ЭРҮҮЛ МЭНД

Нүүдлийн шүдний лаборатори ажиллаж эхэллээ

АШУҮИС нь дэргэдээ шүдний лаборатори болон нүүдлийн шүдний кабинеттай болжээ.

Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн шүд цооролтын өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд “Шүд төсөл”-ийг боловсруулж, 2024 оноос төслийг эхлүүлэх шийдвэр гарган, холбогдох яаманд хүргүүлсэн.

Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд өнөөдөр АШУҮИС нь “АШУҮИС дент” шүдний эмнэлэг болон Нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн жилээс улс орон даяар эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 960 мянган иргэн хамрагдсан байна. Үүнээс 0-17 насны хүүхдүүдийн өвчлөлийн дийлэнхи буюу 75,9 хувийг амны хөндийн өвчлөл эзэлж байна.Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүд төсөл”-ийг эхлүүлэх чиглэл өгч, Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар төслийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл өнөөдөр энэ төслийн хүрээнд АШУҮИС нь хажуудаа шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулаторитой боллоо. Нүүдлийн шүдний амбулаториор алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэд үйлчлүүлэх боломжтой.Үүнээс гадна дээрх эмнэлгүүдэд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийг ажлын байран дээр нь сургах бололцоо бүрдсэн байна.

“Шүд төсөл”-ийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд “Эрүү, нүүр, шүдний үндэсний төв” байгуулах, шүдний тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас хэрхэн шийдэх, өвчлөлийн статистикийг цахимжуулах, боловсон хүчнийг бэлтгэх гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөөд бэлтгэл ажлыг хийгээд явж байна.” гэдгийг онцоллоо.

АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар энэ үеэр “АШУҮИС нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдөр бид шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх “АШУҮИС дент” шүдний эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж байна.Тус эмнэлэг дээр шүдний сувгийн эмчилгээ, гажиг засал зэрэг бүх төрлийн эмчилгээг хийнэ.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Шүд төсөл” дээр манай эмнэлэг гол ачааллыг авч иргэдэд үйлчилнэ.” хэмээлээ.Тус эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна энэ чиглэлээр мэргэшиж буй эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээний ажилд ашиглах бааз болох аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button