НИЙГЭМНийгэм ярилцлага

"Дэлхийн алдартай марафонуудад оролцож, зургаан одот медаль авсан"

Дэлхийн хэмжээнд алдартай зургаан марафон байдаг ажээ. Эдгээр зургаан марафонд бүгдэд нь амжилттай оролцсон оролцогчид зургаан одот медалийн эзэн болдог байна. Эдгээр медалийг Монголд авч ирсэн хүмүүс нь нэг биш гурван эмэгтэй байдаг юм. Тэднийг Х.Алимаа, Б.Чимэдрагчаа, Б.Үйлсзаяа гэдэг билээ. Ингэснээр манай улсаас уг шагналыг хүртсэн дөрвөн эмэгтэй байна. Тэднээс өмнө Ирис Мөнх хүртэж байсан юм.

Дэлхийн хэмжээний алдартай зургаан марафон нь Нью Йорк, Бостон, Чикаго, Лондон, Берлин болон Японых юм. Тэднийг олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, олимпизмын үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Япон улс дахь марафон нь дууссаны дараа Монголын үндэсний олимпын хорооноос “Олимпын алдар” одонгоор шагнасан юм.

Х.Алимаа- Биеийн тамир спортын тэргүүний ажилтан

No description available.

Тэрбээр нэг жилиийн дотор дэлхийн алдартай зургаан марафоныг дуусгасан Монголын анхны хүн болсон онцлогтой. Нийт 20 марафонд гүйжээ. Заримаас нь дурдвал,

  • Нью Йорк марафон 2022
  • Чикаго марафон 2022
  • Лондон марафон 2022
  • Берлин марафон 2022
  • Бостон марафон 2022
  • Токио марафон 2022
  • Калифорниа ОУ-ын марафон
  • Ричмонд марафон /насандаа 10-р байр/
  • Семпер марафон /насандаа нэгдүгээр байр/ гэх мэтийг дурдаж болно.

Мөн Дэлхийн монголчуудын гүйлтийн сувгийн АНУ дахь төлөөлөгч юм байна.

Б.Чимэдрагчаа- Чикагогийн марафонд гурван удаа оролцож байсан

May be an image of 1 person and standing

Дэлхийн монголчуудын гүйлтийн сувгийн АНУ дахь гишүүн нь юм.

  • Чикаго марафон 2013, 2016, 2017 /3 удаа/
  • Парис марафон 2014
  • Лондон марафон 2014
  • Берлин марафон 2014
  • Нью Йорк марафон 2018
  • Бостон марафон 2021
  • Токио марафон 2023

Б.Үйлсзаяа- 12 хотын марафонд оролцжээ

May be an image of 1 person, standing and outdoors

Дэлхийн монголчуудын гүйлтийн сувгийн Ирланд дахь төлөөлөгч. Түүний оролцож байсан марафонуудаас дурдвал,

  • Дувлин марафон 2015
  • Амстердам марафон 2018
  • Парис марафон 2019
  • Лондон марафон 2019, 2020, 2022
  • Нью Йорк марафон 2020
  • Берлин марафон 2021
  • Манчестер марафон 2021
  • Ливерпүүл марафон 2021
  • Бостон марафон 2022
  • Чикаго марафон 2022
  • Нью Йорк марафон 2022
  • Токио марафон 2023 юм.

-Та бүхэнд баяр хүргэе. Зургаан одот медалийн эзэд болно гэдэг гайхалтай хэрэг шүү дээ. Анх хэрхэн марафоны тамирчин болж байсан талаараа хуваалцахгүй юу?

Х.Алимаа: Баярлалаа. Би 20 орчим наснаасаа эхэлж гүйсэн. Гүйгээд 20 жил, марафоноор 2019 оноос хичээллэсэн. Цар тахлын үеэр хөл хорионы улмаас томоохон марафонууд цуцлагдаж байсан. Энэ үед марафон цахим хэлбэрт шилжсэн юм. Энэ нь жирийн марафон гүйгчдэд цахимаар дэлхийн томоохон марафонд гүйх боломжийг олгосон. Тиймээс энэ боломжийг ашиглаж, томоохон марафонд оролцсон юм.

Б.Чимэдрагчаа: Баярлалаа. Би 2013 оноос эхэлж гүйсэн болохоор энэ жил 10 дахь жилдээ гүйж байна. Их сургуульд байх үедээ бага зэргийн жин нэмсэн. Тиймээс эрүүл мэндээ дэмжиж, гүйлтээр хичээллэж эхэлсэн юм. Улмаар 2013 онд анх Чикаго марафонд оролцсоноос

Б.Үйлсзаяа: Баярлалаа. Миний хувьд 2015 оноос гүйж эхэлсэн. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй гүйгч Нью Йорк марафонд орсон түүхийг хараад урам зориг авч, гүйх сэдэл авсан юм. Анх гурван км гүйж эхэлж байсан. Үүнээс хойш гүйх зайгаа уртасгаж байв.

-Зургаан их марафонд бүгдэд нь гүйсэн шүү дээ. Эдгээр тэмцээний талаар уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү?

