ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Франчайз бизнес Монголд "цэцэглэх" нь зөв үү

Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээгдэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалттай компани Төрийн ордонд байрлаж ажиллах нь зөв эсэхэд олон нийт мэтгэлцэж буй.

ЗГХЭГ-ын газрын дэд дарга У.Бямбасүрэн энэ талаар "Төрийн өмчийн талбайг түрээслүүлэхийн тулд тендэр зарласан. Уг сүлжээ дэлгүүр нь үнийн саналаа нөгөө дэлгүүрээс зургаа дахин өндрөөр санал болгосон юм. Үндэсний үйлдвэр өндөр үнэтэй, франчайз бага үнэтэй байх ёстой гэхээс илүүтэй боломжийн үнийг харж шалгаруулалт явуулах учиртай. Франчайз гэдэг нь нэг талаасаа давуу байдлыг үүсгэсэн. Олон улсын стандартын бүтээгдэхүүн орж ирнэ гэсэн үг" хэмээсэн.

-Франчайз бизнес гэж юу вэ-

Юун түрүүнд бид франчайз бизнес гэж юу болох талаарх мэдээлэлтэй болох хэрэгтэй. Франчайз гэх үг нь тусгай зөвшөөрөл, давуу тал гэх утга бүхий англи үгнээс гаралтай.

Франчайз бизнес гэдэг нь тухайн үйл ажиллагааг эрхлэхийг хүссэн этгээд тодорхой хэмжээний мөнгөн төлбөр төлж, барааны тэмдэг, нэр, онцлог шинж чанар, үйл ажиллагааг нь өөрийн мэт бизнесдээ ашиглах явцыг хэлнэ. Товчоор илэрхийлбэл зах зээлд шалгарсан бэлэн технологийн дагуу бараа бүтээгдэхүүнийг борлуулж, үйлчилгээг үзүүлдэг гэсэн үг.

Манай улсад франчайз бизнес хурдацтай хөгжиж ирсэн. Тухайлбал, KFC, Caffe Bene, Tom n Toms, CU, GS25 зэргээс эхлүүлэн Франц, Солонгосын дэлгүүрүүдийн франчайз эрхтэй салбарууд Улаанбаатарын энд тэндгүй тархжээ.

-Франчайз бизнесийн давуу болон сул тал-

Аливаа зүйлс хоёр талтай. Франчайз бизнест ч давуу болон сул тал бий.

Давуу тал: Ямар ч бизнест анхны санхүүжилт хамгийн чухал байдаг. Тэгвэл дэлхийн ямарваа нэгэн улс оронд танигдсан, брэнд болон хөгжиж чадсан бизнесийн нэрийг барин үйл ажиллагаа эхлүүлэх нь гарааны бизнес эрхлэгчийн хувьд эрсдэл багатай. Тиймээс богино хугацаанд зардлаа нөхөх боломж нэмэгддэг байна.

Тухайлбал, дэлхийн ТОП 10 франчайзын эрхийг дунджаар 10-40 мянган ам.доллароор худалдан авдаг ажээ. Улмаар бизнесийг нь хөл дээрээ тогтох хүртэл нь дунджаар 0.7-2.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг байна.

Санхүүжилт байхгүйн улмаас дэлхий даяар нийт эхэлж буй бизнесийн 80 гаруй хувь нь эхний жилдээ дампуурдаг гэх тооцоо ч бий. Тиймээс гарааны бизнест тулгарах бүхий л асуудлаа шийдүүлэх боломжтой гэсэн үг. Мөн хэрэглэгчид нь үргэлж бэлэн байдаг нь энэ төрлийн бизнес дэлхий даяар хөгжих хамгийн чухал хөшүүргүүдийн нэг болдог.

Сул тал: Франчайз бизнес хэт хөгжих нь эргээд зах зээлийн өрсөлдөөнийг багасгаж, дотоодын гарааны бизнесүүдийг шахах хүч болдог ажээ. Гаднын санхүүжилт бүхий компаниудтай өрсөлдөх нь гарааны бизнес эрхэлж буй хүмүүсийн хувьд ижил гараанаас гарахгүйгээр барианд орох уралдаан гэсэн үг юм.

Хэрэв франчайз эрхтэй болсон бол тус компанийн дүрмээр л бизнесээ эрхлэх бөгөөд дүрэм журмыг зайлшгүй мөрдөх ёстой. Ингэснээр хувь хүн өөрөө бие даан бизнесийн үйл ажиллагаанд бүтээлч байдлаа төдийлөн харуулдаггүй. Тиймээс үргэлж брэнд эзэмшигчийн хараа хяналтад байх хэрэгтэй болдог.

Гэвч хамгийн том сул тал нь франчайз эрхийг худалдан авахад их хэмжээний төлбөр төлөх хэрэгтэй. Олон нийтэд хэр их танигдсан байна, тэр хэрээрээ үнэ нь өндөр байдаг юм.

Эцэстээ гэхэд 1990-ээд оны үеийн Өмнөд Солонгост ч манай одоогийн нөхцөл байдал шиг түргэн хоолны франчайз бүхий газрууд олноор бий болж байсан. Гэсэн хэдий ч өнөөдөр тус улс өөрсдийн франчайзаа дэлхийн олон оронд өгч буй. Ардчилсан нийгмийн өрсөлдөөний тод томруун жишээ гэж болно. Бидний авахыг хүссэн үйлчилгээг өгч байгаа учраас эдгээр газруудын эрэлт нэмэгдэж буй. Тиймээс франчайз компаниудтай өрсөлдөж, зах зээлдээ үлдэж чадах дотоодын олон компани, үйлчилгээний газар шалгарлын хуулиар харагдах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button