дэд онцлохНИЙГЭМНийгэм мэдээ

Тэд юун дээр алдсан бэ: Яруу найрагч Д.Галсансүх, зураач Б.Баярцэнгэл нарын маргаан

Яруу найрагч Д.Галсансүх, зураач Б.Баярцэнгэл нарын дунд маргаан өрнөөд буй.

Тодруулан хэлэх юм бол, Д.Галсансүх Б.Баярцэнгэлд 4.5 сая төгрөг төлж зураг зуруулжээ. Түүнийгээ "Галсансүхийн Нисванис" нэртэй хос пянз дээрээ ашигласан байдаг. Харин дараа нь тэр зургаа богино ханцуйтай футболка, юүдэнтэй цамц дээр хэвлүүлж, захиалгаар гаргахаар болсон тухай Д.Галсансүх 2022.12.09 нийтэд мэдээлсэн.

Үүний дараа зураач Б.Баярцэнгэл "Би 2022 оны арванхоёрдугаар сард Д.Галсансүхийн "Галсансүхийн нисванис" пянзны хавтас зураг болон дизайн дотор гадна зураг шийдлийг бүгдийг нь хийж гүйцэтгэсэн. Тухайн пянзны нүүр зураг бол 2017 онд бүтээгдсэн "Finding Buddha" 110*140 зотон тос бүтээлийн нэгэн дүр бөгөөд энэхүү захиалгат ажил дээр зөвхөн пянзанд зориулан зохиомжилон бүтээсэн болно. ЗОХИОГЧИЙН ОНЦГОЙ ЭРХИЙГ зөвхөн пянзны хүрээнд ашиглах бөгөөд өөр төрлийн бүтээл болон эд зүйлс дээр арилжааны сэдэлтэй хэвлэх, хувилах тухай огт яригдаагүй юм.

Нэгдүгээрт, пянзанд зориулсан зургийг пянзанд хэвлэх эрхтэй цуг тухайн уран бүтээлчид өгснөөр өөр бусад зүйлд дур мэдэн хэвлэх эрхийг өгсөн гэж ойлгож болохгүй.

Хоёрдугаарт, 2022-08-10-ны Оюуны өмчийн бүртгэл тань зөвхөн пянзны дуу, шүлгэнд зориулсан гэрчилгээ гэдгийг мэдэж байгаа.

Гуравдугаарт, тухайн зургийг "Бурханд хэлэх зөвлөгөө" номын тав дахь хэвлэлийн нүүр зурагт зөвшөөрөлгүй хэвлэв.

Урлагаас хэтэрсэн ахуйн болоод эд зүйлст хэвлэн хувилахаа таслан зогсооно уу. Яагаад зураачийн нэр эдгээр хэвлэлүүдэд тусгагдаагүй байгаа юм бэ. Д.Галсансүх та ч гэсэн энгийн нэг уран бүтээлчийн бүтээлд хүндэтгэлтэй хандаарай" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Харин яруу найрагч Д.Галсансүх "Тухайн уран бүтээлчийн өөрийнх нь бүтээлийг ашигласан зүйл үгүй бөгөөд “Бурханд Хэлэх Зөвлөгөө” шүлгээс сэдэвлэж энэхүү зургуудыг зуруулсан болно. Анх захиалга өгөхөд зураач үнэ ярилцаагүй бөгөөд дууссаны дараа биднээс 4.5 сая төгрөг нэхэмжилсэн. Хямдрах боломжгүй, та нарын санаагаар зурсан, та нар хүссэн зүйлдээ ашиглана биз гэсэн тул 4.5 саяар авсан болно. Бид хэрэв уншигчид хүсээд захиалах юм бол яруу найрагчийн шүлгийн зарим содон мөртүүдээс түүвэрлэж, зургаар чимэглэн зарим нэг бүтээгдэхүүн дээр захиалгаар хэвлэж өгнө гэсэн буй. Олон тоогоор хэвлээд тараасан зүйл үгүй. Төлбөрийг төлсөн, аливаа эрхийн маргаангүй болно" хэмээн хариу тайлбар хийгээд буй.


