Top StoriesУРЛАГЭнтертайнментЯрилцлага

“No Rules”-ийн Т.Нямдорж: Хаана метро “барьснаа” нууц хэвээр үлдээе

“OI” энтертайнментийнхэн “No rules” олон ангит киногоор үзэгчдийг “Эрдэс” хотоор аялуулсан. Тэгвэл тус киноныхоо хоёрдугаар бүлгийг “No rules-2: New world” нэртэйгээр үзэгчдэд хүргэж эхлээд буй. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Т.Нямдоржтой цөөн хором ярилцлаа.

-“No rules олон ангит кинонд та мөрдөгч Хангайн дүрд тоглосон. Киног үзсэн үзэгчид ажил мэргэжилдээ гаргууд мөрдөгчийг харсан байх. Харин та ямар Хангайг үзэгчидтэй уулзуулахыг хүссэн бэ?

-Он солигдохын өмнөхөн манай энтертэйментийнхэн гадаад руу ажлын шугамаар явсан юм. Яг тэр үеэр талбайд жагсаал болж таарав. Хэдий гадаадад байгаа ч гэлээ бид тайван байж чадаагүй. Монголдоо ирмэгцээ жагсаалд нэгдэж, хоёр хоног жагссан. Гадаа ямар хүйтэн байсан гэж санана. Үзэл бодлоо илэрхийлж тэнд хонож жагссан хүмүүсийн зориг, тэвчээрээр үнэхээр бахархсан. Би Хангайг яг л тэдэн шиг шударга үнэний төлөө тэмцэж чаддаг хүн байгаасай гэж хүсэж, хичээж тоглосон.

-Тэгвэл “Эрдэс” хотын мөрдөгч Хангай, “OI” энтертайнментийн уран бүтээлч Нямдорж хоёрт төстэй зүйл бий юү?

-Мэдээж төстэй зүйл ч бий, ялгаатай тал ч олон. Уран бүтээл хийх болгондоо дүр судална, ажиллана. Манай “Гайхамшигт ертөнц” кинонд хүн алчихаад, өргөөд явж буй хэсэг бий. Би өмнө нь нас барсан хүн ямар байдгийг харж, хүрч ч үзээгүй. Тэгээд шарил хадгалах газарт очиж, судалгаа хийсэн.

-Жинхэнэ цогцост хүрч үү?

-Мэдээж эмч нараас нь зөвшөөрөл авч орсон. Нас бараад удаагүй хүний бие хэрхэн харагддаг,  нэлээд хэдэн өдөр өнгөрсний дараа ямар үзэгддэг, түүнд хүрэхэд ямар мэдрэмж төрдгийг мэдэх л гэж тэр. “No rules”-т тоглохдоо ч хэргийн газрын үзлэг хийж, байцаалт авч байгаагаар зургаа авхуулахын тулд би цагдаа нартай хамтран ажиллаж, тэднээс зөвлөгөө авсан. Түүнээс гадна ЦЕГ-ын сэтгэлзүйчтэй уулзсан. Эхнэрээ цаг бусаар алдчихаад ажлаа цааш үргэлжлүүлж буй мөрдөгчийн дүр шүү дээ. Тиймээс алба хаагчид сэтгэлзүйн асуудлаа хэрхэн даван туулдгийг мэдэх гэж. Энэ мэтчилэн өөрийнхөө хэзээ ч хийж байгаагүй үйлдлүүдийг Хангайгийн дүрд тоглохдоо хийсэн.

-Мөрдөгчийн мэргэжилд татагдав уу?

-Хэцүү мэргэжил юм билээ. Гэхдээ кино дэлгэцээр гарч эхэлсний дараа үзэгчдээс дүртэй минь холбоотой сэтгэгдэл олон ирсэн. Ирсээр ч байна. Сайн, муу янз бүрийн л үг сонсож байна даа.

-“Эрдэс” хот метротой юм билээ. Хаана, хэрхэн “барьчихав”?

