Сонсгол: "Монос"-ын захирлууд ирсэнгүй

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор арилжааны банкнуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх юм. Нийт 78 гэрч оролцуулахаар дуудлаа.
Үдээс өмнөх хуралдаанаар,
- Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/
Үдээс хойших хуралдаанаар,
- Шинэ бүтээн байгуулалтын хүрээнд бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт ЖДҮ-ийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50.0 хүртэлх тэрбум төгрөгийн санхүүжилт олгох
- Үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох 70.0 хүртэлх тэрбум төгрөгийн санхүүжилт олгох асуудлыг авч хэлэлцэнэ.
Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй эл сонсголд "Алтай" группийн захирал Х.Бат-Эрдэнэ төлөөлөгчөө явуулсан байна. Харин "Монос" группийн захирлууд Болгар болон Тайланд улсад томилолттой яваа тул мэдүүлгийг бичгээр өгөх хүсэлт явуулжээ.
"Монос" группийн хувьд "Энхийн шүүдэр" компаниараа Хөгжлийн банкнаас зээл авахдаа Голомт банкаар дамжуулан 5.8 тэрбум төгрөг авсан байна. Эл компанийг Л.Хүрэлбаатар 37.45 хувийг, Ц.Алтанцэцэг 39.88 хувийг, О.Дамба 2.34 хувийг, Г.Тайванбат 10.85 хувийг тус тус эзэмшдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.