Х.А: Дэлхийн хэмжээнд хамгийн алдартай зургаан их марафон гэж бий. Энэ сарын 5-ны өдөр Токиогийн марафон болсон. Дэлхийн олон орны тамирчид эл марафонд гүйсэн юм. Бид гурав Токиогийн марафонд гүйснээр дэлхийн зургаан том марафоныг дуусгасан. Зургаан том марафоныг бүгдийг нь гүйцээснээр Зургаан одот медалийг гардуулдаг. Бидний хувьд гурвуулаа уг медалийг хүртсэн онцгой, түүхэн явдал боллоо.

-Та бүхний хувьд хэр урт замыг туулж байв?

Х.А:  Бид бүтэн марафонд хичээллэдэг. Бүтэн марафон нь 42.2 км зайтай. Хагас марафон гэж бий. Энэ нь 21.1 км зайтай.

-Бүтэн марафоны тамирчид гэхээр бэлтгэл их хийдэг байх. Бэлтгэлийнхээ талаар хуваалцахгүй юү. Хэр их хугацааг зарцуулж байсан бэ?

No photo description available.

Х.А: Марафоноор хичээллэж буй хүмүүс өөр өөрсдийн түвшин, биеийн байдал, ажил амьдралаас шалтгаалж харилцан адилгүй хугацааг зарцуулдаг. Дундаж хугацаа нь 16-20 долоо хоног буюу 4-5 сарын бэлтгэл хийдэг юм. Миний хувьд долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Марафоны ид бэлтгэлийн үед долоо хоногт 100-120 км гүйдэг. Харин марафоноос марафоны хооронд биеэ хадгалахын тулд долоо хоногт 60 км гүйдэг. Өдөрт 1-2 цагийн бэлтгэлтэй байдаг гэж хэлж болно.

Б.Ч: Би 16 долоо хоногийн бэлтгэл хийсэн. Ажлын улмаас би олон хоногийн бэлтгэл хийж чаддаггүй. Долоо хоногт хоёр удаа л бэлтгэл хийдэг. Хамгийн гол нь марафонд бэлдэх үедээ долоо хоногт нэг удаа уртын замд гүйх хэрэгтэй. Уртын гүйлтээ огтхон ч тасалж болохгүй гэж бэлтгэлээ хийж байсан.

Б.Ү: Миний хувьд марафоны бэлтгэлд 12-16 долоо хоногийг зарцуулдаг. Токиогийн марафонд 12 долоо хоногийн бэлтгэл хийсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нью Йоркийн марафонд сайн бэлтгэлтэй орсон тул Токиогийн марафонд богино хугацааны буюу 12 долоо хоногийн бэлтгэлтэй оролцсон.

-Та нарын хувьд хамгийн багадаа найман жил гүйсэн байна. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтэж байсан тохиолдол бий юү?

Б.Ч: Миний хувьд гүйлттэй холбоотой бэртэл авч байгаагүй. Гүйлтээс өмнө авч байсан бэртлээсээ болж зарим марафондоо төдийлөн амжилттай оролцож чадаагүй тохиолдлууд бий.

Б.Ү: Би ч гүйлтээс болж бэртэж байгаагүй. Харин бэлтгэлийн ачаалал нэмэгдсэнээс болж хөл гар, булчин шөрмөс өвдөх үе бий. Тиймээс гүйлтийн өмнө болон дараа нь бие халаалтаа сайн хийдэг.

Х.А: Миний хувьд гүйлттэй холбоотой бэртэл авч үзээгүй. Тамирчин хүмүүс ердийн хийдэг бэлтгэлээсээ их хэмжээний бэлтгэл хийх үед бэртэл авах тохиолдол бий. Энэ үеэр шилбэний ясандаа багахан бэртэл авсан ч бэлтгэлээ хэдэн сар, жилээр нь таслахуйц хэмжээний бэртэл биш юм. Харин бэлтгэлийн ачааллаа багахан бууруулж, эмчлүүлж, уг бэртлээ эдгээж байсан.

-Марафоныг та бүхэн юу гэж боддог вэ?

Х.А: Марафоныг спортын хаан хэмээн нэрлэдэг. Бүх спортын төрлүүдийн суурь бол гүйлт. Ямар ч спортоор хичээллэдэг байлаа гэсэн гүйлтээр бие халаалт хийдэг. Энэ спорт нь холын зайных тул хүнээс их хэмжээний тэвчээр, тууштай байдал, сахилга бат шаарддаг юм. 42 км зайг туулна гэдэг урт хугацааны бэлтгэл шаарддаг. Тиймээс марафонд дуртай хүний л хийх зүйл юм. Миний хувьд гүйлтээр дамжуулж сайхан дурсамжуудыг бүтээж байна. Залуу байхдаа ажлын шугамаар нийгмийн олон төрлийн харилцаанд орж байсан. Хүүхдүүдээ өсгөхийн тулд ажлаасаа гарч, нийгмийн харилцаанаас багахан хөндийрсөн ч гүйлтээр дамжуулж олон хүнтэй уулзаж, амьдралаа сонирхолтой болгосон. Эрүүл мэндийн ашиг тусыг нь тоочиж дуусахгүй. Би багш мэргэжилтэй хүн учраас өөрийн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах дуртай. Тиймээс MGL running channel буюу Дэлхийн монголчуудын гүйлтийн сувагтаа идэвхтэй мэдээлэл оруулж, олон нийтийг марафонд гүйхийг сурталчилдаг.

