УРЛАГЭнтертайнмент

УДЭТ-аас “Амьд театр” хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгууллаа

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр. Эл өдрийг Олон улсын театрын институтээс санаачлан 1961 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 27-нд тэмдэглэдэг болсон уламжлалтай. Анх 1962 оны энэ өдөр Францын Парис хотод “Үндэстнүүдийн театр” нэрээр тэмдэглэж, уран бүтээлч Жан Коктугийн захидлыг сонордуулж байжээ.

Түүнчлэн Дэлхийн театрын өдрийг тэмдэглэхдээ театрын үнэ цэн, ач холбогдлыг хүмүүст ойлгуулах, театрын уран бүтээлчдэд бүтээлээ олонд хүргэх боломж олгох, улс орны удирдагчид болон бодлого боловсруулагчдад энэ урлагийн ач холбогдлыг мэдрүүлж дэмжүүлэх, театр болон гүйцэтгэн тоглох урлагаар дамжуулан урам зоригийг хөхиүлэн дэмжих, театрын урлагаар дамжуулан соёлын олон талт байдлыг үзэгчдэд хүргэх, санаа бодлоо хуваалцах, харилцан ойлголцлын үр шимийг хүртэх, хүмүүний оюун санаанд амар амгаланг бий болгох зорилго тээдэг байна.

Театрын эл өдрийг улс орон бүрийн театрын уран бүтээлчид, театрт хайртай үзэгчид, театр урлагийн сургуулиуд, судлаачдын баярын өдөр болгосон бөгөөд энэ өдөр янз бүрийн арга хэмжээ өргөнөөр зохион байгуулдаг. Өнөө жилийн эл өдөр УДЭТ-аас санаачлан соёлын салбарын уран бүтээлчдийн дунд “Амьд театр” хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгууллаа. “Амьд театр” хэлэлцүүлэг нь Монголын театрын урлагийн салбарт ажиллаж байгаа, тэргүүлэх уран бүтээлчид болон театр, киноны чиглэлээр уран бүтээлээ туурвидаг мэргэжлийн найруулагч нарын саналыг хүлээн авч, санал солилцон, ойрын жилүүдийн ажлын төлөвлөгөөнд тусгах, эвлэлдэн нэгдэх зорилготой.

Дэлхийн театрын өдрийг тэмдэглэхдээ улс орнуудын театрын зүтгэлтнүүдээс сонгон, театр ба энх тайван зэрэгцэн орших соёлын асуудлыг голлон анхаарч, санаа бодлоо хуваалцан, уран бүтээлчдэд хандан захидал бичдэг уламжлалтай. Захидлыг 50 гаруй хэлээр орчуулан хэвлэн нийтлэх, уншиж хүргэх зэргээр тэмдэглэдэг. “Амьд театр” хэлэлцүүлэг, арга хэмжээг нээж, өнөө жилийн захидлыг уншиж, сонирхуулсан.

            Хэлэлцүүлэгт Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж, “Боролдой” студи, “Black box” театрын захирал С.Мягмар, "Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид оролцож, Монголын театр дэлхийд тэргүүлэх боломжтой юу, театрын хөгжлийн хүчин зүйл, театрын урлагийн ирээдүй гэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Найруулагч Н.Наранбаатар “Театр бол хамгийн өндөр уулын оргил дээрх тавцан, сүм гэж би боддог. Тэр тавцан, сүм дээр хэн нэгэн гарахад бүгд түүнийг хардаг, тэр хүний юу хашхирахыг хүлээж байдаг. Тиймээс тэр тавцан дээр хэн байх ёстой, юу ярих ёстой, юуг бусдад уриалах ёстой нь хамгийн чухал. Тэр тавцан дээр ёс бус хүн гарах нь ч бий. Тэгэхээр өнөөдрийн “Амьд театр” арга хэмжээгээр бид энэ тухай гүнзгий “ухах”-ыг хүслээ” гэсэн юм.  

Мөн “Амьд театр” хэлэлцүүлэг, арга хэмжээний үеэр Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, О.Гэрэлсүх, Н.Ялалт нар И.В.Гётегийн “Фауст” жүжгийн пролог, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ У.Шекспирийн “Гамлет” жүжгийн “Орших уу, эс орших уу” монологийг уншиж сонирхуулсан бол жүжигчин Т.Сэргэлэн А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Треплевийн монолог, залуу жүжигчин Ц.Төгсбилэгт Д.Данзанравжаагийн “Цагийн замыг гэтэлгэгч цаасан шувууны сургааль”-ийг толилуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button