УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонсгол: "Зэст өндөр" ХХК-ийн зээлтэй холбоотой дуудагдсан гэрчүүд юу ярив

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

Өнөөдрийн /2023.01.16/ сонсголоор 11 зээлдэгчтэй холбоотой, шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс асуулт асуух юм.

"Зэст өндөр" ХХК-ийн зээлтэй холбоотойгоор гэрчүүдээс асуулт асууж байна.

-"Зэст өндөр" ХХК-ийн зээлтэй холбоотойгоор дараах гэрчүүдээс асуулт асуухаар дууджээ-

  1. "Зэст-Өндөр" ХХК-ийн санхүү хариуцсан захирал Б.Батболд
  2. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр /Ирээгүй/Тэрбээр өмгөөлөгчтэйгөө ярилцаж байгаад оролцох эсэхээ шийднэ гэжээ.
  3. Хөгжлийн банкны хууль эрх зүйн хэлтсийн захирал асан Б.Будхүү
  4. Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн н.Аззаяа /Оролцох боломжгүй/ Тэрбээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд нууцийг задруулахгүй байх үүрэг хүлээсэн тул оролцох боломжгүй гэдгээ бичгээр ирүүлжээ.
  5. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан М.Баярмагнай /Оролцох боломжгүй/ АГТ-д мэдүүлэг өгсөн. Нууц задруулахгүй байх баталгаа гаргасан. Нэгдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд орон нутагт ажиллаж байгаа ажээ.

-Гэрчүүдээс асуулт асууж байна-

"Зэст-Өндөр" ХХК-ийн "Ширэн овоо" төмрийн хүдрийн ордыг ашиглахтай холбоотой зээл, түүний зарцуулалтын байдлыг шинжээч танилцууллаа.

  • Зээлийн гэрээний дүн: 18.06 тэрбум төгрөг
  • Олгосон зээл: 10.9 тэрбум төгрөг
  • Зээлийн үлдэгдэл: 12.25 тэрбум төгрөг

Үүний дараа зээлтэй холбоотойгоор түр хорооны дарга Б.Энхбаяр асуулт асууж байна.

Гэрч НЭГ. "Зэст-Өндөр" ХХК-ийн санхүү хариуцсан захирал Б.Батболд

-Б.Энхбаяр: Энэ зээлийг авсан Ц.Эрдэмжаргал захирал өнөөдөр яагаад ирсэнгүй вэ?

-Б.Батболд: Гүйцэтгэх захирал Ц.Эрдэмжаргал 2019 оны сүүлээр ажлаасаа гарсан. Шинэ гүйцэтгэх захирал томилогдсон. Энэ зээлийн процессыг эхнээс нь мэдэх хүний хувьд би гэрчээр оролцож байгаа.

-Б.Энхбаяр: Одоо Ц.Эрдэмжаргал захирал энэ компанитай ямар ч холбоогүй юу. Үүсгэн байгуулагч болон хувь эзэмшигчээр байгаа юу?

-Б.Батболд: Байхгүй болсон. Одоо "Зэст-Өндөр" ХХК-ийг хоёр хуулийн этгээд, гурван иргэн эзэмшдэг. Эцсийн өмчлөгч нь н.Эрдэмбаяр.

-Б.Энхбаяр: Танай "Зэст-Өндөр" ХХК "Заг" компанитай ямар хувь эзэмшлээр холбогддог юм.

-Б.Батболд: "Зэст-Өндөр" компанийн "Сутай ресурс" компанийн 51 хувийг "Заг девелопер" ХХК. "Заг девелопер" ХХК-ийн тодорхой хувийг "Заг" компани эзэмшдэг.

-Б.Энхбаяр: "Заг инженеринг" компанитай ямар холбоотой юм?

-Б.Батболд: Энэ компанитай хамаарал бүхий этгээд бий.

-Б.Энхбаяр: Шинжээч нийтдээ 3.9 тэрбум төгрөг зориулалтын бусаар зарцуулсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Тодруулан хэлбэл, зээлийн санхүүжилтээс "Заг", "Заг инженеринг" компанийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан байна. "Заг инженеринг" ХХК нь Хаан банк дахь 50735... дугаартай данснаас 2019.08.21-ний өдөр 3.1 тэрбум төгрөг шилжүүлж, хадгаламж барьцаалсан зээл хаасан байна. Та энэ дүгнэлттэй санал нийлэх үү?

-Б.Батболд: Санал нийлэхгүй байна. Бид Хөгжлийн банканд 2017.01.01-нээс эхлэн зээл авахаар 18 сар судлуулсан. Тэгээд 2018.07.30-нд зээлийн гэрээгээ байгуулсан. "Заг инженеринг" компани манай дэд бүтцийн ажлыг хийх байсан. Дэд бүтцийн ажлын хөлсийг задалбал,

-3.4 тэрбум төгрөг нь цахилгааны ажил
-3.2 тэрбум төгрөг нь замын ажил
-1.6 тэрбум төгрөг нь барилга байгууламжийн ажил.