Б.Ү: Гүйлтээр хичээллэж эхэлснээс хойш надад эрүүл мэндийн хувьд өдөр тутмын ачааллаас гарах, стрессээ тайлах арга зам болсон түүхтэй спорт. Тиймээс гүйлт бол миний хувьд эрүүл мэндийн спорт.

Б.Ч: Бусад дасгалыг бодвол гүйлт нь нэг талаараа мөнгө зарлагадах шаардлагагүй спорт. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй спорт. Зайлшгүй зааланд очих шаардлагагүй. Та гүймээр байвал гараад л гүйхэд болно. Мөн эрүүл мэндэд сайн спорт. Тэр тусмаа хүний зүрхэнд сайн.

-Энэ жилийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу. Өөр ямар марафонд оролцох вэ?

Х.А: Бид дэлхийн алдартай зургаан марафоноо дуусгасан. Тиймээс хувь хүн бүр өөр өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа байх. Миний хувьд зургаан марафоны гурав нь миний амьдардаг АНУ-д болох тул заваараа бэлдээд оролцоно гэж бодож байгаа. Дөрөвдүгээр сард Бостон марафон болно. Цагийн болзлоо хангаад өргөдлөө батлуулсан. Мөн дэлхийн зургаан том марафоны аль нэгийнх нь шүүгч жил бүр урьж, 40-өөс дээш насныхны гүйлтэд урьж оролцуулдаг. Өнгөрсөн жил Лондонгийн марафонд уригдаж оролцсон. Энэ жил тэр гүйлтийн тэмцээн Чикагод болно. Б.Үйлсзаяа бид хоёрт урилга нь ирсэн.

Б.Ү: Би намар Ирланд дахь монголчуудаа гүйлтийн спортод урьж, олон марафонд явсан туршлагаасаа хуваалцана. Ирландын марафончид маань дөрвөн бүс рүү явна. Чикагогийн марафлнд Ирландын гурван гүйгч явах юм. Чикагогийн марафонд дэлхийн олон орноос “MGL running channel”-ынхан маань оролцоно. Энэ марафонд хурдан гүйх нь чухал бус олон орны монгол гүйгчидтэйгээ нөхөрлөх нь чухал тул уг марафоныг зорих юм.

Б.Ч: Миний хувьд энэ жил бүтэн марафонд орон төлөвлөгөө байхгүй байна. Хагас, эсвэл 10 км гэх мэтэд л гүйх байх. Одоогоор бол яг төлөвлөсөн зүйл байхгүй.

-Та бүхний эдгээр гавьяаг үнэлэн Монгол Улсаас шагнал гардуулсан юм билээ. Эх орноосоо шагнуулна гэж бодож байв уу?

Х.А: Япон улсын Токио хотод байдаг Монгол Улсаас Токио хотод суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Батжаргалаас “Олимпын алдар” медаль хүртсэн. Сэтгэгдэл өндөр байна. Бид гүйх дуртай болохоороо л эдгээр маарфонд оролцсон. Бидний хөдөлмөрийг үнэлж, том шагнал гардуулсан нь гэнэтийн бэлэг байлаа.

Б.Ч: Бид олон жил гадаадад амьдарсан. Эх орноосоо ийм том шагнал авна гэж бодож байсангүй. Үнэхээр их баярлаж байна.

Б.Ү: Бидний олон жилийн хөлс хөдөлмөрийг үнэлж, Олимпын хорооноос шагнасанд талархлаа. Олон жилийн турш өөртөө тавьсан зорилгоо биелүүлж, мөн улс маань үүнийг үнэлсэнд баяртай байна.

Тэд ярилцлагынхаа төгсгөлд “MGL running channel”-ын талаар ярьсан юм. Уг суваг нь дэлхийн өнцөг булан бүрд байх гүйгч монголчуудыг нэгтгэсэн байгууллага ажээ. Тус байгууллага нь гүйлтийн спортыг олон нийтэд таниулах, эрүүл амьдралын хэв маягт сурталчлах, туршлагатай гүйгчдээр зааварлуулах, зөвлөгөө авах, марафоны талаарх онол, түүхийн мэдээллийг дамжуулдаг байна. Сар, жил бүр цахим уралдаан зарладаг ажээ. Цахимаар оролцохдоо гүйлтэд зориулсан төрөл бүрийн аппликейшн ашиглаж, гүйсэн мэдээллийг нь нэг бүрчлэн нарийвчлалтайгаар нэгтгэн, өрсөлдүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-07 13:53

Дээлтэй биш спорт хувцастай зураг оруулб�##� зүгээр. Гүйдэг бол.

Холбоотой мэдээ

Back to top button