НИЙГЭМНийгэм мэдээ

"Болор цом"-ын тусгай байрын шагналт Ц.Гончиг Г.Сэр-Одын шагналт яруу найрагч боллоо

Залуу яруу найрагч Ц.Гончигийг Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналаар шагнажээ. Энэхүү шагналыг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар 1990 онд бий болгож, шилдэг бүтээл туурвисан залуу зохиолчдод олгохоор шийдвэрлэсэн байдаг билээ.

Ц.Гончигийн хувьд 40 дэх удаагийн "Болор цом" наадамд оролцож, тусгай байр эзэлсэн юм.

Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо аж төрж, уран бүтээлээ туурвидаг. Яруу найргийн төрлөөр “Дээврээс дуслах хавар”, “Цэцгийн нэртэй сууринд” номуудыг хэвлүүлсэн билээ. 

"Болор цом"-ын тайзнаа уншсан түүний шүлгүүдийг сонирхуулж байна.


Ээж минь ганцаараа хөзөр тоглож сууна.
Эхэлж явснаа нөгөө талаас нь дарж 
Эргүүлж гаргасанаа дийлэлгүй атгаж байна. 
Энэ ширээний нөгөө талд хүү минь байгаа гэж төсөөлөхөөр 
Эрх ачдаа ижий минь хэргээр хожигдох нь мэдрэгдэнэ. 
Ийм л өрөвчхөн ижий минь ганцаар хөзөр тоглож сууна 
Улнаас татсанаа  эвлүүлж дуусаад мууг нь шиднэ 
Урьдаж атгасанаа унтуулж орхиод ахиад л гарна 
Ирсэн хөзрөө дарах  гэж их л удаан бодож суугаа 
Энэ тоглоомын нөгөө талд аав минь суугаа гэж төсөөлөхөөр 
Эрхлэн туних ээж минь хожиж байгаа нь үзэгдэнэ. 
Ийм л жаргалаар ижий минь хөзөр тоглож сууна 
Өөр лүү гээ явж, өөрийнхөө модыг дарсаар 
Өөрийгөө хожиж, өөртөө бас хожигдож байна. 
Өгөө аваа тэнцүүхэн тоглож суугаа таны минь 
Өрөөтэй ширээний эсрэг нь бурхан байгаа гэж төсөөлөхөөр  
Ижилхэн хоёр бурханаас таныгаа би ялгахгүй. 
Ээж минь заавал дийлэх юм шиг итгэл сүслэл төрж байна. 
Эвийдээ!!! 
Ижий минь ингэж хөзрөөр тоглож сууна 
Энэ хорвоо харин ээжээр минь хөзөр шиг л тоглож байна.


Номон завсар хавчуулаад мартсан
Ногоон навчнаа яруухан үгс дуурайжээ
Урвуу баралсан шүлгийн мөрийг шивнэхүй
Уруулан судлаар нь минь навчны хэлбэр гэрэлтэв
Түгэн гэрэлтсэн уруулаараа чамайгаа үнсэхэд
Түрүүхэн уншсан шүлгийн санаа хацарт нь үлдэв
Инээмсэглэхэд чинь бүдгэрээд уйтгарлахад нь тодрох
Ийм л шүлэг бичих гэж би хичнээн шөнө суулаа даа
Навчин дотор шүлэг буйг олж үзээд
Нарны сөргүү өргөхөд алтан илтэс нь гэрэлтэв
Асан туяарах навчны сүүдэр нь нүүрнээ тусаад
Анис хийсэн нүдэнд минь амжиж шингэн суув
Шидийг олсон нүдээр чамайгаа ширтэхэд
Шүлгийн мөр бүр үсэнд чинь хувилаад үлдэв
Санчигнаас чинь эхлээд гэзэг дүүрэн мөнгөрөх
Сайхан үгсийг сүлжих гэж би хичнээн ч өдөр суулаа даа
Хуудас дотор нуугдсаар хуудас болсон тэр навчийг
Шүлэг дотор оршсоор шүлэг болсон энэ навчийг
Хоёр гартаа үйрүүлэхэд алтан үсэгнүүд нь тунаад
Хуруу, алганы хээгээр гольдрол татан дүүрэв
Бэх шингэсэн алгаараа чамайгаа илбэхэд
Бичсэн шүлгийн бадаг хүрсэн бүхэнд минь үлдэв
Дараа төрөлдөө ч таних ийм тэмдэгийг үлдээх гэж
Дахиад л нэг навчийн номон завсраа нандигнав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button