 онд Backyard гэх шоунд оролцсоноор өөрийнхөө үеийн сонирхол нэгт залуустай танилцаж, Unbox гэдэг студийг байгуулсан. Энэ студийн ажлын хүрээнд өөрсдийн соло уран бүтээлүүдийг продьюсерлэн гаргаж эхэлсэн.

Ер нь 2016 оны үеэс Монголд энэ Trap урсгал хүчтэй орж ирэн, хүмүүс сонсдог болж эхэлсэн гэж би хувьдаа боддог юм. Яг энэ үед Squally Boys хамтлагаараа муулуулж, сайлуулан хамгийн өндөр хандалт бүхий Trap урсгалын дуунуудыг хийж, Youtube сувагт нэг сая хандалтын амжилт тогтоож байлаа.

Squally Boys-оос хойш хувийн уран бүтээл дээр нэг их ажиллаагүй. Энэ зун бол давгүй амжилттай. “Хөгжим Моб” гэдэг төсөл дээр продьюсэрээр ажиллаж, хуучны мартагдах шахсан дуунуудыг орчин үеийн өнгө аясад оруулж, шинэчлэн найруулаад хэд хэдэн уран бүтээл гаргалаа. Бас л нэг шинэ зүйл хийсэн гэж бодож байна. Яг одоогоор бол соло уран бүтээл дээр бага зэрэг анхаарсан байдалтай... “168” гэдэг шинэ залуу артисттай хамтран “Диско муужгай” дуугаа гаргасан.

-Ер нь ганцаарчилсан гэхээс илүү хамт олны шинжтэй уран бүтээл дээр ажиллаж ирсэн шиг санагдлаа?

-Тийм. Надад баг, хамт олон гэдэг үнэ цэнтэй ойлголт. Багаар ажиллаж, манлайлан удирдах дуртай. Дэргэдээ байгаа хүмүүстээ чадах мэдэх зүйлээ хуваалцаж, өөрөө бас суралцан хамтдаа хөгжихийг эрхэмлэдэг учраас нэг их соло уран бүтээл дээр ажиллахыг урьтал болгож байгаагүй. Ер нь л хувийн карьер нэг их хөөдөггүй.

Гэхдээ одоо хүртэл хамтран ажиллах чадвартай багаа бүрдүүлэх гэж хайсаар л явна. Аливаа зүйл хийхэд алдаа заавал гардаг, алдахгүй зүйл гэж байдаггүй гэдгийг ажиллаж буй хамт олондоо ойлгуулахыг хичээдэг. Бусдыг чадах чинээгээрээ тусалж, дэмжээд. Ер нь өөртөө байгаа зүйлээрээ бусдыг баярлуулах дуртай. Хариуд нь “Баярлалаа” гэдэг үгийг сонсох бас дуртай.

-14 настайдаа хамтлаг байгуулж байж. Ер нь хүүхэд насныхаа тухай товчхон яривал?

-Би унаган хорооллын хүүхэд л дээ. Хүүхэд насныхаа н.Энхманлай, н.Эрдэнэбилэг гэдэг хоёр найзтайгаа нийлж Latest нэртэй хамтлаг байгуулж байсан. 10 жилийн хүүхдүүд дунд хамтлагууд байдаг шүү дээ, түүн шиг л зүйл. Яахав амжилттай, охидууд дунд од л байдаг байв. Одоогоос долоон жилийн өмнө аж. Дууныхаа үгийг өөрсдөө бичдэг, аяыг ч тэгэсгээд ах нараас авчихдаг байсан.

Ер хүүхэд байхаасаа л ийм урсгалын хөгжимд дурлаж өссөн. Гадаадынх гэхээс илүү дотоодын хамтлаг, дуучдаа шүтдэг байсан. Хамгийн анх Камертон хамтлагийн /ямар нэртэйг нь мартаж/ нэг дууг сонсож, сэтгэгдэл авч байснаа санадаг. Цаашлаад Хар сарнай, Десант гээд л хамтлагууд олон. Яалт ч үгүй хүүхэд насны минь дурсамж. Ирээдүйгээрээ тэднээр л төсөөлдөг байв. Харин өнөөдөр тэдэнтэй мөр зэрэгцээд, шоу уран бүтээлүүд дээр продьюсерээр ажиллаад явж байгаадаа баяртай байдаг.

