УРЛАГЭнтертайнмент

Jason: Эргээд иртэл УДЭТ-т орон тоо байгаагүй тул боломжоо ашиглаж, дуучин болсон

Б.Баяржавхланг УДЭТ-т шалгуулж, тэнцээд, дагалдан жүжигчин болоод удаагүй байхад нь танилцаж байлаа. Театрын “Тэнгэрийн хүү”, “Үгүйлэгдсэн хайр”, “Гамлет” зэрэг жүжигт тоглож, хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн түүнийг бусад уран бүтээлч ч “Ирээдүйтэй жүжигчин” хэмээн үнэлдэг. Харин одоо түүнийг R&B дуучин гэдгээр нь мэднэ. “Тоонот” студийн артист Jason буюу дуучин, жүжигчин Б.Баяржавхлантай ярилцлаа.

-Багаасаа л дуулах дуртай хүү байлаа-

-Та хүүхэд насаа хаана өнгөрүүлсэн бэ?

-Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж, өссөн хүн. Дунд сургуулиа ч тэндээ төгссөн.17-тойдоо оюутан болоод л Улаанбаатарт ирсэн.

-Багаасаа л урлагт дуртай хүү байсан уу?

-Бараг ухаан ороогүй жаахан байхдаа дуулж байсан бичлэг минь гэрийнхэнд байдаг. “Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана” дууг. Цэцэрлэгт байхдаа ч дуулах дуртай хүү байлаа. Ер нь хүүхэд насны дурсамж гэхээр л дуулах дуртай байсан минь хамгийн түрүүнд санагддаг. Сургуульд ороод “Яргуй”, “Ирээдүйн одод” гээд л дууны уралдаануудад оролцдог болсон. Өөрийгөө урлагаар хүмүүжүүлсэн гэх нь ч хаашаа юм бэ, гэхдээ тэгж явсаны нөлөө одоо надад байдаг болов уу.

-Урлагт "вампирдуулчихсан"-

-Тэгвэл яагаад дуучин биш, жүжигчин болсон юм бэ?

-Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрт хүүхдийн жүжиг үзсэн юм. Яг хэддүгээр ангид байснаа сайн санахгүй байна. Харин тэр жүжгийг тод санадаг. “Бөмбөлдэй баатрын домог” гэж жүжиг. Дараахан нь УДЭТ-ынхан манай нутагт ирж тоглосон. Азтай тохиолдлоор би үзэж таарлаа. Тэгэхэд маш гүн сэтгэгдэл төрсөн. Тэр үеэс л “Жүжигчин болно” гэж шийдсэн дээ. Бас долдугаар ангидаа азаар кинонд тоглосон. “+17”-гийн Жижгээ (жүжигчин Г.Лхагвацэрэн), “360 градус”-ын Тэмка (жүжигчин Б.Тэмүүлэн агсан) нартай танилцаж, хамт тоглож байлаа.

-Ямар нэртэй кино бол?

-“Хотын охид” гэж кино. Гэхдээ тэр кино одоо хаана, хэнд байдгийг сайн мэдэхгүй. Ямар ч л байсан тэр үед л урлагт “вампирдуулчихсан” юм. Эргэлт буцалтгүйгээр энэ замаар явахаар шийдсэн.

-Жүжигчнээр хаана сурч төгсөв?

-2007 онд КУДС-д элсэж, 2011 онд төгссөн. С.Болормаа багшийн шавь. Дөрвөн жил өөрийгөө маш сайн бэлдүүлсэн гэж боддог шүү. Багшийнхаа заасан, хэлсэн бүхнийг санаж явдаг даа. 

-УДЭТ-т орох нь миний мөрөөдөл байсан-

-Жүжигчнээр төгссөн залуус болгоны чин хүсэл УДЭТ-ын босго давах байдаг юм уу. Та яагаад “Улаан байшин”-д орохоор шийдсэн юм бэ?

-Тийм гэхэд хилсдэхгүй дээ. УДЭТ-т орох нь миний мөрөөдөл байсан. Оюутнууд ярилцдаг даа, “Төгсөөд юу хийх вэ. Хаана ажиллах вэ” гээд л. Тэгэхэд би “Драмын театрт л орно” гэдэг байлаа. Яг л тэгж ярьдаг байснаараа сургуулиа төгсөнгүүтээ шууд л УДЭТ-т шалгуулан тэнцээд, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Мөрөөдлөө биелүүлж, хэсэгхэн хугацаанд театрт ажиллаад явсан даа.

