Нийгмийн

Ирээдүйд бүр ч их юм дуулгах жүдоч

Марокко улсад үргэлжилж буй жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс Монгол Улс анхны эмэгтэй аваргаа өлгийдсөн нь спортын хорхойтнуудын анхаарлыг гойд татаж байна. Жүдогийн спорт өндөр хөгжсөн, олимп, дэлхийн медальт олон эмэгтэй бөхтэй манай улс өнөөг хүртэл чилийтэл хүлээсэн амжилт энэ л байсан юм. Эл бахдам амжилтын эзэн бол ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам.

ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-д ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЖҮДОЧ

18 настай Л.Сосорбарам дэлхийн дэвжээнд зодоглохдоо эхний тойргуудад Германы Анника Вурфел, Узбекистаны Сита Кадамбоева, Нидэрландын Наоми Ван Кревел нарыг нарыг өвдөг шороодуулсан. Улмаар хагас шигшээд Бразилын Лариса Пиментаг, аваргын төлөөх барилдаанд Тайваний Сү Лин Сүаныг цэвэр ялсан. Ингэснээр залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны жүдоч болов. Түүнээс өмнө тус тэмцээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн ганцхан бөх байсан нь ДАШТ-ий хүрэл медаль Ө.Дүүрэнбаяр юм.

ИХ СПОРТОД ИНГЭЖ ХӨЛ ТАВЬСАН

Бөхийн нутаг гэгддэг Баянхонгор аймаг Гавьяат тамирчин Ш.Чанрав, М.Уранцэцэг, З.Дэлгэрдалай тэргүүтэй жүдочдоороо алдартай ч тэдний залгамж халаа сүүлийн жилүүдэд тасраад байсан юм. Үүнд дүгнэлт хийсэн Ерөнхийлөгч төрсөн нутагтаа жүдог хөгжүүлэхээр ОУХМ Л.Лувсандэмбэрэлийг 2011 онд томилолтоор илгээсний үр дүнд бэлтгэсэн тамирчдын нэг нь Л.Сосорбарам.

Үндэсний шигшээ багийн тамирчин тэрбээр насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд оролцоод удаагүй ч цөөнгүйгээс нь медаль хүртэж, чансаагаараа дэлхийд 21 дүгээрт эрэмбэлэгдээд байна. Түүний удамд барилддаг хүн цөөнгүй бий. Өвөө нь сумын заан, аавынх нь удмын бөх Б.Баасанжаргал аймгийн начин цолтой.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, Монголын үндэсний биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааний оюутан Л.Сосорбарам 2012 онд жүдогоор хичээллэж, эл спортод хөл тавьжээ. Хичээлээ тараад явахдаа “Жүдо, чөлөөт бөхийн дугуйланд хүүхэд бүртгэж байна” гэсэн зар байхыг харжээ. Тамирчин болох хүсэлтэйгээ ангийнхаа багшид хэлэхэд чөлөөт бөхөөр хичээллэхийг зөвлөж. 

Өнөөх зарын дагуу сургуулийнхаа дэргэдэх “Ягаан заал”-нд очиход жүдочид бэлтгэл хийж байсан гэнэ. Тэдний мэх, техник сонирхолтой санагдсан тул чөлөөт бөхийг бус, жүдог сонгожээ. Тэгж явахдаа Л.Лувсандэмэбэрэл дасгалжуулагчтай таарч, шавь нь болсон юм. Тэрбээр энэ тухайгаа “Багаасаа бөхөд хорхойсоогүй ч жүдогоор барилдаж эхэлснээсээ хойш огт шантарч, больё гэж бодож байгаагүй. 

2012 онд болсон “Чингис хаан” гран при тэмцээнийг зурагтаар үзээд эл спортод улам татагдсан. Өмнө нь зуны амралтаараа хөдөөх гэр рүүгээ явж, аав, ээжийнхээ гарын үзүүрт нэмэр болдог байлаа. Гэтэл спортод хөл тавьсны дараа зав л гарвал барилдмаар санагдах болсон. Тэгж байтал багш зургаан шавиа 2016 онд Улаанбаатар хотод авчирсны нэг нь би. Бид одоо ч нутгийнхаа нэрээр барилддаг” хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө дурссан байдаг.

АМЖИЛТЫН ЖИМЭЭ ИНГЭЖ ГАРГАЖЭЭ

Л.Сосорбарамын амжилт, ур чадвар өдөр өдрөөр ахисаар жүдогоор барилдсаныхаа дараа жил аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс 32 кг-ын жинд мөнгөн медаль авч, анхны амжилтаа гаргажээ. Тэгэхдээ аваргын төлөөх барилдаанд хамт бэлтгэл хийдэг охиндоо дийлдсэн гэдэг. Өнөөх ялагдлаа зунжин бодож, дахиж өвдөг шороодохгүй гэж хичээсээр намар нь болсон тэмцээнд түүнийг ялсан аж.

