НИЙГЭМНийгэм мэдээ

Таргалалт буян биш

Монгол Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар 15-69 насны хүн амын 49 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна. Хамгийн нийтлэг ажиглагдсан зүйл нь залуучууд 25 нас хүрээд эрчимтэйгээр жин нэмж байгаа ажээ.

Үндэсний хэмжээнд хийсэн судалгаагаар авч үзвэл 25-34 насныхны таргалалт 15-24 насны бүлгийнхэнтэй харьцуулахад 2-2.5 дахин нэмэгдсэн байна. Харин 35-69 насны 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жинтэй байгаа ажээ.

Энэ дунд зайлшгүй анхаарах ёстой асуудлуудын нэг бол бага хийгээд өсвөр насныхны жингийн илүүдэл юм. 6-11 насныхны таргалалт өмнөх судалгаанаас 10 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Тэгвэл жингийн илүүдэл зөвхөн манай улсад тулгамдаад буй асуудал биш ажээ. Тодруулбал, ВВС агентлагт 2035 онд дэлхийн хүн амын тал хувь нь жингийн илүүдэлтэй болсон байна гэж Дэлхийн таргалалтын холбооноос гаргасан мэдээллийг нийтэлсэн байна. Илүүдэл жинтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж буй нь 12 жилийн дараа дөрвөн тэрбум хүн энэ төрлийн өвчлөлтэй болох магадлалтай гэх тооцооллыг гаргажээ.

Тус холбооны гаргасан мэдээлэлд бага насны хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэж буй нь Африк болон Ази тивийн бага, дунд орлоготой орнуудад түлхүү ажиглагдаж байгаа ажээ. Манай улсын хувьд хоёр хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхэд тутмын дөрөв нь чихэрлэг хүнс буюу зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэдэг байна.

Таргалалтын түгээмэл шалтгаан нь хагас эсвэл хэт боловсруулсан хоол хүнс, хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний эрүүл байдлыг хянах сул тогтолцоо, эрүүл мэндийн боловсрол дутмаг байдал зэрэг голлон нөлөөлж байна хэмээн тус холбооноос мэдээлэв.

Биеийн жиндээ анхаарах шаардлага гарцаагүй тулгараад байна. Буян хэмээн нэрийдэх нь тийм ч оновчтой өөрийгөө өмөөрсөн хэрэг биш. Нөгөө талаас эрүүл мэндийн шалтгааны улмаас илүүдэл жинтэй байгаа хүмүүсийг буруушаасангүй. Тэдний хувьд эмчтэйгээ хэлэлцсэний эцэст зөв аргаар илүүдэл жингээ хаяж чадах биз ээ.

Харин өөрсдийн цэвэр буруутай үйл, залхуу байдал, буруу зуршлаас үүсэлтэй жингийн илүүдэлтэй тэмцэх цаг хэдийн иржээ. Хувь хүн өөрийгөө удирдаж чадахгүй байгаа явдал хэмээн үзэж Японд тарган хүнийг удирдах албан тушаалд томилдоггүй. Манай улсад энэ төрлийн жишээ цөөн боловч гарч байсан тохиолдол бий. Тухайлбал, уул уурхайн компанид ажилд орохоор шалгалт өгсөн залууг жингийн илүүдэлтэй гэх шалтгаанаас болж тухайн ажилд нь аваагүй байдаг.

Мөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ ч Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд жингийн илүүдэлтэй удирдах ажилтнууд олон байгааг шүүмжилж байсан удаатай. Ямартай ч НҮБ 2017 онд манай улсыг таргалалтаараа Азидаа тэргүүлж байгааг онцолж байсан билээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button