Энтертайнмент

“Онцц дүмд” төслийн Дулмаа, Бүжин нарт дуу оруулсан С.Сэлэнгэтэй ярилцлаа

Дуучин Rokit Bay буюу О.Баярсайханы зохиолыг нь бичиж найруулсан "Онцц Дүмд ” цуврал 2017 онд үзэгчдэд хүрч, монголын кино урлагт нэгэн шинэ хуудсыг нээсэн. Нэг анги нь 20 гаруй минут үргэлжлэх, насанд хүрэгчдэд зориулсан тус хүүхэлдэйн кинонд дуу оруулагч жүжигчнээр ажилласан С.Сэлэнгэтэй бид энэ удаа ярилцлаа. Тэрбээр Дулмаа, Бүжин, Гарьдма, Сошиал од, Ууртай ээж, Фен клабын охины дүрд тус тус дуу оруулсан. Ууртай Дулмаа, ялдам Бүжин нарын эрс тэс дүрд нэг хүн дуу оруулсныг кино багийнхан сүүлд задалж, олны гайхшрал, бахархлыг төрүүлж байлаа.

ОНЦЦ ДҮМД ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ МИНЬ ҮНЭХЭЭР ХӨГЖИЛТЭЙ

-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? Сэйко гэдгээр нь хүмүүс мэддэг ч төдийлөн таны талаар мэдээлэл бага байдаг?

-Намайг Сэлэнгээ гэдэг. Найзууд, радиогийнхон, уран бүтээлийн нэр гээд янз бүрийн л нэртэй болж. Радиод би Фатима нэртэй ажилладаг байсан. Онцц дүмдд төслөөр Дулмаа, Бүжин нэртэй болж, найзууд Сэйко гэж дууддаг. Би СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Анх жүжигчнээр суралцаж байгаад хэсэг хугацааны дараа мэргэжлээ сольж найруулагч болгосон.

-Найруулагч мэргэжилтэй ч та одоо дуу оруулагч жүжигчин мэргэжлээр илүү мэргэшээд байх шиг. Энэ салбар руу хэрхэн хөрвөж орсон түүхээ хуваалцахгүй юу?  

-Их сонин шүү. Намайг хоёрдугаар ангид байхад анхны радионуудын нэг болох Эрх чөлөө радиод ажилладаг Төгсөө ах нэг санал тавьсан. “Миний дүү нэг их хөөрхөн хүүхдийн хоолойгоор зайрмагны рекламанд тоглох уу, ах нь чамд боломж олгоё” гэсэн. Хүүхэд байсан болохоор маш их айдастай “Би чадах болов уу” гэж хүлээж авсан. Тэр үед “Ангарская марожни” орж ирж байсан үе юм. Үүнээс хойш хүүхдийн дуу хоолой шаардагдахаар бол намайг дууддаг боллоо. Ингээд удалгүй хүнсний дэлгүүрийн реклам дээр “Ааваа, ааваа та надад гоё юм авч ирсэн юм уу” гэж хэлээд дүүгийнхээ хамт дуу оруулж байснаа санадаг.

Би дуу, бүжигт их дуртай хүүхэд байсан. Өөрийн бүжгийн хамтлаг хүртэл байгуулж явсан үе бий (инээв. сурв) Дараа нь дуулах ур чадвараа хөгжүүлэхээр “Nature sound” студид хүртэл явж байсан.

-Радио фм-д ажилладгаар чинь мөн хүмүүс танина. Харин зарим нь тэр бүр мэдэхгүй шүү дээ. Хэрхэн радиод хөтлөгч болж орж байсан юм бэ?  

-Радио телевизийн сургуульд ороод, хоёрдугаар курст байхад манай сургуулийн залуу надад өөрийн ажилладаг радиод шалгуулаад үзэхийг санал болголоо. “Танайх ямар радио юм” гэтэл, тухайн үед залуусыг ид байлдан дагуулж байсан радио “Life” буюу 104 радио маань байлаа. Шинэ хөтлөгчийн орон тоо гарч, Аманда маань АНУ-руу явахаар болсон байв. Оронд нь шинэ дуу хоолой хайж байгааг дуулгахад нь би “Өө, танай радио юу, танайхан дэндүү чөлөөтэй, галзуу шүү дээ, би ч чадахгүй байх” гээд л өнгөрсөн. Гэтэл тун удалгүй тухайн үеийн 104 радиогийн захирал над руу залгалаа. “Сайн байна уу, 104 радиогийн захирал Үйлстөгөлдөр гэж хүн байна, чамайг манай хөтлөгч залуу Жошуа их мундаг гэсэн болохоор өөрийн тань дуу хоолойг сонсож, тохирох үгүйг шалгаж үзмээр байна” гэсэн санал тавьсан. Айдастай байсан ч өөрийгөө нэг удаа ч болов сорьж үзэхээр шийдээд явж очлоо.

