Ярилцлага

Сэтгүүлч Д.Сүхбаатар: 85 настай эмэгтэйг найм хоногийн дараа аварсан, ховор тохиолдлууд бүртгэгдсээр байна

Турк, Сирийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болж олон мянган хүн нас бараад буй. Дэлхий нийт ч энэ чигт анхаарлаа хандуулж тухайн бүс нутгууд руу аврах баг илгээж хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна. Тэгвэл манай улсын хувьд 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг тус улс руу илгээсэн билээ. Бид энэхүү аврах багт багтсан МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгийн сэтгүүлч Д.Сүхбаатартай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Туркэд очоод долоо хонож байна шүү дээ. Аврах ажиллагаа явуулсан хотын тухайд мэдээлэл өгвөл?

-Манай аврах баг Туркийн Хатай мужийн Хатай хотод ажиллалаа. Газар хөдлөлтөд өртсөн 10 хотын хэмжээнд авч үзвэл хамгийн их хохирол амсаж, нэрвэгдсэн үзүүлэлтээр энэ хот хоёрдугаарт эрэмбэлэгдсэн гэх мэдээлэл байгаа. Хатай хотын хувьд Сирийн хил залгаа дүрвэгсэд ихтэй гэдгээрээ онцлог. Тийм учраас гаднын цагаачид, дүрвэгчид газар хөдлөлтөд ихээр нэрвэгдсэн. Тус хотын хүн ам 1.5 сая гэх боловч дүрвэгчид ихтэй тул албан ёсны тодорхой тоон мэдээлэл байдаггүй юм байна.

-Аврах ажиллагаа явагдсан хэвээр байна уу?

-Манай аврагчдын хувьд ажил дууссан. Уржигдар хагас өдөр ажиллаад өнөөдөр амарч байна. ОБЕГ-аас 20 гэр өгөхөөр нааш нь ачуулсан. Бид тэдгээр гэрийг барьж, хүлээлгэж өгөөд нутаг буцах юм.

-Газар хөдлөлт болоод олон хоног өнгөрсөн тул хүн амьд үлдсэн байх магадлал буурсаар байгаа. Гэвч аврагчдын найдлага тасраагүй хэвээр байх шиг?

-Тийм ээ. Өнөөдөр өглөөний байдлаар л гэхэд энэ хотоос 198 цагийн дараа гурван хүнийг аварсан гэсэн мэдээ ирсэн. Иймд энэ мэтчилэн хүмүүс амьд үлдсэн байх магадлалтай учраас аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа гэж хэлж болно.

Жишээлбэл, өчигдөр орой 85 настай эмэгтэйг аварсан. Тухайн хүн найм хоногийн дараа гарч ирсэн. Түүний байсан бүсэд муур болон зарим нэг төрлийн идэж болох зүйл байсны хүчээр энэ олон хоног тэсэж чадсан байсан.

-Хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

Сүүлийн үеийн мэдээллээр нас барсан хүмүүсийн тоо 31163, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 80 мянга давсан. Мөн нурсан барилгын тоо 74,000-д хүрээд байгаа учир хотыг шинээр бүтээн байгуулах ажил хийгдэх юм байна. Энэ ажил хоёрдугаар сарын сүүлээр эхэлнэ гэсэн мэдээллийг өгсөн.

Газар хөдлөлт болсон бүсүүд дэх хичээл сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сар хүртэл эхлүүлэхгүй гэх урьдчилсан мэдэгдлийг Туркийн боловсролын яамнаас хийгээд байна.

-Барилгын чанарын асуудал чухлаар хөндөгдөөд байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой зарим хүмүүсийг баривчилна, хариуцлага тооцно гэх зэрэг мэдээллүүд гарсаар байна. Энэ тухайд?

-Турк улсын дотоод хэргийн яамнаас нурсан барилгыг барьсан барилгын компаниуд, хүмүүст хариуцлага тооцох ажлыг эхлүүлээд байна. Өчигдөр оройны байдлаар 168 барилгын үйл ажиллагаа эрхлэгчдийг баривчилсан бөгөөд үргэлжлүүлэн үүнтэй холбоотойгоор дахин 200 гаруй хүнийг эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-02-15 12:46

Манайд одоо иим ажиллагаа чух�##� байна шүү хөдлөөрэй хүмүүс ээ

Холбоотой мэдээ

Back to top button