Ингээд бид Хөгжлийн банканд тайлбар мэдээлгээ өгч, гэрээгээ хийсэн. Тэгээд бид "Заг инженеринг" компанийн данс руу мөнгөө хийсэн. Тухайн компани цахилгаанаа татаж чадаагүй учир бид буцаагаад мөнгөө авсан. Ийм л асуудал байгаа.

-Б.Энхбаяр: Та бүхэн цахилгаантай холбоотой 3.4 тэрбум төгрөгийг "Заг инженеринг" рүү шилжүүлсэн гэж байгаач 2018.03 болон 2022.03-ны зургуудыг харахаар цахилгаан хангамж, барилга угсралтын ажлууд хийгдээгүй байна. Зураг энэ дүгнэлтийг нотолж байгаа юм. Үүнтэй та санал нийлж байна уу?

-Б.Батболд: Цахилгаан хангамжийн ажил хийгдээгүй байгаа, одоог хүртэл. Манай баяжуулах үйлдвэр бол хуурай соронзон үйлдвэр. Усны хэрэглээ хийгдэхгүй. ТЭЗҮ-гээ бид батлуулсан. Барьцаа хөрөнгийн талаар ойлголтгүй байна. Би бол барьцаа хөрөнгийг маш хангалттай гэж ойлгож байгаа. Бид 18 тэрбум төгрөг авахдаа 7 тэрбумыг нь машин тоног төхөөрөмж, 8.2 тэрбум төгрөгийг нь дэд бүтэц, 2.6 тэрбум төгрөгөөр нь баяжуулах үйлдвэр авна гэсэн. Үүнээс дэд бүтцийн 8.2 тэрбумыг, машин тоног төхөөрөмжийн урьдчилгаатай аваад ажлаа эхлүүлсэн. Цахилгаанаа шийдэж чадаагүй. Машин тоног төхөөрөмж хэрэгтэй байсан учир хөгжлийн банктай уулзаад, цахилгаанаа одоохондоо генратороор шийдье гэх хүсэлт тавиад цахилгааны мөнгийг машин, тоног төхөөрөмж рүү оруулсан.

-Б.Энхбаяр: Харьцуулалт зургаас яг юу хийсэн нь тодорхойгүй байна. Үүнийг тодруулаад хэлээч?

-Б.Батболд: Бид 2 орчим тэрбум төгрөгөөр зам хийсэн. Хоёрдугаарт, техник, тоног төхөөрөмж авсан. Үлдсэнээр нь кемпээ барьсан.


Гэрч ХОЁР. Хөгжлийн банкны хууль эрх зүйн хэлтсийн захирал асан Б.Будхүү

-Б.Энхбаяр: Зээлийн удирдлагын хороо нь барьцаа хөрөнгийн шаардлага хангагдаагүй. Төслийн хүрээнд баригдах цахилгаан хангамжийн ТЭЗҮ иж бүрэн бус. Ус ашиглах гэрээ байгуулаагүй байхад тодорхой нөхцөлтэйгөөр зээл олгохыг дэмжиж, ТУЗ-аас зөвшөөрөл авахаар хүргүүлсэн байна. Энэ дүгнэлт дээр 2018.01.18-ны өдрийн 201805 дугаар бүхий хууль зүйн дүгнэлт гарсан байна. Та энд гарын үсэг зурсан байна. ТЭЗҮ иж бүрэн биш, ус ашиглах гэрээ байгуулаагүй байхад зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргав.

-Б.Будхүү: Хууль эрх зүйн хэлтэс зээл олгох үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт гаргахад оролцдог. Хуулийн хэлтэс зураг төсөл нь магадлалаар баталгаажаагүй байсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн барьцаа хөрөнгийн үнэлгээ тодорхой болоогүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Ус ашиглах гэрээний хувьд хуулиар, журмаар зохицуулсан харилцаа байхгүй. Шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлнэ шүү гэдэг байдлаар дүгнэлтэд дурддаг байгаа. Намайг хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж эхлэхээс өмнө томоохон төслүүд хуулийн болон журмын зарим шаардлага хангаагүй байсан ч Зээлийн хороо хэлэлцээд, тодорхой нөхцөл зааж, түүнийг нь ТУЗ зөвшөөрч, энэ нөхцөлүүдийг нь хангуулж байж зээл олгоорой гэдэг байдлаар шийддэг. Ийм төслүүд цөөнгүй байгаа. Түүний нэг нь энэ төсөл. Миний хувьд тодорхой нөхцөлийг санхүүжилт олгохоос өмнө хангуулаад, олгож болно гэдэг байдлаар тухайн төслийг дэмжсэн санал өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-16 22:10

Нэг хоёр хүнийг бууд тэгвэл бусад нь үнэнээ хэлнэ

Холбоотой мэдээ

Back to top button