Очтол “Энэ бол Монголын фм радиогийн хамгийн мундаг дуу оруулж байгаа эмэгтэй” гээд нэг бүсгүйн дуу хоолойг сонсгодог юм байна. Би ч сонсож үзээд хээв нэг “Өө, энийг чадна шүү дээ” гэчихсэн, жаахан хүүхэд өөртөө хэт итгэлтэй ингэж хэлсэн нь тэднийг их гайхшруулсан байх. Ингээд надад янз бүрийн рекламны текст өгөөд л, тэр бүрийнх нь дууг оруулж өгсөн. Тэдний төсөөлснөөс илүү байсан болоод ч тэрүү, Үйлсээ уулга алдаж байсныг нь санадаг. Гэсэн ч “Хүмүүсээ шалгаж байгаад маргааш, нөгөөдрөөс хариу өгье” гэлээ. Маргааш нь миний утас дугарсан. Тэр өдрөөс л хойш энэ салбартай амьдрал минь холбогдсон юм болов уу. Миний авьяасыг нээж өгсөн хүн бол яах аргагүй Үйлстөгөлдөр захирал байсан.

АХГҮЙ БОЛОХООР ХООЛОЙНХОО ӨНГИЙГ ӨӨРЧИЛЖ БАЙГААД УТСААР ЯРЬЖ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛДАГ БАЙВ

-Тухайн үед залуусын дунд радио фм яг л тренд болж, түүгээр амьсгалж байлаа шүү дээ. Одоо харин фм-ийн хөтлөгчдийг хэт их задгай ярьдаг байсан зэргээр их шүүмжлэх болж. Хөтлөгчид та бүхэн тухайн үед тэндээс юуг суралцаж, юу мэдэрч байв?

-Би тухайн үед яг тэнцвэрийг нь олохын тулд өөр түвшнийх байх гэж хичээж байсан. Яагаад ч юм, жаахан хүүхэд мөртлөө их хөгшин хүн шиг ярихыг хичээдэг /инээв. сурв/. Гэрийн хөгжим хөтөлбөр эхэллээ гэхэд л “Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сонсогчид оо, Гэрийн хөгжим хөтөлбөр эхэлж байна” гээд л /хэрхэн хөтөлснийг аудио хэсгээс сонсоно уу/ их л намбатай, буурьтай, суурьтай ярих гэж хичээнэ. Хүн болгоны төсөөлөлд фм-ийн хөтлөгчийн талаар нэг дүр буучихсан байдаг шиг, намайг харсан хүн бүр л “Өө, чи чинь ийм жаахан хүүхэд байсан юм уу” гэдэг байлаа. Тухайн үед маш сайхан санагддаг байсан зүйл нь сонсогчид, хөтлөгчид хоорондоо маш халуун дулаан харилцаатай. Сонсогчид “Манайд ирээрэй, манай ажил дээр ирж хоол идээрэй, зочлоорой” гэнэ. Хүүхдүүд чихмэл тоглоом их илгээж, захиа бичнэ. Энэ бүхэн миний хувьд маш сайхан дурсамж болж үлдэж.

-Мэргэжлийн талаасаа та радиогоос юу сурав? Магадгүй хоолойныхоо өнгийг олон талт байдлаар хувиргах, илүү суулгах гэх мэтэд илүүтэй суралцсан болов уу?

-Хоолой хувиргах тал дээр надад ах байдаггүй учир өмгөөлөх хамгаалах хүнгүй гэдэг утгаараа хоолойнхоо өнгийг өөрчилж байгаад л хүмүүстэй утсаар ярьчихдаг байсан /инээв. сурв/. Өөрийгөө хамгаалж байгаа царай нь тэр. “Өө чи яах гээд байгаа юм бэ, ах нь байна” гээд ярихад хүмүүс итгэчихдэг л байсан. Мөн Жим Керриг үзэх их дуртай. Нүүрний мимик, дуу хоолойгоо хувиргаж буй байдлаас нь их ч суралцсан. Гадаадын телевизийн дуу оруулагчдын хоолойг мөн их дуурайдаг байлаа.