-Хэсэгхэн гэдэг нь?

-Таван жил орчим ажиллаад л амьдралын шаардлагаар гадагшаа явсан.

-Театрт хөл тавиад ямар жүжгийн аль дүрд анх тоглов?

-Дагалдан жүжигчнээр орсныхоо дараахан “Тэнгэрийн хүү” жүжгийн олны хэсэгт оролцож эхэлсэн. Тэрнээс хойш намайг байх хугацаанд театрт тавьсан бүх л уран бүтээлд оролцсон доо. Үндсэн жүжигчин болоод Н.Наранбаатар найруулагчийн “Гамлет” жүжгийн Гильденштерний дүрд тоглосон.

-УДЭТ-аас долоон өөр найруулагчийн долоон өөр жүжиг буюу бэсрэг жүжгийн төсөл хэрэгжүүлэхэд энэ долоон жүжгийн нэлээд хэдэд та ажилласан байх аа?

-“Буруугүй буруутан”, “Уучлаарай, та дугаар андуурч”, “Өчигдөр” жүжигт тоглосон. Мөн “Манекан” жүжигт туслах найруулагчаар ажилласан юм байна.

-Театраас гарсныхаа дараа тайзаа санасан уу?

-Түрүүн “вампирдуулчихсан” гэсэн дээ. Урлаг хүнийг тэгж л ховсоддог. Гадаадад очсоныхоо дараа зүүдэлсэн нэг зүүдээ мартдаггүй юм. Унтаж байтал “Хөөе Жавхаа, тайз руу гарах цаг чинь болчихлоо” гээд хэн нэгэн дуудаж байна. “Гамлет”-д тоглож байх үе л бололтой. Би ч ум хумгүй босоод хажуу талаас нь тайз руу гарах гэтэл тэнд хаалт хийчихэж. “Хэн, хэзээ энд ийм юм хийчихэв ээ” гэж бодоод тайзны нөгөө тал руу гүйтэл хав харанхуй. Гүйх тусам улам л харанхуй болоод л. Тэгж гүйсээр байгаад сэрчихсэн. Гэх мэтчилэн их л зүүдэлдэг байлаа. Үнэндээ би ажил хийхээр Солонгос явсан юм. Хүсэж эзэмшсэн мэргэжлээсээ, ажиллаж байсан театраасаа холдсон болохоор их л санадаг байсан даа.

-Надад олдсон боломжоо л ашигласан нь энэ-

-Тэгээд эргэж ирснийхээ дараа тэгж их санасан театртаа ажиллалгүй дууны уран бүтээл хийж эхэлсэн нь ямар учиртай юм бэ?

-Эргэж ирэнгүүтээ театртаа очсон. Даанч орон тоо байгаагүй. Тэгээд л надад олдсон боломжоо ашигласан нь энэ.

-Яагаад ч юм бэ, жүжигчин Б.Баяржавхлан яваад, цоо шинэ Jason гэж дуучин гараад ирэх шиг санагдсан.

-Сайн мэдэхгүй л юм. Угаасаа л дуулах дуртай байсан. Театрт байхдаа ч дуулдаг л байсан. Найзуудтайгаа нийлээд хамтлаг болоод ч явж байлаа. Сая хэлсэнчлэн өөрт олдсон боломжоо л ашигласан нь тэр. Тухайн үед өөр зүйл хийх боломж байгаагүй. Тэгж л таарсан.

-Одоо харин боломжоо ашигласан нь зөв байж дээ гэж боддог биз дээ?

-Тэр нь зөв, энэ нь буруу гэж бодож байсангүй. Хийх боломжтой зүйлээ хийгээд л явсан гэх юм уу даа. Угаасаа ч өөр сонголт байгаагүй.

-"Тоонот"-ынхон өөр эхээс төрсөн ч зүрх сэтгэл нэгтэй ахан дүүс-

-“Тоонот”-ыг цөөн үгээр тодорхойлооч гэвэл?

-Манай “Broda” дууны дахилтыг санаж байна уу, “…we are brother from the another mother...”. Энэ үг “Тоонот”-той авцалддаг юм шиг санагддаг. Өөр эхээс төрсөн ч зүрх сэтгэл нэгтэй ахан дүүс.

-Өнөөдрийг хүртэл “Тоонот”-оос “төрсөн” дуунууд бараг бүгд хит болчихож. Артистуудын бие даасан болон хамтарсан цомгууд ч сонсогчдод хэдийн хүрчээ. Ингэж амжилттай байгаагийн “жор” нь юу вэ?

