Сонсгол: Капитал банкны захирал асан А.Ариунболд эрүүгийн хэрэгт холбогдсон тул гэрчээр ирсэнгүй

Хөгжлийн банкны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Ноолуур хөтөлбөрийн хүрээнд хэлэлцэж, нийт 21 хүнийг гэрчээр дуудсан юм.
Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад зориулж 100 хүртэлх тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.
Тэгвэл эхний Ноолуур хөтөлбөрийн хүрээнд "Мөнх хаан" ХХК-ийн захирал А.Ариунболдыг гэрчээр дуудсан юм. Гэвч тэрбээр өнөөдөр ирсэнгүй. Угтаа тус компанийн захирал хийгээд Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Тэрбээр хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан зээл авсан ажээ. "Мөнх хаан" ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компани юм.
"Мөнх хаан" ХХК нь Капитал банкаар дамжуулж Ноолуур хөтөлбөрөөс таван тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Тэгвэл шинжээчийн дүгнэлтээр Капитал банкийг өөрсдийн хамаарал бүхий хувийн хэргийг устгасан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон юм.
Мөн өөр нэгэн ноцтой баримтыг энэ үеэр дурдсан билээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2015 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 2-ны хугацаан дахь Капитал банканд байгаа гэх дансны гүйлгээний хуудаст дүн нь тэг байгаа. Ямар ч орлого, зарлага байхгүй. Тиймээс Хөгжлийн банкны тайлангаас шалгаж үзсэн. Гэтэл Хөгжлийн банкнаас шалгаж үзэхэд гүйлгээ хийсэн нь харагдана. "Мөнх хаан" ХХК-д хийсэн гүйлгээг архиваас харж болно" хэмээн хэлсэн юм.
Товчхондоо тус компани ийнхүү өөрсдийн тайланг нуун дарагдуулсан, бичиг баримт устгаж, өөрчилсөн гэмт хэргийн шинж чанартай баримт илэрлээ.
Сануулахад, А.Ариунболд нь Эрүүгийн хэрэгт холбогдсон тул өнөөдрийн сонсголд гэрчээр оролцоогүй. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ариунболд нарыг "Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан ... хувийн ашиг сонирхлоын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс ... их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулсан.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гуравдугаар сарын 7 болон 9-ний өдөр түүнийг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулснаас 99.4 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 5.3 тэрбум төгрөгийн хохирлыг А.Ариунболд гурван сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан юм.
Улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхнэр Ундармаагийнхаа удирдлага заавраар ажиллаж байсан хүн юм бишүү