-Та радиодоо хэдэн жил ажиллаад гарсан юм бэ?

-3-4 жилийн хугацаатай ажилласан. Цаг наргүй ажил тул сургуулиа төгсөхөд жаахан хүндрэлтэй болсон. Тэгээд л ажлаасаа гарсан даа.

-Сургуулиа төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажилласан уу?

-MN25 телевизийн Өглөө хөтөлбөр дээр ажиллаж байсан. Мөн “Хүүхэд асрагч” нэртэй хүүхдийг олны танил хүмүүс асардаг нэвтрүүлэгт ажиллаж байсан. Үүнээс өмнө буюу сургуулиа дөнгөж төгсөөд “Стар” телевизэд ажиллаж байгаад удирдлага солигдох үеэр телевизээ гарсан. MN 25 телевизээс гараад хэсэг хугацаанд ажиллахгүй байж байгаад “Vibe 105.5” радиод Фатима нэрээрээ ахин хэсэг хугацаанд ажилласан шүү.

НАЙЗУУД ДУЛМААГИЙН ДҮРИЙГ ХАРАХААРАА “ЧАМАЙГ ХАРААД ЗУРЧИХСАН ЮМ УУ” ГЭДЭГ

-“Онцц дүмд” төсөлтэйгөө та хэрхэн холбогдсон бэ?

-Маш хөгжилтэй түүх шүү. Рокит Бэйд манай дүү намайг санал болгосон юм билээ. “Манай эгч реклам сурталчилгаанаас эхлээд олон юманд дуу оруулдаг, чи юу ч гэсэн шалгаад үзээч” гэж. Тухайн үед Онцц дүмд төсөлд маш олон дуу оруулагчдыг хайж байсан. Гол дүрүүдийн нэг болох Дулмаагийн дуу хоолойд таарах хүнийг их удаан ч хайсан гэнэ лээ.

Ингээд над руу нэг текст чатаар “шидтэл” архины тухай байдаг юм байна. Гайхлаа. “Архины эсрэг сурталчилгаа юм болов уу” гэж бодоод яг л тийм темпээр уншчихсан. Надад тухайн үед юу ч тайлбарлаж хэлээгүй учраас би ч юу ойлгоогүй, өөрийнхөөрөө л уншчихав. Хүмүүс угаас гоё сайхан хоолойнд дуртай байдаг болохоос муухай, бархирсан, амьсгаадсан хоолой хүсэж байна гэж ойлгоогүй. “Гөлийсөн муухай балиар юм чинь яах гээд архи мархи уугаад байдаг юм” гээд л уншаад явуултал, хариуд нь “Дахиад илүү жаахан ааштай” гэж байна. Би ч бүр их гайхав, ямар сонин юм бэ, яах гээд байгаа юм болоо гэж бодсон ч бүр илүү ааштай уншаад, хүчээ нэмээд илгээлээ /инээв. сурв/ Гэтэл “Юу ч гэсэн манай студид хүрээд ир” гэж байна.

Явж очлоо. Дуу оруулалтын өрөөнд нь ороод нөгөө л текстээ ахиад унштал Рокит Бэй намайг дуудаж, өрөөнөөс гаргаж ирээд “Энэ бол 40 арай хүрээгүй, 30 орчим насны их ааштай, жаахан махлаг” л гэж байна. “Аан за, тэгээд яг юу юм бэ” гэж асуусан ч “Ааштай маягийн хүнийг л төсөөлөөд нэг яваад өг” гэдгээ ахин хэлэв. Би ч бодож бодож “эсвэл Кондуктор юм уу, кондукторууд чинь л ааштай, амьсгаадсан хүмүүс байдаг биздээ” гэтэл “Кондуктор аа?” гэчхээд өөр юм хэлсэнгүй.  