-Жор гэх зүйл байхгүй ээ. Бид зүгээр л ажилладаг, хийдэг. Гэхдээ мэдээж хичээж. “За ингэе. Бөөнөөрөө ийм, тийм зүйл хийе” гээд л хамтдаа зүтгэдэг. Нэг нэгнийхээ уран бүтээлийн хамтрагч, анхны сонсогч, бас шүүмжлэгч байж чаддаг. Хамгийн  гол нь “Тоонот”-д би гэж байдаггүй, бид гэж л байдаг.

-“Тоонот”-ын гишүүн бүрийг өөр өөр өнгө гэж төсөөлье. Тэгвэл та ямар өнгө нь бол?

-Харин л дээ. Ихэнхдээ хар, цагаан хувцас өмсөдгөө бодохоор энэ хоёр өнгийн аль нэгийг хэлчихмээр байх юм. Гэхдээ арай биш байх. Яг тэр өнгө гээд хэлэх хэцүү юм. Зөөлөн, дулаахан өнгө л байх болов уу.

-Танайхан яг одоо ямар уран бүтээл “цацах”-аар ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд “Toonot volume 1”, “Toonot volume 2”, “Toonot volume 3” цомгоо гаргаж, сонсогчидтойгоо баяраа тэмдэглэсэн. Энэ жил “Тоонот”-ын таван жилийн ой тохионо. Ойдоо зориулсан тоглолт хийнэ. Түүнээс өмнө “Toonot volume 4” хамтарсан цомгоо гаргах төлөвлөгөөтэй. Төлөвлөсөн зүйлс олон бий. Тухай тухайн үед нь танилцуулах байх аа.

-Та цомгоо гаргахгүй юм уу?

-Гаргана аа. Цомгийн ажил 90 хувьтай явж байгаа.

-Студийнхээ дөрвөн жилийн ойг тохиолдуулан “21х21” төслийг хэрэгжүүлсэн шүү дээ. Энэ аялан тоглолт “амттай” байсан уу?

-Том төсөл хэрэгжүүлсэн, бид. Тийм чанга, хэцүү байгаагүй. Очсон аймаг бүрт биднийг сайхнаар хүлээн авч, үдэж байсан. Тийм гоё байна гэж төсөөлөөгүй. “Миний ардын сэтгэл цагаан” гэж үнэн юм билээ. Бид ч тэдний итгэлийг алдалгүй 21 аймагт амьдарч буй залууст зориулан аймаг бүрийн төв талбайд мэргэжлийн өндөр түвшний тоглолт зохион байгуулахыг хичээж явсан.

-Харамсалтай нь, эл аялан тоглолтыг тань улс төртэй холбож харлуулж сошиалд “сэвсэн”.

-Түүнд эмзэглээгүй ээ. Монголчуудын гэм биш зан юм биш үү. Юм хийж байгаа нэгнийгээ тоншоод, эсвэл хэмлээд байдаг нь.

-Өмнө нь Монголоороо хэр явсан байсан бэ. Очиж үзээгүй аймаг байсан уу?

-Театрт байхдаа 21 аймгаа хоёр тойрч байлаа. УДЭТ-ынхан хавар, намартаа орон нутгаар аялан тоглолт хийдэг шүү дээ. Харин энэ удаа “Тоонот”-ынхонтойгоо явах сайхан байсан. Нөгөөтээгүүр, олон үзэгчдэд өөрийгөө хувь уран бүтээлч талаас нь таниулж чадсан болов уу гэж найдаж байна.

-Найруулагч нар ихэвчлэн эсрэг дүрийн санал тавьдаг-

-Таны тоглосон “Амьдралын урт замд” уран сайхны кино яг одоо IPTV-үүдийн хамгийн үзэлттэй кинонуудын нэг болоод буй. Энэ кинонд хэрхэн тоглов. Зохиолыг нь уншаад анх төрсөн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Тулгаа ах (найруулагч С.Баттулга) ах зохиолоо явуулаад, тоглох санал тавьсан. Дорнод аймагт тоглолтоор явж байсан үе. “Юутай ч уншиж үзээд шийдье” гэж бодсон. Уншлаа. Үнэхээр таалагдсан. Элдэв чамирхал, хэтрүүлэггүй. Яг л үнэн, амьдралтай ойрхон байсан нь таалагдсан. Бодит амьдралаас, болсон үйл явдлаас сэдэвлэж бичсэн зохиол учраас тэгж ойр буусан юм билээ л дээ. Тэгээд л тоглохоор шийдсэн. Тоглосон. Харин үзсэн хүмүүс сэтгэгдлээ харамгүй хуваалцаж буйд баяртай байгаа.

