УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Ж.Бат-Эрдэнэ гишүүний асуултыг "анив"

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сонгуульд нэг гишүүнээс хэдэн төгрөг гарах вэ гэсэн тооцоо бий юу, гарсан уу. Дундажлаад хэдэн төгрөг вэ. Цаана нь хэчнээн судлаач, эрдэмтэн, мэргэд сонгуульд оролцож чадахгүй үлдэх вэ. Үүнийг цэгцэлж байж хууль батлалцдаг судлаачид нь орж ирэх боломж бүрдэнэ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд "Өөрсдийн болоод үр хүүхдийн ирээдүйн төлөө чин сэтгэлээсээ зүтгэе гэж бодож байгаа бол сурталчилгааг үнэ төлбөргүй хийж өгвөл яасан юм бэ гэдэг асуудал. Гэхдээ бензин тосоо хийгээд хөдөө яваад өгөх хүн хэр байх вэ? хэмээлээ.
Ажлын хэсэг: Энэ тооцооллыг хууль батлагдсаны дараа төрийн аудитын байгууллага тогтоодог. 2020 оны УИХ-ын сонгуулийн зардал тойрог бүрт харилцан адилгүй байсан. Тухайн үед 390-600 сая орчим төгрөг байсан. Дунджаар 400 сая төгрөг гэсэн үг. Ирэх сонгууль ч ийм байхаар байна.
Тэд хариулт өгсний дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тодруулах асуултаараа царцааны тухай асуудал хөндөв. Тэрбээр "Жил бүр баахан царцаа дайчилдаг. Мянга мянган царцаа очоод хэвтчихдэг. Тухайлбал, манай тойрог дээр Бат-Эрдэнэ гэдэг нэртэй бас нэг хүн нэр дэвшсэн. Гэхдээ сонгогдож гаръя л гэж байвал ийш тийш явж уулзалт хийнэ дээ. Гэвч тэгээгүй. Инээдтэй байгаа биз дээ. Хэн нэгэн мөнгө өгөөд явуулж байгаа шүү дээ. Энэ мэт царцаатай холбоотой шийдэх асуудал бидэнд их байна" хэмээлээ.
Гэвч УИХ-ын Дэд дарга Л.Мөнхбаатар түүнийг асуулт асуулгүй санал хэллээ хэмээн тооцож, хариулт өгөх ажлын хэсгийн микрофоныг нээж өгөлгүй, УИХ-ын гишүүн Х.Баделханы асуултыг сонсов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.