Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

“Стандарт” банкны 40 сая ам.доллар дундаасаа ЗАМАРСАН гэж үнэн үү, Х.Бадамсүрэн захирал аа

О.БААСАНХҮҮ ГИШҮҮНИЙ ҮГ ХАРДЛАГА ДАГУУЛАВ

О.Баасанхүү гишүүн нэг сонин юм ярив. Тэр нь “Одоог хүртэл “Стандарт”  банкнаас “Эрдэнэт” үйлдвэр 40 сая ам.доллар төлсөн нь үнэн болно гэсэн бичиг ирээгүй байгаа” гэх өгүүлбэр.   

Үүнээс өмнө бүр ч жигтэй хачин яриа сонсогдож байв. Тэр нь, “Эрдэнэт” үйлдвэрээс 40 сая ам.долларыг зуучлагч “Ocean Partner” компанид шилжүүлэхээр хэлцэл хийсэн. Гэвч 26 сая ам.доллар нь  тус компанийн данс руу шилжиж, 14 сая ам.доллар нь  манай  нэр бүхий улс төрчдийн хармаа руу орсон” гэх яриа хөвөрсөн. Энэ зөвхөн яриа шүү. Батламж ба нотломж байхгүй. Гэхдээ хөшигний ард ингэж яригддаг.

Гэвч “Эрдэнэт” үйлдвэр“ 2019 оны гуравдугаар сарын сүүлээр 40 сая ам.долларыг “Океан Партнер” компани руу шилжүүлсэн талаар албан баримтуудад дурдагдсан. Сонирхолтой нь,албан баримтуудад тодорхой байдлаар он сарыг нь тэмдэглээгүй байна. Улмаар Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг оруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг сүр дуулиантайгаар шалгахдаа 40 сая ам.долларын асуудлыг зориуд “илж” өнгөрөөсөн мэт хардлага төрүүлдэг билээ.

Жастын Ш.Батхүүгийн өдүүлсэн хэрэг Английн дээд шүүх дээр 2018 оны долдугаар сард унаснаар “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкны зээлийн барьцаанд алдах бодит эрсдэл үүссэн. Тиймээс ч Засгийн газраас Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, уг асуудалд гарц  хайхаар болсон байдаг.

Гэвч он дамнан хэл чимээгүй, нам гүм байсан ажлын хэсэг өнгөрсөн хавар гэнэт мэдээлэл хийж, “Ээ, гэгээн дарь эх минь. Бид “Эрдэнэт” үйлдвэрийн төлөх ёстой 102 сая ам.долларыг 40 болгон бууруулж,төлөлтөө хийчихлээ” гэж мэдэгдсэн. Ингэхдээ “Биднийг “Стандарт” банкныхан  ойртуулахгүй байсан тул “Океан Партнер” компанийг зуучлагчаар ажиллуулсан”гэх утгатай мэдээлэл өгсөн билээ.

40 САЯ АМ.ДОЛЛАР ЯГ ХААШАА ОРСОН БЭ

Өнөөх “Ocean Partner” компани асар хачин түүхтэй. “Эрдэнэт” үйлдвэртэй бүр 1998 оноос хойш хамтарч ажилласан зэсийн баяжмалын трейдер компани. Бүр тодруулбал, анх Жастын Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад нь зуучилсан түүхтэй. Тэгснээ  зээлээ төлөхөд нь дахин зуучилсан  гэх нь ихээхэн анхаарал татдаг асуудал билээ. 

“Ocean Partner”-ий АНУ-д амьдардаг манай улсын иргэн байдаг бөгөөд 40 сая ам.долларын асуудал яригдах үеэр Монголд нэлээд  хэдэн удаа ирж ажилласан гэж эх сурвалж мэдээлдэг. Тэрбээр "Таванбогд" группийн Ц.Баатарсайханы худ, манай томоохон улс төрчидтэй ойрын хамааралтай нэгэн гэгдэж буй юм.

Хачирхалтай нь, “Эрдэнэт” үйлдвэрийн  захирал Х.Бадамсүрэн ““Океан Партнер” компанийг асуудалтай гэдгийг нь мэдээгүй” гэх яриаг бүүр хойно нь өгсөн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэгдээд байгаа 40 сая ам.долларын асуудал ийм л олон эргэлзээ, тээнгэлзэл дагуулсан. Тэр нь одоо ч дуусаагүй л байна.Шилэн дансны хуулиар 5 сая төгрөгөөс дээших зарлагыг тайлагнах ёстой. Гэтэл улсын үйлдвэрийн бүхэл бүтэн 40 сая ам.доллар яг хаашаа орсон нь өнөө хэр тодорхойгүй байна.

Яг “Стандарт” банкандаа очсон уу.Дундаасаа замраад, тал хагас нь алга болсон уу. Яагаад “Ocean Partner” компанид шилжүүлэх болсон гэх зэрэг олон ээдрээтэй асуултад “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн тодорхой хариулт өгөх ёстой билээ.

Ж.МЯДАГБАДАМ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button