Ярилцлага

Турк дэх Улаанбаатар циркийнхэн: Нэг ч гэсэн хүнд тусалж чадсандаа баяртай байна

Одоогоос зургаан хоногийн өмнө Туркийн зүүн өмнөд хэсэг, Сирийн хил орчимд Улаанбаатарын цагаар 09 цаг 17 минутын үед 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлийн төв нь Газиантеп хотоос баруун хойш 33 км-т, 10 км-ийн гүнд байсан гэж АНУ-ын газар судлалын нийгэмлэг мэдээлсэн юм.

Энэ мэдээллээс хойш гурван өдөр гурван шөнийн турш дэлхий дахин Турк улсын нөхцөл байдлыг анхааралтайгаар ажиж, тав хоногийн өмнөөс тэдэнд энхийн гараа сунгаж эхлэв. Харахад л нүд халтирч, зүрх шимшрэм нөхцөл байдал цахим ертөнцөд хөвөрч, олон мянган хүн амь үрэгдэж, амьд гарч, сураггүй болсон иргэдийн тоо цаг минут бүрээр нэмэгдэж, амьд үлдсэн байх магадлал тэр хэмжээгээрээ буурч байгаа тухай мэдэээлэл дэлхий нийтийг эмзэглүүлсээр байна.

Турк хэмээх тусгаар улс өнөөдрийн байдлаар 28,000 хүнээ алдаад байгаа бол  Сир улс 3500 иргэнээ газар хөдлөлтийн улмаас алдаад байна. Харин нурж сүйдсэн байрлгын тоог ойролцоогоор 6000 гаруй хэмээн тооцоолжээ.

Тэгвэл манай улсын зүгээс Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Монгол Улсын Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, хоёр тонн лаа болон бусад хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байгаа юм. Мөн үүнээс гадна тухайн улсад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэд хандивын аян өрнүүлэх, хүмүүнлэгийн ажиллагаанд биечлэн оролцох зэргээр хэцүү нөхцөл байдалд буй Туркийн иргэдэд тусламжийн гараа сунгасаар байна.

Бид тэдгээр хүмүүүсийн төлөөлөл болгож Туркт аялан тоглолтоор яваа Улаанбаатар циркийн уран бүтээлчидтэй ярилцсан юм.

-Туркт очоод удаж байна уу, хэдүүлээ явсан бэ?

-Бид өмнө оны дөрөвдүгээр сард ирсэн. 14 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн баг Туркт гэрээгээр тоглож байгаа. Одоогийн байдлаар үргэлжлүүлээд ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ оны 11 сард л эх орондоо очих байх. Бид жил бүр гэрээгээр энд ирдэг.

-Турк дэх нөхцөл байдал ямархуу түвшинд байх шиг байна?

-Хоёрдугаар сарын 06-ны үүрээр дөрвөн цаг хагасын үед газар хөдлөлт болсон. Ингэхдээ Туркийн зүүн урд зүгт буюу хилтэйгээ ойрхон тухайн бүс нутагт газар хөдлөлийн цөм нь байсан гэж ойлгож болно. Одоогоор энэ улсын 10 хот газар хөдлөлтөд өртсөн бөгөөд зарим хотууд нь бүр сүйрсэн гэж Турк найзуудаасаа сонссон.

-Та нарын байрлаж байгаа хот газар хөдлөлтийн бүсээс хол уу?

-Тийм ээ. Бид Тууркийн баруун урд хэсэгт буюу далайтайгаа ойр амьдардаг. Одоогоор бид хэдэд мэдрэгдсэн зүйлгүй л байна. Гэхдээ сарын өмнө 4 баллын хүчтэй газар хөдлөлт болоод өнгөрсөн. Үүнээс өөрөөр манай бүс нутагтай ойр газар хөдөлсөн тохиолдол гараагүй байгаа.

-Газар хөдлөөгүй бүс нутгийн хүмүүст ч гэдэг юм уу дахин газар хөдлөх эрсдэл байгаа эсэх талаар тухайн улсын онцгой байдлын албанаас анхааруулж мэдэгдэл хийсэн үү?

-Анхааруулга ч гэх юм уу урьдчилсан байдлаар энэ хэсэгт газар хөдлөх магадлалтай гэдэг зүйл гаргасан байна лээ. Манай эндээс тийм хол ч биш ойр ч биш байсан. Гэхдээ тийм хүчтэй биш гэсэн. Таамаглал, сул дохио.  Тодруулбал, эндээс нэг цаг хагасын зайд. Бас Истанбул хавьцаа нэг таамаглал гарсан байсан.Гэхдээ одоогийн байдлаар хэвийн байгаа бүс нутгуудаар газар хөдлөлт, чичиргээ мэдрэгдээгүй л байна.

