УРЛАГЭнтертайнмент

“Sense” үзэсгэлэн энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлч Б.Мөнхбаатар, М.Ган-Очир нар “Sense” хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тус үзэсгэлэн энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ.

Эл үзэсгэлэнгээрээ хоёр уран бүтээлч аливаа үндэстний туулж ирсэн үүх түүх, амьдралын замнал, ахуй сэтгэлгээний философи нь өв соёл, ёс заншилд гүн тусгагдсаар ирсэн тухай өгүүлэхийг зорьжээ. Түүнчлэн эцэс төгсгөлгүй их хөдөлгөөнд оршиж, даяаршин буй өнөө цагт хүн хаяа ч гэсэн зогсолт хийж өв уламжлалаараа дамжуулан дотоод ертөнц, үндэстэн угсаатныхаа мөн чанарыг эргэн харах хэрэгцээ бий болсоор буйг хөндсөн байна.

Уран бүтээлч Б.Мөнхбаатар, М.Ган-Очир нар нь дүрслэх урлагийн болон угсаатны зүйн салбарт хүндлэл хүлээсэн дэд профессор, зураач, багш Х.Содномцэрэнгийн шавь аж. Түүний шавь нар өөр өөрсдийн өнгө аяс бүхий онцгой арга барилтай болж хөгжихөөс гадна Монголын урлагийг дэлхий дахинаа түгээн яваа нэр хүндтэй уран бүтээлчид болсноороо салбартаа хэдийн танигдсан байдаг.

Зураач Б.Мөнхбаатарын бүтээлүүдээс Монголын байгаль, дөрвөн улиралд өөрчлөгдөж буй хувьсал хийгээд ахуй амьдралын энгийн хэрнээ эгэлгүй дүр төрхийг уран сайхны хэллэг, дээдлэн шүтэгддэг морьдын зураглал, нэгээс нөгөөд шилжих ууссан өнгүүд, том цул тавилтуудаар нь дамжуулан харж болох юм. Харин зураач М.Ган-Очирын бүтээлүүдээс Монгол хүмүүний бэлгэдэл зүйг өнгө, дүрсээр тодотгон энгийн хэрнээ гүн агуулга, монгол хүний зан чанар, амьдралын ухааныг илэрхийлэх хээ угалзын дүрслэлийг орчин үеийн хурц, тод өнгө, өөрийн арга барилтай хослуулан өнөөгийн урлагийг хэрхэн бүтээж буйг тольдох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-14 15:59

Дүү нарт Урлагийн өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button