УРЛАГЭнтертайнмент

Ц.Балдорж агсны жүжгийг “Шөнө буусан аадар” буюу эх зохиолынх нь нэрээр хүргэнэ

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид нэрт сэтгүүлч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны “Шөнө амталсан нулимс” драмын жүжгийг хүргэх талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хамт олон эл жүжгийн ирэх гуравдугаар сарын 1-нээс тус жүжгийг эх зохиолынх нэрээр буюу “Шөнө буусан аадар” гэх нэрээр Соёлын төв өргөөнд тоглохоор болжээ.

Жүжигчин Г.Алтаншагай “Уран бүтээлч, жүжигчдээс ур чадвар их шаарддаг жүжиг. Анх тоглох үедээ УДЭТ-ын хамгийн олон үзэгчтэй, олон өдөр тоглосон уран бүтээл болж байсан гэдэг. Өнөө жил сэтгүүлзүйн ноён оргилуудын нэг гэгддэг Ц.Балдорж агсны 70 насны ой тохиож буй. Эл ойг тохиолдуулан түүний уран бүтээлүүдийн нэрийн хуудас болсон тус уран бүтээлийг бид хүргэх гэж байна. Түүний “Хачин хүн”, “Элсний нүүдэл”, “Хориотой жүжиг”, “Хайрын виз”, “Хэрээ”, “Өв залгамжлагчид”, “Зул цэцэг” зэрэг олон кино, жүжгийг үзэгчид эчнээ мэднэ. Тэдгээрийн дотроос “Шөнө амталсан нулимс”  нь нийгмийн асуудлыг гүнзгий хөндсөн, дуугарсан, шүүмжлэлтэй хандсан, ороо бусгаа байдлыг илэрхийлсэнээрээ онцлог. “Хүн үнэнийг хайж, худалтайгаа эвлэрч амьдардаг” гэсэн санааг илэрхийлнэ” гэлээ.

Тус жүжгийг 2004 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, дүрүүдэд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин С.Сарантуяа, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, О.Энхтуул, Б. Түвшинжаргал нар тоглож байв.

Харин энэ удаа “Шөнө буусан аадар” жүжгийг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар хүргэх бөгөөд дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг болон Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Л.Сөрөлт, Ч.Баярмаа, Ц.Алдармаа, Б.Хэрлэн,Б.Сосорбурам, Х.Намуун, Б.Гэрэлтуяа нарын жүжигчид тоглох юм. Жүжгийн тасалбарыг худалдаанд гаргасан бөгөөд суудлын зэрэглэлээс хамааран 25-60 мянган төгрөгийн үнэтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button