Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Хурга, ишигтэй танилцуулж, морь унуулж, гэрийн боорцог, борцтой хоолоор дайлах "Хөх морьт" төв

Амьтай юм бүхэн хөдөлж, үндэстэй бүхэн ургах гэж өндөлзөх дөрөвдүгээр сарын эхэн. Энэ л үест малчны хотонд нялх төлийн дуу цангинаж, нутаг нутагт хавар цаг айлчлан буй.

Иймд бид урин хаврыг угтаж нийслэл Улаанбаатар хотоос 50 км зайд буюу "Цонжин болдог"-ийн хөшөөнөөс хойш 1.5 км-т байрлах "Хөх морьт" морь уналгын төвийг зорилоо. Тус төвийг одоогоос дөрвөн жилийн өмнө үүсгэн байгуулжээ. Тэд монгол ахуй, соёл уламжлалаа залуу, шинэ үеийнхэнд таниулах, тэдний оюун санаа, мэдлэгт бодит хөрөнгө оруулалт хийх зорилго тээн ажиллаж байна. Дэлхий даяаршиж буй гэж ярих нь элбэгшсэн өнөө цагт бид ондоошилдоо эзэн байхын чухлыг шинээр төлөвшиж буй хүүхэд, залууст энэ төв ойлгуулахыг чухалчилдаг тухайгаа хэлж байв.

"Хөх морьт" морь уналгын төвийг үүсгэн байгуулагч В.Дамдинсүрэн

Тэрбээр "Бид ковидын өмнө жилээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үндсэндээ дөрвөн жил болж байгаа гэсэн үг. Ковидын үеэр мэдээж ажиллах боломж гараагүй. Манай энэ газрыг гэр бүлийнхэнд зориулсан төв гэж ойлгож болно. Энд бор дарс уух, баяр ёслол тэмдэглэх зэргийг бид зөвшөөрдөггүй. Бидний үйл ажиллагааны чиглэл, зорилго өөр гэдэг нь ирэхэд л анзаарагдаж байгаа байх.

Тодруулбал, манай төвд гэр бүлээрээ, сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд анги хамт олноороо ирэхэд тохиромжтой. Бид хотын хүүхдүүдэд монгол өв соёлыг нь адуугаар дамжуулан таниулах, мөн хаврын улиралд төл мал таниулах, монгол уламжлалт тоглоом наадгайг сургаж, зааж өгөх гээд олон хөтөлбөр, хичээлийг ч бэлдсэн байдаг. Энд ирээд бүтэн өдрийн турш үндэстнийхээ онцлог, зан заншил, өв соёлыг ном сонингоос унших биш бодит оролцоонд тулгуурлан мэдэж, мэддэгээ лавшруулж авах нь давуу тал юм.

Дэлхий даяаршиж, техник технологийн хөгжил өндөр хурдаар өөрчлөгдөж буй эдгээр он жилүүдийг бид буруутгах, эсвэл эндээс зугтаах аргагүй. Гэхдээ бид яаж ч хөгжиж, хувьсан өөрчлөгдлөө ч ондоошилдоо эзэн байх хамгаас чухал. Одоо үед хотын хүүхдүүд гэлтгүй аймаг, сумдын хүүхдүүд ч ахуйгаасаа алсарч эхэлсэн. Ийм өөрчлөлтийг л бид харин зөвшөөрч боломгүй байна.

Зун хүүхдүүдэд зориулсан тав хоногийн "Хөдөлмөр" зуслан ажиллуулна

Бид энэ зунаас эхлэн "Хөдөлмөр" зуслан ажиллуулахад бэлэн болоод байна. Ингэхдээ тав юм уу долоо, долоо хоногийн хугацаатай 15 хүүхдийг хүлээж авахаар төлөвлөөд байгаа. Энэ хугацаанд хүүхдүүддээ тогтмол сүү цагаан идээ өгч, ач холбогдлыг нь таниулж, ойлгуулахын зэрэгцээ мориор дамжуулан өнөөх л монгол уламжлалд суурилсан танин мэдэхүйн болоод, ахуйн зан заншилд нь дадуулах байдлыг эрмэлзэх болно. Ингэснээр тухайн хүүхэд ядаж л морьныхоо зөв буруу талыг мэддэг, эдлэл хэрэглэлийг нь нэрлэчихдэг, зүсийг нь ялгаад хэлж чаддаг, ойрхон тугал, хурга ишиг эргүүлчихдэг болно шүү дээ. Бас аав ээжээсээ хол учир бие даах тал дээр ч суралцаж эхэлнэ. Мөн монгол гэрт байрлах учир гэрийн тооно, хаалга, хана, багана зэрэг нэршлүүдийг ч сайн таниж мэддэг болно" гэв.

Баянзүрх дүүргийн "Бяцхан өргөө" цэцэрлэгийн багачууд төл мал үзэж, морь унах бүтэн өдрийн хөтөлбөрт хамрагдахаар ирэв

Биднийг очсоны дараа тус төвтэй танилцах бүтэн өдрийн хөтөлбөрт хамрагдахаар цэцэрлэгийн багачууд ирсэн юм. Тэд бол Баянзүрх дүүргийн "Бяцхан өргөө" цэцэрлэгийнхэн. Эдгээр өхөөрдөм хүүхдүүд ирмэгцээ тойрог үүсгэн зогсож, зүрхэн дээрээ баруун гараа тавиад багшийнхаа хамтаар Монгол Улсын төрийн дууллаа дуулав. Энэ бол тэдний өглөө бүр цэцэрлэгтээ ирээд хамтдаа хийдэг хамгийн эхний бахархам үйлдэл аж. Харин дараа нь өглөөний дасгалаа хийгээд гэрт орж өглөөний цайгаа уув. Хөх морьт төвөөс багачуудад зориулан хярам, хайрсан гэрийн боорцог хийжээ.

