Ярилцлага

Баянхонгорт “Борзон”-гуудтай уулзсан нь: “Нэг маань биеэ тоох гээд ирвэл ар шил рүү нь алгадна”

Машинд суусан гурван хөвгүүн хэлэмгий гэгч “Ганцаараа сөн түшээд, харцаараа хүн ичээнэ. Хайр гэдэг том хичээл, хайрлахыг сурахыг хичээнэ” гэж үглэн дуулснаар “Борзон” гэдэг фэйсбүүк хуудас дахь бичлэг нь сошиалд тэсрэлт болов. Тэднийг бичлэгээ байршуулж байх үед Баянхонгор аймгийн сумдаар томилолтын ажилтай байлаа. Буцахдаа аймгийн төвөөр дайрах боломж тохиомогц тэдэн рүү утас цохиж үзлээ. “Борзон”-гууд “GS” хэмээх тохилог кофе шопод ярилцлага өгөхөөр ирсэн байна.

Тэд бол спортын гүнзгийрүүлсэн сургалттай 3-р сургуулийн 11-р ангийн сурагчид юм. Ижилхэн 17 настай, спортод дуртай. Мэдээж урлагт ч дуртай.

Ярилцахаар суухад, бичлэгт жолоо атгаж суусан хөвгүүн арай бүдүүн, баргил дуутай, эелдэг зантай нь мэдэгдэнэ. Түүнийг Э.Бадраа гэнэ. Харин арын суудалд сууж, дадамгай үглэж байсан хүүг Б.Намгерренчин гэдэг. Зорчигчийн талын суудлаас дуулах Б.Дагвадорж сургууль төгсөөд дуулаачийн мэргэжлээр сурна гэсэн нь найзууд дундаа хоолойн “чадал” арай сайн болохоор тэр гэлтэй.

Тэд гуравдугаар ангиасаа хамт нөхөрлөж байгаа гэнэ.

-Борзон гэж юу гэсэн үг юм бэ?

-Мэдэхгүй. Санаанд л орж ирсэн нэр гэх үү дээ. Сармагчин мармагчин ч юм уу, тэр хавийн л утгатай байх (Инээв).

Толиос харвал, нэгт шороон хужир, хоёрт ээзгий, ааруул мэтийг шар тостой хутгаж хийсэн идээ, гуравт цөлийн бүсэд тархсан хөрс гэсэн утга бичжээ. Тэд борзонгийн утгыг мэдэхгүй байсан ч нэрээ яг л олчхож гэлтэй. Баянхонгорын, говийн сэргэлэн хөвгүүдэд борзон гэдэг нэр зохиод ч байгаа юм шиг.

-Та гурав багаасаа л хамт дуулдаг байв уу?

-Анхны ковэр бичлэгээ хийж тавихдаа л олны өмнө дуулсан байх. Өмнө нь гурвуул дуулдаг байсан л даа.

-Бичлэг хийсэн машин хэнийх юм бэ. Та гурав унадаг юм биш биз дээ?

-Манай найзын ахынх нь машин, явдаггүй юм, хашаанд байж байдаг. Дотор нь сууж дуулж байгаад л санамсаргүйгээр бичлэг хийсэн.

Э.Бадраагийн ах нь сошиал контент хийхээр төлөвлөж, Фэйсбүүкэд “Борзон” нэртэй хуудас нээгээд байжээ. Тэгээд больж. Харин админ эрх нь Э.Бадраад байсан тул, найзуудтайгаа ярилцаж байгаад мөнөөх машин дотор дуулж буй бичлэгээ юу ч бодолгүй байршуулчихсан гэнэ.

Гэтэл маргааш өглөө нь харахад л, хэдэн мянган лайк. Тэд “Бичлэг маань тэгж олонд хүрнэ гэж огт санаагүй. Манай багш нар сайн байна, улам хичээгээрэй, баяр хүргэе гэж урам өгсөн. Ангийнхан бол “Манай гурван од найз” гэцгээдэг болсон” гээд инээлээ.

Баргил хоолойт Э.Бадраа СУИС-т элсэж, зураглаачаар суралцана гэж боддог. Харин Д.Дагвадорж дээр дурдсанчлан дуулаачийн мэргэжлээр сурах бодолтой бол Б.Намгерренчин спортдоо л дуртай гэнэ. Гэвч бичлэг түгснээс хойших энэ өдрүүдэд нээрэн ч СУИС-т орж, хоёр найзынхаа хамт явдаг юм уу гэж бодох болсноо хуваалцлаа.

-Ер нь видео контент хийх хүсэлтэй юм уу. Бадраа зураглаачаар суралцана гэхээр?

-Одоохондоо бид контентын санаа ер бодоогүй л байна. Хиймээр санагдаж л байсан гэх үү дээ. Гэхдээ хийхэд бас хэцүү юм шиг билээ.

