Э.Ёндоншарав: Одоогийн байдлаар найруулагчийн ажил бол намайг хүн болгох хэрэгсэл

Ярилцлагын дараа өрнөсөн яриа:
-Аймаар их юм ярьчихаар хоосрох шиг мэдрэмж төрдөг. Чи тэгдэг үү?
-Би нэг их ярьдаггүй.
-Тэр, хүнийг баахан яриулж хоосолчхоод өөрөө тэгдэг гэнэ шүү. Надад тийм мэдрэмж төрдөг, тэгээд ярихаас айдаг. Их юм ярьсан хойно яах гэж ярив даа гэж боддог.
-Дотроо хадгалах нь илүү тухтай санагддагийнх байх.
-Харин тийм.
“Мөрөөдлийн театр”-ын хамт олон Ц.Балдорж агсны “Шөнө буусан аадар” жүжгийг тайзнаа дахин толилуулах гэж байна. Өмнө нь “Шөнө амталсан нулимс” нэрээр үзэгчдийн хүртээл болж байсан энэ жүжиг өнөөдөр нээнэ. Найруулагчаар Э.Ёндоншарав ажилласан.
Тэр ГИТИС буюу ОХУ-ын Театр урлагийн академыг дүүргэсэн. Сүүлд УДЭТ-д “Сычуанийн сайн хүн” жүжгийг цоо шинэ хэлбэрээр найруулж, толилуулснаар бас нэгэн шинэ өнгө төрх болоод байна.
Э.Ёндоншарав “Би том найруулагч биш, юу ярих юм бэ” хэмээн даруу загнаж, ярилцлагын саналаас татгалзаж байсан ч өөрийгөө цөөн хором нээхийг зөвшөөрлөө.

-Эр хүний оюун санаа 40 нас гараад төгөлдөрждөг. Тэр үед гоомой юм хийвэл өөр асуудал-
-Та төгссөн сургуулиараа, “Сычуанийн сайн хүн”-ийг шинэ хэлбэрээр тавьснаараа анхаарлын төвд орж байна. Гэвч даруу байхыг хүсэж буйг тань ойлголоо.
-Байгаагаараа байгаа минь л энэ. Даруухан загнах гэж хичээсэн хэрэг биш. Манай аав “Өндөр хангайн уулс харагдъя гэж өндөлзөхгүй юм, харагдахгүй байна гэж навталзахгүй юм” гэж хэлдэг байсан. Ийм, өөрийнхөөрөө байх үес “Яасан омголон юм”, “Монголд чамаас өмнө найруулагч байгаагүй юм уу” гэцгээх нь ч байна. Юм хийхэд сайхан, муухай зэрэгцээд дагадаг юм хойно.
-Омголон юм гэж нэлээд хэлүүлсэн учраас даруу байхыг хичээгээд байгаа юм уу?
-Мэдэхгүй ээ. Би ер ярилцлага энэ тэр өгөөгүй. Театрын хүсэлтээр “Сычуанийн сайн хүн”-ий тухай хоёр, гурван үг хэлсэн. Үүний дараа ирсэн хандлагуудад эмзэглэсэн зүйл бол байхгүй. Харин жүжиг бол миний үзэгчидтэй, чамтай ярьж байгаа хэл юм. Би үүнийгээ л хийх ёстой. Ярих юм байгаа бол түүнийгээ энд /тайз руу заав/ хийгээд байгаа юм чинь.
-Ярих бол ярьдаг ажил л хийе гэж үү?
-Тийм, ярьдаг ажил л хийе. Лекц уншдаг болъё. Гэвч миний ажил ярьдаг биш. Тэр цагаан сандал, хагархай ширээ. Хүүхэд гүйж ирээд тэнд бүдэрч унадаг юм. Эдгээр бол миний ярьж байгаа хэл. Тийм болохоор л ярилцлага авъя гэхэд чинь цааргалахгүй юу.
-Би “Сычуанийн сайн хүн”-ий зохиолыг уншиж байсан болохоор танаас нэг зүйл асууя гэж бодож явлаа.
-Хоёрыг асуу.
-Жүжиг үзсэн хүн Б.Брехтийн санааг ойлгоод гарах ёстой юм уу, таны шинэ тавилтад илүү анхаарлаа хандуулах ёстой юм уу?
