Үндэсний төв архивт найруулагч Н.Наранбаатарын хувийн сан хөмрөг үүсгэлээ

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын хувийн сан хөмрөг үүсгэх ёслол Монгол Улсын Үндэсний төв архивт боллоо.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.11 дэх хэсэг, Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг үндэслэн төр, нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхэн хүний хувийн гаралтай баримтаар хувь хүний хөмрөг үүсгэх, архивын сан хөмрөгийг нөхөн баяжуулах, хадгалах зорилгоор Н.Наранбаатарын уран бүтээлүүдийг хувийн сан хөмрөгт хүлээн авсан юм.
Н.Наранбаатар нь тайз, дэлгэцийн 100 гаруй бүтээлд гол ба туслах дүрийг бүтээж, театрын тайзнаа түүхэн, инээдмийн, уянгын, эмгэнэлт зэрэг 40 орчим жүжиг найруулсан. Энэхүү ёслолын хүрээнд Төрийн соёрхол хүртсэн түүний дөрвөн жүжиг болох Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” драмын жүжиг, В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” сонгодог жүжиг, У.Шекспирийн “Гамлет” сонгодог жүжиг, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг болон 2016, 2017, 2018, 2022 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны дэг тавилтын охь дээжийг Монгол улсын сан хөмрөгт багтаажээ. Тодруулбал, эдгээр урлагийн бүтээлүүдтэй холбогдох бичлэг, гэрэл зураг, эх зохиолын бичвэр, найруулагчийн зохиол, жүжигчдийн хувцас хэрэгслийн эскиз, тайзны загвар зэрэг баримтуудыг онцлон хувийн хөмрөгт багтаасан аж.
Хувийн хөмрөг хүлээн авах ёслолын арга хэмжээг Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нээж, Ардын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын уран сайхны удирдагч Н.Ганхуяг, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос нар мэндчилгээ дэвшүүлж, хүндэт 100 гаруй зочид, төлөөлөгчид ёслолын арга хэмжээнд оролцлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.