-Би энтертайнментдаа жүжигчнээс гадна продюсероор ажилладаг. “No rules” киноны зохиол бэлэн болсны дараа унштал метроны буудал, тэнд өрнөх үйл явдлуудыг дүрсэлсэн байсан. Хэдийгээр уран бүтээлээ чанартай, сонирхолтой болгох нь бидний зорилго ч гэлээ продюсерын хувьд төсөв, санхүүгээ л хамгийн түрүүнд бодож байгаа юм чинь. Тэрийг барина гэхээр санаанд бууж өгдөггүй. Удаа ч үгүй зураачийн багийнхан метро бариад л эхэллээ шүү. Өчнөөн мөнгө тийшээ урсаад л байдаг. Би ч бусад ажлаа амжуулаад тэр обьектод очиж завдахгүй л яваад байлаа. Гэтэл тухайн обьект бэлэн болсны дараа киноны зургаа авхуулахаар очоод үнэхээр гайхсан. Метроны таазны өндөр, шат хоорондын хэмжээ гэхчлэн бүх зүйлийг нь бодит мэт харагдахаар бий болгож, бид ч зургаа авсан. Зохиол бэлэн болсны дараа Бүрнээ (“OI” энтертайнментийн найруулагч Р.Эрхэмбүрэн) аягүй их юм ярина аа. “Энэ хэсгийг ингэж хиймээр байна. Тэгж зураг авмаар байна” гээд л. Заримдаа ч үнэхээр хөрөнгө мөнгөндөө захирагдаад “Энийгээ ингээд, тэгээд аргал. Тэрийгээ тана” гээд бодсон зүйлийг нь хүссэнээр нь хийлгэж чаддаггүй. Гэхдээ бид уран бүтээл хийх бүрдээ аль болох найруулагчийнхаа хүссэнээр хийлгэх юм сан гэж өмнөхөө ахиулахыг хичээж, тэр хэрээр уран бүтээлээ чанартай болгохыг зорьдог.

-Хаана юм бэ?

-Тэрийг нууцаар нь үлдээе.

-No rules танай хэд дэх уран бүтээл вэ?

-12 дахь нь.

-“OI-ынхан СУИС-ийн нэг ангийнхан бас найзууд. Найзууд уран бүтээл хамтран хийхэд давуу тал мэдээж бий. Харин хэцүү зүйл байдаг болов уу?

-Анхандаа жаахан хэцүү байлаа, найзын харилцаа нь ажлын талбарт салж өгөхгүй. Өөр өөрийн үүргийг ч сайн ойлгохгүй үе байсан. Одоо бол бүгд хариуцаж авсан ажил үүрэгтэй, түүнийгээ хэнээр ч заалгахгүйгээр хийчихнэ.

-Жүжигчин, продюсерын аль нь илүү “амттай” байна. Хослуулах амаргүй юү?

-Продюсероо одоо болтол гүйцэд ойлгоогүй л явна, үнэндээ (инээв). Продюсер гэдэг нэрийг нь би зүүж байгаа боловч бүх зүйлийг хамтдаа ярилцаж шийддэг болохоор харьцангуй давуу талтай. Ямар сэдвээр уран бүтээл хийх вэ, хэрхэн бүтээх вэ, хэрхэн түгээх, борлуулах вэ гэдгээ сайн ярилцаж, төлөвлөдөг. Тэгж ярилцаад шийдсэний дараа би төсөл болгон бичиж, танилцуулгаа бэлдээд, төсвөө “босгох”-оор гардаг даа. Өдөрт 20, 30 байгууллагын маркетингийн албанд төслөө танилцуулж гүйх нь энүүхэнд. Давхар ажиллах ачаалалтай хэдий ч даваад л гарна.

-Хувийн зохион байгуулалт, эсвэл тооцоо сайтай хүн байж таарах нь ээ?

-Уран бүтээлч хүн ур чадвараас гадна хувийн зохион байгуулалт сайтай байж л уран бүтээлийн ард гарна. Ганцаараа биш шүү дээ, бүтэл бүхэн багтай зохицож, эвсэж ажиллах учраас. Тооцооны тал дээр харин хэлж мэдэхгүй юм.

-Тэгж “босгох” амаргүй биз дээ. Хүмүүс залуу уран бүтээлчдэд итгэл хэр хүлээлгэдэг, дэмждэг бол?

-Нэг үеэ бодвол манай уран бүтээлүүдийг зах зухаас нь хүмүүс мэддэг болж байна. Хүнд үзүүлэх зүйл бий учраас түүнээсээ илүү давсан уран бүтээл хийхийг зорьж буйг минь дэмждэг. Нөгөө талаас, продюсингийн өөр өөр компаниуд бий болчихсон, тэд сонирхолтой уран бүтээлийг дэмжихэд бэлэн байна. Энэ нь ч киноны чанарыг сайжруулахад нөлөөлж буй. Тийм ч учраас тэнд өрсөлдөөн үүсэж байна.