-Намайг л ойлгох ёстой. Мэдээж агуу том улс байсан, бидэнд өв хөрөнгө үлдээсэн нь гайхалтай. Харин би түүгээр дамжуулж өөрийгөө илэрхийлж байгаа хэрэг. Зохиол нь нэгэнт байна, түүнийг гэртээ уншаад, кофегоо уугаад, таашаалаа аваад сууж байж болно. Гэтэл би эмзэглэж, өвдөж, түүнийгээ тайзан дээр илэрхийлэхдээ өөр нэгний эмзэглэл, өвдөлтүүдийг уяж, нийлүүлэх гэж оролдож байгаа хүн. Найруулагч нарт авторыг хүндлэх хүндлэл мэдээж бий. Энэ бол тусдаа нарийн школа, давс хужрыг нь тааруулах ёстой. Ер нь мэргэжлийн байна гэдэг давс, хужрыг нь тааруулах тухай асуудал.
-Таны шинэ хэлбэр хүчтэйдэж, зохиолын санаа бүдгэрч гэж харсан.
-Би 50, 60 нас хүрч, оюун санааны хувьд төгөлдөржсөн хүн биш. Ойлгомжтой.
-Ойлгомжтой гэдэг нь?
-Өөрийгөө хэтийдтэл гаргах гээд ч юм уу гүн гүнзгий юм руу бага орсон байж магадгүй. Эр хүн 40 нас гараад л оюун санааны бяд сууж, төгөлдөрждөг. Тэр үед гоомой юм хийвэл өөр асуудал. Одоо би айхгүй, бүгдэд таалагдах боломж үгүй.
-Одоо хэдэн насан дээрээ явна?
-35, 36 нас хүрч байна. Үндсэн фундамент нь ч бий л дээ.

-Орчуулга миний хожим хийх ажил байж магадгүй-
-“Сычуанийн сайн хүн”-ээс өмнөх театрын ажил юу билээ?
-“Буруугүй буруутан” гэж А.Очирбат гуайн зохиолыг тавьж байсан. Тэр үед Б.Баатар найруулагч гэж мундаг амьтан байлаа. Тэр хүн “Чи жүжиг тавьж чадах уу” гээд, “Би чадна” гээд тавьж байсан юм. Мэргэжлийн биш байхдаа.
-ГИТИС яваагүй байсан үедээ?
-Яваагүй байсан.
-Үндсэн ямар мэргэжилтэй байсан гэсэн үг үү?
-Жүжигчин.
-Б.Баатар найруулагч яагаад танд санал тавьсан юм бол?
-“Дон Кихот” жүжиг дээр нь би туслах найруулагчаар ажилласан. Тэгээд л ойртож, нөхөрлөсөн. Таалагдсан юм уу, мэдэхгүй нэг л контакт үүссэн байх. Дуртай нь жүжиг тавья гээд тавьж болохгүй, улсын мөнгө явж байгаа. Өчнөөн олон том жүжигчид ажиллаж байгаа. Г.Урнаа, Ж.Пүрэвдорж, Ж.Оюундарь гээд л ардын жүжигчид, гавьяатууд олон. Тэд миний үгийг сонсохгүй, би жаахан хүүхэд. Б.Баатар найруулагч өөрөө хөөцөлдөж байгаад намайг ажиллуулсан учраас л боломж олдсон хэрэг.
“Сычуанийн сайн хүн” зарим хүнд таалагдаж байгаа, заримд нь үгүй. Таалагдсангүй гээд больчхож болохгүй, таалагдлаа гээд өвчигнөөд унаж болохгүй.
-Тийм санал тавихаас өмнө найруулагч болох бодол байсан уу?
-Тухайн үедээ л шүү дээ. Би ер нь өнөөдрөөрөө л амьдарч байгаа. Тухайн ситуацад амьдарч байна. Гэхдээ мэдээж ойрын хэдэн жилийн төлөвлөгөө, алсын хараа байж таарна.