Ингээд өрөөндөө ахин орлоо. Амьсгаа хүрэхгүй хэсэг дээр хүн яах аргагүй амьсгаагаа таллаж тасдаад, муухай дуугардаг. Тийм дуу гаргатал “Воо, наадах чинь яг л болж байна” гэдэг юм байна. “Ийм муухай юманд дурлаж байгаа юм байх даа” гэж дотроо бодсон ч яг л хүссэнээр нь “Гөлийсөн муу архичин чинь” гээд хэлтэл тэр хоёр бөөн баяр болоод, алга ташаад л явчихлаа. Гарч ирсэн хойно харин надад хийх гэж буй дүрүүдээ үзүүлээд, Монголд ийм нэг аннимейшн хийх гэж байгаагаа тайлбарласан. Үүний гол дүрийн гурван жүжигчин Сандаг, Дамбажаа, Дулмаа гурвын эмэгтэй дүр буюу Дулмаагийн дүрийг хайж байсан, одоо олчихлоо гэлээ. Би ч дүрээд хараад шууд л ойлгосон. Найзууд Дулмаагийн дүрийг харахаараа “Чамайг хараад зурчихсан юм уу” гээд байдаг /инээв. сурв/ Уг нь үгүй шүү дээ, өмнө нь зурагдчихсан байсан юм.

-Дулмаагийн дүрийн юу нь танд хэцүү байв?

-Дулмаа их ааштай болохоор зүрх савлачихна. Эхний хоёр ангийг явснаас хойш миний санаа сэтгэлээс гарч өгдөггүй. Хүмүүс дүрээсээ гарахгүй яваад байна гэдэг шүү дээ. Утсаа авахдаа хүртэл “Байна уу” гээд л ааштай Дулмаа шиг авна. Нэг үе баларсан шүү.

ОНЦЦ ДҮМД БАГИЙНХАН ХАМТДАА СУУГААД ДУУ ОРУУЛДАГГҮЙ, ТУС ТУСДАА ДУУГАА ОРУУЛААД, СҮҮЛД НЬ ЭВЛҮҮЛДЭГ

-Дулмаагаас гадна Бүжингийн дүр тань маш олон хүний сэтгэлд хүрсэн шүү дээ. Нэг дүрийнхээ хажуугаар тэс өөр, эсрэг дүр гаргах санааг та өөрөө гаргасан уу? эсвэл танд санал болгов уу?

-Аннимейшнд ашиглах эмэгтэй өөр нэг дүр хайж байгаа, тэр нь секси, гоё хоолойтой байх ёстой. Ийм эмэгтэй хаанаас олох вэ гээд манайхан хэлж байна. Би тэднээс “Та нар хэнийг байлгамаар байна, хэнийг тийм секси хоолойтой гэж боддог юм. Одгэрэл үү? Усны Ука юу? Дуучин Ану юу?” гэлээ. Гэтэл тэд “Тэгвэл чаддаг юм бол бүгдийг нь холиод нэг секси хоолой гаргачих аа” л гэж байна. Би ч хэлдэг үгээ хэллээ, “Чадна шүү дээ” гээд л дуу оруулалтын өрөөндөө ороод ярьж үзүүлэв. Тэд ч шоконд орсон. “Пээ, чамаас ийм хоолой гардаг юм уу” гэж тэд хүлээж авч билээ.

Би жаахан байхаасаа л элэглэл хийх гэж оролддог байсан болохоор Бүжингийн хоолой дөхөм байсан. Харин Дулмаад дуу оруулахад л бага зэрэг хэцүү байсан. Гэвч аль аль нь миний хувь хүний зан чанарт байдаг болохоор гаргахад илүү амархан байсан.

-Дүр дүрслэл нь хэдийгээр өмнө бий болчихсон байсан ч та дуу хоолойгоор тэднийг амьдруулж байгаагийн хувьд дүрээ судлах, сэтгэлзүйг нь ойлгох шаардлага мэдээж гардаг байх? Энэ тал дээр хэрхэн ажиллаж байв?

-Хамгийн түрүүнд ойр дотныхоо хүмүүсийг ажиглана. Гадуур явж байгаа ааштай хүмүүсийг ч анзаарна. Угаас нийгмийн харилцаанд байнга оролцдог учир тэр бүрт туршлага, мэдээлэл авна. Би өөрөө найруулагч, жүжигчин мэргэжлээр суралцаж байсан болохоор хувь хүмүүсийн хандлага, төлөвшил нь харагдах байдалдаа хэрхэн тусдаг болохыг гадарладаг. Энэ үүднээс дүрээ ч мөн тэгж л ажиглаж, ажилласан.

-Хамт ажиллаж байсан уран бүтээлчид тань хамтдаа нэг өрөөнд дуугаа оруулаад суухаар түшигтэй байв уу?

