Улс төрийн мэдээЭдийн засгийн мэдээ

Б.Жавхлан: Засгийн газар 2024 он хүртэл бонд гаргахгүй байх чиглэл баримтална

Бондын өр төлбөртэй холбоотой асуудлаар Засгийн газрын мэдээллийн танхимд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

-Чингис бондыг төлж дуусгалаа-

Тэрбээр "Өчигдөр /2022.12.05/ цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байсан ч үүссэн нөхцөл байдлын улмаас чадаагүй. Тиймээс өнөөдөр /2022.12.06/ бондын өр төлбөртэй холбоотой мэдээлэл өгье.

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш анх удаа Засгийн газрын арилжааны бондыг олон улсын зах зээлд арилжаалж эхэлсэн.

1990-2012 оны хооронд хөгжлийн зээлүүдийг нийгмийн хөнгөлөлттэй урт хугацааны хэлбэрээр авч, төсөвтөө ашиглаж байлаа. Төсөв хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой, Засгийн газрын гаргасан Чингис бондын эцсийн төлбөрийн 137 сая ам.долларыг Сангийн яаманд төлөх үүргийг Ерөнхий сайд өчигдөр хүлээлгэн өгсөн. Улмаар цаг хугацаанд нь бүрэн барагдуулж дууслаа" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Засгийн газрын хувьд бүх хүү, үндсэн зээлийн хамт хариуцлагатайгаар төллөө. Зээлийн ашиглалтын чанар ямар ч байсан, нөхцөл байдлаас үл хамаарч бид бондын өрөө төлж дуусгахгүй бол дефолт болох эрсдэлтэй байдаг. Тухайлбал, бид нэг жилийн өмнө "Century" бондын төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс 600 сая ам.долларыг 5.1 хувийн хүүтэй Чингис бондын хэсгийг 3.5 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай болгож, төвсийн дарамтыг хойшлуулсан.

"Century" бонд гараагүй бол энэ жил нэг тэрбум ам.долларын дарамтыг валютын нөөцдөө авах байв. Үүнийг урьдчилан тооцоолж, арга хэмжээ авсан тул энэ жилийн өрийн дарамт тодорхой хэмжээгээр буурсан" гэлээ.

Товчхондоо Чингис бондын эргэн төлөлтийн дийлэнх хувийг Улсын төсөвт тусгаж, төлж барагдуулсан юм.

-Чингис бондоос юу үлдсэн бэ-

Чингис бондын анхны төслийг 2013 оны зургаадугаар сард гаргасан. 2014 онд Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг бүрэн ашиглаж эхэлсэн байна. Чингис бонд орж ирсэн ч дотооддоо хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь байгаагүй ажээ.

Энэ талаар Б.Жавхлан "Бид Чингис бондын алдааг давтаж болохгүй. Чингис бондын 13 хувийг банкуудаар дамжуулж, зээл гаргасан. 26 хувийг нь Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн төслүүдийг санхүүжүүлсэн. Харин үлдсэн 63 хувь нь төсвийн шинжтэй санхүүжилтэд зарцуулсан юм. 2012 оноос хойш 540 сая ам.долларын хүү төлсөн. 264 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлж барагдуулав. Бусдыг нь зохицуулсан. Цаашдаа бид хөрөнгийн зах зээлд богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны бонд гаргаж болохгүй хэмээн УИХ-аас гаргасан дунд хугацааны гэрээтэйгээр Засгийн газар үүрэг авсны хүрээнд 2024 он дуустал ажиллах болно" хэмээв.

Тэрбээр үргэлжлүүлэн "Төсөл хөтөлбөрүүд нь бэлэн байхад төслүүдээ санхүүжүүлээд, бондын хугацаанд нь тухайн төслүүд үр өгөөжөө өгч, манай улсын валютын нөөцийг нэмж, түүгээрээ бондын өрөө төлдөг байх хэрэгтэй. Тиймээс дараагийн дунд болон урт хугацаанд гадаад зах зээлд болгоомжтойгоор, олон улсын хөрөнгө оруулагчидтай ижил түвшинд ажиллах ёстой гэх зарчмаар ажиллана" гэлээ.

-Чингис бондоос санхүүжсэн Хөгжлийн банкны өр-

Тус бондын эх үүсвэрээр санхүүжүүлсэн Хөгжлийн банкны өрийн талаар мэдээлэл өглөө.

Б.Жавхлан "Хөгжлийн банканд 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээл үлдсэн. Одоогоор 810 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлсөн. Он дуустал нэг их наяд төгрөгийн эх үүсвэрийг цуглуулахаар ажиллаж байгаа. Ирэх жилийн есдүгээр сарын 25-нд төлөх Евро бондын 500 сая ам.доллар болон арванхоёрдугаар сарын 20-нд төлөх Самурай бондын 30 тэрбумын иен бол Засгийн газрын баталгаатай юм. Самурай бондыг анх гаргаж байх үед 285 сая ам.доллартой тэнцэж байсан. Эргэн төлөгдөх үед иений ханш унаснаас шалтгаалж 225 сая ам.доллар болж байгаа" хэмээн мэдээлэл өгөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button