Би мал дээр өссөн болохоор уяач болно л гэж боддог байсан. Найруулагч болно гэж огт бодоогүй, бодох ч боломжгүй. Бүсэндээ хусуур хавчуулчихсан яваа уяачийг хараад л гоё санагдаж байсан хэрэг. Харин хотод орж ирээд, орон зай солигдонгуут мөрөөдөл өөрчлөгдсөн. СУИС-т орсны дараа УГЗ Д.Лхасүрэн багшийн үг хүчтэй нөлөөлсөн. Тэр ГИТИС-ийг төгссөн хүн. Сургуулийнхаа тухай яриад байхаар үзэж, сонсож буй юм тэлэгдээд ирнэ. Харин хөдөө мал дээр явсан хүүхэд Москва явна гэж бодоход хэцүү. Дараа нь театрт ажиллаж байхдаа Б.Баатар гэдэг хүнээс найруулагчийн онцлог мэдрэмжүүдийг авсан байх. “Урлагийн хүн байна гэдэг аливаа зүйлийн дээгүүр халин дүүлэх биш, үндэс мэт хавж ургахыг хэлнэ” гээд л, “өвчгөнөдөг” байхгүй юу. Тэр нь гэнэт таалагдчихгүй юу. Би үндэс нь байх юм байна. Алим яах ч аргагүй сайн хөрстэй байж гоё амттай ургах юм байна. Тэр үндэс нь баймаар юм байна гэж. Тэгээд хэл сурчихаар бас дахиад нээгддэг юм билээ. Оюун санааны огт өөр ертөнц байдгийг мэдсэн. Би гурван жил болж байж, үйлээ үзэж орос хэлний учрыг жаахан олсон.
-Эргэлзэж байв уу?
-Үгүй ээ. Аймаар хэцүү юмс тохиолдоно. Гоё санаа орж ирэхгүй. Гэхдээ буцах зам байхгүй. 25-тай байсан бол болж л байна. Одоо идэвхтэй ажиллах 20-хон жил үлдлээ, энэ амьдрал дууслаа.
-Үлдсэн амьдралаа найруулагчаар л?
-Тийм. Тэгээд орчуулгын ажлууд орж ирэх байх. Хэлээ өшөө сайн сурчих юм бол, 60 нас гараад сайхан ном орчуулаад суумаар. Москвад сурч байхдаа тэр олон номнуудыг эх хэл дээрээ уншиж болдог бол сайхан аа гэж бодож байсан. Би энэ дэлхий дээр амьдраад буцах бол тэр нь бусдад ямар нэг үр өгөөж өгч байх ёстой. 50 жил, 80 жилийн дараа найруулагч болно гээд дөвчигнөж яваа хүүхдэд гол гол номууд орчуулагдсан байвал дөхөм шүү дээ. Эндээ үндсэн ойлголтоо авч байгаад Москва явбал илүү их юм сурна. Тиймээс орчуулга миний хожим хийх ажил мөн байж магадгүй.
Хүн тэгээд өөрчлөгддөг, энэ амьдрал чинь аягүй заваан. Энэ ярилцлагыг таван жилийн дараа уншихад танихгүй шүү дээ, өөрийгөө. Маргааш гэхэд чиний хумс хэдэн миллиметрээр ч юм ургачихсан байна биз дээ. Яг түүн шиг байнга өөрчлөгдөж байна. 20 жилийн дараа ярилцлагаа уншлаа гэхэд тусгүй л юм болно.
-Би ч хоёр жилийн өмнөх ярилцлагаа уншаад “Одоо хэзээ ч иймийг хийхгүй” гэж боддог.
-Харин тийм, тийм заваан байгаа биз. Өссөн ч юм шиг, буурсан ч юм шиг, мэдэгдэхгүй. Гэхдээ хөдөлгөөнтэй байгаа нь чухал.

-Театрыг хоцрогдсон гэж, ээ базарваань, ёстой хэлж болохгүй-
-Найруулагчаар ажиллаж байгаа нь ер юуны төлөө юм. Хүний төлөө юм уу, өөрийнхөө төлөө юм уу?