-Бусад газрууд бөөндөө сууж байгаад дуугаа оруулдаг шүү дээ. Манайхан харин тус тусдаа, хэзээ ч хоорондоо харилцаа үүсгэхгүй дуугаа оруулсан. Өөрөөр хэлбэл, хүн нэг тус бүр дуугаа оруулаад сүүлд нь нэгтгэнэ. Энэ тал дээр би Рокит Бэйг маш өндөр мэдрэмжтэй гэж үнэлсэн. Яах аргагүй киногоо өмнө сэтгэлдээ буулгачихсан,  жүжигчнээс яг л тэр ритм, хэмнэлээ авна гэж бодож байсан тул сүүлд нь эвлүүлгээ хийсэн.

-Тэгвэл ганцаараа яриад л суусан байх нь ээ?

-Тийм. Ганцаараа л яриад суусан /инээв. сурв/. Тухайн агшныг нүдэндээ буулгаад л уншина. Ойлгохгүй байгаа хэсэгт мэдээж найруулагчаас заавар, зөвлөгөө аваад үргэлжлүүлдэг.

-Нэг улирлын ангиуд дээр уран бүтээлчид хэр удаан хугацаанд ажилладаг вэ?

-Нэг улирлын 10 анги бүтэн нэг жилийн хугацаанд хийгдэж байсан. Яах аргагүй нэг уран бүтээл дээр дөрөвхөн уран бүтээлч залуу үйл хөдлөл, дүрслэл, зохиол гээд байж болох бүгдийг бүтээсэн. Тэд нэг анги дээр хоёр сар ажиллаж байсан.

ЧИ АМЬДРАЛ ДЭЭР ХЭНИЙХ НЬ ХООЛОЙГООР ЯРЬДАГ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУДАГ

-Нэгэнт “Онцц дүмд” төслийн багийн гишүүн болчихсон тул хурдхан бүтээлээ үзэгчдэдээ хүргэхсэн гэх их хүлээлт, хүлээлтийн дараа олон нийтийн дунд цацагдахад үзэгчдийн хэрхэн хүлээж авч буйг харсан мэдрэмжээ хуваалвал?

-Тэр үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж. Хүн бүрт өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл байдаг. Түүний минь нэг биелэлээ олсон учир маш сайхан байсан. Тухайн үед “Монгол тв” дээр нээлтийн үйл ажиллагаа болж, орж ирсэн цагаас эхлээд л бидний бүтэн нэг жил ажилласан бүтээлийг хүмүүс үзэхээр хүлээлттэй зогсож буй нь, дүрүүдийг маань хаа сайгүй хэвлэж наасан, постерууд байршуулсан байдал нь үнэхээр сайхан. Маш олон хүн байсан, маш их ч сандарсан. Олны танил уран бүтээлчид, кино телевизийн салбарынхан ирж телевизээр цацагдахаас хоёр хоногийн өмнө үзүүлсэн. Кино дуусахад “яах бол” гэсэн айдастай хүмүүс рүү хартал бүгд алга ташихад сэтгэл их хөдөлсөн, төсөөлж байснаас ч гоё байсан.

-Тэд тантай сэтгэгдлээ хэрхэн хуваалцав?

-Дулмааг бол ойлгож байна, харин чи үнэхээр Бүжин мөн юм гэж үү их асуусан.

-Бүжин шиг ярьж үзүүлээч гэж олон хүн танаас хүсдэг байх даа?

-Тийм шүү, маш олон хүн “Чи амьдрал дээр хэнийх нь хоолойгоор ярьдаг юм, Дулмаа шиг хүн юм уу, Бүжин шиг хүн юм уу” гэнэ. Би ч яг л голынх нь хүн гэж хариулдаг. Хүн уур хүргэвэл магадгүй Дулмаа шиг аашилна шүү дээ.

-Онцц дүмд төсөл хэзээнээс үргэлжлэх бол?

-Үнэхээр хэлж мэдэхгүй байна. Манай Монголд маш олон залуус хийж бүтээе, чадна гээд явж байгаа. Гэвч уран бүтээлчдийг дэмжих дэмжлэг, хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ байхгүй бол уран бүтээлчид яг л зогсчихдог. Мөн кинонууд хулгайгаар их тардаг. Гэтэл уран бүтээлчид түүнээс л хөрөнгө мөнгө босгож дараагийн уран бүтээлдээ зориулдаг шүү дээ. Энэ тал дээр жаахан асуудалтай. Нөгөөтэйгүүр, хүлээн авч үзэж байгаа үзэгчид бусад оронтой харьцуулахад цөөн учир асуудал.

-Магадгүй танай төслийнхөн өөр ямар нэгэн төсөл дээр хамтарч ажиллахаар төлөвлөсөн эсвэл ажиллаж байгаа юу?

