136 үзмэрийн гэрэл зураг, тайлбарын хамт нэгтгэжээ

Байгалийн түүхийн музейгээс “Сор үзмэрийн дээжис” ном гаргасан байна. Эрдэмтэн судлаач, оюутан, байгаль сонирхогч хүн бүхэнд зориулагдсан танин мэдэхүйн уг номд музейн шилдэг 136 үзмэрийг гэрэл зураг, тайлбарын хамт багтаажээ. Тодруулбал, музейн сан хөмрөгийн үнэ цэнийг илтгэхүйц шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдол бүхий гурван солир, 12 эрдэс, гурван чулуу, 11 зүйл палеонтологийн олдвор, 21 зүйл ургамлын хатаамал, 21 зүйл шавжийн хатаамал, нэг зүйл хоёр нутагтны хэлхээ яс, зургаан зүйл мөлхөгчийн хэлхээ яс, 21 зүйл шувууны чихмэл, 29 зүйл хөхтөн амьтны хэлхээ яс, чихмэл зэрэг нийт 136 цуглуулгыг гэрэл зураг, шинжлэх ухааны ангилал зүй, онцлог шинж, хамгааллын зэрэг, цуглуулгын түүх, төрөлжсөн сан хөмрөгийн мэдээлэл зэргээр баяжуулан нэгтгэсэн аж. Ташрамд сонирхуулахад, тус музейн сан хөмрөгт өдгөө 13000 гаруй цуглуулга бий бөгөөд тэдгээрийн 5.3 хувь нь геологи, 4.1 хувь нь палеонтологи, 90 хувь нь биологийн төрөл зүйлийн цуглуулга аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.