-Өөрийнхөө төлөө байлгүй яах вэ. Аймаар заваан юм болно, наана чинь. Би энэ хийж байгаа ажил, уншиж байгаа ном, тавьж буй жүжгээрээ дамжуулаад аав, ээжийнхээ ч юм уу хэн нэгний хариулт өгч чадахгүй асуултад хариулт эрж, өөрөө өөрийгөө боловсруулж байгаа. Мэдээж ажил үүргийн функц нь олон нийтийн оюун санаанд чиглэдэг. Гэхдээ хүн эхлээд өөрөө боловсрох ёстой. Чи сайханд тэмүүлэх ёстой, мэдрэх ёстой. Тэр мэдрэмжүүдээ сайхан арга хэрэгслээр цацах, дэлгэрүүлэх ёстой. Тийм учраас миний эхний жүжгүүд бол амьдралын тухай өөрийн гэсэн асуултууддаа хариулт хайж буй, өөрийгөө боловсруулж буй буюу өөрийнхөө төлөө хийж байгаа зүйлс.
Хэн ч хариулт өгөхгүй шүү дээ, надад. Өөртөө олсон хариултаа тайзан дээр хашгирч байгаа хэрэг.
-Илүү өөрийн эрэл хайгуултай холбоотой гэж үздэг юм байна?
-Тийм. Дасгал сургуулилт. Нас тогтоод, оюуны төгөлдөржилтөд ороод ирвэл кино уран бүтээлд орох уу, орчуулга хийх үү, арай зорилготой ажиллана. Үгүй ч байж магадгүй, бас.
-Шинэ, залуу найруулагч нарын амнаас УДЭТ хоцрогдсон, тогтсон хандлагатаа гацсан гэдэг яриа гардаг?
-Тийм юм байдаггүй юм. “Театрт бүх юм байсан. Чамаас бусад нь” гэж манай багш хэлдэг. Өмнө нь байсан театрыг үгүйсгэх ямар ч боломжгүй. Театр бол 2500 жилийн өмнө байсан. Аа, чи сая орж ирсэн байхгүй юу. Бүх юм хийгдсэн, бүх юм байсан, чамаас л бусад нь. Тэгэхээр урагшаа хараад өөрийнхөө л юмыг хийх ёстой. Хэлбэрүүд нь л өөр байсан.
Манайх олон театргүй учраас үзэгчид төөрөөд байгаа юм. Хүмүүс үзээд Э.Ёндоншаравын хийгээд байгаа театр чинь надтай ойр юм байна, эсхүл М.Батболдын хийгээд байгаа театр минийх юм байна гэж ялгаж, бодно. Ингэж үзэгчид өөр, өөрсдийнхөө театр луу, найруулагчид руу очоод сурчихдаг. Тэгэхээр хоцрогдсон гэж хэлж, ээ базарваань, болохгүй шүү.
Би Москвад нэг онолын ном уншаад уйлж байсан. Монголын драмын театрын түүхэнд маш их юм хийсэн Л.Ванган гэж хүн бий. Тэр хүн ГИТИС-ийн асар том онолч К.Станиславскийн дэргэд нь байсан чавганцын шавь. Тэр чавганц Л.Ванганы тухай мэргэжлийн номон дээрээ бичсэн байдаг. “Хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, юманд асар хурдан хийгээд гүнзгий төвлөрдөг, хэнд ч ойлгогдохгүй өөрийнхөө ханз үсгээр уншиж, бичдэг хүү байсан. Дараа нь Монголын театрт их зүйл хийсэн юм билээ” гээд. Оюутны байранд түүнийг олж уншиж байгаа юм. Ингээд бодохоор манай театрын урлагийн фундамент асар мэргэжлийн тавигдсан байна. Мэдэхгүй, миний л бодол шүү. Миний бодол гэдэг миний бодол, аягүй заваан.
-Ойлгогдохгүй ч юм уу хүлээн зөвшөөрөгдөхгүй байх тал дээр?
-Тэр чинь ийм. Ухаантай юм *ааж өгч байна аа. Чамд ойлгогдоогүй юм бүхэн муу биш. Тэгж л ойлгомоор юм билээ. Би өөрт таалагдаагүй, эсвэл ойлгоогүй юмаа муу гэж огт бодож болохгүй. Чиний сайхан, миний сайхантай зөрж байдаг юм чинь.
-Идэвхийлэн жүжиг тавьж эхэлсэн нь юуных вэ, юу хатгав. Өөр хүмүүс хийгээд эхлэхээр хоцормооргүй санагдав уу. Их ойрхон тавилаа гэж хараад байна шүү дээ. Их хурдтайгаар орж ирж байгаа юм шиг.
