УРЛАГЭнтертайнмент

“Ромео, Жульетта”-г энэ сарын 23-наас шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглоно

Дэлхийн утга зохиолын ноён оргил У.Шекспирийн “Ромео, Жульетта”-г манай улсад анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэн найруулагч Хүүхэд залуучуудын театрт эл жүжгийг тавьж, Ромеод жүжигчин У.Готов, Жульеттад Б.Энхтуяа тоглосон юм. Үүнээс 30 жилийн дараа Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж УДЭТ-ын тайзнаа эл жүжгийг шинэчлэн дэглэж, жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар гол дүр бүтээсэн. Түүнчлэн уг зохиолыг хөгжимт жүжиг хэлбэрээр “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан 2013 онд олны хүртээл болгосон бол балетмейстер Х.Гансүрэн 2001 онд ДБЭТ-ын тайзнаа неоклассик маягаар үзэгчдэд хүргэж байв. Мөн 2019 онд “Их эзэн хааны театр”-ынхан “Ромео, Жульетта” сонгодог бүжгэн жүжгийг олонд толилуулсан.

2015 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар УДЭТ-ын урын санд “Ромео, Жульетта” жүжгийг орчин үеийн тавилттайгаар найруулан нэмж, залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нарыг олонд таниулж байлаа. Тэгвэл эл жүжгийг энэ сарын 23-наас дахин хүргэхдээ үзэгчдийг шинэ Ромео, Жульетта хоёртой “уулзуулах” гэнэ. Тодруулбал, Ромеод Б.Шинэбаяр, Б.Ганзориг, Жульеттад Т.Анхзул, Меркуциод Г.Ганбат, Тибальтад Т.Сэргэлэн, Бенволиод Б.Золжаргал, өрлөг эхэд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Лоренцо ламтанд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, ноён, хатагтай Капулеттид Н.Ялалт, Г.Отгонцэцэг, ноён, хатагтай Монтеккид Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, О.Долгор, Парист Д.Мөнх-Од, хотын захирагчид Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, эмийн санчид Ардын жүжигчин Б.Жаргалсайхан нарын уран бүтээлч тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button