Хоёр хүний хоорондын маргаан юм шиг харагдаж болох ч, эл үйл явдал зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлыг төвлөрөн ярилцаж, нийтээр энэ талаар мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэйг санууллаа. Иймд тэд яг юун дээр алдав гэдгийг хуулийн хүрээнд тайлбарлая.

Алдаа нэг: ГЭРЭЭ

Яруу найрагч Д.Галсансүх 2022.08.10-нд "Галсансүх Нисванис" пянз гэх бүтээлийн нэрээр эрх эзэмшигч, зохиогчоор нь бүртгүүлжээ.

Д.Галсансүхийн тухайд зураач Д.Баярцэнгэлд захиалга өгч зураг зуруулсан. Тэгвэл энэ тохиолдолд хэн нь зохиогч вэ?

Зохиогчийн эрхийн тухай хуульд: Албан үүргийн дагуу бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх эдэлнэ. Өөрөөр хэлбэл, хуульд ахиалгаар бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд АМИНЫ ЭРХ эдэлнэ хэмээн заажээ. Тэгэхээр Б.Баярцэнгэл амины амины эрх эдлэх нь.

Зохиогч бүтээлийнхээ хувьд дараах амины эрхийг эдэлдэг:

  • Бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тухай бүрд нэрээ дурдуулах
  • Бүтээл болон бүтээлийн нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох.  

Зохиогч амины эрхээс гадна өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн ОНЦГОЙ ЭРХ эдэлдэг. Тодруулан хэлбэл, бүтээлийг хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд дэлгэж үзүүлэх, түрээслүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх боломжтой. Энэхүү эрхээ захиалагч руу шилжүүлж болдог байх нь. Гэхдээ гэрээнд онцгой эрхийг захиалагч эдлэхээр тусгаагүй бол бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч эдэлнэ хэмээн хуульд заажээ.

Гэвч Д.Галсансүх, Б.Баярцэнгэл нар цаасан гэрээ байгуулаагүй. Итгэлцэл дээр тулгуурлан аман гэрээ л байгуулсан.


Алдаа хоёр: ХУУЛИЙН МЭДЛЭГ

Энэ хүрээнд хуулийн мэдлэг дутуу, эсвэл төдийлөн чухалчилж авч үздэггүй, аман байдлаар тохирч ханддаг нийтлэг дүр зураг үүнээс харагдав. Зохиогчийн эрхийн тухай хуульд "Дүрслэх урлагийн бүтээлийн зохиогчийн эрх" гэсэн хэсэг бий.

Тэр хэсэгт дурдсанаар бол: Уран зураг, уран баримал зэрэг дүрслэх урлагийн бүтээлийн зохиогч бусдад бүтээлийн зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэх тохиолдолд бүтээлийг нийтэд дэлгэж үзүүлэх эрхээс бусад бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийн шинэ өмчлөгчид шилжихгүй. Бүтээл ашиглах бусад онцгой эрхийг энэ хуульд заасан журмын дагуу зохиогчийн эрх эзэмшигчээс авах үүрэгтэй.

Дүрслэх урлагийн бүтээлийн зохиогчоос бүтээл худалдаж авбал түүнийгээ нийтэд дэлгэж үзүүлж л болох нь. Түүнээс бусдаар бол огтхон ч ашиглаж болохгүй байж. Ашиглах бол зохиогчоос зөвшөөрөл заавал авах ёстой байх нь.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Энэхүү кэйс, хоёр уран бүтээлчийн хоорондын маргаан бол том сургамж. Нэг ч уран бүтээлч ийм алдаа бүү гаргаасай. Таньдаг, найз нөхөд байсан ч хамаагүй гэрээ байгуулж, өөрийн оюуны бүтээлийг хүндэтгэж, хамгаалдаг байцгаая. Зохиогчийн эрхийн зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэдэг. Мөн эрх нь зөрчигдсөн зохиогч хүсэлт гаргасан тохиолдолд зөрчилтэй бүтээгдэхүүнийг хохирлын төлбөрт тооцон түүнд шилжүүлэх, хүсэлт гаргаагүй бол зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээ авдаг юм. Иймд бүгдээрээ оюуны өмчид хүндэтгэлтэй хандаж сурцгаая.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-12 10:16

Er hun ng aldaa l biz, Ereg ng nuraa l biz geheer bas ih hetsvv

Холбоотой мэдээ

Back to top button