УРЛАГЭнтертайнмент

До.Болд “Бүтээл” үзэсгэлэнгээ Соёлын яамны галерейд дэлгэлээ

Соёлын яамны галерейд Төрийн шагналт, Ардын зураач До.Болдын “Бүтээл” бие даасан үзэсгэлэнг дэлгэлээ.

Бага наснаасаа зурах сонирхолдоо хөтлөгдөн зургийн дугуйланд суралцсан До.Болд 1971 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1977 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Урлагийн академийн уран зургийн ангийг дүүргэжээ.

Тэрбээр аж байдал, хөрөг, түүхийн сэдвээр гол төлөв бүтээж, эх орондоо болон хилийн чанадад зохион байгуулдаг дүрслэх урлагийн олон төрлийн үзэсгэлэнд тогтмол идэвхтэй оролцдог уран бүтээлч юм. Түүнчлэн улс орныхоо түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойн баярт зориулсан уран бүтээлийн уралдаанууд болон гадаадын нэр хүндтэй үзэсгэлэнгүүдэд толилуулсан олон сайхан зургууд нь дүрслэх урлаг сонирхогчдын талархлыг хүлээж, шагнал урамшуулал хүртэж байв.

Зураач До.Болдын бүтээлүүдийг ерөнхийд нь реализм, абстракционизм гэсэн хоёр хэв маягт хамруулж болох ч янз бүрийн арга ажиллагааг хослуулсан, өвөрмөц содон найрамжтай өнгөөр тоглох уран зургууд нь тансаг илэрхийллээрээ гайхуулдаг.

Уйгагүй эрэл хайгуул, туршилтаараа абстракционизмд хүрсэн түүний өөрийн үзэл бодол, дурсамж, мөрөөдлөөс эхлээд байгаль дэлхий, хүн төрөлхтний түүх, намтрыг хамарсан өргөн сэдэвт зохиомжууд зургийн хавтгай дээр өнгөөс өнгөд шилжин хувирах, талсжин алаглах геометрийн дүрсүүдээр илэрдэг. Алтлаг, мөнгөлгөөр туяаран гялалзах хийгээд хүйтэн хүнд, бараан өнгөөр чуулах тэрхүү янз бүрийн өнцөгтүүд нь хүмүүний ертөнцийн өгсөж, уруудах баялаг амьдралын баяртай болон гунигтай үзэгдэл юмс, хүсэл эрмэлзлэлийн гэнэтийн огцом, эсвэл уянгат зөөлөн байдлыг төлөөлөх аж.

Түүний дорнын соёл, гүн бясалгал, сэтгэлийн хөөрлөө шингээсэн 20 гаруй бүтээл Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт орсон төдийгүй Ази, Европ, Америк тивийн олон улс орнуудын галерей, урлаг сонирхогчдын хувийн цуглуулгад хүндтэй байрыг эзэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button