-Ойр, ойрхон гэж үү. Би бодож төлөвлөөд так так хийтэл тавиад байгаа юм байхгүй. “Мөрөөдлийн театр”-ынхан бид бол СУИС-т байхаасаа л ах, дүүс. Хандахад нь тэгье л гэсэн. Түүнээс эхлээд “Сычуанийн сайн хүн”, дараа нь “Шөнө амталсан нулимс”, тэгээд Н.Гоголийг тавья гэж төлөвлөөгүй. Одоо хоёр жүжиг зэрэг сургуулилж байна. Өглөө нь театр дээр Н.Гоголийн “Тоглоомчид” гэдэг жүжгийг сургуулиллаад, орой нь энд. Н.Гоголийн жүжиг бол театрын төлөвлөгөөт ажил. Ингээд л давхцчихаж байгаа хэрэг.
-Ингэж дараалж тавих тохироо бүрдэхэд таны оролцоо байсан юм уу?
-Айхтар тавья гэж төлөвлөж бодоогүй л гэсэн үг.
-Уран бүтээлээр цангаж амьдарч байна уу?
-Би жаахан яаруу байж магадгүй. Уг нь жаахан тогтох ёстой байхгүй юу. Нэг жүжиг хийгээд түүнийгээ мөлжих ёстой байдаг. Нэлээд гүнзгий бясалгаж байж дараагийнх руугаа орох ёстой. Нөхцөл нь ингээд таарчихлаа. Ер нь жүжиг энерги их сордог. Хэр энерги сорно, тэр чинээнд сайн бүтээл болно.
-Давхар өөр жүжиг бэлдэж байгаа гэхээр гайхлаа. Бараг галзуурахын наахнуур яваа баймаар?
-Аягүй сонин байна, өөрөө жаахан айж байна. Хоёр туулай хөөсөн хүн хоосон. Асар нарийн технологи, онолын юмнууд явж байгаа шүү дээ, уг нь. Болгоно доо, амжуулна.
-Санасандаа хүртэл хийх гэж хичээх үү?
-Хичээнэ, гэхдээ аль ч наыруулагчдыг хараад байхад санасандаа хүртэл хийдэггүй юм билээ. Дандаа л дутуу санагдаж үлддэг байх.

-Найруулагч өөрийгөө тулах цэг болгоод дүүгүүр эргүүлнэ. Тэр эргүүлэгт үзэгчид орно-
-Амьдралд эрээнтэй, бараантай юм туулсан хүний философи ийм экзистенциалист байдаг санагддаг. Амьдралд хэр нугачаа байв?
-Ер нь уран бүтээлч хүн нэг их хангалуун, цатгалан болоод ирэхээрээ эмоциональ түвшинд ажилладаж чаддаггүй юм шиг санагдсан. Том дүр зургаараа шүү дээ. Амьдралд дутал байж гэмээнэ гүнзгий юм руу орж ажилладаг. Тайван байхаар тайван л байна. Хоол байна, бүх юм байна гэвэл. Жүжигчид ч гэсэн, амьдрал нь нугачаатай байх тусмаа өөрийнхөө тэр түүхийг тайзан дээр чирээд гараад ирдэг. Нүд нь хоосон биш. Хамаг амьдрал нь хангалуун сайхан байсан улс тайзан дээр нэг л тийм сул. Хүн зовлонд дуртай амьтан юм уу, мэдэхгүй. Надад мэдэхгүй гэдэг үг их орж ирж байна. Яагаад гэвэл нээрэн мэдэхгүй юм чинь. Яаж амьдрахыг л мэдэхгүй байна шүү дээ. Жүжиг яаж хийхийг ч мэдэхгүй байна. Энэ жүжиг дууслаа, дараагийнх эхлэхэд анх удаа юм шиг аягүй эвгүй байдаг. Эмч хүн 100 удаа бөөрний хагалгаа хийхэд автоматаар цээжилнэ. Жүжгийн “хагалгаа” тийм биш, хүний тухай хийж байгаа. Хүн чинь өөрөө оньсого. Жүжигт 2 дээр 2-ыг нэмээд байнга 4 гардаггүй, заримдаа 3 гарна. Хагалгаа хийх гэж байтал бөөр нь уландаа оччихдог. Хоёр дахь жүжигтээ ортол бөөр нь баруун чихэн дээрээ оччихсон явж байдаг.
