Гурван банк нэг улирлын дотор IPO зарлах ёстой

Системийн нөлөө бүхий таван банк өнгөрсөн жилийн эхний хагаст IPO зарлах байсан хэдий ч хоёрдугаар хагас болгон хугацааг нь хойшлуулж байв. Өдгөө системийн нөлөө бүхий таван банкнаас "Голомт банк" ХК болон "Төрийн банк" ХК хэдийн зах зээлд IPO зарлаж, урьдчилсан захиалга нь ч санаснаас өндөр байсан билээ. Харин оны өмнөхөн Хаан банк Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авсан юм.
Үүний цаана Худалдаа хөгжлийн хийгээд Хас банк СЗХ-ноос зөвшөөрлөө авах үлдээд буй. Тэгэхээр гурван банк IPO зарлаагүй байгаа гэсэн үг.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн нэгдүгээр сард "IPO зарлаагүй гурван банк үлдсэн. Хуульд заасан хугацааны дагуу энэ оны эхний хагасаас өмнө IPO зарлаж, амжилттай зохион байгуулна" гэх тайлбарыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байдаг.
Тэгэхээр түүний яриаг эргэн сануулахад энэ оны эхний хагаст буюу зургаадугаар сарыг дуусахад гурван ч банк IPO-оо зарласан байх ёстой болж буй. Гуравдугаар сар хэдийн сүүлийн долоо хоногтоо орсноор энэ жилийн I улирал дуусаж буй. Одоо бидэнд банкууд хуулийн дагуу IPO хийхэд нэг улирал үлдээд байна.
Ямартай ч оны өмнө СЗХ-ноос зөвшөөрөл авснаараа Хаан банк нөгөө хоёроо манлайлах нь баараггүй. Өнгөрсөн онд банкуудын үзүүлэлтээс системийн нөлөө бүхий таван банк нийт 978 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Өөрсдийн хөрөнгө нь 22 орчим хувийн өгөөжтэй. IPO хийхээр зарлаж буй банкнууд 2022 онд нийт 3.5 их наяд төгрөгийн хүүний орлого олсон байна.
Хөрөнгийн зах зээлийн тэлэлтэд банкуудын IPO тодорхой нөлөө үзүүлж буй. Юутай ч дээрх тооцооллын дагуу орлого, ашиг сайтай ажилласан банкуудын хоёрынх нь жишээнээс харахад дараагийн гурван банк ч урьдчилсан захиалгандаа хангалттай хүрэх болов уу гэх хүлээлт зах зээлийн шинжээчдийн дунд буй. Нийгмээрээ их бага гэлтгүй хөрөнгийн зах зээлийг сонирхож буй энэ цаг үед банкуудын IPO-д хөрөнгө оруулах гэсэн хэрэглэгч, үйлчлүүлэгч ч их байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.