-Ирээдүйгээ тэднээр төсөөлдөг байсан гэлээ. Ийм уран бүтээлч болно гэдэг хүсэл мөрөөдөл хүүхэд байхаас нь л бий болсон байж? Гэр бүл нь яаж хүлээн авч байв?

-Тийм шүү. Ирээдүйд, хэзээ нэгэн цагт өөрийн чаддаг зүйлээр байлдан дагуулна гэж боддог, итгэдэг байсан.

Уран бүтээлч хүнд гэр бүл хамгийн чухал байдаг. Манай гэр бүлийн хувьд намайг 100 хувь дэмждэг. Намайг хэзээ ч буруу явахгүй гэдгийг мэддэг, итгэдэг учраас үргэлж дэмжсээр ирсэн. Би одоо 22 настай. Энэ хүртэл хийсэн бүх шийдвэртээ сэтгэл хангалуун байдаг. Би хүссэн цагтаа, хүссэн газраа байна.

-Нэгэнт ирээдүйгээ тодорхойлсон байсны хувьд өөр чиглэлийн их, дээд сургуульд элсэж ороогүй байх?

-Би Монгени цогцолбор сургуулийг дүрслэх урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиар төгссөн. Багаасаа л урлагтай холбогдож ирсэн маань энэ. Харин төгссөнийхөө дараа гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд СУИС-ийн харьа Радио, телевизийн сургуульд Кино найруулагч мэргэжлээр элссэн боловч хоёр жилийн дараа завсардсан гэж болно.

-ЧИНИЙ ОРСОН CLUB БҮРТ МИНИЙ ДУУ ЯВНА-

-Одоо энэ салбарт ажиллаж байгаа амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ? Яг юу урагшлуулдаг вэ?

-Хангалуун ш дээ. Би энэ зүйлээр л маргааш өглөө сэрэх эрч хүчээ босгодог. Энэ зүйлээр тойрон хүрээллээ үүсгэдэг, мөнгө олдог, гэр бүлдээ өөрийн хувь нэмрээ оруулдаг. Сэтгэл хангалуун.

Урагшлуулдаг зүйл... Ер нь л хайр шүү дээ. Хайр байгаа учир би урагшилдаг.

-Дурлалын хайр уу?

-Найз нөхдийн, ээж аавын гээд амьдралын бүх л төрлийн хайр. Амьдралаас авах аз жаргалаа хайртай л зүйрлэдэг. Маш хүчтэй зүйл гэж боддог. Яагаад ч юм би хийж байгаа энэ ажилдаа хайртай, тийм ч болохоор эрч хүчтэй урагшилдаг. Гэхдээ карьер хөөхдөө биш, хүссэн зүйлээ хийгээд аз жаргалтай амьдарч чадаж байгаа минь л хамгийн сайхан.

-Нэгэнт хайр ярисных, найз охин бий юу? Бүтэлгүй хайртай учирч, түүнийгээ уран бүтээлдээ тусгаж байв уу?

-Одоогоор ганц бие байгаа.

Эмэгтэй хүн эр хүний өөдлөх, уруудахад нөлөөлдөг гэж ярьдаг шүү дээ. Хайр, сэтгэл гэдэг зүйлээр дамжуулж эр хүний амжилтад шууд нөлөө үзүүлэх боломжтой гэж би өөрөө ч хардаг. Миний өнөөдрийн хүрээд буй тодорхой хэмжээний амжилтад ч бас эмэгтэй хүн нөлөөлсөн... “Би чаддаг, чаддаг байсан шүү гэдгээ ойлгуулна”. “Чиний орсон Club болгонд миний дуу явна” гэдэг ч юмуу, тэ?