ӨСВӨР ҮЕИЙН АЗИЙН АВАРГА БОЛОВ

2016 онд өсвөр үеийн УАШТ-д түрүүлсэн түүнийг багш нар Азийн дэвжээнд сойв. Л.Сосорбарам монгол түмнийхээ итгэлийг алдалгүй түрүүлэхдээ Узбекистан, Тайвань, Казахстан, Японы бөхийг өвдөг шороодуулжээ. Япон бөх А.Ватанабэд вазари үнэлгээгээр ялагдаж байсан ч цаг дуусахаас хэдхэн секундын өмнө тонгорох мэхээр цэвэр ялж, Азийн аварга болсон юм. 

Тэрбээр дараа жил нь аваргаа хамгаалж чадаагүй ч хүрэл медаль хүртсэн. Азийн АШТ-ээс хэдхэн сарын дараа болсон Хонконгийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Л.Сосорбарам Европын цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалиар энгэрээ мялаан, шаггүй өрсөлдөгч болохоо өөр тивийн дэвжээнд баталжээ.

ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПОД ҮЗҮҮРЛЭСЭН НЬ

Монголын жүдо бөхийн спортын хөгжил дэлхийд өнгөлөх хэмжээнд хүрч, олон шилдэг бөхтэй ч залуучуудын олимпын медальтан төрөлгүй 2018 онтой золгов. Аргентин улсад бослон гурав дахь удаагийн олимпоос хоёр дэд аварга төрж, анхдагч болсны нэг нь Л.Сосорбарам (нөгөө нь Г.Тэмүүжин). 

Олимпын эрхийн оноо олгох арав гаруй тэмцээн зодоглон, хоёр түрүүлж, дөрөв үзүүрлээд Буэнос-Айрес-ыг зорих болзол хангажээ. Тэрбээр өмнөх тойргуудад Куба, Мадагскар, Узбекистаны бөхийг ялж, шигшээд ОХУ-ын тамирчин И.Хубуловатай учраа таарав. Орос жүдоч 2017 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн аварга Дарья Белодедод вазари үнэлгээгээр ялагдан, мөнгөн медаль хүртсэн “хатуу самар”. 48-аас жин өгсөн 52 кг-д барилдсан түүнийг Л.Сосорбарам гол өрсөлдөгчөөрөө төдийлөн тооцоогүй байж. Аваргын төлөө таарсныхаа дараа судлах гэтэл И.Ху буловагийн барилдааны бичлэг цахим хуудаснаас олдоогүй гэнэ. Тэрбээр барилдааны эхнээс өөртөө итгэлтэй, дайчин өрсөлдсөн ч араараа мордуулаад ялагдсан юм. Ингэснээр олимпын дэд аварга болжээ.

18 НАСАНДАА НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-д ТҮРҮҮЛЭХДЭЭ ШИЛДЭГ ТАМИРЧНААР ШАЛГАРСАН

Энэ жил Сэлэнгэ аймагт болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д олон залуу бөх цахиур хагалсан. Тэдний дундаас 18 настайдаа улсын аварга болж, тэмцээний шилдгээр шалгарсан Л.Сосорбарам олны анхаарлыг ихэд татсан.

Л.СОСОРБАРАМЫН СОДОН АМЖИЛТ

Энэ оны хоёрдугаар сард Германд болсон Дюссельдорфын  “Их дуулга”-д тэрбээр үзүүрлэсэн. Чансаа, нэр хүндээрээ олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй тус тэмцээнд Л.Сосорбарам зодоглохдоо япончуудын ноёрхлыг зогсоосон. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөн, удаах даваануудад Хонконгийн Цүй Шүк Ки, Туркийн Ирэм Коркмаз нарыг өчих мэхээр цэвэр, Францын Астрид Гнетог торгуулиар өвдөг шороодуулж, хагас шигшээд Японы бөх Кишима Маедаг цэвэр ялав. 

Ингэснээр Л.Сосорбарам “Их дуулга” ангиллын тэмцээнд аваргын төлөө хамгийн залуудаа барилдсан монгол бөх болов. Улмаар алтан медалийн төлөө олимп, дэлхийн аварга, Косовагийн бөх Малинда Кельмендитэй өрсөлдөөд дийлдсэн. Гэхдээ жиндээ дэлхийд шилдэг байгаа бөхөд үнэлгээ алдалгүй, торгуулиар ялагдсан нь түүний хэр ирээдүйтэйгийнх нь илрэл болов уу. Ингэснээр Л.Сосорбарам “Их дуулга”-аас анхны медалиа хүртэж, үзүүрлэв. 

Тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)- ны албан ёсны сайтад “Монгол жүдоч Л.Сосорбарам “Их дуулга” ангиллын тэмцээний медалийн салхиа хагалсанд баяр хүргэе” хэмээн бичжээ.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИЙН АШТ-ээс МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Дюссельдорфын  “Их дуулга”-д үзүүрлэснийхээ дараа Европын нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Л.Сосорбарам насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцохдоо үргэлжлүүлсэн. Тэрбээр Азийн дэвжээнд анх удаа өрсөлдөхдөө мөнгөн медаль хүртсэн юм.

ДАШТ-д АНХ УДАА ЗОДОГЛОСОН НЬ

Өнөө жил Японы Токиод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д Монгол Улс 18 жүдоч сойсны нэг нь Л.Сосорбарам. Дэлхийн шилдгүүдтэй анх удаа өрсөлдсөн тэрбээр эхний тойрогт Словений Станжерийг вазаригаар ялсан ч удаах тойрогт Риогийн олимпын мөнгөн медальт Италийн Одеттид нэмэлт цагт дийлдсэн. Хэдийгээр медаль хүртээгүй ч дэлхийн дэвжээнд зодоглон, туршлага хуримтлуулсан нь мэдээж.

ТЭР 52 КГ-ЫНХНЫ ИРЭЭДҮЙ

Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ыг Гавьяат тамирчин М.Бундмаа олон жил нуруундаа үүрсэн. Түүнийг зодог тайлсны дараа Азийн аварга Ч.Аззаяа, ОУХМ А.Цолмон нар нэг хэсэг манлайлсан. Гэвч тэд сүүлийн жилүүдэд төдийлөн өндөр амжилт гаргахгүй байгаа. Улмаар тэр л олимп, дэлхийн дэвжээнээс медаль авна гээд итгэл дүүрэн нэрлэчих тамирчин эл жинд одоогоор алга. Энэ орон зайг нөхөх ирээдүйтэй тамирчдын нэг яах аргагүй Л.Сосорбарам. Сүүлийн үед түүнтэй Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын шавь, олон улсын хэмжээний мастер Б.Хорлоодой эн тэнцүү өрсөлдөж байгаа. Тэд энэ жил ДАШТ-д хамт зодоглосон юм.

Л.Сосорбарам 2017 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль авч, Парисын “Их дуулга”-д барилдахдаа ДАШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт солонгос бөхөд ялагдсан. Түүнээс хойш дэлхийн шилдгүүдтэй хүч сорилгүй байсаар оны сүүлд болсон Осакагийн “Их дуулга”-д зодоглохдоо чансаагаа 60 байраар ахиулсан юм. Тонгорох, тохох, үүрэх дархан мэхтэй тэрбээр дэлхийн аварга, ялагдал гэдгийг мартаад буй Үта Абэг ялахыг хүсдэг. Мөн багшийнхаа жийх, хэвтээгээс барилдах техникийг өөрийн болгохыг зорьж яваа гэнэ.

ТҮҮНИЙ ГАРГААД БУЙ АМЖИЛТУУД:

2018 онд:

-Өсвөр үеийн УАШТ-д түрүүлсэн

-Залуучуудын улсын аварга болсон

-Турк болон Хонконгод зохион байгуулсан залуучуудын олимпын эрхийн оноо олгох тэмцээнд түрүүлсэн

-ОХУ, Киргизстан, Макао, Аргентинд болсон “Буэнос-Айрес” олимпын эрхийн оноо олгох тэмцээнд үзүүрлэсэн

-Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн

-Зүүн Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрлийн алт, багийн мөнгөн медальтай

-Осакагийн “Их дуулга”-д VII байрт шалгарсан

-Хонконгод болсон олон улсын тэмцээнд түрүүлсэн

Энэ жил:

-Насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлж, шилдэг тамирчнаар шалгарсан

– Дюссельдорфын  “Их дуулга”-д үзүүрлэсэн

-Австрид зохион байгуулсан Европын нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн

-Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль авсан

-Чехт болсон Европын нээлтэй тэмцээнд түрүүлсэн

-Хөх хотын гран прид VII байрт шалгарсан.

Төдийлөн олонд танигдаагүй, дэлхийн дэвжээнд хараахан цойлоогүй ч дэлхийн шилдэг болох мөрөөдөлтэй ийм нэгэн залуу жүдоч зорилгынхоо төлөө зүтгэж явна.

Б.БУЯНДАЛАЙ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close