-Нас барсан иргэдийн дунд монгол хүн байхгүй хэвээр байна уу?

-Одоогийн байдлаар батлагдсан зүйл байхгүй хэвээр байх шиг байна. Газар хөдлөлт болсон Хатай гээд хотод нь манай улсын иргэд байдаг гэж сонсож байсан л даа. Тийм учраас бидний зүгээс тэднийгээ өртчихөөгүй байгаасаа гэж бодож, чих тавьж л сууна. Одоогийн байдлаар эндэхийн хэвлэл мэдээлэл, цахим орчинд тийм тохиолдол гарч ирээгүй байна.

-Та хэдийн хувьд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, үйл ажиллагаанд нь бас оролцож тусласан гэсэн. Энэ тухайд?

-Газар хөдлөлт болсон өглөөнөөс эхлээд Туркийн иргэд хоорондоо мэдээлэл солилцож эхэлсэн. Өөрөөр хэлбэл ямар байдлаар юу юуны тусламж үзүүлэх вэ гэдэг агуулгаар цахимд хэлэлцүүлэг өрнөсөн гэж ойлгож болно. Бид ч бас анх газар хөдлөсөн тэр өдөр ярьж байсан юм. Ямар нэгэн байдлаар цөөн хүмүүст, нэг айлд ч хамаагүй туслачих юм сан гээд. Тэгээд компанийнхаа захиралд хүсэлтээ илэрхийлээд хоёрдугаар сарын 07-ны өглөө эндээс хөдлөсөн. Энд хот болгон тусламжийн эд зүйл хүлээж авах нэгдсэн нэг цэгийг байгуулсан юм. Тусламж өгөх иргэд тухайн хотынхоо тэрхүү цэгт очно гэсэн үг. Тэндээс нэгдсэн журмаар тухайн газар хөдлөлт болсон, нөхцөл байдал хүнд байгаа хотууд руу 10-15 минутын зайтай том машинууд зөөж байгаа юм байна лээ. Бид ч бас амьдарч буй хотынхоо тэр цэгт нь очсон.

-Очиход нөхцөл  байдал ямар байв?

-Хүмүүс тасралтгүй ирсээр л байсан. Тэнд гадуур хувцас, гутал, малгай, ноосон цамц гээд хүнийг дулаацуулах бүхэн цугларсан. Мөн зузаан хөнжил, гудас, даавуу. Ер нь хүнд хэрэгтэй гэсэн наад захын бүхий л зүйлс байсан гэж хэлж болно. Бүр хүүхдийн тоглоомууд хүртэл. Бас ариун цэврийн хэрэглэл, саван шампунь, вок, хүнсний бүтээгдэхүүнүүд.

-Та нар маань ямар байдлаар оролцсон бэ?

-Бид аль болох хүнд хэрэг болох, дулаа болчих зүйлүүдээ нийлүүлж боогоод аваачиж өгсөн. Нэг ч гэсэн монгол хүн байхыг үгүйсгэхгүй. Байхгүй ч гэсэн бид нэг дэлхийн хүмүүс шүү дээ. Нэг ч болов хүнд хэрэг болоосой гэдэг үүднээс л нэгдсэн. Мөн очоод хүмүүсийн өгсөн зүйлсийг нь ялгалцаж, зөөж, ачилцаж тусласан. Оройны дөрвөн цаг хүртэл тэнд ажиллацгаасан даа.

-Энгийн иргэдийг газар хөдлөлт болсон хэсэг рүү нэвтрүүлж байгаа болов уу. Аврах ажиллагаанд оролцох хүсэлтэй иргэд мэдээж байгаа байх?

-Тэр тухайд нарийн тодорхой зүйлийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манай Турк найзуудын ихэнх нь тийшээ туслахаар явсан. Ингэхдээ оролцох мандат шиг зүйл авч байгаа юм шиг байна лээ. Тиймээс зөвшөөрөлтэйгөөр иргэдийг нэвтрүүлж байгаа гэж ойлгож болох байх.

-Хүчтэй газар хөдөлсөн талаар сонсоод Монгол дахь гэр бүлийнхэн нь ихэд санаа зовсон байх. Холбогдсон уу?

-Тийм ээ. Тухайн өдрийн үдээс өмнө л залгаад эхэлсэн. Гэр бүлийнхэн, найз нөхөд гээд л. Азаар тухайн бүс нутгаас хол гэдгээ хэлж л тайвшруулцгаасан даа. Мэдээж манай энд газар хөдлөөгүй ч нэг улс учир айх мэдрэмж байлгүй яах вэ.

Инфографик: Туркт хүмүүнлэгийн тусламж үзүүлж, аврах баг илгээсэн улс орнууд

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-12 13:00

h

Холбоотой мэдээ

Back to top button