ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Нэг дороос: 3%-ийн хүүтэй ипотекийн зээлд хэн, яаж, хэрхэн хамрагдах вэ

Гурван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүсэлтийг өчигдрөөс авч эхэлсэн билээ. Уг зээлийг нийслэлээс хөдөө, орон нутагт шилжин суурьшиж амьдрах болон орон нутагт амьдарч буй иргэдэд олгох шийдвэр гарсныг Сангийн яамнаас мэдээлсэн. Энэ зээлийг нэгдүгээр улиралд багтаан банкуудаар дамжуулан олгох юм.

Зээлийн талаарх мэдээллүүдээс дурдвал,

  • 360 хүртэлх сар буюу 30 жилийн хугацаатай
  • Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргасан тохиолдолд урьдчилгаа төлбөр 12 хувиас доошгүй /ЗҮХ 88 хувиас дээшгүй/, бусад тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 30 хувиас доошгүй /ЗҮХ 70 хувиас дээшгүй/
  • ӨОХ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй
  • Орон сууцны талбайн хэмжээ 80 м2-аас ихгүй
  • Бүрэн хоргодох, тогтмол хүүтэй
  • Барьцааны зүйл шаардлага хангасан
  • Зээлдэгчдэд олгох хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хэмжээ орон нутагт 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байх
  • Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгосон зээлийг дахин санхүүжүүлэхгүй байх ажээ.

-Яагаад гурван хувийн хүүтэй вэ-

Орон нутагт олгох ипотекийн зээлийн хэмжээ нь зургаан хувийн хүүтэй билээ. Үүний 50 хувь буюу гурван нэгж хувийг нь Засгийн газраас татаас хэлбэрээр дэмжлэг үзүүлж байгаа юм. Ингэснээр үлдсэн гурван хувийг нь иргэд өөрсдөө төлөх билээ.

Гэвч Засгийн газрын энэхүү дэмжлэгийг ердөө эхний гурван жилийн турш үргэлжлүүлнэ гэдгийг иргэд санах хэрэгтэй. Товчхондоо эхний гурван жилийн турш ипотекийн зээлээ төлөхдөө гурван хувийн хүүтэйгээр төлөх бол дөрөв дэх жилээс нь зургаан хувийн хүүтэйгээр төлөх юм.

Уг дэмжлэгийн гол онцлогийг Улаанбаатар хотод төвлөрч буй төвлөрлийг сааруулах, орон нутагт амьдрах иргэдийг дэмжиж буй нэг төрлийн хэлбэр гэж үзсэн.

-Ипотекийн зээлд хэчнээн хүнийг хамруулах вэ-

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Улсын төсөвт 16 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэлсэн юм.

Тэрбээр "Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 2023 оны Улсын төсөвт санхүүжилтийг нь суулгасан. Олон нийтийн зүгээс орон нутагт гурван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсаны дараа хотод амьдарсаар байвал яах вэ, бусдын боломжийг хулгайлсан зүйл болно гэх мэтийг ярьж байна. Бид үүнд хяналт тавьж ажиллана. Хэрэв ийм нөхцөлийг үүсгэвэл гурван хувийн зээлийг найман хувийнх болгож шилжүүлнэ. Мөн Улсын төсөвт тусгасан төсвөөр 21 аймгийн хэмжээнд 2700 өрх хамрагдах боломжтой" гэв.

Гурван хувийн хүүтэй зээлд 2700 өрхийг хамруулна гэх тооцоог орон нутагт ашиглалтад орж буй барилгын тоонд уялдуулан тооцоолжээ.

-Зээл авахад тавигдах шаардлага-

Уг хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд Төрийн, Худалдаа хөгжлийн, Хаан, ариг, Транс, Богд болон Капитрон банканд хүсэлтээ өгөх юм.

Зээлдэгчдэд дараах шаардлагыг тавина. Үүнд,

  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсад тогтвортой оршин суудаг харьяалал бүхий иргэн байх
  • Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Банк, санхүүгийн байгууллагуудад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх
  • Зээл хүсэгч нь одоо эрхэлж байгаа ажилдаа нэг буюу түүнээс дээш жил ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол мөн нэг буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх /сүүлийн нэг жилийн хугацаанд ажил олгогчоо нэг удаа сольсон байж болно/
  • Өрхийн өр, орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх
  • Зээлийн хугацаанд эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдах шаардлагуудыг тус тус тавьжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button