-Та гурвын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө 06.00, эсвэл 07.00 цаг гэж босоод хичээлдээ явдаг. Тараад, өдөр бэлтгэлдээ орно. Тэгээд л харина, иймэрхүү өнгөрдөг. Харин чөлөөт цаг гарах юм бол дуу сонсоно, гурвуул нэгнийдээ очоод орилж, чарлаад л байж байдаг (Инээв).

-Тэр бичлэгээс хойш өдөр бүр уулзаж, энэ талаараа ярилцаж байна уу. Амьдралд нь өөрчлөлт гарав уу?

-Ковэр бичлэгийн доор дандаа амжилт хүсэж, дараагийн бичлэгийг үзмээр буйгаа илэрхийлж коммент бичсэн байсан. Тийм болохоор урам зориг авсан. Бас энэ талаараа ярилцах цаг гаргаж байгаа.

Тэд камер харахаар сандарна гээд биеэ барьж байсан ч удалгүй чөлөөтэй боллоо. Дөлгөөн, эелдэг мөртлөө сэргэлэн, цовоо.

Баянхонгор аймгийн төвд энэ тохилог кофе шопыг ажиллуулдаг Г.Энхсанаа тэдэнтэй хамт байлцаж туслав. Аймгийн төвд хүүхдүүд хичээлээ хийж суух боломжтой хамгийн гоё газар энэ болохоор Г.Энхсанаа тэдэнтэй ойр байдаг ажээ.

Тэр “Манай гурав гэнэт л од болчихсон. Одоо юу руу ч орж мэднэ, том хүний нөмөр нөөлөг хэрэгтэй байх. Ядаж л зар сурталчилгаанд хамтарч ажиллая гээд ярихад тэд өөрсдийгөө төлөөлж чадахгүй. Би тийм зүйлс дээр нь тусалж, зөвлөөд л байж байгаа юм. Хотоос ирсэн хүмүүс ярилцлага авъя гэсэн, та байж өгөөч гэхээр нь энд дуудчихсан” хэмээлээ.

-Та гурвыг юу найзууд болгосон бэ?

-Анги. Бас манай хоёр найз илүү дутуу зангүй. Багын ямар байсан тэр зангаараа л байгаа.

-Ер нь нөхөрлөл гэж юу вэ?

-Нөхөрлөл гэж нэг нэгнээсээ юуг ч нуухгүй, аав, ээжээс илүү дотно байхыг хэлнэ. Хоёр дахь гэр бүл маань. Нэгэнд нь хэцүү юм тохиолдож, уйлаад суухад найз л ирдэг юм дөө.

-Хамт зүггүйтэж, хэрэг төвөг тавьж байв уу?

-Зөндөө, зөндөө.

-Сүүлд яав?

-Гурвуулаа хамт хичээлдээ хоцроод, сургуулийн шал угаасан (Инээв).

-Ер нь хөгжилтэй дурсамжаасаа хуваалц л даа?

-Эвгүй л дурсамжууд байгаа даа. Нохойд хөөгддөгөө ярь л даа!

Тэд өөр нэг найзынхаа хамт дөрвүүл явж байтал дэргэдэх хашаанаас нохой гарч ирээд хөөжээ. Зугтаж явтал Б.Дагвадорж нь яах ийхийн зуургүй гадуур хүрмээ буруу харуулж өмсөөд алхчихаж гэнэ. Гэтэл нохой анзаарахгүй өнгөрөөд явжээ.

-Яаж тэгж сэтгэдэг байна аа?

-Мэдэхгүй, бид хоёр ч гэсэн гайхаж л байлаа (Инээв).

-Та гурвын хэн нэг нь найзуудаа манлайлдаг уу?

-Нэг нь илүү гоц гойд гэсэн юм байхгүй. Нэг нэгнээ нөхдөг гэх үү дээ. Нэг юман дээр нэг нь, нөгөө юман дээр нөгөө нь сайн байдаг шүү дээ.

-Найз охид?

-Байхгүй.

Гэтэл нэг нь “Хэлээч, та хоёр” гээд нудраад авлаа.

-Одоо ч уг нь охид гарч ирсэн дээ?

-Ер нь бол аймаар бичиж байгаа (Б.Намгерренчин)

-Ярьчих л даа?

-Миний утас гацаад, бараг дэлбэрчих гээд байгаа.

-Охид бичээд үү?

-Дан охид ч биш л дээ. Ер нь хүмүүс их бичиж байгаа (Инээв).

Тэд нэлээд даруухан учраас бодож ярина. Тэр дундуур үе үе зүггүй хөгжилтэй харилцан яриа орж ирнэ. Тэгээд удахгүй дахиад даруусна.

-Биеэ тоомоор санагдаад байвал яах уу?