-Жаахан эвгүй асуулт асууя. Битгий эмзэглээрэй.

-За.

-Танай энтертайнментийн олонх нь уран бүтээлийн гараагаа “Фантастик” продакшны уран бүтээлүүдэд тоглож, ажиллаж эхэлсэн. Тийм ч учраас танайхаас тэднийх “үнэртдэг” гэх зэргээр хүмүүс ярьдаг. Үүнтэй санал нийлдэг үү, эсвэл?

-Тиймэрхүү үг зөндөө сонсоно оо. Эмзэглэдэггүй. “Фантастик”-ийн ах нар биднийг кино урлагт хөл тавихад тосож авсан, чиглүүлсэн нь үнэн шүү дээ. Тэдний хэрхэн ажиллаж байгаагаас урам авч бид ч өөрсдийн энтертайнментаа байгуулсан. Байгуулаад 12 уран бүтээлийн ард гарчихсан л байна. Зөвхөн уран бүтээлийн хувьд гэлтгүй ах, дүүгийн сайхан харилцаатай, нэгнийхээ арыг даах хэмжээний дотно, хувь тавилангаар холбогдсон хүмүүс гэж би боддог. Гэхдээ мэдээж бид өөр продакшн нь учраас өөрсдийн гэсэн өнгө аястай байж, ялгарах хэрэгтэй. Тэгэхийн тулд ч уран бүтээлээс уран бүтээлд хичээж яваа. Уран бүтээлээ л чанартай хийгээд явж байхад аяндаа үзэгчид дүгнэх байх аа. Гэхдээ юу гээч, тиймэрхүү хов живийг үзэгчдээс илүүтэй нэг тогооны хүмүүс их ярьдаг нь сонин.

-Хүмүүсийн хэл ам, цахим орчны сэтгэгдлүүдэд ер нь дөчирчихжээ гэж ойлгох уу?

-Тийм ээ, дөжирчихсөн.

-Нээрэн, “Гайхамшигт ертөнц” киноныхоо маркетингийг танайх аймаар “хар”-аар хийсэн байх аа. “Ааваа зарна” гээд зар явуулж, тэр нь цахим орчинд ёстой л сэвэгдэх шиг болсон.

-Тэр тэгсэн шүү. Бид ч торгуулсан. Уран бүтээлийнхээ маркетингийг өөрсдөө л хийдэг болохоор яавал олон хүн харах бол, яавал анхаарлыг нь татах бол гээд л янз бүрээр оролдоно, туршина. Тэгж л оролдсон нэг жишээ тэр байсан.

-12 уран бүтээл үзэгчдэд бие даан хүргэжээ, танайх. Энэ хугацаанд та хүссэн дүрдээ тоглож амжсан уу?

-Үгүй ээ, ихэнх нь найруулагчийн оноосон дүр. “Би ийм л дүрд тоглоно, би өөрийгөө ингэж харуулмаар байна” гэж хувиа бодох эрхгүй. Бүрнээг зохиолоо бичиж байх үед “Надад ямар дүр оноох бол” гээд л сэтгэл догдлоод хүлээдэг. Найруулагч “Энэ хүнээс ийм зүйл гарна. Эсвэл би энэ хүнээр ийм зүйл гаргуулна” гээд харчихдаг учраас л дүрээ оноодог байх.

-Тэгвэл одоо ямар дүрд тоглохыг хүсэж байна вэ. Ер нь эсрэг дүрд тоглож байгаагүй юү?

-Дүр бүтээнэ гэж мундаг жүжигчид ярьдаг даа. Хэзээ нэгэн цагт тийм дүр үлдээх сэн л гэж хүсдэг. “Яагаа вэ, нөгөө тэрэнд тоглосон тэр” гээд л. Эсрэг дүрд тоглож үзээгүй. Тоглох сон гэж хүсдэг. “Би яаж тоглох бол” ч гэж төсөөлдөг, боддог.

-Ингэхэд яалт ч үгүй тохиодолд амьдрал дээрээ жүжиглэх үе жүжигчин хүнд гардаг болов уу?

-Тийм зүйл гэж юу байх вэ дээ. Харин худал хэлэх үе бий. Тухайн хүнийг эвгүй байдал оруулахгүйн тулд, эсвэл ямар нэг зөв зүйлийн төлөө жаахан худал хэлэх тохиолдол хүн болгонд л гардаг байх.

