Нийгэм мэдээ

Бүргэдийн баяр ирэх сарын 4-5-ны өдрүүдэд болно

 Монгол Улсад зохион байгуулах олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагааны “WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” хуанлид манай улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 үйл ажиллагааг тусгасан.

Тэгвэл дээрх 22 үйл ажиллагааны хоёр нь Бүргэдийн баяр юм.

Бүргэдийн баярыг ирэх сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт, мөн есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт  тус тус зохион байгуулна.

Улаанбаатар хотод "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болох Бүргэдийн баярын үйл ажиллагааг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран зохион байгуулах аж.

Хаврын улирал, Наурызын баярыг угтан казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, өвөрмөц соёлыг сурталчлан таниулах,  залуу үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой дээрх үйл ажиллагааны хүрээнд:

  • Казах үндэстний урлагийн тоглолт болон ардын урлагийн тоглолт;
  • Бүргэдтэй парад (Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах);
  • Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн;
  • Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн;
  • Казак үндэсний тоглоом (көкпар буюу тулам булаалдах, тенге илу буюу газраас зоос шүүрэх тэмцээн);
  • Морьтон баатрын шоу тоглолт;
  • Харцага, шонхор шувуудын шоу тоглолт зэрэг тэмцээн уралдаан, үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхуулах юм.  

Ташрамд, Бүргэдийн баярыг Улаанбаатар хотод 2008 онд зохион байгуулж эхэлжээ. Анхны тэмцээнд Баян-Өлгий аймгаас 20 гаруй бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаа олон нийтэд танилцуулсан байна. 

Энэхүү үйл явдлаас хойш Бүргэдийн баярыг Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт жилд хоёр удаа уламжлал болгон зохион байгуулдаг болсон ба тухайн үйл ажиллагааг ирж сонирхдог гадаад, дотоодын иргэдийн тоо ч жил бүр өсөн нэмэгдэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button