“Нуугдмал ертөнц”-д 80 гаруй бүтээл толилуулах нь

Гэрэл зурагчин Л.Жаргал, Н.Батхүрэл, Ц.Өлзий, Д.Лхагвасүрэн нар хамтран “Нуугдмар ертөнц” үзэсгэлэнгээ “Norphei” арт галерейд дэлгэнэ. Эл үзэсгэлэн нь макро гэрэл зургийнх гэдгээрээ онцлог.
Гэрэл зурагчин Л.Жаргал “Биологийн хүрээлэнгийн багтай таван жил ажиллахдаа тэдний нэлээд хэдэн ном, бүтээлд зураг авч өгсөн. Шавж судлал нь бидний тэр бүр мэдэхгүй ч танин мэдэхүйн асар том ертөнц. Мөн судлаачдын цаг наргүй ажил, олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Ингээд тэдний ажлын дүн, ном бүтээлээс олон нийтэд хүргэх үүднээс энэхүү үзэсгэлэнг гаргахаар шийдсэн юм. Үзэсгэлэнд 80 гаруй зураг толилуулна. Бар цох, говийн арваалж, хилэнц, хүн хорхой, хавч зэрэг олон зүйлийн зургийг томоор, нэг дороос, зарим амьтны хатаамал дээжтэй харьцуулж харах боломжтой байлгахаар зорьж буй. Гэрэл зураг талаасаа ч аль болох чанартайг сонгохын хамт өөр, өөр төрөл овгийн амьтныг үзүүлэх санаатай байгаа. Макро зураг нь аливаа жижиг биетийг ядаж нэг дахин томруулсан зургийг хэлдэг. Усны дусал, элдэв амьгүй жижиг юмсыг ч зурагладаг. Монголд 13 мянган шавж тэмдэглэгдсэн гэдэг. Шавжийн зургийг буулгаж чадвал хүний нүдэнд харагдахгүй хачин сонин өнгө, хээ хуар, хэлбэрийг ч харуулж болно” гэсэн юм.
“Нуугдмал ертөнц” үзэсгэлэн энэ сарын 31-нээс ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.