Бүтэлгүй хайрын сэдэвтэй дуу хийж байгаагүй. Зүгээр хайрын тухай дуу бол олон. Би амьдралдаа орж ирээд гарсан бүх л эмэгтэй хүмүүст аз жаргалыг хүсдэг. Тухайн моментод хамтдаа аз жаргалыг бүтээж байсан эмэгтэйчүүддээ зориулж дуу хийсэн тохиол цөөнгүй. Гэхдээ нэг их шалдаа буутлаа хаягдаж үзээгүй ээ /инээв. Сурв/.

Бүтэлгүй дурлал байсан ч байж магад, байгаагүй ч байж магад. Нэг “экс”-ийн маань хэлсэн үг бий. “Би чиний амжилтад хүрэхийг хүлээж чадахгүй ээ” гэдэг үг. Энийг ер нь бол дандаа бодож явдаг. Тийм үг сонссон эрэгтэй хүний сэтгэл “ингээд” л явчихдаг юм билээ. Гэхдээ одоо би урагшилж байна, дэвшиж байна.

-Өөрийгөө хэр хүүхэмсэг залуу гэж хэлэх вэ?

-Өө, ер нь аальгүй ш дээ. Эр хүний мөн чанар талдаа бол эр хүн шиг байж чаддаг гэж боддог. Гэхдээ аальгүй. Яадаг юм, гоё шд.

-Гэр бүлийн хүмүүжлээс хэр их зүйл авсан гэж боддог вэ?

-Миний гэр бүлийн хүмүүжил маш сайн. Би доороо хоёр дүүтэй. Өнөөдрийг хүртэл нэг зүйлдээ тууштай явахад минь дэм болсон зүйл ерөөс гэр бүлийн хүмүүжил л гэж боддог юм. Аав маань их тайван, дөлгөөн хүн. Ээжтэйгээ голдуу ярилцдаг. “Аливаа зүйлд цаг хугацаа гэж бий. Цаг нь иртэл хөдөлмөрлө, аяндаа бүтнэ. Амжилт гэдэг зүйл цаг хугацаагаар ирдэг юм” гэсэн ээжийн маань үг сэтгэлд үлдсэн.

-БИД ДЭЭД ҮЕИЙН ХҮМҮҮСИЙГ ХҮЛЭЭХЭЭ БОЛЬСОН-

-Бас нэг сэдэв байна. Hip Hop, Trap урсгал сонсдог, уран бүтээл хийдэг залуусыг нийгмийн дийлэнх хэсэг эх захгүй, архи дарсанд донтсон, ёс зүйгүй гэж харах нь түгээмэл. Өөрийн чинь хувьд, хэр ёс зүйтэй хүн юм бэ?

-Би амьдралдаа ёс зүйтэй байхыг үргэлж хичээж явдаг гэж боддог. Аав ээж, удам судрынхаа нэр хүндийг хаана ч унагачихгүй, ухамсартайгаар биеэ авч явах хүмүүжил надад бий. Ер нь, “Би үүн дээр л алдаа хийчихлээ” гэж харамсдаг зүйл ховор. Харин бусдыг жаахан илүү хайрласандаа харамсаж байсан тохиолдлууд зөндөө бий. Зөвхөн эмэгтэй хүнээр хязгаарлагдахгүй. Найз нөхөд, танилууд, ах дүүс гээд л. 

Ээж минь их зарчимч хүн. Хар багаасаа олны дунд биеэ хэрхэн зөв, ёс зүйтэй авч явахыг заалгуулсан гэж хэлнэ.

Асуулттай холбогдуулан ярихад, хүмүүсийн аливаа зүйлийг гадаад байдлаас нь анхны сэтгэгдлээр дүгнэдгийг хувь хүнийхээ хувьд буруу гэж боддог. Энэ ч тэгээд угаас хүн төрөлхтний түүхэнд байсан, байсаар ч байх үзэгдэл биз. Уран бүтээлчид ч гэсэн бусдын адил хүн, наргиж цэнгэнэ, дурлана хаягдана, уйлна гутарна. Гагцхүү энэ бүгд олны нүдэнд ил байдаг учраас л илүүтэй гоочлуулах нь элбэг байдаг болов уу.