-Зохиол нь таалагдсан учраас тоглосон гэлээ. Ер нь дэлгэцийн уран бүтээлийн санал ирэхэд зохиолоос гадна өөр юуг нь харж тоглох, эсэхээ шийддэг вэ?

-Мэдээж зохиол хамгийн чухал. Нэг тийм үнэн, гоё зохиол мэдрэгддэг юм аа.

-Найруулагч нар ихэвчлэн ямар дүрд тоглуулах санал тавьдаг вэ?

-Надад ихэвчлэн эсрэг дүрийн санал ирдэг. Анх удаа эерэг, гол дүрд тоглосон нь “Амьдралын урт замд”. Тийм ч болохоор сайн тоглох гэж хичээсэн. Би боддог байсан юм, “Жүжигчин хүн байна даа ийм дүрд тоглочих юм сан” гэж. Ахуйн, амьдралын, энгийн дүрд тоглох сон гэж хүсэж явлаа. Яг л тэр хүсэж байсан дүр минь.

-Та өөрөө айлын том хүү байх аа. Хэр чанга ах вэ?

-Ах нь болохоор ч тэр үү, амьдралд арай түрүүлж хөл тавиад, алдаж оноод үзчихдэг мэт санагддаг. Харин дүүгээ тэгж алдахаас, алдааг минь битгий давтаасай гэсэндээ жаахан хатуурхдаг байж магад.

-Одоо ямар дүрд тоглохыг хүсэж байна?

-Тийм, ийм дүр гэхээс илүү зохиол нь таалагдвал ямар ч кинонд тоглож, оролцож болно.

-Эргээд тайзан дээр гарахыг хүсэж байна уу?

-Дуугаа дуулаад байнга л гардаг шүү дээ.

-Тайзны уран бүтээлээр шандсаа нэг сорихыг хүсэж л явдаг-

-Жүжгийн талаар асууж байгааг та ойлгож л байгаа шүү дээ.

-Мэдээж хүсдэг. Тайзан дээр тоглох гоё. Тайзны уран бүтээл жүжигчнээс асар их ур, тэвчээр шаарддаг. Шандсаа тэгж нэг сорихыг хүсэж л явдаг.

-Дууны болон дэлгэцийн уран бүтээлээс гадна бизнес эрхэлдэг юм байна. Монголд зөвхөн урлагаар хоолоо олох амаргүй юу?

-Залуу байгаа дээрээ санаанд багтсан зүйлсээ хийгээд үзье л дээ. Дүүтэйгээ хамт “Jeju samgyeopsal” хоолны газар ажиллуулаад хоёр жил орчим болж байна. Хоёр ч салбартай боллоо. Өнөөдөр өөрөө ажиллаад сууж байна. Сайхан шүү дээ. Биеийн амрыг харахгүйгээр ажиллаад амьдралаа өөд татаад явъя л гэж боддог юм. Худлаа ярихгүй, хулгай хийхгүй, хөдөлмөрлөөд амьдрахад бусад нь аандаа болно доо.

-Жүжигчин гэж дуудуулах дуртай юу, дуучин гэж зарлуулах дуртай юу?

-Уран бүтээлч гэж хэлүүлэх нь илүү гоё.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Baigal
Baigal

????????????

Baigal
Baigal

Wow duuchin l gj bodoj ywsanshde????
Mundag jujigcin uran bvteelch bnshd????????

mire
mire

Setgvvlch yriltslagiig neg tiim zewvvn harizmatai bolgoj baigaa n ix taalagdaj bn. setgvvlchid xotlogdsoor yriag unshchixlaa. soningiin bichwer sited garwal iim l oor ongo torx xaruuldag ym bn. soning bariad unshixaar neg tiim amtgv sanagdaad bdgiin. sited boloxoor ix owormots siteiinxnaas xawi ilvv bichdeg n ylgarch xaragddag ym bnaa bvvr tanin medvvlchixlee

Uujiinaa
Uujiinaa

Ярилцлага таалагдлаа. Богино мөртлөө мэдэхийг хүссэн хариултыг олоод асуучихсан мэт. Сэтгүүлч нь мундаг санагдлаа.

Зочин
Зочин

Тэнэмэл алнууд жоохон нэр аашангуутаа шаж өгөх юм аа хаха

Холбоотой мэдээ

Back to top button