-Нэг нь биеэ тоох гээд ирвэл шилээд нь алгадаад л, “Давраад байгаарай” гэнэ байх даа. Ер нь тэгэхгүй байх л гэж бодож байгаа.

-Аав ээж, эмээ өвөөгөөс өгсөн хамгийн гол хүмүүжлээ юу гэж боддог вэ?

-Хүнтэй зөв харилцаж байгаарай л гэдэг. Зөрүүлж уурлалгүй, өнгөрөөж сураарай л гэж. Бид гурав хөдөөнийх учраас үг даадаг. Нэг хүн хатуухан шиг үг хэлбэл хаяад өнгөрөөж чадна. Хүндээр тусгаж авдаггүй. Хөдөөний, ар гэрийн хүмүүжил байна. Багшдаа загнуулбал гоё загнуулна, инээгээд л гараад явна.

-Ирээдүйд хотод ажиллах, эсвэл нутагтаа үлдэх талаар шийдсэн үү?

-Тэр талаар одоохондоо бодоогүй л байна.

-Баянхонгорыг ямар болоосой гэж боддог вэ?

-Дубай шиг (Инээв).

Тэднийг машиндаа суулгаад, дахин дуулуулав. Дуулахдаа тун ч ёжтой, донжтой, товир эрчүүд болох ажээ.

“Борзон”-гуудын ковэр хийж дуулсан “247 дахь клуб”-ийг зохиогч нь жаахан уурлажээ. Зөвшөөрөлгүй дууг нь дууллаа гээд. Тийм болохоор Б.Намгерречин нөгөө хоёроо төлөөлөөд “Ах аа, танай сайтаар дамжуулаад нэг юм гуйчих уу. Бид гурав зохиогчийн эрх гэж сайн мэдэхгүй болохоор, зүгээр л юу ч бодолгүй дуулаад, бичлэгээ тавьчихсан. Үүндээ уучлал хүсэж байна. Дахиж тэгэхгүй ээ” гэлээ.

Найзуудыг сургуулийнх нь үүдэнд үдэхэд дэргэдүүр зөрөх хүүхдүүд “Манай сургуулийн од гурав” гээд инээлдэх, дагаж харах ажээ. Тэдэнд “Хан Монгол” сургуулиас ч урилга ирээд байгаа юм. Дараа жил 12-р ангиа төгсөхдөө хэрхэх шийдвэрээ нухацтай гаргана гэлээ. Сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй, сайтар бодолцоно гэцгээнэ. Юмыг яаж мэдэх вэ, тэд ч авьяастай юм билээ шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mgl hyn
mgl hyn
4 сар 27, 2023 08:23

borzon chin yamaag heldeg

Зочин
Зочин
4 сар 27, 2023 09:16
Reply to  mgl hyn

Борзон гэж ямар ямаа байдаг юм. ????????????
Борлон л гэдэг биз дээ.

Last edited 2 Он Өмнө by Зочин
irgen
irgen
4 сар 27, 2023 08:38

Borzongiin gobi gej Mongoliin aldartai gobi baidag shuu dee, yamar utgataig ni medehgui neree ogson geheer sonin l bna, yumand jaahan nuhatstai handaj suraarai, huuhduudee. Setguulch ni ch bas meddeggui genee, yaana daa. Yun lag shavar vee.

Зочин
Зочин
4 сар 27, 2023 11:01
Reply to  irgen

Толь бичиг хар. Тэгээд сэтгэгдэл бичээрэй.

irgen
irgen
4 сар 27, 2023 08:40

borzon gej yamaag helehgui ee, borlon gedeg

Зочин
Зочин
4 сар 27, 2023 08:56

Тэр дууг энэ 3 хүүхэд дуулснаар мэдэж авч тэгээд дуртай болсон доо. Ковер хийж л бдаг шүү дээ

Алтай
Алтай
4 сар 27, 2023 21:17

Хөөрхөн эвлэг дуудсан шүү.

Янжив
Янжив
4 сар 28, 2023 07:34

Цемэнтийн өсгөх түүхий эд ЦЕОЛИТыг МОНГОЛ оор БОРЗОН гэдэг хужиртаа усыг цэвэршүүлхэд амьдр�##�д ашигладаг шарг�##� цагаан өнгөтөө ХАТУУВТАР хад чулуунаас зөөлөвтөр чулуулаг бүтэцтэй БАЯЛАГ юм

Зочин
Зочин
4 сар 28, 2023 08:26

Улам их уран бүтээл туурвиарай.амжилт хүсье дүү нараа

Зочин
Зочин
4 сар 29, 2023 06:43

Борзонгийн бор т�##� гэдэг... Нэр нь арай л биш санагдаж бна. Сольж болох юм уу?

Зочин
Зочин
5 сар 3, 2023 07:55

Илүү их амжилтыг хүсье...

Холбоотой мэдээ

Back to top button