-Жүжигчин хүн мэргэжилдээ эзэн байхын тулд ямар дадал, чанарыг хэвшүүлэх ёстой гэж та боддог вэ?

-Чанартай уран бүтээл хийхийн тулд өөрсдөдөө өндөр босго тавьчихаад, түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөж яваа залуус шүү дээ, бид. Мэдээж мэргэжлийнхээ хувьд ахиж дэвших ёстой. Миний хувьд уран бүтээлүүдэд ар араас нь тоглож, тоглохын өмнө бэлдэж байгаа учраас жүжигчнийхээ хувьд форм алдаагүй гэж бодож байна. Түүнээс гадна тоглох дүрийнхээ талаар чадахаараа судална. “Ийм ажил мэргэжилтэй ийм, тийм хүмүүс байдаг юм байна. Нийтлэг шинж тэмдэг нь ийм, ур чадвар нь тийм байдаг. Тэдгээрээс дүрдээ энэ энийг нь шингээе” гэхчилэн. Сүүлд “Х ТҮЦ” продакшны 25 жилийн ойд зориулсан нэвтрүүлгийг үзсэн юм. Тэдний залуудаа хэрхэн хөдөлмөрлөж байсан тухай сонсоод өөрсдийнхөө одоо хийж байгааг чамласан. Илүү их хөдөлмөрлөх, зүтгэх ёстой.

-Өөрсдөө энтертайнмент байгуулаад уран бүтээл хийж буй болохоор бусад фильм, продакшн, студиудээс киноны санал ирэхээ больчихсон уу?

-Харин ч эсрэгээрээ. Олон ирдэг шүү.

-Тэгээд яагаад өөр продакшны уран бүтээлд тоглохгүй байгаа юм бэ?

-Өөрсдөө киноноос киноны хооронд ажиллаж буй болохоор амжихгүй шүү дээ. Татгалзахаас аргагүй. Манай ойрын гурван жилийн төлөвлөгөө зоогдчихсон. Энэ хугацаанд бид уран сайхны дөрвөн кино бүтээхээр ажиллаж байна.

-Таны их хүндэлдэг найруулагч кинондоо тоглох санал тавибал, эсвэл тухайн киноны зохиол, танд санал болгосон дүр нь үнэхээр таалагдвал яах вэ?

-Харин л дээ. Тухайн үедээ л шийдэх байх даа.

-Төсөөлье л дөө. Танайх шинэ уран бүтээл төлөвлөчихсөн байж. Тэгтэл зэрэгцээд танд сая хэлсэн шиг киноны санал ирлээ. Та яах бол?

-Тэгвэл нөгөө хэдтэйгээ ярилцана даа. Тэгээд санал хураагаад л тэднийхээ шийдвэрийг дагана даа.

-Татгалзчихвал хувь уран бүтээлчийн хувьд харамсалтай биш гэж үү?

-Харамсахгүй ээ. Ямар нэг зүйл нь биш байсан болоод л манай хэд татгалзсан байж таарна. Үнэхээр тийм “тасархай” гоё уран бүтээлийн санал байсан бол манайхан намайг бодоод зөвшөөрөх л байсан.

-Ер нь яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Миний аав цагдаа. Битүүхэндээ намайг цагдаа болгохыг хүсдэг л байсан байх. Азтай нь, би айлын бага. Ёстой л эрх дураараа өссөн. Тийм ч болохоор өөрийнхөөрөө хүслээр л мэргэжлээ сонгосон. Ээж аав минь ч тэгэх боломжийг олгосон. Манайхан Дорнодынх. Харшийн сүлд модны наадамд сурагч байхдаа аймгаасаа ганцаараа шалгаран оролцож байсан юм. Тэр үед Отгонбат (Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбат) багш надад жүжгийн дүрд тоглох боломж олгож, түүнээс улбаалж жүжигчин болох хүсэлтэй болсон доо. Би ер нь азтай хүн шүү дээ.

-Жишээ нь?

-Сайхан аав, ээжийн дэргэд өсөж, дараа нь сайн бүсгүйтэй ханилж, түүнийхээ буянаар арын амьдралдаа санаа зоволгүйгээр уран бүтээлээ хийж чадаж байна. Азтай байгаа биз.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-22 09:58

Оюун толгойгоор уб т мётро бариулья.газрын дор газар ухаж байгаа юм чинь мётро бариулахад юухан байх вэ дээ тийм биз хүмүүсээ

Холбоотой мэдээ

Back to top button