Демократууд босч ирээсэй

Чин сэтгэл
Хоёр даргатай, хоёр тамгатай. Хоёр ҮБХ-той. Гэхдээ эдгээр нь аль нь албан бус юм шиг. Ийм тодорхойгүй байдлын дунд АН сүүлийн хоёр жил хэрэлдэж, Х.Баттулга, С.Эрдэнэ нарын дунд гишүүд нь бөмбөрсөөр байна. Хэдхэн томчуудын ийм хөгийн эрх ашгийн дунд гэвч 1990 онд Ардчилсан хувьсгалыг дэмжиж, хувийн хэвшлийг өргөж, хувь хүний эрх, эрх чөлөө чухлыг дуулж явсан жирийн гишүүд бий.
Уулын орой дээр дуран сунгаж суугаа ардчилалд хайртай иргэнийг өнөөдрийн нийслэл дэх гар утасны дөрвөлжин зайд гацсан сэтгэлгээтэй харьцуулалтгүй билээ. Яг цагаа тулбал медиа хэрэглэгчдээс шал өөр оюун санаа, тэмүүлэл тэнд ямар ч орон зайд хашигдаагүй. Эрх чөлөөтэй хэвээр оршиж буй юм. Энд жинхэнэ ардчилал байгаа. Юун С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хогийн хэрүүл. Тэдний дунд хөлбөрсөн цөөн хэдэн удирдлагын аппарат ч энд үнэндээ илүүц билээ.
Өнөөдрийн ҮБХ-ны хурлын уур амьсгалыг үнэндээ уулын оройд дуран сунгагч эрх чөлөөт уур амьсгал удирахаар. Гар утасны дөрвөлжин дэлгэц ширтэгчид ба удирдлагын аппаратынхан заалаа яаж чиглүүлнэ шийдлээ ч уур амьсгал тэс өөр байж мэдэх. Учир нь, эдүгээ АН-ын жирийн гишүүд, энэ үзэл санааг хайрлагчид “Одоо зүгээр урагшаа явцгаая. Босч ирцгээе” гэж чин сэтгэлтэй байгаа юм.
Хурлыг дэглэгчид
Энэ удаагийн ҮБХ-ны хуралдаан нь ийм онцлогтой. Хоёр төрлийн ҮБХ-ны гишүүд НЭГ болж хуралдацгаана. Гэхдээ тэдний энэ хуралдааныг хуулийн дагуу гэж үзэх эсэхийг үнэндээ тэнгэр л мэднэ. Тэнгэр нь шүүхээ барьж байгаа МАН юм. Хэдий нөхцөл байдал ийм хүнд ч АН-ын гишүүд 2017-2021 оны хооронд С.Эрдэнэ, Х.Баттулга нарын бүрэлдүүлсэн ҮБХ-г тэдний оролцоогүй хуралдуулах гэж байна.
Гэхдээ шүүхээс ҮБХ-ны гишүүн эсэх дээр лавлагаа автлаа энэ нам бүтцийн хувьд уруудан доошилжээ. Тэд үүнийгээ өөдрөгөөр харж, өнөөдрийн хуралдаанаар АН-ын даргыг сонгох эсвэл уг асуудлыг хэлэлцэх Их хурлын товыг тодорхой болгохоор зэхэж байна. Намын даргад С.Баярцогт, Л.Гантөмөр, З.Нарантуяа тэргүүтэй 5-6 гишүүн нь өрсөлдөх чигтэй. Эдгээрээс С.Баярцогт намын даргыг шууд сонгох амбицтайгаар Их хурлын өмнө лобби уулзалтуудыг тасралтгүй хийв. С.Баярцогттой зэрэгцэж, Л.Гантөмөр хоёр талын ҮБХ-ны гишүүдтэй нэг бүрчлэн уулзсан гэх.
Харин С.Эрдэнэ, Х.Баттулга нарын тухайд энэ хурлын дэглэлтэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь сонин. Хуралдааныг зохион байгуулагчид ҮБХ-ны гишүүдээс С.Эрдэнийн жолооч, туслах, арга гэрийнхэн сэлтийг хасч цэвэрлэсэн гэх. Х.Баттулгын тухайд Сингапурт АН-ын асуудлаар хэд хэдэн уулзлт зохион байгуулжээ. Тэгэхээр ууртай хоёр дарга нь хурлын үеэр яаж л үймүүлж мэдэх юм.
Тэд босч ирээсэй
Ер нь л уулзалтууд тал талд, олноороо болсон өдрүүд өнгөрч, өнөөдөр тэд цугларч байна. Хурлаас ямар шийдвэр гарч, заалны уур амьсгал хэрхэн өрнөхийг магад таашгүй. Гэхдээ МАН-ын хагалан бутлах тоглоомд өртөж, өнгөрсөн хугацаанд 5-6 салсан АН-ынхан өнөөдөр өөрсдийг нь “маллагсад”-аас салж байгаад, нэг дор цугларч байгаа нь сайн хэрэг юм. Дээхэн бүх лидерүүд нь нэг дор цугларсныг Ц.Элбэгдорж хачин романс байдлаар бичснээс хойш тэд ҮБХ-гоороо уулзацгааж байна.
Мэдээж энэ цугларалтын гол санхүүжилтийг хэн гаргав. Гол тоглогчдын дүрд хөшигний ард хэн хэн тоглов. Хорыг хэн гаргууд сайн найруулав. ҮБХ-ны гишүүдийг хэрхэн “базахаар” бэлтгэв гээд олон ээдрээтэй асуултууд бий. Улс төр л хойно. Эдгээр байхаас ч аргагүй юм.
Хамгийн гол нь нэг нам дангаараа долоон жил засаглаж байгаа энэ үед Монгол Улсад сөрөг хүчний оролцоо, орон зай тэр чигтээ хумигдаж, сум бүрд нэгжтэй явсан “системийн” гэж нэрлэгдэх хоёрхон намын нэг АН үндсэндээ тэг зогсчихоод байна. Эрх баригчид олон намын тогтолцоог дэмжинэ гэж ам шүд алдсаар байгаа ч үнэндээ АН-ыг тэд булшилсан хойноо л үүнийг ярьж эхэлсэн юм.
Өөрсдөө намынхаа эзэн нь байж, шүглээ өөрсдөө үлээгээсэй. Ингэхдээ 30 жилийн өмнө ардчилал ярьж гарч ирчхээд, хувьчлалаар бийлэгжиж, араасаа гарч ирсэн дүү нартаа ах нар нь сандлаасаа босч өгдгийг бүр мартсан үгширмэл үеэс бас салах хэрэгтэй билээ. Залуус нь энэ цагтаа эзэн байж, хүн шиг төлөвших ч нэн шаардлага АН-ынханд бий.
Одоо тэдний дуу хоолой, оролцоо эрх баригчдынн яриад буй тогтолцооны өөрчлөлт гэгчид нөлөөлөхүйц хүчирхэг байх хэрэгтэй байна. Намд нь хэдэн хүчтэй олигархи биш. Нийгмийн сэхээтнүүд цугларах орчинг бүрдүүлэх гэж залуу үеийнхэн ч жаахан хичээгээд үзээсэй. Монголд демократ гэх үгийг өмчлөгчид бүдгэрээд алга болчих. Босч ирэх л хэрэгтэй цаг үе юм, эдүгээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.