Хүн ер нь алдвал алдаж, оновол онож, үхвэл үхээд сэхвэл сэхэж амьдрах хэрэгтэй биз дээ. Амьдраад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг явж яах вэ.
-Гэхдээ та үүнийг хийх ёстой хүн л гэж өөртөө ухамсарласан гэсэн үг биз дээ?
-Тийм ээ, таашаал авна. Ажил амьдрал хоёр нийлчихнэ. Ажил, амралт хоёр бүр нийлчихнэ. Ажлаасаа таашаал авахгүй бол амьдын хар тамд унаж байгаа юм. Түгжрээнд мөнхийн бодоостой. Хаана ч ажлаа хийж, хаана ч амраад байгаа нь мэдэгдэхгүй цикл болчихдог бололтой.
-Яагаад найруулагч гэж?
-Мэдэхгүй, өөрийгөө таних л арга хэрэгсэл дээ. Одоогоор бол. Анхнаасаа ийм найруулагч болно гэж бодно гэдэг их зовлонтой. Одоогийн ситуацад бол найруулагчийн ажил намайг хүн болгох хэрэгсэл.
-Хүн болж байгаа юм шиг санагдаж байна уу?
-Болох гээд л байна. Болчихвол хийхээ больчих байх.
-Бага, багаар?
-Энэ жүжиг дээр л гэхэд жаахан хүн чанартай байж үзэх үү, хэдүүлээ амьтнаас жаахан ялгардаг гэдгээ бодож үзэх үү л гэж байгаа. Гал хамгаалагч л даа. Аймшигтай нүгэл үйлдэхээс хамгаалж байгаа гал хамгаалагч нар шүү дээ, энэ дүрүүд чинь.
-Анх удаа л ийм хариулт сонсож байна. Хүмүүс энэ хүн чинь өөрөө осолтой хүн юм биш үү гэж бодмоор.
-Өөрөө аймаар нүглийн далай, хүн алчих гээд байдаг нөхөр юм шиг үү /Инээв/. Тэгээд жүжиг тавьж жаахан тайвширдаг /Инээв/.
-Та нүгэл их хийсэн үү?
-Чи ч хийсэн л байгаа шүү дээ.
-Одоо ингэхээр энэ бүхэн таны хувийн л асуудал юм шиг болоод явчихлаа. Үзэгчидтэйгээ яаж уях юм бэ. Таны өөрийн эрэл хайгуулыг л үзээд байгаа юм шиг болж байна. Хүмүүст юу нь хүртээлтэй байх юм?
-Хоёулаа хэцүү л юм ярьж байна. Театр гэдэг юмны өөрийнх нь үндсэн форм ийм. Хүмүүс үзээд, явна. Тэнд хувь хүний үзэл явж л байдаг. Томоор харах юм бол угаасаа үзэгчдэд л зориулж хийж байгаа. Жаахан жижиглээд яривал, үзээд сууж байгаа хүн нэг бүрийг танихгүй, мэдэхгүй учраас тулах цэг нь би өөрөө болдог. Тийм учраас өөрийгөө ярьчихлаа. Өөр дээрээ тулах цэг хийгээд, дүүгүүр эргүүлнэ. Тэр дүүгүүрийн эргүүлэгт үзэгчид орно. Өөрөөрөө багцаалдаж, долгион цацна. Долгион цацах тулгуур нь найруулагч өөрөө учраас би өөрийгөө баахан ярьчихлаа. Үзэгчдэдээ зориулъя, юу үзэхийг хүсэж байгаад нь тулгуурлая гэж маркетинг хийхэд ч хэцүү. Үзэгчид үнэндээ юу үзмээр байгаагаа мэддэггүй. Ажлаа хийгээд л явж байгаа юм чинь. Харин театрт хүрээд ирэхэд үзэх юм нь бэлэн байх ёстой. Тийм учраас өөрт тохиолдсон амьдралын сонин хачин хачирхалтай юмс, хариулт өгч чадахгүй зүйлсээ тайзан дээр гаргаж цацна. Яг надтай адилхан Дондог үзэгчийн суудалд сууж л байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сүүлийн үеийн жүжгүүдийг ийм царайтай хүн найруулаад байгаа байх нь ээ
Tengisin yriltslagad durtai shuu