-Ирээдүйд хувийн карьерээ өсгөе гэсэн бодол байна уу, юуг зорьж байгаа вэ?

-Манай хөгжмийн зах зээл асар хурдтай тэлж байна. Шинэ үеийн залуус бид дээр байгаа үеийнхээ хүмүүсийг хүлээхээ больсоон. Гарт байгаа бүх л боломж бололцоогоо дайчилдаг, ашигладаг болсон. Дэлхийд гарах туйлын зорилго байна.

Цаашид продьюсер, менежер талдаа ажиллах бодолтой байна. Шинэ залуу артистуудыг тодорхойлдог, тэдэнд боломж олгодог, оюуны өмчийг хамгаалдаг боловсон хүчин болно. Ерөнхийдөө бүх л тал дээр чөлөөт уран бүтээлчийн замналаар амьдармаар байна.

-Артист нэрээ сольсон гэсэн?

-Тийм. G.Loc гэсэн нэрээ Loce болгосон. E нь Энхтүвшин гэсэн миний нэрний эхний үсэг.

-Ярилцлагаа дуусгахаас өмнө шивээсний чинь талаар сонирхмоор санагдлаа. Хэд орчим шивээстэй вэ, хамгийн хайртай шивээс нь аль вэ?

-Ер нь 30 орчим шивээс бий. Хуучны зүйлсэд дуртай, хуучин модаг эргэн дэлгэрүүлэхийг эрхэмлэдэг учир дээр үеийн өнгө аястай шивээснүүд багагүй бий. Хамгийн сонирхолтой нь гэвэл эрүүний доор шивүүлсэн нүд л юм даа. 2017 онд шивүүлж байсан, үүнийгээ нэг талаар хамгаалалт гэж боддог. Бүх шивээсэндээ л хайртай даа.

-Эргээд Диско муужгай дуу руу оръё. Анх ийм уран бүтээл хийх санаа хаанаас төрсөн юм бэ?

-Үүн дээр хамтарч ажилласан “168” нэртэй артист н.Тэнгис гэдэг залуу маань Мотр хэмээх хувцас загварын брендтэй л дээ. Бид хоёр найз нөхдийн харилцаатай. Хамт байх үедээ хөгжим хийх завшаан олдсон. Тэгээд л маазраан дундаас ийм дуу хийх санаа төрсөн. “Муужгай...” гээд л эхэлсэн.

Энэ дуугаар дамжуулж хүмүүст ямар нэг утга агуулга хүргэе гэж зориогүй. Зүгээр л Vibe өгье, чөлөөтэй аальгүйтье л гэж бодсон. Энийг харин Монголчууд эергээр хүлээж авсанд талархаж байна. Бид дууны үг зохион чаддаггүйдээ ийм дуу хийгээгүй. Сайхан үгтэй олон дуу бидний урын санд бий. 

-Клипэнд бүрдүүлсэн дүр төрх сонирхол татаад байгаа. Өөрсдөө бодож олсон уу, эсвэл угаас өөрийн чинь имиж цаашид ийм байх юм уу?

-Зүгээр л тийм байхыг хүссэн. Хүмүүс ийм, тийм хамтлагаас хуулбарласан байна гэж сэтгэгдэл бичсэн байсан. Би бол тэр хамтлаг, дуучдыг өмнө нь сонсож байгаагүй, мэдэхгүй юм билээ. Бусдын анхаарлыг татах гэж тэгж хувцаслаагүй, зүгээр л хүссэн.

-Ярилцанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
motr
motr
2019-10-11 12:03

Moтор биш МОТР шүү

оргил
оргил
2020-01-06 16:18

ийм нэг босоо жорлонгийн оочер болсон гарууд нэг дуу шиг юм хийчээд өвчин тусчих юм аа

Холбоотой мэдээ

Back to top button