-Байгаа байх гэж бодож байна. Нэг нууц задлахад Дамбажаагийн дүрд дуу оруулдаг Оргил бид хоёр хамтарч хүүхдийн өөр нэг аннимейшн дээр ажиллаж байгаа. Мэдээж үүнд ч бас хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа /инээв. сурв/

ЧИНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ НЭЭХ ХҮНИЙГ ОЛТОЛ ӨӨРИЙГӨӨ БҮҮ ГОЛООРОЙ

-Та хүмүүсийн сайн мэддэг рекламуудаас ямарт нь дуу оруулж байв? Уншигчдад маань сонирхуулбал?

-Их олон рекламд дуу оруулжээ. Хамгийн сүүлд Шангри-Ла моллын Шангри-Ла фэйшн вийк гэсэн рекламд дуу оруулсан.

https://www.facebook.com/TESOcorp/videos/851787088168565/?v=851787088168565
https://www.facebook.com/276642326597060/videos/446669199238013/?v=446669199238013

-Дуу оруулагчид жүжигчидтэй харьцуулбал биеийн хөдөлгөөн хийхээс илүүтэй яг л ширээний ард суугаад амаараа жүжиглэдэг шиг. Өмнө өөр нэг дуу оруулагчтай ярилцаж байхад дуу оруулагч жүжигчний мэргэжлийн онцлогийг магадгүй үүнд байдаг юм болов уу гэж бид ярьсан. Та энэ онцлогийг хэрхэн хардаг вэ?

-Хөдлөхгүй байна гэж хэлж болохгүй байх. Би дуу оруулах өрөөндөө орчхоод яг л тухайн үйл хөдлөлөө бүгдийг нь хийж л байдаг. “Үгүй ээ чи муу” гэхдээ гараа зангидаад л, хөлөө дэвсэх үедээ ч хөлөө дэвсэлнэ. Мэдээж чимээгүйхэн л хөдлөөд л байна. Дулмаагийн хувьд улирлын туршид уурладаг учир маш их сэтгэл хөдлөл гаргаж, түүнийгээ дагаж хөдөлдөг. Заримдаа Дулмаагийн дуу оруулалтыг хийгээд хэсэг хугацаанд тайвширч чадахгүй, ажлаа зогсоогоод ус ууж тайвширна. Сэтгэлзүйн маш том өөрчлөлтөд гэнэт л орчхож байгаатай адил.

-Та цаашид ямар зорилготой байна вэ? Уран бүтээлч хүний хувьд юу хийе, эхлүүлье гэсэн бодолтой байна?

-Хүн бүр боломж нь байвал бүх зүйлд өөрийгөө сорьж, зориглож үзэх бодолтой байдаг болов уу. Хязгааргүй. Боломж нь байвал бүгдийг нь хийнэ дээ.

-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Ярилцлагын сүүлийн асуултыг танд үлдээе.

-Баярлалаа. Өмнө хэлсэнчлэн Монголд маш олон авьяаслаг залуус байдаг. Тэднийг өөрийгөө битгий голоорой, ямар нэгэн байдлаар үргэлж боломж олддог. Би сүүлд нэг өгүүллэг уншсан. Түүнд өгүүлснээр “Аав нь хүүдээ нэг хуучин цаг өгөөд банканд очоод хэдэн төгрөгөөр авахыг нь асуугаад ир гэдэг. Хүү эргэж ирэхдээ 5 доллараар авна гэж байна гэв. Аав нь ахиад түргэн хоолны газраас асуугаад ир гэв. Хүү ч ахиад л 5 доллар хүрэхгүй үнээр авна гэж байна гэсээр ирлээ. Тэгвэл одоо музейд очоод хэдэн төгрөгөөр авахыг нь асуу гэж аав нь хэлэв. Хүү явж ирээд “Ааваа үнэхээр гайхамшигтай зүйл боллоо, сая доллараар авна гэж байна” гэнэ. Аав нь хариуд нь “За тэгвэл чи өөрийгөө үнэлэгдэх газар очих хүртлээ өөрийгөө гололгүй яв” гэжээ. Чиний авьяас чадварыг нээх тэр хүнийг олтол өөрийгөө битгий голоорой гэж залуустаа захья.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

БАЙРШИЛ: @Bee art studio

https://www.facebook.com/110078600351765/photos/pcb.110217013671257/110214783671480/?type=3&theater
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button