Нийгэм мэдээ

Цасан шуурганы улмаас хоёр аймагт 216 мал хорогджээ

Увс болон Ховд аймагт өнгөрсөн ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр цасан шуурганы улмаас 12 өрхийн 144 бог мал, 72 бод мал хорогджээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр тухайн өдөр,

  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт нэг өрхийн 60 бог мал,
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт нэг өрхийн 75 хонь, есөн ямаа,
  • Ховд аймгийн Дөргөн сумын нутагт Увс аймгийн Наранбулаг сумаас отор нүүдлээр явсан 10 өрхийн 72 үхэр цасан шуурганы улмаас хорогдсон байна.
  • Мөн шуурганы улмаас Увс аймгийн Өндөрхангай суманд хоёр айлын гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Түүнчлэн мал хариулж яваад сураггүй алга болсон дөрвөн малчныг эсэн мэнд олсон бөгөөд хоёр нь осголттой байсан тул сумын эмнэлэгт хүргэсэн байна. Тухайлбал,

  1. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт мал хариулж яваад сураггүй алга болсон малчин, Б-г алга болсноос хойш 24 цагийн дараа малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн,
  2. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт мал хариулж яваад яваад сураггүй алга болсон малчин А-г гэрээсээ гарснаас хойш мөн 24 цагийн дараа гэрээс нь урд зүгт 13 км-т орших газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн,
  3. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутгаас автомашинтай гараад сураггүй болсон малчин Ж-г гэрээсээ гарснаас хойш 26 цагийн дараа сумын төвөөс зүүн урд зүгт 37 км-т автомашинтайгаа цасанд суусан, бага зэргийн осголттой байсныг олж сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн,
  4. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгийн малчин М нь мотоциклтой малаа хариулахаар гараад сураггүй болсныг гурван цагийн дараа гэрээс нь зүүн урд зүгт 10 км-т орших газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга байх талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа тул иргэдийг цасан шуурганаар зорчихгүй, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг мөрдөхийг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button