Төл мал үзэж, морь унахаар гарцгаав

Тэдний дараагийн сонирхох зүйл нь ишиг, хурга тэвэрч үзэх байв. Зарим нь хараад шууд л "хов хов" гэнэ. Хоёр настай балчирхан хүүхдүүд яваа учир аргагүй. Ийм л учир тэдэнд энэ төрлийн бодит мэдлэг өгөхүйц энэхүү төв шиг олон газар нээгдэх нь зүйтэй юм байна гэх бодол төрсөн. Цэцэрлэгийн багачуудын зарим нь айж, зарим нь тэвэрч, хүрч үзээд баярлан инээж байв. Харин ахлах бүлгийн хүүхдүүд нэрийг нь уралдан хэлж, хөтөч багшийн хэлж өгч байгаа зүйлсийг анхааралтай сонсож байлаа.

"Бяцхан өргөө" цэцэрлэгийн бага бүлгийн багш н.Отгонжаргал хэлэхдээ "Манай цэцэрлэгийн хувьд бүтэн жилийн ажлаа сар сараар нь төлөвлөөд явдаг. Энэ сард бид хүүхдүүдээ малчны хотонд авчирч төлийн дуу сонсгож, таниулахаар төлөвлөсөн байсан. Төлөвлөгөөт ажлынхаа дагуу энэхүү газрыг сонгож ирсэн. Бид ном, зураг хараад заахаасаа илүүтэй бодит орчинд нь авчраад, өөрсдийнх нь биеэр үзүүлбэл хичээл маань илүү үр дүнтэй болно гэж үзсэн. Хүүхдүүдэд маань ч их сонирхолтой байх шиг байна. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд суурьшлын бүсүүдийн ойролцоо хэд хэдээр бий болвол чухал нөлөөтэй гэж харж байна" гэсэн юм.

В.Дамдинсүрэн ирсэн хүүхдүүдэд зориулж танин мэдэхүйн хичээл зааж байна

"Бид моринд зориулж яам байгуулсан дэлхийн цорын ганц улс. Монгол Улсын тусгаар тогтнол, одоогийн газар нутгийг өвөг дээдэс минь ямар их үнээр бидэнд үлдээснийг мартаж болохгүй. Энэ их үйл хэргийг гүйцэлдүүлэхэд адуу гэдэг амьтан маш ихийг бидэнтэй бүтээлцсэн гэж хэлж болно. Тиймээс ч бид төрийн сүлдэндээ морио залдаг, ийм ард түмэн" гэхчлэн түүний хичээл эхлэх бөгөөд үргэлжлүүлэн зурагт харагдаж байгаа эдлэл хэрэглэлийг нэг бүрчлэн тайлбарлаж өгч байв. Мөн монгол гэрийн тавилга, бүтэц нэг бүрийг нэрлэж танилцуулахаас гадна морьны зүс, эдлэл хэрэглэлийг тайлбарлаж, монгол наадгайгаар хүүхдүүдийг тоглуулахын зэрэгцээ учир утгыг нь ч тайлж, хэлж өгч буй нь бахархалтай, сайхан.

Тус төвтэй холбогдох утасны дугаар: 88110542

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2023 09:27

Мундаг ажилсаг дүүд амжилт хүсье..ондооших гэдэг энэ үед хамгийн чух�##� зүйл.Ондооших нь монгол ахуй монгол ёс заншилаа мэдэхээс л эхлэнэ.Маш зөв үйл ажиллагаа явуулж байна а дүү.Үйлс нь бүтэж буян заяа нь дэлгэрч явах ерөөл өргөе өө

Зочин
Зочин
4 сар 10, 2023 09:27

Энэ бол сайн үйлс шүү Буян нь дэлгэрэг Баяр хүргэе.Монгол оо аврах ачтай хүү бнаа

Зочин
Зочин
4 сар 10, 2023 09:28

Хаана бдаг вэ бүтэн сайнд ирж очих унаа явдаг уу мэдээлэл авья

Зочин
Зочин
4 сар 10, 2023 09:29

Мундаг ажилсаг дүүд амжилт хүсье..ондооших гэдэг энэ үед хамгийн чух�##� зүйл.Ондооших нь монгол ахуй монгол ёс заншилаа мэдэхээс л эхлэнэ.Маш зөв үйл ажиллагаа явуулж байна а дүү.Үйлс нь бүтэж буян заяа нь дэлгэрч явах ерөөл өргөе өө

Зочин
Зочин
4 сар 10, 2023 10:16

Зөв2 гоё санаачилга бна ????????????

Энхболд.Х
Энхболд.Х
4 сар 10, 2023 10:54

Сайн байна, Баяр хүргэе.Амжилт хүсье

Зочин
Зочин
4 сар 11, 2023 09:45

Дамдинсүрэн гэж мөн ч хулхи гар даа ! Босоо Ганбаа гийн туслах байсан, тэрнээсээ ч илүү худлаа чаана, хүнээр юм хийлгээд хөлс мөнгөн дээр нь ландаа унж даг ш�##� дэмий нөхөр ! Цэцэрлэгийн багш нар болгоом жтой л байгаарай !!!

Холбоотой мэдээ

Back to top button